| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0350/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 02
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг оршин суух, Х овогт М.Ө,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг оршин суух, Ц овогт М.Д нарт холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги нийт 31.042.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах арилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн байдаг.
Тус сумын иргэн М.Ө нь авто засварын газраа өргөжүүлэх төсөл Засаг даргын тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг . Үүний дагуу М.Ө-н “Авто засварын газраа ” өргөтгөх төсөлд Сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/203 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн М.Ө “Сум хөгжүүлэх сангийн зээлийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот” гэрээг байгуулж 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч М.Ө нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн М.Ө-н нийт зээлийн үлдэгдэл 23.340.325 төгрөг, төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги 7.702.307 буюу нийт 31,042.632 /гучин нэгэн сая, тэг дөчин хоёр, зургаан зуун гучин хоёр / 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар тооцооллыг гаргав./ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ө, М.Д нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү, алданги, нийт 31.042.632 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Н.Амаржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч М.Өлзийбаяр, М.Дашням нарын гаргасан хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн иргэн М.Ө, М.Д нар нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр авто засварын газраа өргөжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын Үүд сумын Сум хөгжүүлэх сангаас гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээл төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул М.Ө, М.Д зээлийн үлдэгдэл 23.340.325 төгрөг, алданги 7.702.307, нийт 31.042,632 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Ө, М.Д нар нь нэхэмжлэлтэй танилцаад гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлд дурьдагдсан төлбөрөө бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул зээлийн үлдэгдэл, хүү нийт 31.042,632 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч М.Ө, М.Д нарт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги нийт 31.042.632 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ө, М.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл 23.340.325 төгрөг, төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги 7.702.307 төгрөг, нийт 31.042.632 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 23.340.325 төгрөг, төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги 7.702.307 төгрөг, нийт 31.042.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ө, М.Д нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 31.042.632 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 313.163 төгрөгийн 50 хувь болох 156.581,5 төгрөгийг хариуцагч М.Ө, М.Д нараас гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч М.Ө, М.Д нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ