Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,       

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарт холбогдох 201625010889 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нар:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймаг, Баянцогт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайзын 28-528 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НИ96110211, Боржигон овогт Сүхбаатарын Энхсайхан,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг, Алтанбулаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Моносын 1-33 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НА97021819, Арслан овогт Батбаярын Мягмарсүрэн.

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нар нь 2016 оны 3 дугаар сарын            4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хийдийн автомашины зогсоол дээрээс иргэн Н.Аасүрэнгийн эзэмшлийн 96-77 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг толь, хөөрөг, автомашины МР тоглуулагч, савхин бээлий, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн С.Арслаагийн эзэмшлийн 49-77 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч автомашины 2 ширхэг толь хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Мэдүүлэг өгөхгүй. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-13, 20/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-17/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-25-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-27-/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-28-29/, хохирогч Н.Аасүрэн, С.Арслаа нарыг байцаасан тэмдэглэл /хх-31, 37/, хохирогч Н.Аасүрэн, С.Арслаа нарыг дахин байцаасан тэмдэглэл /хх-35, 39/, эд зүйлийн үнэлгээ /хх-32, 34, 38/, гэрч Х.Цэцгээг байцаасан тэмдэглэл /хх-40/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-69/, Б.Мягмарсүрэнг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-72/, шүүгдэгч С.Энхсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-75/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-79/, шүүгдэгч С.Энхсайханы хувийн байдлыг тодорхойлох баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-81/, шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-77/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-82/, түүний хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-83-86/, хохирогч нарт хэргийг материал танилцуулсан тухай баримт /хх-97-98/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-108/, “Фэйр Валуэшн” ХХК-ийн албан бичиг /хх-110/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нар нь 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хийдийн автомашины зогсоол дээрээс иргэн Н.Аасүрэнгийн эзэмшлийн 96-77 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг толь, хөөрөг, автомашины МР тоглуулагч, савхин бээлий, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн С.Арслаагийн эзэмшлийн 49-77 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч автомашины 2 ширхэг толь хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

Хохирогч Н.Аасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний эзэмшлийн 96-57 УБП улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг дүү Нанжид 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр авсан юм. Тэгээд тэр орой 22 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны сүмын гадна тавиад гэртээ орж хоноод өглөө 13 цагийн үед гараад харахад автомашины 2 ширхэг толийг хулгайлан авсан байсан. Зах зээлийн ханш нь 1 ширхэг толь 200.000 төгрөг, хосоороо 400.000 төгрөг, машинд байсан аавын хэрэглэж байсан хөөрөг 100.000 төгрөгийн үнэтэй юм байна лээ. Жижиг шил хагалсан байсан 40.000 төгрөгөөр буцааж хийлгэсэн...2 ширхэг толийг 180.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод Баянбүрдийн тойргийн орчимд 2 залуугаас худалдаж авсан. Толио авч явахдаа харахад миний хулгайд алдсан толь байхаар нь цагдаад хандсан. Толь худалдаж авсан 180.000 төгрөг, МР тоглуулагч 15.000 төгрөг, Орифлэймын эмэгтэй хүний 100 мл-тэй үнэртэй ус 20.000 төгрөг, машины жижиг толь 40.000 төгрөг, нийт 280.000 төгрөг нэхэмжилж байна...хулгайд алдсан хөөрөг, МР тоглуулагчаа буцааж авлаа, бусад алдагдсан эд зүйлийн хохирол болон автомашины шил авсан хохирол 255.000 төгрөгийг авлаа. Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-31, 33, 35/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Арслаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хийдийн гадна өөрийн эзэмшлийн 49-77 УБТ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашинаа тавьсан. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цагт гарч ирэхэд жолооч талын жижиг гурвалжин цонхийг хагалаад 2 толь алга болчихсон байсан. Одоо зах зээлийн ханш 1 ширхэг толь 200.000 төгрөг, хосоороо 400.000 төгрөг, хагалсан гурвалжин шил нь 50.000 төгрөг гэж байна лээ…би өөрт учрсан 450.000 төгрөгийг бүрэн барагдуулж авлаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-37, 39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний хүү С.Энхсайхан 1996 оны 11 дүгээр сарын 2-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. Багаасаа эцэг эхийн гар дээр, цэцэрлэгээр хүмүүжсэн…миний ажилд тусладаг…спортод их сонирхолтой. Хөлбөмбөгийн спортоор хичээллэж дүүргүүдийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байгаа…зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу хүүхэд. Нийтэч зантай, хүнд тусархуу…согтууруулах зүйл огт хэрэглэдэггүй…би мөнгө төгрөг, идэж уух юмаар дутааж байгаагүй. яагаад ийм хэрэг хийснийг нь ойлгохгүй байна. Хүүхдийхээ учруулсан хохирлыг бүгдийг бүрэн төлж, хүмүүсийн гомдлыг барагдуулна” /хх-41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б.Мягмарсүрэн 1997 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эхийн гар дээр хүмүүжлсэн. Урлаг, спорт нийгмийн ажилд идэвхитэй. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Их төлөв даруу зантай, уян зөөлөн, өрөвч сэтгэлтэй, тусч, олон дунд биеэ зөв авч явдаг…урьд өмнө хэрэгт орооцолдоод, сахилга ёс зүй, хүмүүжлийн доголдол гаргаж байгаагүй. энэ хэрэгт Энхсайханаас болоод холбогдсон, Энхсайхан дагуулж яваад энэ хэргийг хийлгэчихлээ…” /хх-43/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өггөн “…2015 оны 11 дүгээр сарын дундуур Мөнхбаатар гэдэг хүнээс аксент маркийн автомашиныг 1.300.000 төгрөгөөр аваад мөнгийг нь увуулж цувуулаад өгье гэсэн. Тэрнээс хойш тэр хүн надаас мөнгөө ойр ойрхон нэхээд би хийсэн ажилгүй мөнгө төгрөгний боломжгүй байсан. Хүмүүсээс сонсоход нөгөө машины эзэн манай ээжийг хайгаад байна гээд байхаар нь ээжийгээ зовоохгүй мэдэгдэхгүй гэж бодож байсан. …2016 оны 3 дугаар сарын 5-ны шөнө Б.Мягмарсүрэнтэй Тарвалин хотхон руу шөнө 01 цаг өнгөр байхад ороод доод талын зогсоолд байсан саарал өнгийн Приус-20 маркийн автомашины 2 ширхэг буюу 4 ширхэг толийг хулгайлсан. Толийг авахдаа жижигхэн гурвалжин цонхийг би хагалаад гараа цонхоор оруулаад хаалганы цоожийг тайлаад машин дотор ороод суудаг. Тэгээд бэлэн болохоор Б.Мягмарсүрэнг дуудаад толийг аваад өөрсдийн унаж ирсэн машинд хийгээд авч явсан…” /хх-63/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өггөн “…2016 оны 3 дугаар сарын 5-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз С.Энхсайхан над руу залгаад орой гарна гэж хэлсэн…Тарвалин хотхон руу шөнө 01 цаг өнгөр байхад ороод доод талын зогсоолд байсан саарал өнгийн Приус-20 маркийн автомашины 2 ширхэг буюу 4 ширхэг толийг хулгайлсан. Толийг авахдаа жижигхэн гурвалжин цонхийг С.Энхсайхан хагалаад гараа цонхоор оруулаад хаалганы цоожийг тайлаад машин дотор ороод суудаг. Тэгээд намайг хүн харж бай гээд би ойролцоо тамхи татаад хараад зогсож байдаг. С.Энхсайхан тольны боолт салгаад дуусаад болчихлоо гэхээр нь би толийг нь салгаж аваад өөрсдийн унаж ирсэн машинд хийгээд авч явсан…” гэсэн мэдүүлэг /хх-64-65/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Н.Аасүрэн, С.Арслаа нарыг дахин байцаасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээс харахад шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нар нь бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нар нь 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хийдийн автомашины зогсоол дээрээс иргэн Н.Аасүрэнгийн эзэмшлийн 96-77 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг толь, хөөрөг, автомашины МР тоглуулагч, савхин бээлий, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн С.Арслаагийн эзэмшлийн 49-77 УБТ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч автомашины 2 ширхэг толь хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Аасүрэн, С.Арслаа нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 35, 39 дугаар талд авагдсан тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэдний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарт оногдуулсан 2 /хоёр/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн 201625010889 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхсайхан, Б.Мягмарсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ