| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00458/и |
| Дугаар | 458 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:************ тоотод оршин суух, ******** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *****************сургуульд холбогдох,
бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2006 онд Монгол Улсын Багшийн их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 2006-2007 онд ********* сургуульд бага ангийн багш, 2008 оноос *********сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний амралт авч, охин ****** төрүүлсэн. 2013 онд ажилдаа орох гэсэн боловч дахин жирэмсэлж хүү **** /2014.03.25/ төрүүлсэн. Ажилдаа орох хүсэлтийг удаа дараа өгч байсан боловч орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар хойшлуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бичиг хэрэг, архивын ажилтнаар түр ажиллаж бай гэж оруулсан. Ажиллах явцад цалин оруулахгүй байна, илүү орон тооны хүнээ гаргаж байж 2 дугаар сургуулийн цалинг оруулна гэж байна гэх мэтээр дарамталж, “өөрөө гаръя гэсэн хүсэлт өг, тэгвэл багшийн цалингаар бодож 6 сарын тэтгэмж өгье” гэх мэтээр ярьж байсан боловч би зөвшөөрөөгүй. Тэгтэл 2017 оны 07 дугаар сарын 2-нд ажлаас гар, ажлаа өг, ээлжийн амралтаа ав гэж хүчээр авахуулсан. “Ажлаа хүлээлгэж өгөөд захирал уулз гэсэн”, уулзахаар ортол ажиллуулах боломж алга гэсэн. Энэ яриа надад утсан дээр бичлэгээр байгаа. Тэгж байгаад тушаал гаргаж өгнө гэлээ. Тушаалаа авъя гэтэл сонгуультай байна, өнгөрөхөөр болъё гэсэн.
Надад тушаал гаргах зав алга, чаддаг юм бол ажилдаа ор гэсэн. Энэ өдрөөс хойш маргааш оруулна гэж дандаа худлаа ярьж ирсэн. Одоо би амарч байна. 08 дугаар сарын 28-нд ажилдаа орно, би одоо яах вэ гэхэд би мэдэхгүй гэсэн. 08 дугаар сарын 28-нд ажил ороход уулзтал болвол 1 дүгээр анги өгье болохгүй бол бичиг хэрэг, архивын ажлаа ав гэсэн. Хэзээ ажилдаа орох нь тодорхойгүй байлаа. 09 дүгээр сарын 01-нд анги бүрэлдсэнгүй, манай сургууль дээр санхүү, бичиг хэргийн шалгалт ирнэ, түүнийг өнгөрөхөөр бичиг хэргийн ажлаа ав гэлээ. Бас 7 хоног явж байгаад ирсэн. 10 дугаар сарын 12-нд ажилдаа ор 14 хоног байж байгаад ир гэсэн. Бс ажилдаа орох худлаа байсан. 10 дугаар сарын 16-нд Захирал хот руу явсан байсан тул утсаар ярьтал 10 дугаар сарын 20-нд очно, тэр болтол хүлээж бай гэсэн. Тэр өдөр очтол ажлаа ав гэсэн. Зааврын дагуу бичиг хэргийн ажлаа авах гэтэл, бичиг хэргийн ажилтан маш их уурлаж, хэл амаар доромжилсон. Номын санч, бичиг хэргийн ажлыг хамт хийдэг юм. Миний бие өөрийн үндсэн ажил болох бага ангийн багшаа хийх сонирхолтой байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, сургуульд бага ангийн багшаар ажиллуулж өгнө үү гэв.
Хариуцагч********* сургуулийг төлөөлж захирал ********* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: нэхэмжлэгч ******* нь жирэмсний амралтаа аваад хоёр хүүхдээ гаргаад тэрнээс хойш захирлуудад удаа дараа өргөдлөө өгч байсан. Тухайн үед ******** сургуулиас бага анги нээгээд тойргийн хамрагдах хүүхдийн тоо багасаад 4 бүлэгтэй байсан боловч 3 бүлэгтэй болсон.Тэр үед ******** багш, *******, ***** захиралд нарт 4 удаа өргөдөл өгч байсан юм байлээ. Тэгээд ******* захирлын үед ажилд орсон нь үнэн байсан. Цалингийн хувьд бичиг хэргийн ажилтан номын санчаар нэг орон тоон дээр түр ажиллаж байсан сүүлд шалгалт ирэхэд танайд ийм орон тоо байхгүй байна гээд энэ хүнээ ажлаас чөлөөл гэсэн тэгээд энэ хүнийг би ажлаас халаагүй 9 сард бүлэг бүрдвэл ажилд нь оруулъя гэхэд бүлэг бүрдээгүй гэв. Тухайн үед 9 сарын 05-06нд ирсэн тэгээд нэхэмжлэгч нь ээжийгээ харж байгаад ирнэ гээд явсан тэгээд ажилдаа ороогүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******** нь ******** сургуульд холбогдуулан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ********* нь 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь №*********** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******** нь сургуульд бага ангийн багшийн ажилдаа орох хүсэлтэй байх боловч хариуцагч сургуулийг төлөөлж захирал ******** шүүх хуралдаанд тайлбарлахдаа Боловсролын хуулийн шинэчлэл болон тус сургуулийн сурагчдын хамран сургалтын хүүхдийн тоо буурч, анги бүлгүүдийн хүүхдийн тоо, анги дүүргэлт багадсан тул ангиудыг нэгтгэж, анги бүлэг цөөрч багшийн орон тоо цөөрсөн тул бага ангийн багшаар ажиллуулах боломжгүй гэж маргаж байна.
******* нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс жирэмсний амралтаа авч охин ******** 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн болох нь охин ******** №********* бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн жирэмсний амралттай байх хугацаандаа буюу 2014 оны 03 дугаар сарын 25-нд хүү *******төрүүлсэн болох нь хүү ****** №******* дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа тайлбаруудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******** нь жирэмсний амралттай байх хугацаандаа 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус ажилдаа орох хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан.....ажлаас халахыг хориглоно” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заажээ. Сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар бичиг хэрэг, архивын ажилтнаар түр томилогдон ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч ****** нийгмийн даатгалын дэвтрийн 13 дугаар хуудсанд 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн бичилт хийгдэж, гарын үсэг зурагдаж тамга дарагдсан байгаагаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаагүй болохыг хариуцагч тайлбарлаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдолоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч ****** нь 2014 оны 03 дугаар сарын 25-нд хүү ****** төрүүлснээс хойш хэд хэдэн удаа ажилдаа орох өргөдлөө байгууллагын удирдлагад өгч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч ажилд нь оруулаагүй тухайн үед нь сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд нэхэмжлэгч нь уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар бичиг хэрэг, архивын ажилтнаар түр томилсон тушаал гарах үед шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан боловч нэхэмжлэгч ******* нь уг тушаалыг хүлээн зөвшөөрч тухайн албан тушаалд долоон сарын турш ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Харин сургуулийн бичиг хэрэг, архивын ажилтнаар эгүүлэн тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан ********* хөдөлмөрийн гэрээ, сургуулийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай “Шинээр багш ажилчид ажиллуулах тухай” тушаал сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай “Ажилтан түр ажиллуулах тухай” тушаал, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ******** аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” даалгавар, ********* сумын 12 жилийн***********сургуульд зөвлөн туслах хяналт шинжилгээ хийсэн ажлын илтгэх хуудас, *******аймгийн Боловсрол соёл урлагийн газраас хүргүүлсэн Улсын Их Хурлын тогтоолгох хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1а/3499 тоот “Тодотгосон төсөв хүргүүлэх, төсвийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичиг, Монгол Улсын Их Хурлын тогтоол, сургуулийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай “Шинээр багш ажилчид ажиллуулах тухай” тушаал, сургуулийн захиргаанд ****** гаргасан өргөдөл, сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай “Ажилтан түр ажиллуулах тухай” тушаалыг тус тус ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр заасан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн дээрх баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ********* нэхэмжлэлтэй, ******** сургуульд холбогдох бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ