Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03259

 
  1. 2017 оны 12 сарын 21 өдөр

    Дугаар 181/ШШ2017/03259

    Улаанбаатар хот

     

     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

     

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     

    Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,

     

    Хариуцагч: Д.М -д холбогдох,

     

    Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагчийн төлөөлөгч С.Ө, гэрч У.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

     

    Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    2016 оны 12 сард банкнаас зээл авч Д.М-д зээлдүүлсэн. Охин У.У-д 15,750,000 төгрөгийг шилжүүлж Д.М гэх хүнд өгөөрэй гэж хэлсэн. У.У нь 100 айлд Д.М-тай уулзаад 15,750,000 төгрөгийг өгсөн байдаг.

    Мөн миний бие Д.М-д 2016 оны 11 сард 2,700,000 төгрөг бэлнээр өгсөн юм. Нийт 18,450,000 төгрөг өгсөн. 11,550,000 төгрөгийг хүү гэж нэмж тооцсон байгаа.

    Хожим 2017 оны 04 сарын 27-ны өдөр түүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээгээ байгуулсан.

    Удаа дараа утсаар шаардахад удахгүй өгнө, Хятадтай нүүрсний гэрээ байгуулагдсан, будаа шинжилгээнд өгсөн удахгүй газрууддаа нийлүүлнэ, өнөө маргаашгүй мөнгө орох гээд байна гэсээр өдийг хүрлээ.

    Д.М нь 1 удаа 4,000,000 төгрөг өгсөн байгаа.

    Иймд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагчаас 26,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     

    Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

    Н.А-с мөнгө зээлж аваагүй. Харин Н.А нь ЖТ гэх компанийг сонирхоод мөнгө оруулая гэсэн байдаг. Тэр үед Д.М нь ЖТ компанид ажилладаг байсан.

    Н.А нь нөхөр зодоод хэцүү байна, баталгаа гэсэн бичиг хийж өгөөч гэсэн байдаг. Д.М нь ямар ч хууль зүйн мэдлэггүй хүн байдаг. Тийм ч болохоор хий гэсэн бичгийг нь хийж, зур гэсэн газар нь зураад явж байсан.

    Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас үзэхэд У.У нь ЖТ компанийн дансанд 15,750,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Д.М нь Н.А-с мөнгө зээлж аваагүй буюу Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж үзэж байна.

    Иймд Н.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     

    ҮНДЭСЛЭХ нь:

     

    Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.М-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 26,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     

    Шүүх дараах үндэслэлээр Н.А-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

     

    Нэхэмжлэгч Н.А нь Д.М-д 15,750,000 төгрөгийг охин У.У-р дамжуулан өгсөн, мөн 2,700,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 11,550,000 төгрөгийн хүү тооцсон, хожим үүнийг баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг бол хариуцагч Д.М нь Н.А-с мөнгө зээлж аваагүй, уг шилжүүлсэн гэх 15,750,000 төгрөгийг У.У нь ЖТ ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргадаг.

     

    Гэрч У.У-н шүүхэд өгсөн Ээж 15,750,000 төгрөг над руу шилжүүлсэн. Д.М гэх хүнд өгчихөөрэй гэсэн. Би Хаан банкнаас мөнгийг аваад Д.М-тай ярьж 100 айлд уулзсан. Тэр эгч цүнхлээд явсан. Дахиад орох газар байна гэсэн. Тэгээд Худалдаа хөгжлийн банк орж мөнгөний баримтанд гарын үсэг зуруулсан. Тэр эгч дансыг нь хэлж бичүүлсэн. Хичээлдээ яараад зурчихсан гэсэн мэдүүлгийг хэрэгт авагдсан Д.М, Н.А нарын байгуулсан 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Мөнгө зээлдүүлсэн тухай гэрээ, Д.М, Н.А-н үйлдсэн Бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт, Д.М-н 2017 оны 06 сарын 05-ны өдөр гаргасан Баталгаа гэх баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр Зээлдүүлэгч Н.А нь охин У.У-р дамжуулан зээлдэгч Д.М-д 15,750,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв байна гэж дүгнэв.

     

    Түүнчлэн, хариуцагч Д.М-с нэхэмжлэгч Н.Адъяад 4,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт нь Н.А-с мөнгө зээлж аваагүй гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэж байна гэж үзэв.

     

    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.М нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээх тул зээлдүүлэгч Н.А нь шаардах эрхтэй байна.

     

    Гэсэн хэдий ч дээр дурьдсан Мөнгө зээлдүүлсэн тухай гэрээ, Бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт, Баталгаа гэх баримт зэрэг нь Н.А-с Д.М-д мөнгө зээлдүүлсэн үйл баримтыг зөвхөн нотлох ба тэдгээр бичгийн нотлох баримтуудад дурьдсан 30,000,000 төгрөгийг бүхлээр нь Д.М-с шаардах эрхийг олгохгүй гэж үзэв.

     

    Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу 2017 оны 04 сарын 27-ны өдөр талуудын байгуулсан зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг Д.М-д бодитоор шилжүүлэн өгөөгүй тул тухайн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

     

    Н.А-с охин У.У-р дамжуулан Д.М-д 15,750,000 төгрөгийг өгөх үед талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдна гэж заасны дагуу 11,550,000 төгрөгийг хүү гэж нэмж тооцсон гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

     

    Нэхэмжлэгч Н.Адъяа нь 2016 оны 11 сард 2,700,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ үйл баримт нь нотлогдохгүй байна.

     

    Иймд зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн 15,750,000 төгрөгөөс буцаан авсан гэх 4,000,000 төгрөгийг хасч тооцон, 11,750,000 төгрөгийг хариуцагч Д.М-с гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, үлдэх 14,250,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

     

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

     

    1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.М-с 11,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, үлдэх 14,250,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     

    2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.М-с улсын тэмдэгтийн хураамжид 202,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д буцаан олгосугай.

     

    3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Д.М- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

     

    4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

     

     

     

     

     

     

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР