| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0292/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/324 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0292/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Иргэний нэхэмжлэгч Ш.Келербек,
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д /өөрсдийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Ц-ийн Б, Б овогт Г-ын Д, О овогт Т-ын Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018003420298 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овогт Ц-ийн Б, /регистрийн дугаар: ........... /, .......... оны ........ дугаар сарын ........-ний өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., ...........ийн хамт ........... аймгийн .......... сумын ............ баг ....... дугаар байрны ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Д, /регистрийн дугаар: ......... /, ........... оны ........... дугаар сарын ........... -ны өдөр ......... аймгийн ........... суманд төрсөн, ...........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ..............ийн хамт ............. аймгийн ............. сумын ......... баг ............. тоотод оршин суух, /.......... хот, ........... дүүрэг, ............ дүгээр хороо, ............ дугаар гудамж, ..............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Монгол Улсын иргэн, О. овогт Т-ын Д, /регистрийн дугаар: ........./, ........ оны ........ дүгээр сарын ........ -ний өдөр ..........аймгийн ......... суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .........-ийн хамт ............ аймгийн .............. сумын .............баг ........... дугаар байрны ......... тоотод оршин суух, /............ аймгийн .......... сумын ....... дугаар баг, ....... гудамж, .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө .......... аймгийн .... сумын . дугаар багийн нутаг “.. ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2018003420298 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[2],
Ц.Б-ы хэрэг бүртгэлтэд гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 21, яллагдагчаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д, Д хоёртой уулзаад Цэхэр цөөрөм рүү хамт алтанд явъя гэж ярилцаад орой 22 цагийн үед миний Мицүбүши Пажеро маркийн .. ДАХ улсын дугаартай машинаар явж шөнө 01 цагийн үед “.... ”-д очиж газар ухаж нуурын усанд шороогоо угааж алт олборлож байгаад цагдаад баригдсан. Бид гуравт ямар нэгэн техник байгаагүй. Энгийн төмөр осков, хүрз, шороо угаах сав зэрэг багажтай байсан. Цагдаа нарт баригдаад шалгуулж байхдаа 3,8 грамм алт байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг[3],
Г.Д-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 30, яллагдагчаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байдаг найз Д болон Б ах бид нар уулзаад хоорондоо ярилцаж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “..... ” гэдэг газарт очиж алт ухаж мөнгөтэй болъё гэж ярилцсан. Тэгээд бид нар 2020 оны 06 дугаар сарын 20-ны орой явахаар болоод хоол ундныхаа юмыг бэлдээд Б ахын Пажеро маркийн машинтай явсан. Бид нар шөнө “Цэхэр цөөрөм” гэх газар очоод тэнд нэг нүх байхаар нь цааш үргэлжлүүлэн ухсан. Тэгээд ухсан шороогоо гаргаж ирээд хуучин алттай шороо угааж байсан тогтоол усанд угаасан. Би нүх рүү ороод шороо ухаад Б ах шороогоо татаж гаргаад Д гарсан шороог тогтоол усанд угааж алтыг гаргасан. Бид нар 4-5 грамм орчим алт олборлосон. Шөнө 03 цагийн үед цагдаа нар ирж бид нарыг саатуулсан. Бид нар өмнө нь 2-3 удаа очиж алттай шороо ухаж, шороог угааж байсан юм. Бид нар хяналт, шалгалт, хяналтын пост гарсан гэдгийг мэдэж байсан. Дахин ийм асуудал гаргахгүй. Буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байна. Бид гуравт ямар нэгэн техник байгаагүй, энгийн төмөр осков, шороо угаах сав, хүрз, зэрэг багажтай байсан. Цагдаад шалгуулж байхдаа 3,8 грамм алт байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг[4],
Т.Д-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 30, яллагдагчаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Б ах Д бид нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “...... ” гэдэг газарт очиж алт ухаж мөнгөтэй болъё гэж ярилцаад 2020 оны 06 дугаар сарын 20-ны орой хүнсээ базааж аваад Б ахын Пажеро маркийн машинтай явсан. Тэгээд шөнө Цэхэр цөөрөм гэх газар очоод нэг нүх байхаар нь цаашаа үргэлжлүүлэн ухаж шороо гаргаад хуучин алттай байсан тогтоол усанд шороогоо угаасан. Тэгээд байж байтал шөнө 03 цагийн үед цагдаа нар ирж биднийг саатуулсан. Бид гурав төмөр оксов, шороо угаах сав, хүрз, зэрэг багажтай явсан. Өөр багаж байгаагүй. Тухайн үед ямар хэмжээтэй алт олборлосноо мэдээгүй. Цагдаа нарт баригдаад шалгуулж байхдаа 3,8 грамм байсныг мэдсэн. ” гэх мэдүүлэг[5]
Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 200000174 дугаартай үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн[6],
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн газрын хэвлийд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүнгээр “газрын хэвлийд учруулсан хохирол 32,220 төгрөг, усанд учруулсан хохирол 33,840 төрөг” гэх дүн, гэрэл зургийн үзүүлэлт[7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарыг бүлэглэж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гарган өгсөн Төрийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна гэх дүгнэлт гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж тус тус хуульчилсан.
Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хууль бусаар халдах ёсгүй байтал шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 3,80 грамм алт олборлосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байна.
Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нар нь зохих зөвшөөрөлгүйгээр гар аргаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тэдний хэргийн газарт унаж очсон Мицүбүши Пажеро маркийн .. ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч эзэмшлийн Мицүбүши Пажеро маркийн .. ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 2 ширхэг, төмөр осков 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар сав 2 ширхэг, лоом 1 ширхэг, 3,80 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ц-ийн Б, Б овогт Г-ын Д, О овогт Т-ын Д нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд Ц.Б, Г.Д, Т.Д нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4 Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 2 ширхэг, төмөр осков 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар сав 2 ширхэг, лоом 1 ширхэг, 3,80 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Мицүбүши Пажеро маркийн .. ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Г.Д, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР