Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, Нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа, Улсын яллагч: Э.Гантулга, Хохирогч: *******, Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг “Номгон” ахлах сургуулийн зүүн талын асфальтан зам дээр “Соната”-6 маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган гарцаар гарч явсан явган зорчигч *******ыг мөргөж биед нь хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би өөрийн эзэмшлийн “Соната”-6 маркийн 93-83 БНХ улсын дугаартай авто машинаар Баянхонгор аймагт таксинд явдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед “Есөн-эрдэнэ” захаас хүн авч гэрт нь хүргэж өгчихөөд 20 цаг 05 минутын үед төв замаар доошоо уруудаж амьчуулын тойрог өнгөрөөд “Номгон” ахлах сургуулийн зүүн талын засмал замаар доошоо уруудаад 50 км цагийн хурдтай явж байтал гэнэт явган хүний гарцаар 1 хүн зүүнээс баруун тийшээ гарч ирсэн, би хараад тоормозоо гишгэсэн боловч амжилгүй тэр хүнийг авто машины баруун талаар мөргөөд миний урд салхины шил хагарсан. Тэгээд буугаад үзтэл тэр хүн газар хэвтсэн, толгой хэсгээс цус гарч гэмтсэн байхаар нь би цагдаагийн 7044102 утсанд дуудлага өгсөн. Нэг их удалгүй 2 цагдаа ирээд, түргэн тусламж дуудсан. Уг зам тээврийн хэрэгсэл осол гаргасандаа гэмшиж байна. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, архи уугаагүй эрүүл байсан. ...93-83 БНХ улсын дугаартай авто машин миний өөрийн эзэмшлийн авто машин юм.Уг зам тээврийн осол нь миний буруутай үйлдлээс болж гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл би явган хүний гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгөх үүрэгтэй тул миний буруу, би буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 78-80/

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. 3.Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 0.5 литрийн архи ганцаараа уучихаад гэртээ унтаж байгаад үдээс хойш 17 цагийн үед хадам аав очоод тэнд нэг хэсэг унтаж байгаад нэлээд орой өөрийн машинаас түрийвчтэй мөнгөө аваад хадам аав гараад гэр лүүгээ явж байсан түүнээс хойш болсон зүйлээ санахгүй, нэг сэрэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Намайг “Номгон” ахлах сургуулийн зүүн талын тав зам дээр явган хүний гарцаар гарах гэж байгаад машинд мөргүүлсэн гэсэн. Миний толгой бие гэмтэлтэй болсон.....Тухайн өдөр би 0.5 литр архи ганцаараа уусан согтуу байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа төлүүлэх саналтай байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 38-42/, 4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Болсон хэргийн талаар би бичгээр бичсэн байгаа түүнийгээ өгнө, цаашид гарах эмчилгээний зардалд 8 сая төгрөг нэхэмжилж байна, 3 сая төгрөгийг ******* бол өгсөн байгаа, гэхдээ 3 сая төгрөгөөс гадна 8 сая төгрөг нэхэмжилж байна. Харин энэ хүнийг яланд явуулмааргүй байна гэв.

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед би ажил руугаа явсан. Манай нөхөр гэртээ ганцаараа унтаад үлдсэн юм. Манай ажил орой 20 цагийн үед тараад айлд байж байх үед манай ээж над руу утсаар яриад “ 2 цагдаа манайд ирлээ, гэдэг хүний ар гэрийн хүмүүс байдаг уу, зам тээврийн осолд орж одоо түргэн тусламж аваад явсан” гэж хэллээ гэхээр нь би эмнэлэг дээр 21 цагийн үед иртэл манай нөхөр машинд мөргүүлсэн гээд цус нь гарсан байдалтай хэвтэж байсан...Манай нөхрийн толгой нүүр нуруу, 2 хөлөндөө нэлээд гэмтэлтэй байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн: “1. *******ы биед тархи доргилт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, суурь ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 49-54/, 7. Баянхонгор аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/18 дугаартай шинжээчийн: 1. “Хьюндай Соната”-6 маркийн 93-83 БНХ улсын дугаартай суудлын зориулалтай авто машиныг ewj92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг хэмжигч суурин тоног төхөөрөмжөөр шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалт-2,9мм/м байгаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримт стандартад заасан 5 мм/м хэмжээнээс бага буюу тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй, дугуйны хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2.0 мм байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-с их буюу элэгдэлт багатай, жолооны хүрдний сул явалт 5 градус буюу 10 градусаас бага, хэвийн хэмжээнд, урд тэнхлэгийн зүүн, баруун талын тоормосны хүч нь их, зөрүү нь 13,33 хувь буюу жигд ажиллагаатай, стандартад заасан 20 хувиас бага, хойд дугуйнуудын тоормосны хүч нь мөн адил их, хүчний зөрүү нь 11,11 хувь буюу жигд ажиллагаатай, 30 хувиас бага, тоног төхөөрөмж дээр бүрэн зогсоож байв. Зогсоолын тоормосны идэвхжил сайтай бүрэн ажиллагаатай байв. Хөдөлгүүр хүч дамжуулах ангид гэмтэл учраагүй, дуут дохио, шил арчигч нь бүрэн ажиллагаатай байв. Автомашины гэрэлтүүлэх хэрэгслийг асааж шалгахад холын болон жижиг гэрэл, эргэх чиг заадаг гэрэл дохио, ухрах арааны гэрэл, улсын дугаарын гэрэл бүрэн ажиллагаатай, тус төвд ашиглагдаж байгаа БНС улсад үйлдвэрлэгдсэн их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч mqd-3с загварын багажаар гэрлийн хүчийг тодорхойлоход зөв талын холын гэрлийн хүч нь 2100 люкс, буруу талын холын гэрлийн хүч нь 2500 люкс буюу стандартад заасан 10000 люксээс тус тус бага байгаа нь гэрлүүд нь тусгал муутай бүдэг асч байсан. Жолооны хүрдний сул явалт 10 градусаас хэтрээгүй, системээс тос гоожоогүй, сул хөдөлгөөн багатай байгаа нь жолоодлогын механизмд ямар нэг гэмтэл учраагүй байна. Явах эд ангийг ажиллагааг шалгаж үзэхэд хэвийн эвдрэл үүсээгүй байна. 2.“Хьюндай Соната”-6 маркийн 93-83 БНХ улсын дугаартай суудлын зориулалтай авто машины тоормос, жолоодлогын механизм, хол, ойрын гэрэл, жижиг гэрэл, эргэх чиг заадаг гэрэл дохио, тоормосны болон ухрах арааны, улсын дугаарын гэрлүүд, шил арчигч, дуут дохио зэрэг нь бүрэн ажиллагаатай боловч их гэрлийн тусгал муу, бүдэг асч байгаа нь осол болох үед сөргөөр нөлөөлөх нөхцөл үүснэ. Уг авто машинд техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан өөр ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй байна.” гэх дүгнэлт / хх-ийн 55-63 /,

8. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн: “А. Энэ дүгнэлтийн “Б” хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг тээврийн хэрэгслийн жолооч зөрчсөний улмаас осол гаргасан байна. Б. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө”, мөн дүрмийн 5.3-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэсэн заалтуудыг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байна. В. Явган зорчигч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4- д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн дүрмийн заалтын дагуу явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд оролцсон байна. Г. Жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Д.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.” гэх дүгнэлт / хх-ийн 64-69/, 9. Баянхонгор аймгийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн: 1. “Соната”-6 маркийн 93-83 БНХ авто машиныг 4000000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт / хх-ийн 70-75 /, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг,ослын акт, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 07-19/, шүүгдэгчийн авто машин болон гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол, мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 20-32/, жолооч жолооны 577036 дугаартай эрхийн үнэмлэх, хэргийн газраас хураасан авто машины жижиг эд ангийг эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол / хх-ийн 32-38/,

шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүйг шалгах хуудас / хх-ийн 83/, авто машин эзэмшигчийн гэрчилгээ /хх-ийн 86-90/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг “Номгон” ахлах сургуулийн зүүн талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн “Соната”-6 маркийн авто машинтай Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл бий болгохгүйгээр зорчино”, Мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө”, мөн дүрмийн 5.3- д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчиж явган хүний гарцаар гарч явсан иргэн *******ыг мөргөж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг” илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч М. ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч эзэмшлийн шүүгдэгчийн 93-83 БНХ улсын дугаартай “Соната”-6 маркийн авто машин болон “IPhone” 5s маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машины болон гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч жолооны 577036 дугаартай эрхийн үнэмлэх, хэргийн газраас хураасан авто машины жижиг эд ангийг эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч жолооны 577036 дугаартай үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэргийн газраас хураагдсан авто машины жижиг эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хохирогч ******* нь шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь эмчилгээний зардалд гурван /3000000/ төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардалд найман сая / 8000000/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг зардлын талаарх ямар нэг баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь хохирогчид цаашид гарах эмчилгээ хагалгааны зарим зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа тул цаашид гарах эмчилгээ хагалгааны зардалд хоёр /2000000/ төгрөгийг төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэж, зургаан сая /6000000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч нь ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, цаашид гарах зарим зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэг М.БатЭрдэнэд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэг / 01/ жилийн хугацаагаар оногдуулсан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссэн үеэс эхлэн тоолж, тэнссэн болон эрх хасах нэмэгдэл ялыг эдлүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч *******д хоёр сая / 2000000/ төгрөгийг шүүгдэгч М. төлөхөөр тогтоож, хохирогч *******ы зургаан / 6000000/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 7.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршиг хоёр сая / 2000000 / төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хохирогч *******д нөхөн төлж арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, уг үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлийн 9383 БНХ улсын дугаартай “Соната”-6 маркийн автомашиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокрорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч жолооны 577036 дугаартай эрхийн үнэмлэхийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч авто машины эд ангийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлийн “IPhone” 5s маркийн гар утсыг битүүмжилсэн битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолийг хүчингүй болгож, дээрх “IPhone” 5s” маркийн гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ