| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0344/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/352 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг -улсын яллагч И.Мөнхцэцэг
-шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шт холбогдох эрүүгийн 18340006670408 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 179 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Ш гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ш нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт Б.Отгондаваатай хашааны хаалга эвдлээ гэх шалтгаанаар иргэн БОтгондаваагийн нүүрэн тус газар нь домкрат шидэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Д.Ш нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт Б.Отгондаваатай хашааны хаалга эвдлээ гэх шалтгаанаар иргэн Б.Отгондаваагийн нүүрэн тус газар нь домкрат шидэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Отгондаваагийн: "... манай нөхөр Отгондаваад хашаагаа хаачихгүй яасан юм бэ хадлангийн үхэр ороод байдаг юм гэж хэлхэд Отгондаваа чи намайг яах юм бэ чамайг ална шүү гээд манай нөхрийг машиндаа сууж байхад нь нүүрлүү нь нэг цохисон. Манай нөхөр машин дотроо байхдаа арын шалан дээр нэг домкрот байсныг Отгондавааруу шидтэл нүүрийг нь онох шиг болоод амнаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Д.Баяртогтохын "Отгондаваа манай машин руу заазуур аваад дайраад байхаар нь хүргэн Ш сандраад машин дотроосоо нэг юм аваад шидсэн. Би юу шидсэнийг нь хараагүй. Отгондаваагийн хамраас цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч З.Эрдэнэбилэгийн "Баяртогтох ах Отгондаваа хоёр хэрэлдээд зогсож байсан. Дараа нь Баяртогтохын хүргэн Ш гэх залуу машинаасаа данхрад гаргаж ирээд шууд нүүр лүү нь цохисон. Отгондаваагийн ам хамарнаас цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Н.Ургацбаярын "Отгондаваа ах хүнтэй зодолдоод байна гэхээр нь гартал Отгондаваагийн нүүр цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Г.Халиуны мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/,
Хохирогч Б.Отгондаваагийн биед учирсан гэмтлийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 546 дугаар "Б.Отгондаваагийн биед дээд 1-р шүд унасан, тархи доргилт, дээд уруулын салст, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэсэн дүгнэлт /хх-ийн 44 хуудас/,
Шүүгдэгч Д.Ш-ын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуудас/,
Шүүгдэгч Д.Ш-ын хохирогч Б.Отгондаваагийн эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг төлсөн хохирогч Б.Отгондаваа нь санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/хх-ийн 88 хуудас/ -р тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Г.Ш-ын хохирогчийн "биед дээд 1-р шүд унасан, тархи доргилт, дээд уруулын салст шарх, дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн” хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хохирогч Б.Отгондаваагийн эрүүл мэндэд учруулсан "биед дээд 1-р шүд унасан, тархи доргилт, дээд уруулын салст шарх, дээд урууланд зулгаралт бүхий " гэмтэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т "хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон нь түүний биед учирсан хохирлыг хөнгөн хохиролд тооцохоор байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Ш нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон.
Хохирогч Б.Отгондаваагийн зүгээс уг гэмт хэргийн улмаас үүдэн гг хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийн зүгээс 120.0000 төгрөгийг 2018 оны 11 сарын 24-нд төлсөн /хх-88 тал/ нь нотлогдсон тул шүүгдэгчийг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх хэсэгт зааснаар дээрхи нөхцөл байдлыг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Ш нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000/ таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ш-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ш нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ