| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00443/и |
| Дугаар | 443 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************** тоотод оршин суух, *********** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ********** холбогдох,
********* даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч миний бие ********* нь 1981 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн. Аав, ээж, дүү, 3 охины хамт амьдардаг. Нийгмийн ажилтан-Сэтгэлзүйч мэргэжилтэй. 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс тус чуулгад хөгжимчнөөр орж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үүрэг даалгаврыг тухай бүрд нь чанартай, алдаа дутагдалгүй биелүүлж, өөрийн авъяас чадварыг бүрэн дайчлан ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа өнөөг хүртэл сахилгын шийтгэл авч байгаагүй ба 2017 оны 07 дугаар сард аймгийн баяр наадам хөтөлсөний төлөө сануулах арга хэмжээ авахуулсан. Тус чуулгын дарга ******** нь 2016 оны 09 дүгээр сард ажил авсан цагаасаа хойш хамт олонтой ёс зүйгүй харьцаагаар харьцаж, хэл амаар доромжилж, амь амьдрал, нийгмийн гарал, эзэмшсэн мэргэжил, боловсрол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж харьцдаг.
Энэ байдал нь сүүлдээ даамжирч цалингийн зээлийн тодорхойлолт дээр гарын үсэг зурах боломжгүй, дараагийн даргаар зуруул гэсэн хариултыг холбогдох хүмүүст өгсөн нь энэ хүн өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, далайлган өс хонзон санаж явдаг нь илт байна. Энэ хүний бусармаг, ёс зүйгүй үйлдэл нь миний ар гэр, найз нөхдийн хүрээлэл рүү хүртэл хазайн орж байна. Өнөөг хүртэл баримтлан арга хэмжээ авч байгаа байгууллагын дотоод журам ба түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтуудаа өөрийн дураар дур мэдэн оруулж, үүнийгээ хөдөлмөрийн гэрээнд тусган оруулж гэрээ хийсэн болно. Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа урьдчилан надад сануулж мэдэгдээгүй, уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцээгүй, өөрийн дур мэдэн шийдсэн гэж үзэн энэхүү тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Сахилгын шийтгэл ногдуулж буй зүйл заалтууд ор үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ********* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ********* миний бие 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх ******* хөгжимчнөөр орж 2017 он хүртэл тасралтгүй ажиллаж байна. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********** даргын Б/80 дугаартай тушаалаар намайг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас үндэслэлгүй чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна гэж үзэж байна. Учир нь миний бие 2017 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ******-ийн ах дүүсийн ургийн баяр болох гээд намайг хөтлөгчөөр ажиллаж өгөөч гэхээр нь миний бие чөлөө хүссэн өргөдөл өгөх гээд дарга дээр орох гэтэл ажилдаа ирээгүй байсан. Ангийн ахлагч **********-д өргөдлөө өгөхөд багш *********-д нь даргад хэлээд танилцуулчихъя гээд авсан. Тэгэхэд хажууд хөгжимчин *********** байж байсан юм. Мөн түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манайд дуучин байсан ******** гэдэг хүний тоглолт болох гээд намайг хөтлөөд өгөөч гэхээр нь ****** сумд очиж бүтэн сайн өдөр тоглолт хийгээд 30-ны өдөр буюу 1 дэх өдөр би ажилдаа ирсэн байсан. Харин 10 сарын 31-ний өдөр ********* аймгийн *********** сумд болох тоглолтонд намайг хөтлөгчөөр авч явсан. Ингэж явахдаа манай Чуулгаас хөөмийч **********, бүжигчин *******, ******** нарыг хамт авч явсан. Харин дуучин ******** хэлэхдээ бид бүгдийг даргад танилцуулаад чөлөө авсан гэж байсан. Иймд миний бие ********* даргын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/71 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 11 сарын 10-ны өдрийн ********* чуулгын даргын Б/80 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээр маргахгүй зүйлгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 1. Хөгжимчин ******* нь Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын нээлтийн концертод ****** үнэт эдлэл толгойн гоёлыг дарга, уран сайхны удирдагчийн чөлөө, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн худал хэлж авч хэрэглэж, ******* даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалыг зөрчиж, сануулах сахилгын шийтгэл хүлээсэн болно. 2. Хөгжимчин ******** нь чуулгын нэгдсэн уран бүтээлийн тоглолтын эхлэл, гол чухал хэсэгт гараагүй, байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр сурталчлах, анги, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах, хооронд нь хагаралдуулж, талцуулах зэрэг сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 3. Хөгжимчин ***** нь нэхэмжлэлдээ ангийн ахлагч ******** чөлөө хүссэн өргөдлөө өгсөн гэжээ. Ангийн багш ********* нь өргөдлийг байгууллагын дарга болон нарийн бичигт танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй. ********-н чөлөө хүссэн өргөдөл өгсөн талаар мэдээгүй болно. 4 Хөгжимчин ********нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 10 дугаар сарын 5, 6, 30, 31-ний өдрүүдэд буюу 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалж, хөдөлмөрийн гэрээний 5.5.8, байгууллагын дотоод журмын 9.8.9 дэх заалтуудад заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр нь хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул хөгжимчин *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******** нь ******** даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/80 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор...”, 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу хуулийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Нэхэмжлэгч ********* нь ******** 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №04 дүгээр тушаалаар дагалдан жүжигчнээр ажилд орж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар /********-ын нотариатаар гэрчлүүлсэн нийгмийн даатгалын дэвтрийн 28-29 дүгээр хуудас/ хөгжимчнөөр ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/80 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар хөгжимчний ажлаас чөлөөлсөн болох нь:
********** даргын 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №04 дугаартай тушаал, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/77 дугаар тушаал, /********-ын нотариатаар гэрчлүүлсэн нийгмийн даатгалын дэвтрийн 28-29 дүгээр хуудас/ ******* даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай “********-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, мөн даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/80 дугаартай “********-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, нэхэмжлэгчийн ********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
********* дарга ******нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2, 9.8.7, 9.8.10 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б/71 дугаартай тушаалаар *********-ын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар ********-ыг хөгжимчний ажлаас чөлөөлжээ.
2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай тушаалаар **********-ын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ажил олгогч ******** дарга 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан нь сахилгын шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй боловч сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой, мөн хуулийн 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасан бөгөөд уг заалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах талаарх зохицуулалт юм.
Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж, 9.8.7-д ...байгууллагын удирдлага дарга найруулагч, уран сайхны удирдагч, менежер, ангийн багш нар, уран сайхны зөвлөлийн гишүүдээс өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, нэр хүндийг хэл амаар гутаан доромжлох, хүч хэрэглэх болон бусад байдлаар харилцааны ёс зүйн зөрчил гаргасан, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татсан өдөөн турхирсан... гэж, 9.8.10-д ***** чуулгын нэгдсэн уран бүтээлийг тасалсан, тоглолтонд хожимдож ирсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тус тус заажээ.
Ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч, ажилтан нар ажил, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болох бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т заасан захиргааны эрхийн талаарх заалтыг баримталжээ.
Хөгжимчин ********* нь нэгдсэн уран бүтээлийн тоглолтонд хожимдож оролцсон гэх зөрчлийн тухайд багш нарын бага хуралд зориулсан тоглолт ********** 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тоглогдсон талаар талууд маргаагүй боловч хөгжимчин ********* нь тоглолтын эхлэл, гол чухал хэсэгт гараагүй нь уг уран бүтээлийн тоглолтод хожимдож оролцсон гэх ******* дарга ******* шүүхэд ирүүлсэн тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагчийн нотлох баримтаар гаргасан “багш нарын бага хуралд тоглох тоглолтын хөтөлбөр” гэх нэг нүүр, тамга тэмдэг дарагдаагүй, батлагдаагүй, найрал дууны ангийн багш ******** гэж гарын үсэг зурсан хөтөлбөрт нийт 21 үзүүлбэрийн дараалал тогтоосон байх бөгөөд нэгдүгээрт нь СТА ******, СТА ********* “Баяхан буурал алтай” дуу бүжгийн сюет гэж бичигдсэн байх ба уг үзүүлбэрт нэхэмжлэгч ******* нь хэд дэх номерт ямар үүрэгтэй оролцох байгаад хожимдсон болох нь хэрэгт байгаа үйл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******** тухайн тоглолтын эхний үзүүлбэрт ямар хөгжим тоглох, тоглолтын төгсгөлд өөр хөгжмийн зэмсэг тоглосон зэрэг тухайн тоглолтонд оролцсон уран бүтээлчдийн нэрс хөтөлбөрт тусгагдаагүй, тоглолтонд хожимдож оролцсон гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.
Байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр сурталчлах, анги, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах, хооронд нь хагаралдуулж, талцуулах гэх зөрчлийн тухайд хариуцагч талаас уг үндэслэлээ нотлохоор гаргасан “******** гээд мэргэжил нэгт уран бүтээлчдээ энэ хувцас мэргэжлийн байгууллагат, мэргэжлийн уран бүтээлч нарын алтан тайзнаа өмслөө гэж бодоход хэр харагдах бол ????????” гэж бичсэн бичвэртэй холбоотой 8 хуудас сэтгэгдэл бичсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх... эрхтэй бөгөөд ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй, нэхэмжлэгч ******* байгууллагын нэр хүндийг олон нийтэд ямар хэлбэрээр сөргөөр сурталчилсан, ямар хууль бус буруу үйлдэл, эс үйлдэхүйд хэн, хэнийг уруу татаж оролцуулсан, хэнийг хагаралдуулж талцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдоогүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ажил олгогчийн хөгжимчин *********-д сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэх дээрх нэрлэн заасан зөрчил тус бүр нь баримтаар тогтоогдоогүй тул ажилтанд үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай тушаал үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох ******** даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай “********-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дээр “тайлбар байхгүй” гэж байгааг дурдах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн ******** даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/80 дугаартай “********-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоо хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Ажил олгогч ажилтны гаргасан гэх зөрчлийг “...Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 33 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Ажилтан дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 9.8-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцална” гэж заасан байхад хөгжимчин ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 10 дугаар сарын 5, 6, 30, 31-ний өдрүүдэд буюу 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалж, хөдөлмөрийн гэрээний 5.5.8, байгууллагын дотоод журмын 9.8.9 дэх заалтуудад заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөгжимчний ажлаас нь чөлөөлсөн...” гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа ”...2017 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ********-ийн ах дүүсийн ургийн баяр болох гээд намайг хөтлөгчөөр ажиллаж өгөөч гэж гуйхаар нь миний бие чөлөө хүссэн өргөдөл өгөх гээд 2017 оны 10 сарын 04 нд даргыг хүлээсэн боловч тэр өдөр дарга ажилдаа ирээгүй бөгөөд байхгүй байна гээд байсан. Тэгээд бүр орой 22 цагийн үед хөгжим ангийн ахлагч *****, тухайн үед уран бүтээл хариуцаж байсан хөгжмийн зохиолч ****** нарт танилцуулахад ****** багш одоогоор онцын хийсэн уран бүтээл, тоглолт байхгүй учир яваад 1 дэх өдөр үндэсний хөгжим суухад бэлэн байгаарай гэсэн. Харин өргөдлөө ангийн багшаараа дамжуулаад өгчих гэхээр нь ангийн ахлагч *******-д өргөдөлөө өгөхөд даргад хэлээд танилцуулчихъя гээд авсан. Дараа нь асуухад даргад танилцуулсан гэж хэлсэн. Тэр өдрийн даргын хурууны хээний бүртгэлийг авхуулахаар хүсэлтийг шүүхэд өгсөн. Уран сайхны зөвлөл хуралдаад намайг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг ***** гаргуулахыг хүссэн боловч хурлын тэмдэглэл болон хурууны хээний цахим бүртгэлийг шүүхэд ирүүлээгүй, мөн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүй байна...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч байгууллагаас нотлох баримтаар ирүүлсэн *******-ын 2017 оны 10 дугаар сарын цагийн бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдийг тасалснаар бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь чөлөө хүссэн өргөдлөө дарга *******-д өгөх гэсэн боловч эзгүй байсан тул ангийн ахлагч ******-д үлдээгээд явсан гэж мэдүүлж байгаа нь гэрч *******-ын “...*******-ын үлдээсэн өргөдлийг 2017 оны 10 дугаар сарын 06-нд дарга *********-д өгсөн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин гэрчийн дээрх мэдүүлгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-н “...Ангийн багш ******-д нь *******-ын өргөдлийг дарга болон нарийн бичигт танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй” гэх тайлбар нь няцаагдаж байна.
Дарга *****-ын 2017 оны 10 сарын 04-ны өдрийн цагийн бүртгэлийг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч хурууны хээний цахим бүртгэл биш жижүүрийн цагийн бүртгэлийг шүүхэд ирүүлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...дарга хурууны хээгээр цагаа бүртгүүлдэггүй жижүүр бүртгэдэг учир тухайн бүртгэлийг гаргаж өгсөн...” гэж тайлбарлаж байна. Үүнээс дүгнэхэд ********* бүх ажилчид нь хурууны хээний цахим бүртгэлээр бүртгүүдэг, Дарга ***** нь хурууны хээний цахим бүртгэлд бүртгүүлдэггүй жижүүр бүртгэж байгаа нь ойлгомжгүй, эргээлзээтэй байх тул шүүх жижүүрийн цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Дарга болон ажилтнуудын цагийн бүртгэлийг өөр өөр хэлбэрээр бүртгэж байгаа нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч ****** нь өргөдлөө өгөөд явсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрийн ажлыг тасалсан гэж буруутгах боломжгүй юм.
Мөн 2017 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан гэх боловч нэхэмжлэгч ********* нь ангийн багш ******* 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнөх чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа нь гэрч ******* “... ****** 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө ирц авахад ажилдаа ирээгүй байсан бөгөөд 10 цагт залгаж надаас чөлөө аваад өдөр 14 цагт ажилдаа ирсэн байсан” гэх мэдүүлэг, ******* даргын ирүүлсэн ****** 2017 оны 10 дугаар сарын цагийн бүртгэлд 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт ирсэн бүртгэл бичигдэж, бүртгэгчийн гарын үсэг зурагдсан байгаагаар тогтоогдож байна. Мөн байгууллагын дотоод журмын 5.4-т “ажилтны хүсэлтээр цагаар олгох чөлөөг ангийн багш олгоно” гэж заасан байгаа нь нэхэмжлэгч *******-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 дугаар сарын 30-ны өдөр ажил тасалсан гэж буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч ******-ын хүсэлтээр ******** уран сайхны зөвлөлийн ажлаас чөлөөлөх талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг ******* гаргуулахаар захирамж хүргүүлэхэд “******* уран сайхны зөвлөлийн болон хамт олны хурлын тэмдэглэлийн гар бичмэлийг хадгалдаггүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...тэмдэглэлийг урчихсан, байхгүй” гэж тайлбарлаж байгаа, гэрч ******* “...уран сайхны зөвлөлийн хурал дээр *******-ыг ажлаас чөлөөлөх асуудлын талаар хэлэлцэж, бид саналаа хэлсэн. Дарга эцсийн шийдвэрийг би гаргана гэсэн” гэх мэдүүлэг зэргээр *****-ыг ажлаас чөлөөлөх талаар уран сайхны зөвлөлийн хурал болсон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******-ыг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажлын 3-аас дээш өдөр буюу сарын хугацаанд нийлбэр дүнгээр 3, түүнээс дээш өдрийн ажлын цагтай тэнцэх хугацааны ажил тасалсан, ажлаас хожимдсон, ажлын байрандаа байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын шүүх хуралдаанд өгч байгаа тайлбар, гэрчийн мэдүүлгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сарын хугацаанд нийлбэр дүнгээр ажлын 3 хоног, түүнээс дээш ажлын цагтай тэнцэх хугацааны ажил тасалсан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл дээрх зөрчлүүдийг гаргасан гэж хариуцагч тал үзэж байгаа бол энэ талаар шалгаж тогтоосон материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ******-д 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, мөн ********-г ******* хөгжимчний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд ******-ын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 20 хоногийн олговор 542.640 төгрөгийг ***** гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 8, 9, 10 дугаар сарын цалин 1.790.725 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг *********-н нэрэмжит ********* даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч ************ ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 542.640 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16.929 төгрөг, нийт 87.129 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар ******** даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай *******-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********* тоотод оршин суух, *********-г *********хөгжимчний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *********-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 542.640 төгрөгийг ******** гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ********-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ******* үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч ****** ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 542.640 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16.929 төгрөг, нийт 87.129 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ