Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0336/З |
Дугаар | 584 |
Огноо | 2020-09-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 584
2020 оны 09 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2020/0584 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М,
Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн яамны сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, шаардлага хангах өөр ажил албан тушаалд буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.М миний бие Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 116 тоот тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэнч шударгаар, чанартай хэрэгжүүлсээр ирсэн болно.
Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт орж Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр С.М намайг ажлаас чөлөөлсөн тул миний зүгээс уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр бүр мөсөн үгүй болсныг ойлгодог. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт орж ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан гэх боловч уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоо хэвээр хадгалагдаж байгаа болно.
Мөн миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд намайг эмнэлгийн магадлагаатай буюу өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлаас минь чөлөөлж миний эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “...эмнэлгийн магадлагаатай болон захиргааны чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “...орон тоо хасагдсан...тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр...” заажээ. Гэтэл энэ хугацаанд огт мэдэгдээгүй болно.
Миний бие дээрх Б/******* дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04/476 тоот албан бичгээр “Зам тээврийн хөгжлийн сайдад Б/******* дугаар тушаалыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож эргэж хариу мэдэгдэхийг даалгасан” тухай хариу ирүүлсэн болно. Үүний дагуу миний бие Зам тээврийн хөгжлийн сайдад хандаж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх тухай өргөдөл гаргасан боловч надад бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй тул миний бие 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн биеэр очиж уулзахад Зам тээврийн хөгжлийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03/*******12 дугаар “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийг надад гардуулан өглөө.
Төрийн албаны тухай хуулиар хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр буюу мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй бол хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд хандах, маргах эрхтэй байна. Мөн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх хугацаа олгогдсон гэж үзэхээр байна. Гэвч энэ хугацаа өнгөрөхөд хариуцагч нь гаргасан тушаалаа хянаж хүчингүй болгоогүй, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, мэдэгдлийг биелүүлээгүй болно. Иймд миний бие хариуцагч талыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэн хуульд заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж миний урьд эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалын орон тоог хоёр салгасан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа.
Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамрагдан, ТЗ-12 буюу төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн зэрэглэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч одоо ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэх Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар томилж, чөлөөлдөг, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамрагдах бөгөөд чиг үүргийн хувьд гүйцэтгэх, хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх чиглэлтэй байна.
Харин Дэд даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дийлэнх нь хэвээр хадгалагдаж байгаа, цалин хөлс, зэрэглэл, зэрэг дэв болон албан тушаалын ангилал ч хэвээр хадгалагдаж байгаа орон тоо юм. Уг албан тушаалд шатлан дэвших зарчмыг баримтлан сонгон шалгаруулалт явуулж ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох бүрэн боломжтой.
Шинээр батлагдсан бүтэц зохион байгуулалтаар миний урьд эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга гэх албан тушаалын нэршил үгүй болсон тул миний урьд эрхэлж байсан төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв болон цалин хөлсийг бууруулахгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шаардлага хангах өөр ажил албан тушаалд томилох боломжтой юм.
Иймд Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, С.М намайг шаардлага хангах өөр ажил албан тушаалд буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О тайлбартаа: “Иргэний нисэхийн ерөнхий газар нь нислэгийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллага. Тэргүүн дэд даргад үйлдвэрлэл хариуцуулсан. С.Мг ажлаас халж 02 сарын 14-нд ажлын байрны тодорхойлолт гаргахдаа эдгээр үүрэг нь бүгд дэд даргад шилжсэн. Зарим чиг үүрэг нь С.Мн чиг үүрэгт давхардсан байсан. 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын 1 дүгээр заалтад С.Мг 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаал нь буцаж үйлчилсэн, С.Мн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус тушаал гаргасан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т зааснаар сонгон шалгаруулалтыг хийгээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. С.Мг ажлаас халсны дараа 02 сарын 14-ний өдрийн ажлын байрын тодорхойлолтоор н.Ад шилжсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд н.Аыг оролцуулж, С.М болон үйлдвэрчний эвлэлийг оролцуулаагүй. Мөн 02 сарын 12-нд тушаал гаргах үед С.М эмнэлгийн магадалгаагаар өвчтэй чөлөөтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Иймд Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: “2020 оны 08 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд Б/*******, Б/103 дугаартай тушаалыг С.Мд танилцуулсан талаарх баримтыг шаардсан боловч ирүүлээгүй. Энэ хугацаанд баримтуудыг гаргаж өгөх хангалттай хугацаа байсан учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 2020 оны 02 сарын 05-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлээр “таныг уг албан тушаалаас чөлөөлөхөөр болсон уг шийдвэрийн төсөлтэй холбоотой саналаа ирүүлнэ үү” гэсэн болохоос биш өөр албан тушаалд томилох талаар сонсох ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох 30 хоногийн өмнө мэдэгдэж, тодорхой хугацааны өмнө мэдэгдэж санал тайлбараа гаргах боломжоор хангах ёстой байсан. Гэтэл 2020 оны 02 сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т зааснаар заавал сонгон шалгаруулалтын ажиллаагааг явуулах ёстой байсан Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараах хариу тайлбарыг гаргаж байна, Үүнд:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт орж Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан ....” гэжээ.
Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны Б/******* дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Иргэний нисэхийн ерөнхий газар нь “Тэргүүн дэд дарга”, “Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга” буюу хоёр дэд даргатай байсныг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна ...” гэж, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын 6.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга /орлогч дарга/ 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах” гэж заасантай нийцүүлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны Б/******* дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд нэг дэд даргатай байхаар зохион байгуулсан нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан шийдвэр гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан “Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга” гэсэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга” гэсэн томьёоллоор ажлын байрны тодорхойлолтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталж, тус албан тушаалын чиг үүргийг хэвээр хадгалж үлдсэн.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ... 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд намайг эмнэлгийн магадлагаатай буюу чөлөөтэй, өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлаас чөлөөлж миний эрхийг зөрчсөнд гомдолтой байна...” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасны дагуу С.Мг ажлаас чөлөөлж байгаа талаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газраас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16:30 цагт утсаар урьдчилан мэдэгдсэн ба 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мтай биечлэн уулзаж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан байна.
С.М нь өөрийн төлөөний хүнээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар дурдаагүй, эмнэлгийн магадалгааг Зам, тээврийн хөгжлийн яаманд албан ёсоор ирүүлээгүй нь "... эмнэлгийн магадлагаатай буюу чөлөөтэй, өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлаас чөлөөлсөн ... ” гэснийг үндэслэлгүй болохыг баталж байна. Мөн С.М нь өвдсөн тухай эмнэлгийн нотлох баримтыг захиргааны нэгжид тухайн өдрөө гаргаж өгөөгүй нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4-т “Ажилтан өвдсөн тохиолдолд Захиргаа хариуцсан нэгжид тухайн өдрөө мэдэгдэх ба мэдэгдээгүй болон эмнэлгийн магадалгааг ирүүлээгүй бол ажил тасалсанд тооцно.’’ гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн сайдад 2020 оны 03 дугаар сарын 26- ны өдөр гаргасан өргөдөлдөө эмнэлгийн магадалгааг хавсарган ирүүлсэн байна.
Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Б/******* дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга С.Мг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус тушаалын 3 дугаар заалтаар цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байраар хангахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт үүрэг болгосны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар С.Мг өөрийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон байтал нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Харин Захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, ... хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах ...” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан нь холбогдох тушаал шийдвэрээр нотлогдож байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... Зам, тээврийн хөгжлийн сайдад хандаж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх тухай өргөдөл гаргасан боловч надад бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй .... ” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд С.Мд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр зүйлийн 07-ны өдрийн 03/*******12 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С.Мгийн бие төлөөлөгч ******* хүлээн авсан байдаг.
Тус албан бичигт Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04/477 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Б/******* дугаар тушаалыг дахин хянаж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцүүлэн өөрчлөх чиглэлийг өгсөн.
Гэвч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Б/******* дугаар тушаалын 3 дахь заалтад “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу С.Мгийн цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байраар хангахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т үүрэг болгосугай” гэж хуулийн шаардлагыг хангаж гарсан захиргааны акт болно.
Иргэний нисэхийн ерөнхий газарт одоогийн байдлаар агентлагийн дэд даргын албан тушаал буюу эрхэлсэн түшмэлийн ТЗ-13 ангиллын албан тушаалын сул орон тоо байхгүй тул Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, алба тушаалд шилжих, ... хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах ...” гэж заасны дагуу С.Мгийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалыг санал болгох эсхүл хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах боломжтой талаар мэдэгдэн сонсох ажиллагааг зохион байгуулах үүргийг Иргэний нисэхийн ерөнхий газарт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/1170 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Өгсөн чиглэлийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас сонсох ажиллагаагааг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан боловч С.М нь аль ч хувилбарыг хүлээн зөвшөөрөөгүй талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/655 тоот албан бичгээр мэдэгдсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04/477 тоот “Тушаал дахин хянах тухай” чиглэлийг бүрэн хэрэгжүүлснийг дахин нотолж байна.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хариуцагч талаас ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эх хувиар нь гардуулан өгөөгүй ....” гэсэн нь үндэслэлгүй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/671 тоот албан бичгээр “ ... С.Мг ажлаас чөлөөлсөн тухай Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хавсралтаар хүргүүлж, С.Мгийн цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байраар хангасан шийдвэр болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Б/******* дугаар тушаалыг танилцуулсан тухай актыг ирүүлэх талаарх” албан бичгийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж, нэхэмжлэгч Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргаснаар нэхэмжлэгч 2020 оны Б/******* дугаар тушаалтай танилцаж, хүлээн авсныг нотолж байна.
Засгийн газрын гишүүний хуулийн хүрээнд гаргасан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар "... удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” томилохоор заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар С.М болон Б.А нарыг дэд даргын орон тоонд санал хурааж, ажилласан байдал, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу олонх буюу 88 хувийн саналаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргад Б.А-ыг дэмжиж саналыг Зам, тээврийн сайдад хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Уг саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасны дагуу сайд агентлагийн дэд даргаар Б.Аыг томилсон байдаг. Зам тээврийн яам томилох эрхтэй боловч өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа чиг үүрэгтэй нь холбоотой ажлыг мэдэх боломжгүй. Агентлагийн даргын саналыг авсан гэхдээ 2 дэд даргын боловсрол мэдлэг, ур чадвар зэрэг шалгуураар үнэлж, н.Аыг тэргүүн дэд даргын албан тушаалд томилсон.
С.М хариуцаж байсан чиглэлийн дагуу ажлаа хийхгүй байсан тул 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сонсох ажиллагаа явуулахад С.М “Төрийн албаны зөвлөлийн албан бичиг Зам, тээврийн яаманд очсон байгаа. Зам, тээврийн хөгжлийн яам гаргасан тушаалаа өөрчлөх байх” хэмээн саналыг хүлээн зөвшөөрөөгүй.
Шинээр батлагдсан бүтцийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргыг томилогдох хүртэлх хугацаанд даргын үүрэгт ажлыг тус албаны менежер Г.Г-т 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр тушаал гарсан.
Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцээс харвал С.Мгийн эрхэлж байсан дэд дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга гэсэн орон тоо байхгүй болж “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба” гэх нэршлээр өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна.
Иргэний Нисэхийн ерөнхий газрын бүтэц нь тэргүүн дэд дарга, дэд дарга гэсэн 2 орон тоотой байсан. Энэ нь шинээр үүсгэсэн албан тушаал биш. Засгийн газрын тухай хууль болон Засгийн газраас 2016 онд гаргасан тогтоолын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар нь 1 дэд даргатай байна гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс бүтцэд өөрчлөлт орсон. Энэхүү тушаалын дагуу С.Мг Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлж Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалд томилсон нь С.Мн эрх зүйн байдлыг дордуулсан ямар нэгэн зохицуулалт агуулаагүй нь Зам тээврийн хөгжлийн сайдын Б/******* тушаалд харагдана. 20*******, 2016 оны бүтцийн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Мөн нэхэмжлэгч нь өвчтэй байх хугацаанд албан тушаалаас чөлөөлсөн гэж ярьдаг. Гэвч Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас С.Мд сонсох ажиллагааг 02 сарын 06-ны өдөр явуулж, С.М нь 02 сарын 07-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай биечлэн уулзаж тайлбараа ирүүлснээс хойш 02 сарын 10-ны өдөр акт авсан, актаа ирүүлээгүй байдаг. Тиймээс С.Мг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй, хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулсан.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Б/******* дугаар тушаал гарч Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албан дарга болсноор С.Мн эрх ашиг яаж хохирсон гэдэг нь тодорхойгүй байна. ИКАО-гийн бүтцийн дагуу хяналтын чиг үүргийг тогтоож өгсөн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийсэн. Тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэдлэгийн дагуу тохирох албан тушаалд томилсон тул С.Мгийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаал хүчингүй болгуулах, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, шаардлага хангах өөр ажил албан тушаалд буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.
С.М нь 2005 оноос Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний мэргэжлийн хэлтэст Техникийн тасгийн дарга, Техникийн хангалтын албаны Мэргэжлийн тасгийн ахлагч, Нислэгийн хөдөлгөөний үндэсний төвийн Мэргэжлийн хэлтсийн мэргэжилтэн, Дотоод хяналтын хэлтсийн дарга, Захиргаа хүний нөөц, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга, Тамгын хэлтсийн дарга, Техник хангалт, үйлчилгээний албаны дэд дарга, уг албаны чанар аюулгүй ажиллагааны инженерээр 2013 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад чөлөөлөгдөж, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргаар томилогдон ажиллажээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар “зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан” үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга С.Мг 2 дугаар сарын 01-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.Мг цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байраар хангахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасан байна.
Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар С.Мг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2 дугаар сарын 01-ний өдрөөс томилж, хөдөлмөрийн гэрээгээр цалинжуулахаар заасан байна.
С.М Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл Зам тээврийн хөгжлийн яамнаас холбогдох материалуудыг татаж хянаад “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчиж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд чөлөөлсөн нь буруу гээд Б/******* дугаартай тушаалаа дахин хянаж хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг” 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүний 04/477 тоотоор мэдэгдсэн байдаг.
Энэ дагуу Зам тээврийн хөгжлийн сайд 2020 оны 3 дугаар сарын 19-ний 01/1170 тоотоор Иргэний нисэхийн ерөнхий газарт “Иргэний нисэхийн ерөнхий газар төрийн захиргааны ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалын сул орон тоо байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар С.Мд урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалыг санал болгох, эсхүл тэтгэлэг олгох боломжтой талаар мэдэгдэж сонсгох ажиллагаа хийхийг үүрэг болгож, Иргэний нисэхийн ерөнхий газар 3 дугаар сарын 23-ны өдөр уг асуудлаар сонсгох ажиллагаа хийж, С.М нь дээрх саналуудыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Нэхэмжлэгч “өөрийнх нь ажиллаж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын “дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга”-ын орон тоо өмнө нь байсан, чиг үүрэг нь одоо ч хэвээр, 2016 онд “тэргүүн дэд дарга” гэх орон тоо нэмсэн, 2 дэд даргатай байх нь хууль тогтоомжид нийцэхгүй гээд тэргүүн дэд даргын орон тоог хассан байхад дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын орон тоог хассан мэтээр сонгон шалгаруулахгүйгээр өөрийг нь ажлаас чөлөөлөөд төрийн үйлчилгээний албанд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн, эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлсөн” хэмээн маргажээ.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалын үндэслэлд “зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан” хэмээн заагаад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримталсан байх тул уг бүтцийн өөрчлөлтөөр “орон хасагдсан”, эсхүл “орон тоо цөөрсөн” аль нь болох, орон тоо хасагдсан бол аль орон тоо хасагдсаныг эхлээд дүгнэх нь зүйтэй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгох зохицуулалт биш бөгөөд алба хаагчаас үл хамаарах шалтгаанаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, цөөрсөн, хасагдсан, төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хэрхэн хангах талаар нэмэгдэл баталгааг заасан, тухайлбал 62.1.3 төрийн байгууллага зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар, 62.1.4 өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгохоор тодорхой заажээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд уг бүтцээр Иргэний нисэхийн ерөнхий газар нь “тэргүүн дэд дарга”, “дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга” гэсэн хоёр дэд даргатай байсныг өөрчилж, 1 дэд дарга, чиг үүргийн хувьд дэд даргад 5 газар, мөн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба харьяалагдахаар баталж, орон тооны хязгаарыг өмнө байснаар 2431 байхаар тогтоожээ.
Үүнээс өмнөх бүтцээр, тухайлбал нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх үеэс зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоосон Зам тээврийн хөгжлийн сайдын шийдвэрүүдээс үзвэл:
- 20******* оны 239 дүгээр тушаалаар батлагдсан бүтцээр Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга 1, шууд удирдлагад нь нислэгийн стандарт үйл ажиллагаа, нислэгт тэнцэх чадвар, аэродром, агаарын навигацийн хяналт, үнэмлэх гэрчилгээжүүлэлт, дүрмийн боловсруулалтын нэгжүүд харьяалагддаг, дарга нь хууль эрх зүй, захиргаа, санхүү, нисэх буудлуудын удирдах газар, агаарын тээвэр, нислэгийн хөдөлгөөнийг харьяалдаг байсан,
- 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалаар батлагдсан бүтцээр “тэргүүн дэд дарга”, “дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга” гэсэн хоёр дэд даргатай, тэргүүн дэд даргад өмнө нь даргын шууд удирдлагад байсан нисэх буудлуудын бодлого зохицуулалт, болон өмнө нь дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын шууд удирдлагад байсан агаарын навигацийн чиг үүргээс агаарын навигацийн бодлого зохицуулалтын чиг үүрэг харьяалагдаж, харин Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргад нислэгийн стандарт үйл ажиллагаа, нислэгт тэнцэх чадвар, аэродром, агаарын навигацийн хяналт, үнэмлэх гэрчилгээжүүлэлт, дүрмийн боловсруулалтын чиг үүрэг хамаарч,
- 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн *******1 дүгээр тушаалаар бүтцийг “тэргүүн дэд дарга”, “дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга” гэсэн хоёр дэд даргатай хэвээр, тэргүүн дэд даргын чиг үүрэгт агаарын навигацийн бодлого төлөвлөлт болон өмнө нь даргын шууд удирдлагад байсан агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн нэгжийг харьяалуулж, харин дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргад нислэгийн стандарт үйл ажиллагаа, нислэгт тэнцэх чадвар, аэродром, агаарын навигацийн хяналт, үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн чиг үүрэгтэй нэгжүүд хамаарч, дүрмийн боловсруулалтын чиг үүргийг даргын шууд удирдлагад баталж, орон тооны хязгаарыг 2431 байхаар хэвээр тогтоосон,
- Улмаар дээрх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар дэд даргад агаарын тээврийн бодлого зохицуулалт, агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын чиг үүрэг дээр өмнө нь даргын шууд удирдлагад байсан захиргаа удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын чиг үүрэг, мөн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албыг харьяалуулж, харин Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны чиг үүрэгт нислэгт тэнцэх чадвар, аэродром, агаарын навигацийн хяналт, үнэмлэх гэрчилгээжүүлэлт, нислэгийн стандарт үйл ажиллагааны чиг үүргийг хэвээр баталж, орон тооны хязгаарыг хэвээр тогтоожээ.
Дээрх зохион байгуулалтын бүтцээс үзвэл дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын чиг үүрэг нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын чиг үүрэгт хэвээр үлдсэн, уг чиг үүрэг бүхий бүтцийг дэд даргын харьяанд багтаасны дээр даргын чиг үүргээс захиргаа удирдлагатай холбоотой чиг үүрэг бүхий нэгжүүдийг дэд даргын удирдлагад шилжүүлсэн, мөн өмнө нь тэргүүн дэд даргын чиг үүрэгт хамаарч байсан агаарын навигаци, агаарын тээврийн бодлого зохицуулалтын чиг үүрэг хэвээр байх тул тэргүүн дэд даргын орон хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй, харин дэд даргын чиг үүргийг нэлээдгүй нэмэгдүүлж баталжээ.
Эдгээр албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос харьцуулж үзвэл дэд даргын чиг үүрэгт өмнөх бүтцийн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын “нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалт”-ын чиг үүрэг бүхэлдээ багтсаны дээр агаарын навигацийн хяналт, агаарын тээврийн бодлого зохицуулалт, нисэх буудлын бодлого зохицуулалт, захиргаа удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын чиг үүрэг багтжээ.
Тодруулбал дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргын
- нисэхийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын албыг удирдлагаар хангах,
- иргэний нисэхийн салбарт нисэхийн аюулгүй ажиллагаа ба нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтыг хууль, дүрмүүдийн хүрээнд хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах ажлыг зохион байгуулах, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч өмчийн бүх төрлийн байгууллага, нисэх компани, тээвэр, зуучийн байгууллагуудын үйл ажиллагааны журам, заавруудыг хянаж баталгаажуулах, хүчинтэй хугацааг сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг багц дүрмийн дагуу хэрэгжүүлэх, иргэний агаарын хөлгийг Монгол улсад бүртгэх, гэрчилгээ олгох, агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх, агаарын навигацид холбогдолтой үйлчилгээ эрхлэх, аэродром, нисэх буудал байгуулах, ашиглах, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлт эрхлэх зөвшөөрөл олгох, агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, нисэхийн мэргэжлийн үнэмлэх олгох, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтад өмчийн хэлбэр харгалзахгүй шалгалтад хийх, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт гаргах, зөрчил дутагдал арилгуулахаар зөвлөмж, шаардлага хүргүүлэх,
- олон улсын стандарт болон Монгол улсын иргэний нисэхийн багц дүрмүүдийн үл тохирлыг арилгаж үйл ажиллагаанд нийцүүлэх ажлыг зохион байгуулах,
- иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт, нисэхийн аюулгүй байдлыг хангах бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх,
- иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгуулагад аюулгүй ажиллагааны хангалтын сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг дэд даргын чиг үүрэгт бүхэлдээ багтсанаас гадна дэд даргад:
- газрын үйл ажиллагааг удирдлагаар хангах, газрын даргаас шилжүүлсэн санхүү, захиргааны удирдлагатай холбоотой бүрэн эрхийг хэрэгжүүлэх,
- иргэний нисэхэд ашиглах агаарын зайд үзүүлэх аэронавигацийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын стандарт, иргэний нисэхийн багц дүрмүүдийн шаардлагын дагуу удирдлага зохион байгуулалтаар хангах, агаарын зайн зохион байгуулалтын ойрын болон хэтийн бодлого тодорхойлох,
- олон улсын нисэх буудлуудын үйлчилгээ, үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах чиг үүрэг олгогджээ.
Дээрх бүтэц болон ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүргийн хуваарилалтаас үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын голлох үйл ажиллагаа, голлох чиг үүрэг нь нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт буюу нисэх компани, тээвэр зуучийн байгууллагууд, агаарын навигаци, аэродром, нисэх буудал, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нислэгт тэнцэх чадвар зэрэг бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих, сургалт, мэргэжлийн удирдлагаар хангах, тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг байх бөгөөд энэ чиг үүргээ орлогч дарга буюу дэд дарга нь хариуцаж Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албыг шууд удирддаг, дарга нь захиргаа удирдлага, санхүү, хууль эрх зүй, агаарын тээврийн бодлого, нисэх буудлуудын үйл ажиллагааг хариуцдаг байж.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байхаар”, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын 6.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга /орлогч дарга/ 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахаар” заасан байхад энэ зохицуулалт 2016 оноос зөрчигдөж Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд 2 дэд дарга батлагдсаныг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны Б/******* дугаар тушаалаар засаж, батлагдсан 1 орон тоонд өмнөх 2 дэд даргад харьяалуулсан аль аль чиг үүргүүд шилжсэн байхад дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны даргын орон тоо хасагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн ерөнхий газрын голлох чиг үүрэг бүхий дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны даргын чиг үүрэг бүхэлдээ, өмнө нь уг албан тушаалд хамаарч байсан чиг үүргүүд бүхэлдээ шинэ бүтцийн дэд даргын чиг үүрэгт хэвээр шилжсэн байх тул орон тоо цөөрсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд тухайн албан тушаалуудад ажиллаж байсан 2 албан тушаалтнаас “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар” Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болгон тодорхой заажээ.
Иймд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх баталгааг зөрчсөн, хуулиар тогтоосон “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” ажиллагааг хариуцагч хийгээгүй буруугаас төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигджээ. Учир нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг ийнхүү чөлөөлж Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлснээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны даргын албан тушаалд томилж, үүнийгээ “өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь бүхэлдээ шилжсэн” гэж тайлбарлах ч, агетлагийн даргын томилсон энэ албан тушаал нь төрийн жинхэнэ албаны орон тоо биш, төрийн үйлчилгээний алба байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Хэдий цалин буураагүй ч цаашид төрийн жинхэнэ албан хаагч биш болсноор төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, баталгааг эдлэхгүй, төрийн албаны мерит зарчим хамаарахгүй болно.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар дэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.А, дэд даргаар ажиллаж байсан С.М нарын ажилласан, мэргэшсэн байдлыг хэлэлцээд дэд даргын албан тушаалд Б.Аыг томилуулах саналыг Зам тээврийн хөгжлийн сайдад хүргүүлснийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд буюу яам Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шалгаруулалтыг хийсэн гэж үзэхгүй.
Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан орон тоо цөөрсөн нөхцөл үүссэн байхад “шалгаруулж авах” ажиллагааг томилох эрх бүхий этгээд хийгээгүй, орон хасагдсан гэж үзэж албан тушаалаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөний дээр хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ.
Хэдий тийм ч нэхэмжлэлийн “шаардлага хангах өөр ажил албан тушаалд буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хангах боломжгүй, учир нь “шалгаруулж авах” ажиллагааг хийгээгүй байхад шүүх тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангах эсэхийг дүгнэх боломжгүйн дээр, ийнхүү шалгаруулж авах ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтнуудаас шалгаруулах хуульд заасан ажиллагааг хийж томилох хүртэл Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хугацаа тогтоож түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шалгаруулалтын дагуу томилогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч нь /Иргэний нисэхийн ерөнхий газрын цалингийн сангаас/ ажилгүй байсан хугацааны цалинг /эмнэлгийн хуудсаар 2020 оны 2 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 3-ныг дуустал, 4 дүгээр сарын 8-наас 14-нийг дуустал олгогдсон өвчний учир хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцон/ нөхөж олгох, тухайн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж тооцох үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын “өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байхад сонсох ажиллагаа хийлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн” гэх үндэслэлүүдийг тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болгоогүй.
Учир нь “орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр болсон” талаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг 06-ны өдөр утсаар танилцуулсан, С.М 02 дугаар сарын 07-ны өдөр биечлэн уулзаж, тэрээр мөн өдрөөр огноолсон тайлбараа 2 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн, ажлаас чөлөөлсөн шийдвэр 02 дугаар сарын 12-ны өдөр гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан шийдвэр гаргахаас өмнө урьдчилан сонсгох, тайлбар гаргах боломжоор хангах ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн, ийнхүү тайлбараа гаргах үедээ С.М нь эмнэлгийн магадлагаараар ажлаас чөлөөлөгдсөн талаар дурдаагүйн дээр, байгууллагадаа энэ талаар мэдэгдээгүй, эмнэлгийн магадлагааг ирүүлээгүй байсан тул Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4-т “ажилтан өвдсөн тохиолдолд Захиргаа хариуцсан нэгжид тухайн өдрөө мэдэгдэх ба мэдэгдээгүй болон эмнэлгийн магадалгааг ирүүлээгүй бол ажил тасалсанд тооцно.’’ гэж зааснаар түүнийг эмнэлгийн магадлагаараар өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байсан гэж үзэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар уг хугацаанд ажлын байр хадгалагдахгүй тул 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг хариуцагч зөрчөөгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтнуудаас шалгаруулж томилох хүртэл Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасны дагуу Зам тээврийн хөгжлийн сайд нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтнуудаас шалгаруулж томилоогүй тохиолдолд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаал хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шалгаруулалтын дагуу томилогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин нөхөж олгогдохыг, тухайн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөж тооцогдохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА