Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр                        

    2019/ДШМ/25                                                              Зуунмод

Ц.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, М.Өлзийцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой Ц.А-д холбогдох 1834008600427 дугаартай 1 хавтас, 142 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.А болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, М.Өлзийцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Загдал 4 дүгээр баг, “гэр чулууны адаг” гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймаг, ... оршин суудаг, Увс аймгийн сум  дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.А , /РД:О.....76/.

 

  Шүүгдэгч Ц.А нь тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хаан 5 дугаар багийн нутаг “Хавцал” гэх газраас иргэн Д.Чимэгсайханы өмчлөлийн халтар зүсмийн хязаалан насны 1 тооны эр үхрийг хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.А ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.753.866 /гурван сая долоон зуун тавин гурав мянга, найман зуун жаран зургаа/ төгрөгийн үнэ бүхий “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшлээс хурааж улсын орлогод оруулж,  шүүгдэгч Ц.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдолдоо: “2019 оны 01 сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь журмаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай 2019 оны 01 сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь надад хүндэдсэн, гэм бурууд минь тохироогүй гэж үзэж байна. Миний хувьд, өндөр настай ээж Т.Аюушийн хамтаар хоёулханаа амьдардаг бөгөөд одоо ээжийн биеийн байдал дордсон, асарч хамгаалах хүнгүй байгаа нь үнэн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж улмаар учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байхад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн шүүх "Toyota probox" маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч болох Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрээ гаргаагүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангалтгүй гэж үзнэ. Ц.А-н хувьд гэм буруугийн хувьд маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс удаа дараа гомдол саналгүй гэдгээ илэрхийлээд байхад шүүх ял шийтгэл оногдуулахдаа "хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй", "хөнгөрүүлэх нөхцөл байдал" тогтоогдлоо гэж дүгнэсэн хэрнээ хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

2. Шүүхийн тогтоох хэсгийн 5 дугаарт "Тоёота Пробокс" маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.А-н эзэмшлээс хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэж үзэх боломжгүй юмаа.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу Ц.А-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг  давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Ц.А нь "Toyota probox" маркын 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ ашиглаагүй нь хэрэгт цугларсан гэрч С.Батзоригийн мэдүүлгээр /... Хүрлээгийн үхэр зүүн талын поолинд байгаа дотор нь имгүй халтар зүсмийн шүдлэн үхэр байгаа туугаад ир .../ нотлогддог тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэж ойлгоно.

Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй тул Ц.А-г  хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэн "Toyota probox" маркын 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага хэмжээний хохирол буюу 700,000 төгрөгийн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хэргээ анхнаасаа хүлээсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүнд оногдуулах ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байгаа тул түүнд хөнгөн ял оногдуулж, "Toyota probox" маркын 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбар, саналдаа: “...хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж,  тээврийн хэрэгслийг Ганбатад буцаан олгож өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүх уг машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: “Тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, мөн шүүгдэгчид оногдуулсан ял нь тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдсан шаардлагыг хангаагүй байна.

 

Хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2. Шүүгдэгч Ц.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар ялаар шийтгэсүгэй.” гэж  ялын төрлийг бичээгүй орхигдуулсан байгаа нь шүүхээс  шүүгдэгчид ямар ял оногдуулсан нь тодорхойгүй болжээ. Харин хэргийн 129 дүгээр хуудсанд “2. Шүүгдэгч Ц.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн тогтоох хэсэг бүхий хуудас хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл хэрэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсэг 2 өөрөөр,  2 удаа бичигдсэн  нь  шүүхийн шийдвэр  ойлгомжгүй, шүүхээс шүүгдэгчид ямар ял шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, шүүх хэрэг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.          

Шүүгдэгч Ц.А , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                           Г.БОЛОРМАА