Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************* тоотод оршин суух, *********** овгийн Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халсан тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүрэнтогтох нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******** овогтой Б.Б нь 1979 онд төрсөн.Одоо эхнэр, 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Би 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******** ОНӨААТҮГ-т даралтат станцын ажилд ороод 3 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажил таслах, ажлын байраа орхиж явах, архи дарс уух гэх мэт зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр намайг *********ОНӨААТҮГ-ын захирлын Б/27 тоот тушаалаар Усан сангийн машинист-ын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Миний бие нь уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа гараад 07 дугаар сарын 20-ны өдөр ээлжээ хүлээлцээд инженер Н.М-ын адуунд **********сумруу явсан юм. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилд гарах ёстой байсан. Адууг нь хайж олоод, тууж явсаар байтал ажилтай өдрөө амжиж ирээгүй учраас инженер М миний оронд М-г гаргасан байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө ажил дээрээ иртэл бичиг хэргийн эрхлэгч нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн. Би өөрийн дураар ажлаа хаяж яваагүй учир ********** ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хянан шалгаж, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******** ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллага нь ********** аймгийн ********сум буюу ***** хотын 19 мянга гаруй иргэд, албан газар, аж ахуйн нэгжид газрын гүнээс цэвэр ус олборлон, унд-ахуйн усан хангамжийн хэрэгцээг ханган, түүнээс гарсан бохир усыг зайлуулах шугам хоолойгоор татан цэвэрлэх байгууламжид төвлөрүүлэн цэвэрлэх үүрэг хүлээн ажилладаг. Манай байгууллагын гүний худаг, насос станц, насос станцын усан сан, даралтат усан сангууд, цэвэрлэх байгууламж нь онцгой обьектод хамаарч, цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалттай байдаг обьектууд юм. Б.Б нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн захирлын Б/34 дугаар тушаалаар манай байгууллагад даралтат усан сангийн машинистаар түр ажилд орсон. Б.Б нь ажлын хариуцлага 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирлын Б/46 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авч байсан. Тэрээр мөн 2017 оны 03 дугаар сард ажлын хариуцлага алдаж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн захирлын Б/13 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл авч байсан. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын захирал эргүүл хийж явахад Б.Б нь ажлын байраа орхин явсан байдаг. Энэ нь байгууллагын дотоод журмын 7.6 дахь заалт /Аль ч албан тушаалтан ажилтан ажлын цагаар зөвшөөрөлгүйгээр байгууллагын үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн ажил үүрэг гүйцэтгэх, ээлж солих, улиран гарахыг хориглоно/-ыг зөрчсөн байсан. Энэхүү зөрчлийн талаар 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын захирал уулзаж сануулсан байсан. Гэтэл маргааш нь буюу 07 дугаар сарын 20-ны өдөр цэвэр усны төв шугам гэмтсэн үед ээлжийн бус ажилтнуудыг дуудсан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Улмаар 2017 оны 07 дугаар сарын 20-21-ний хооронд гэмтэл засварлах үед дахин залгаж дуудуулах үед утас нь холбогдохгүй байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарах ээлжиндээ гаралгүйгээр машинист Д.М гарсан байсан. Энэ талаар машинист Д.М-ийн тайлбарыг хавсаргав. Б.Б нь дээрх үед байгууллагын захирлаас чөлөө аваагүй, ямар нэгэн байдлаар утсаар ч холбогдоогүй байна. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Б-тэй холбогдох гэсэн боловч мөн утас нь холбогдох боломжгүй байсан. Ингээд халах тушаал гарсан. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өглөө утсаар хэд дахин залгуулсны эцэст утсаа аваад ирж тушаалтай танилцсан. Тухайн үед ерөнхий инженерийн адуунд ***********сум руу явсан гэх бөгөөд ерөнхий инженер Н.М нь 2017 оны 07 дугаар сарын 20-24-нийг дуустал хугацаанд ирээгүй бөгөөд цэвэр усны төв шугам задарсан аваарьтай онцгой үед ажил тасалсан. Иймээс ерөнхий инженер Н.М-ыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирлын Б/29 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ямар нэгэн байдлаар байгууллагын даргатай холбогдож Б.Б-ийн талаар хэлж яриагүй байдаг. Харин захирал С.Б нь ерөнхий инженер Н.М-ын утас руу залгахад эхнэр нь утсыг нь авч хөдөө явсан гэж хэлсэн байдаг. Б.Б нь удаа дараа олон нийтийн ажил тасалж байсан бөгөөд ажлаа байнга орхиж явдаг байсан. Шаардлагатай үед инженерүүдийг залгахад утсаа авдаггүй ба ажлын хариуцлагагүй, хамтран ажиллахад бэрхшээлтэй зэрэг удаа дараа инженерүүдээс гомдол ирдэг байсан. Инженерүүдийн тайлбарыг хавсаргав гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жижүүрийн дэвтрийг эх хувиар нь авчирсан байгаа. Тог унтарсан бол эх үүсгэвэр дээр хүртэл тог унтрах ёстой. Манай байгууллага ****** хотын 19 мянган ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагад ус түгээдэг байгаа. Улсын онцгой обьект, даралтат усан сангийн хувьд дөрвөн ээлжтэй. 24 цаг гараад 72 цаг амардаг. Б.Б нь хэл ам таталж, инженерүүд нь байнга гомдол гаргадаг. Тог тасраагүй гэдгийг бусад станцууд дээр ажиллаж байсан инженер, ажилтнууд хэлдэг. Нэхэмжлэгчийн ажлын хариуцлагагүйгээс болж усны түвшинг 50 сантиметрт хүргэсэн гэдэг. Байгууллагын даргыг очиход хувийн шалтгаанаар ажлын байраа эзгүй орхигдуулсан байсан. Байгууллагын дотоод журмын 7.6 дахь заалтад хүлээх хариуцлагыг заасан байгаа, мөн ажлын хариуцлага алдсан гэж үзээд арга хэмжээ авагдсан. 2017 оын 07 дугаар сарын 03-ны өдөр Б.Б жижүүрт гарч байсан. Харуул хамгаалалтын ажилтан Н-ын мэдүүлэг байгаа. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уулзаад сануулсан. 2017 оны 07 дугаар сарын 20-нд Цагдаагийн тэнд цэвэр усны төв шугам задарсан. Шаардлагатай үед амарч байгаа ажилтнуудаа дуудаж, ажиллуулах тохиолдол байдаг. Б.Б-ийн утас холбогдохгүй байсан. Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 23-нд ээлжинд гарах байсан боловч Д.М гарсан байдаг. Ерөнхий инженер байгууллагын даргыг байхгүй үед л орлох эрхтэй байдаг. Хил сураггүй алга болсон. Ерөнхий инженер адуунд явуулсан гэх зүйлийг хэлээгүй. Байгууллагын удирдлагуудтай холбоо бариагүй инженер техникийн ажилтнуудаас Б.Б-тэй холбоотой санал хүсэлт байнга ирдэг. Олон нийтийн ажил, хуралд оролцдоггүй, ажлаа орхиж явсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь ************* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

******** ОНӨААТҮГ-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйл 38.1.2, 40 дүгээр зүйл 40.1.4 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 2.1 дэх заалт, 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн удаа дараа ажлын байрыг хаяж явсан гэсэн үндэслэлээр Б.Б-ийг ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Б.Б нь ************* ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээ байгуулан даралтат усан сангийн машинистаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, ажлаас чөлөөлөх тухай тушаал болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч ********* ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Б.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын тодорхой заалтыг зөрчснийг тушаалдаа үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зааснаар буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээг зөрчөөгүй гэж маргаж, Б.Б-ийг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагч сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Тайлбараа нотлохын тулд Б.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ************ОНӨААТҮГ-ын дотоод журам, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/46 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ******** ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчдын тайлбар, Д.М, н.Н нарын тодорхойлолт, жижүүр хүлээлцсэн дэвтэр зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардлагагүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой.

Хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/46 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул тэрээр 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэхэд сахилгын шийтгэлгүй байсан байна.

Харин 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ийг хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Дээрх тушаалд Б.Б гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал байгаа боловч нэхэмжлэгч Б.Б нь өөрийн ажил үүргийн хуваарьт хамаарах ямар үүргийг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн эрх зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн, зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдохгүй, хэрэгт уг тушаалаас өөр баримт авагдаагүй байна.

Хариуцагч байгууллагаас ирүүлсэн жижүүр хүлээлцэх дэвтэрт гарсан зөрчилгүй тайван байна гэж бичигдсэн байх бөгөөд үүнээс дүгнэхэд Б.Б нь ямар зөрчлүүдийг давтан гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт Д.М, н.Н нарын тайлбар, тодорхойлолтуудыг ирүүлсэн байх боловч уг тайлбар, тодорхойлолтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь тухайн үйл явдлыг гэрчилж байгаа гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авснаар нотлох баримтын шаардлага хангаж, нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой юм.

Ажлаас чөлөөлөх тухай тушаалд байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг мөн баримталсан байх бөгөөд ажилтан удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдолд сануулах, цалин хасах, ажлаас халах хүртэл хариуцлага тооцно гэжээ. Б. Б нь удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгавар биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 24 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2. гэрээний нэмэгдэл нөхцлийн 3-д сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд 3 хоног ажил тасалсан тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын машинистуудын цагийн хуваарийг ирүүлсэн байх бөгөөд Б.Б нь 2017 оны 07 сарын 23-ны өдөр гарах хуваарьтай байсан болох нь, ажил тасалсан гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч мэтгэлцэж байх боловч хэзээ, хэд хоног ажил тасалсан болох нь тус тус хэрэг авагдсан баримтаар нотлогдохгүй, тухайлбал цагийн бүртгэл, жижүүрт гарах хуваарь гэх мэт хариуцагчийн татгалзлыг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ********* ОНӨААТҮГ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзэв.

Иймд Б.Б-ийг *******ОНӨААТҮГ-ын даралтат усан сангийн машинистын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд Б.Б-н 2017 оны 07 сарын 24-ны өдрөөс 2017 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 2 сар 3 хоногийн олговор 1,032,208 төгрөгийг ********** ОНӨААТҮГ-аас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд зааснаар ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин 1,446,346 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бататгаажуулалт хийхийг ************** ОНӨААТҮГ-т даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч ********* ОНӨААТҮГ-аас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.032.208 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.323 төгрөг, нийт 99.523 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **********овогтой Б.Б-г ********** ОНӨААТҮГ-ын даралтат усан сангийн машинистын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.032.208 төгрөгийг *********** ОНӨААТҮГ-аас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ************ ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч ************ОНӨААТҮГ-аас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.032.208 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.323 төгрөг, нийт 99.523 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ