Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ............аймаг, .......... сумын ........... багт байрлах ***********-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- ..................тоотод оршин суух,  ............. овогтой Т.Л холбогдох,

Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 11.847.968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........... аймгийн ***********-ын дарга Д.Ш, иргэдийн төлөөлөгч Д.Г, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон************-ын дарга Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Л нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр **********-ын даргаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа доорхи хохирлыг байгууллагад учруулсан болно. Үүнд: Үйлчлэгч ажилтай Б.Т-ыг ажлаас халсан шалтгаан нь хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хохирлын 3.270.528 төгрөг, ********** 2015 оны 07, 08 дугаар сарын орлого болох 819.500 төгрөгийг бэлэнээр авч ирээд дансанд тушаагаагүй, урамшууллын 300.000 төгрөгийг өөртөө авсан нь 2015 оны санхүү тайлангийн аудитаар тогтоогдсон. Мөн аудитын шалгалтаар хувьдаа хэрэглэсэн нь нотлогдсон 519.940 төгрөгний шатахуун, ажиллаж байх хугацаандаа авсан 6.740.000 төгрөгний цалингийн урьдчилгаа, харуулаар ажиллаж байсан Т.Ч-ын нэр дээр авсан 500.000 төгрөгний цалингийн урьдчилгаа нийт 11.847.968 төгрөгний хохирол учруулсан нь санхүүгийн баримт, санхүү тайлангийн аудитын шалгалт дүгнэлтээр нотлогдсон учир Т.Л-оос дээрхи хохирол болох 11.847.968 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв /хх-1/.

Хариуцагч Т.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын ***** багийн иргэн Т.Л миний биеийг **********-ын даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагад 11.847.968 /арван нэгэн сая найман зуун дөчин долоон мянга есөн зуун жаран найм/ төгрөгний хохирол учруулсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. 1. Урамшууллын 300.000 төгрөг гэж байгаа зүйлийг би аваагүй, ямар учиртайг нь би мэдэхгүй байна. 2. ******* амралтын 7, 8 дугаар сарын орлого 819.500 төгрөг авсан зүйл байхгүй. Тухайн үед нь орлого нь тушаагдаад явж байсан дансны хуулга нь байгаа учир түүнээс харж болно. 3. 519.940 төгрөгний шатахуун хувьдаа хэрэглэсэн гэх аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ дүгнэлт хэрвээ байгаа бол хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж дээд шатны болон хөндлөнгийн аудитын байгууллагад хандах болно. 4. Харуулаар ажиллаж байсан Т.Ч-ын нэр дээр 500.000 төгрөгний урьдчилгаа авсан нь үнэн. Энэ бол Т.Ч бид хоёрын хоорондын асуудал. Хоорондоо ярьж, тохиролцож, ямар нэг санал гомдолгүй болсон байдаг. 5. Үйлчлэгч Б.Т-ыг ажлаас халсан нь хууль бус гэдэг нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.270.528 төгрөг бол Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохиролыг төр хариуцах” зарчмын дагуу төр хариуцна гэж үзэж байна.  6. Ажиллаж байх хугацаандаа цалингийн урьдчилгаа авч байсан нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 6.740.000 төгрөг байх ёсгүй. Би авсан урьдчилгаагаа тухайн үедээ цалингаасаа суутгуулаад явж байсан хуулга надад байгаа. Одоо 2.000.000 төгрөг төлж дуусаагүй байгаа. Түүнийг л хүлээнэ. Бусад нь төлсөн баримт байгаа тул түүгээр нотлох болно гэжээ /хх-114-166/.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч Т.Л-д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 11.847.968 төгрөг гаргуулахаар шаарджээ /хх-1/.

Хариуцагч Т.Л нь “...**********-ын даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагад 11.847.968 төгрөгний хохирол учруулсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, цалингийн урьдчилгаа авч байсан нь үнэн боловч 6.740.000 төгрөг болсон байх үндэслэлгүй...” гэж маргаж байна /хх-114/.

Уг маргаж буй асуудал нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

1. Хариуцагч Т.Л нь ****************-н даргаар ажиллаж байхдаа үйлчлэгч Б.Т-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн буюу гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн и/107 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасан агуулгаас үзэхэд “гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохиролыг ...шаардан гаргуулах эрхтэй.” гэсэн нь учирсан хохирлыг байгууллага арилгасан байх буюу хохирол бодитойгоор бий болсон байхыг шаардаж байна. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалин болох 3.270.528 төгрөгийг Б.Т-д шилжүүлэн олгосон болох нь буюу тухайн байгууллагад хохирол бодитой учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна /хх-2, 10, 16, 25, 32, 34, 47-49/.

2. ********* амралтын газрын 2015 оны 07, 08 дугаар сарын орлого болох 819.500 төгрөгийг хариуцагч Т.Л бэлнээр авч яваад дансанд тушаагаагүй гэх шаардлагыг хариуцагч Т.Л “хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Т.Л-д уг мөнгийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй болно. Учир нь хавтаст хэргийн 42-р хуудсанд авагдсан “Бэлэн мөнгөний орлогын баримт” дээрхи мөнгө хүлээн авсан гарын үсэг Т.Л-гийнх мөн болох, уг мөнгийг Т.Л хувьдаа хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

3. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 87/01 дугаар Аудитын газрын актаар “...Шатахууны тооцоо бодоход 690.9 мянган төгрөгийн шатахууныг явсан замын хуудасгүй, анхан шатны нотлох баримтгүйгээр шууд зарлагадсан...” гэх зөрчил илэрсэн гэжээ. Нэхэмжлэгч *********** нь Т.Л-гоос хувьдаа хэрэглэсэн шатахууны үнэ 519.940 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч Т.Л хувьдаа уг шатахууныг ашигласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал уг актанд “...анхан шатны нотлох баримтгүйгээр дээрхи шатахууныг зарлагадсан...” гэсэн нь шууд утгаараа Т.Л-г хувьдаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм /хх-29, 30, 31, 32, 45/

4. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21-03/16/32 дугаартай улсын байцаагчийн актаар Т.Л-г 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тушаалаар өөртөө урамшуулалын 300.000 төгрөгийг гаргаж авсан гэх боловч хэрэгт уг тушаал, Т.Л-д тус урамшууллыг өгсөн гэх баримт тус тус хэрэгт авагдаагүй, гэрч Н.Э-ийн шүүх хуралдаанд “...Т.Л-д уг мөнгийг өгч гарын үсэг зуруулсан баримт байхгүй...” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. /хх-27, тэмдэглэл/

5. Харуулаар ажиллаж байсан Т.Ч-ын нэр дээр 500.000 төгрөгний урьдчилгаа авсан гэх шаардлагын үндэслэлийн тухайд урьдчилгаанд өгсөн мөнгийг дараа сарын цалингаас суутгаж аваагүйгээс байгууллагад бодитой хохирол учирсан гэх байдал мөн л хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй буюу Т.Ч-д урьдчилгаа шилжүүлсэн баримт байх боловч уг мөнгийг цалингаас нь суутгаж авсан эсэх, мөн **********-ын даргаар ажиллаж байсан Т.Л төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна /хх-19/.

6. Ажиллаж байх хугацаандаа авсан цалингийн урьдчилгаанд 6.740.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд тус бүр мөнгөн шилжүүлгийн цалингийн урьдчилгаа гэж шилжүүлсэн болох нь баримтуудаар тогтоогдож байх боловч урьдчилгаанд өгсөн мөнгийг тухайн сарын болон дараа дараагийн цалин дээрээс суутгаж аваагүйгээс байгууллагад хохирол бодитойгоор учирсан гэх байдал мөн тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэрч Б.Э шүүх хуралдаанд “...уг мөнгөн шилжүүлгийн баримтын талаар хариуцагч өөрийн данс руу цалингийн урьдчилгааг шилжүүлж авсан...” гэж мэдүүлж байх боловч уг үйл баримт нь хариуцагчийн нэртэй дансанд урьдчилгаа шилжүүлсэн болохыг нотлохоос бус эргэн төлөөгүй, цалингаас нь суутгаагүй, байгууллагад хохирол бодитойгоор учирсан болохыг тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, бичгийн нотлох баримтаар тухайн урьдчилгаанд өгсөн цалинг дараа сарын цалингаас суутгаж аваагүй гэх байдал мөн л нотлогдон тогтоогдохгүй байгаа тул уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдахаар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар өгнө...” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх...”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Нэхэмжлэгч байгууллага болох ********** нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг ...орон нутагт 14 хоногийн дотор гардуулахаар заасан бөгөөд шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ирсэн нэхэмжлэлийг хариуцагч Т.Л шүүхэд албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч Т.Л-д 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ********** гэх фэйсбүүк хаягаар мэдэгдсэн боловч шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар баримтуудыг мэйл хаягаар авч танилцах хүсэлтээ бичгээр ирүүлсний дагуу ************ хаягаар танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийг биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-103-104, 171, 173, 174/.

Мөн хавтаст хэргийн 2, 10, 16, 25, 32, 34, 47, 48, 49, 115-127, 129, 132, 133, 136, 137, 138, 139, 142, 144, 145, 146, 148, 154, 155, 157, 158, 162, 166 дугаар хуудсанд байгаа бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3- зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч *********** овогт Т.Л-д холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 11.847.968 төгрөг гаргуулахыг хүссэн **************-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ

                           ШҮҮГЧИД                           Ц.ҮЙТҮМЭН

                                                                       Д.ЯНЖИНДУЛАМ