Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0303/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Э.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Х овогт Э-ын Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000353 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Э-ын Г /регистрийн дугаар: ........../, .......... оны ........ дүгээр сарын ...........-ны өдөр .............  аймгийн .............. суманд төрсөн, ............. .настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ...................................-т нярав ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт .................  аймгийн .................... сумын ...........  дугаар баг, ....................... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ..................  аймгийн .............. сумын ...........  дугаар багт байрлах ..............-ийн ............... -д иргэн Д.Ц-жийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн бугуйд цус хуралт, дух, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Г-г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ..............  аймгийн .............. сумын ......... дугаар багт байрлах ............. -ийн .....................-д иргэн Д.Ц-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн бугуйд цус хуралт, дух, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г-ийн мэдүүлсэн: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018000000353 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Ц-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2020  оны 08 дугаар сарын 03-ны өдөр ..  сумын ....  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг .............. татах хэсэг буюу ажлын байрны 1 давхарт байрлах “.... ”-ийн өрөөнд 11 цагийн орчимд байж байтал надтай цуг ажилладаг Г  орж ирэхээр нь би чи авсан спиртийнхээ шаардахыг бичээд өгчих гэсэн чинь би бичиж өгөхгүй гэхээр нь чи өөрөө бич гэсэн чинь Г нягтлан руугаа утсаар яриад Ц надаас шаардах нэхээд байна хэн бичих ёстой юм бэ гээд бид хоёрын дунд жаахан маргаан болсон. Г над руу чанга дуугаар орилоод байхаар нь би жирэмсэн хүн. Чи наад чимээ шуугианаа боль, чимээгүй бай гэж хэлсэн чинь Г өөдөөс чи миний дууг хорьдог хэн бэ гэж хэлээд миний толгойтой үснээс үснээс зулгаагаад, нүүр, гар руу маажихаар нь арай гэж үстсэн гарыг нь тавиулаад өрөөнөөсөө гараад ерөнхий нягтлан бодогч О , ерөнхий инженер М  нарт очиж хэлчхээд буцаад өрөөндөө ортол  Г намайг өрөөнөөс гарч зайл гэж хэлэхээр нь би ганц чиний өрөө юм уу битгий давраад байгаарай гэж хэлсэн чинь Г босож ирээд дахин миний толгойтой үснээс зулгааж үстэж намайг дараад тонгойлгож байгаад зүүн чихний ар тал руу 2 удаа өшиглөөд, үстээгүй сул байсан гараараа миний нуруу хэсэг рүү маш олон удаа гараараа цохиод байсан ба би тэр үед Г-г болиоч гээд байсан чинь үснээс тавингуутаа хохь чинь чамайг яасан ч яадаг юм бэ? Чи жирэмснээрээ түрий барихгүй шүү за гэж хэлээд хаалга саваад гараад явчихсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г надаас уучлал гуйсан.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч С.О-н хэрэг бүртгэлтэд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр ажлаасаа чөлөө аваад Эрдэнэт хотод байж байтал манай материалын нярав Ц утсаар залгаад Г бид хоёр шаардах хуудас бичнэ бичихгүй гэдгээс болоод маргалдаж Г намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр ямар ядаргаатай юм бэ ёс зүйн хороонд хэл. Очиж байгаад болъё гэж хэлээд маргааш нь ажилдаа ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд манай нягтлангууд Г уйлж орж ирсэн. Энэ хоёр зодолдсон юм шиг байсан гэхээр нь би 2-3 хоногийн дараа дуудаж уулзаад тэр хоёрыг болсон асуудлынхаа талаар бичиж өг гэхэд Г бүх болсон зүйлээ бичсэн. Ц харин тухайн өдөр болсон асуудлаа бичээгүй.  Дандаа тэгдэг, ингэдэг гэсэн байдлаар бичсэн. Тэгээд би тэр хоёрыг өөд өөдөөс нь харуулж суулгаж байгаад яриулж учрыг нь олуулах гэхэд ойлголцохгүй маргалдаад байхаар нь та хоёр байгууллагад цаашид ажиллах юм бол буруугаа ойлголц гэж хэлээд гарч явсан. Тухайн үед Ц-ийн духан дээр бага зэрэг шалбарсан. Харин Г нь үс гаргаж ирээд миний үс унасан гээд надад үзүүлсэн.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ж.Га-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай өрөөний тог тасарчхаад нярвуудын өрөө руу залгахад Ц утсаа авсан. Тэгэхээр нь танай өрөөнд очиж ажиллаж болох уу гэж асуугаад 11 цаг өнгөрч байхад нярвын өрөө руу явж байтал коридорт Гтай таарахад уйлчихсан зөрөөд өнгөрсөн. Нярвын өрөөнд ороход Ц толинд хараад уурлачихсан орилж хашхирсан болов уу гэсэн шинжтэй нүүр нь улайчихсан харагдсан. Яасан юу болсон гэж асуухад Ц би энэ дэвтрийг Г руу шидтэл Г уурлаад бид хоёр муудалцаж ноцолдсон юм гэж хэлсэн. Зодолдсон гэж хэлээгүй. Тэгэхээр би чи жирэмсэн байж ийм үйлдэл гаргаж болохгүй. Биеэ бодооч гэж хэлсэн. Ингээд байж байтал Цийн нөхөр орж ирээд над руу уурлаад чи энд байсан юм бол салгахгүй яасан юм. Жирэмсэн хүнийг гэхээр нь би сая орж ирлээ гэж хэлээд зөрөөд гарч явсан. Нөхөр нь Ц, Г хоёрыг муудалцсаныг мэдээд орж ирсэн юм шиг байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ц.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр хэдний өдрийг нь санахгүй байна. Өглөө 11 цагийн орчимд Г утсаар яриад ажил асууж шаардах хуудсыг Ц бичих ёстой биз дээ гэхээр нь дүрмийнхээ дагуу Ц бичиж өгөх ёстой. Гэхдээ чи бичихгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Гэтэл Ц зөрүүлж залгаад Г намайг шаардах бичиж өг гээд байна гэхээр нь чи бичих ёстой. Та хоёр наадах ганц цаасаа хэн нь ч бичсэн яадаг юм гэж хэлээд утсаа салгасан. Яг ажлын байрны тодорхойлолтын дагуу Ц бичих ёстой байсан юм. Инээд 20-30 минутын дараа Г  орж ирээд уйлаад Ц-той хэрэлдэж маргалдлаа гэж хэлээд гарч явснаа дахиад удалгүй хоёулаа цуварч орж ирээд хэрэлдэж маргалдсан зодолдсон талаараа ярьсан. Тэр хоёрын ярианаас сонсоход хоёулаа л буруутай байсан болохоор хоёуланг нь загнаад гаргасан. Хоёр дахь удаагаа өрөөнд орж ирэхдээ Г Ц үснээс зулгаагаад үс уначихлаа гэж байсан. Харин Ц нь гараас зулгааж маажсан гэж байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Д.М-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр хэдний өдрийг нь санахгүй байна. Манай нярав Ц 17 цагийн орчим байх утсаар ярьж намайг Г зодсон. Би эхлээд дэвтрээр цохисон чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Болсон асуудлыг сонсоход Ц дэвтэр шидээд Г үснээс нь зулгаагаад харилцан үснээсээ зулгаалцсан талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...Д.Ц-ийн биед 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бусдад зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Д.Ц-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн бугуйд цус хуралт, дух, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Д.Ц-ийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно.гэх дүгнэлт[6],

 

Э.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим хамт ажилладаг Ц-той ажлаас болж маргалдаж хоорондоо үстэлцэж байгаад салсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин үстэлцэж бие биеийнхээ үснээс зулгааж байгаад би Цийн нуруу руу 2-3 удаа цохиж зууралдахдаа духыг нь маажсан. Мөн гараас нь барьж авч тавь гэсэн юм. Ц-ийн биед учирсан тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн бугуйд цус хуралт, дух, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Ц 5 сартай жирэмсэн байсан. Бид хоёрыг маргалдаж зодолдоход бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тухайн оройдоо Ц-ийн гэрт очиж уучлал гуйсан.” гэх мэдүүлэг[7] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Г-г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Э.Г нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Г-г өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.Ц-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн бугуйд цус хуралт, дух, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чих, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Гг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Г-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч Х овогт Э-ын Г-г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 10-11 тал

[2] Хавтаст хэргийн 12 тал

[3] Хавтаст хэргийн 13 тал

[4] Хавтаст хэргийн 14 тал

[5] Хавтаст хэргийн 15 тал

[6] Хавтаст хэргийн 19-20 тал

[7] Хавтаст хэргийн 35 тал