Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0368/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагч М.Очбадрах,

Хохирогч Б.Р,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Г-д холбогдох эрүүгийн 1718000000161 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Г /РД:......../, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл-4, аав, ээж, охины хамт Дархан-Уул аймаг, ........... сум ..... дугаар баг ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... аймаг, ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... захын урд талын авто машины зогсоол дээр иргэн Б.Р-н нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... аймаг, ....... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ......... урд талын авто машины зогсоол дээр иргэн Б.Р-н нүүрэн тус газар цохиж, биед нь үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөнтөй байдал, дээд уруулын зулгаралт бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.Г-н өгсөн: Тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.Р-н биед гэмтэл учруулсан. Би хохирогчийн шүдийг хугалж, биед нь гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд 700,000 төгрөг өгч, уучлалт гуйсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Р-йн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө такси барих гэж байгаад Г.Г-тай таарсан. Тухайн үед Г.Г нилээн согтуу байсан. Бид 2 юм ярьж байгаад маргалдаж Г намайг цохичихоод шууд гэр лүүгээ яваад өгсөн. Би Г-с 700,000 төгрөг авч эмчилгээндээ зарцуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд

Гэрч П.Л-н өгсөн: ...Манай хүү Г 01 цагийн үед гэртээ ганцаараа согтуу орж ирсэн. Удалгүй 20-30 минутын дараа цагдаа зодуулсан гэх хүний хамт ирээд хүү Г-г авч явсан. Зодуулсан гэх хүний амнаас цус гарсан, үүдэн 1 шүд нь унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1121 дугаартай Б.Р-н биед үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний хөдөлгөөнтөй байдал, дээд уруулын зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 1 шүдний хугарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Р-н биед хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР