Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/0183

 

 

2015 оны 4 сарын 23 өдөр         Дугаар 221/МА2015/0183

 

Ё.Б гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ё.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч ДУАХСЗД-ын  өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд ДУАХСЗД-ын  Тамгын газрын дарга Ч.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ДУАХСЗД-ын  гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Б гийн нэхэмжлэлтэй ДУАХСЗД  болон тус аймгийн ОСХТ , УБХ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1.1-д заасан хууль ёсны өмчлөгч мөн тул аавынхаа байрыг авах эрх зөрчигдсөн учраас Хонгор сумын 11 дүгээр байрны 15 тоотын 2 өрөө 25 м.кв байрыг гаргуулах, дээрх байртай холбоотой эрхийн акт буюу байр хувьчлах тухай эрхийн акт гаргаж өгөхийг Орон сууц хувьчлалын товчоонд даалгуулах, ОСХТ-ны 2010 оны 49 дүгээр тогтоолын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөхдөө: ...2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот орон сууц хувьчлах комиссоос Т.Э-д олгосон гэрчилгээ, ОСХТ ны 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолын Т.Э-д холбогдох хэсэг, Т.Э ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Хонгор сумын 1 дүгээр баг, 11-р байрны 15 тоотын 2 өрөө байрны өмчлөх эрхийг сэргээн тогтоож, холбогдох акт гаргахыг Хонгор сумын Засаг дарга, ОСХТ нд даалгах, Хонгор сумын 11-р байрны /15 тоот 2 өрөө/ 11 тоотын 130 м.кв талбайтай 10 өрөө орон сууцыг зөвтгөн бүртгэхийг УБХ т тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДУАХСЗД-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ё.Б  нь 2005 оноос хойш энэ байрныхаа талаар хөөцөлдөж гомдол гаргаж байгаагүй мөртлөө Засаг даргын Тамгын газар худалдан авч ашиглалтгүй балгас байсан байрыг засварлаж, үйл ажиллагаа явуулж, амьдрах боломж нөхцөлтэй болсон хойно өргөдөл гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2012 он хүртэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.1-д зааснаар шүүхэд хандаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДУА-ийн ОСХТ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ОСХТ  нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Хонгор сумын Орон сууц хувьчлах комиссоос иргэн Т.Э-д олгосон 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Хонгор сумын 11 дүгээр байрны 11 тоотын 130 м.кв талбайтай 10 өрөө бүхий орон сууцыг ОСХТ ны 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор иргэн Т.Э-д хувьчилсан Тогтоолыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хуулийн дагуу уг байр хувьчлагдсан тул ОСХТ ны 49 дүгээр тогтоол, Т.Э ийн өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч ДУА-ийн УБХ-ийн дарга Б.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: ДУА-ийн ОСХТ ны 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Т.Э-д олгогдсон 0113491 ДА бүртгэлийн дугаартай, ДУА-ийн Хонгор сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 11 тоотын 130 м.кв талбайтай 10 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2011 оны 02 дугаар сарын 28-нд Ү-2005000442 дугаарт улсын бүртгэлд бүртгэсэн... Т.Э  нь тус орон сууцыг 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 306 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн бүртгүүлсэн. Н.Ё гийн орон сууц хувьчлалтай холбоотой баримт манай байгууллагад ирээгүй. Иймд, УБХ т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ДУАХСЗД-ын  Тамгын газрын дарга Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед Н.Ё гуай уг орон сууцыг орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн үед Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасан үүрэг, 12 дугаар зүйлийн 1-д заасан эрх /1997.01.31-ний өдрийн хуулиар уг зүйлийг нэмсэн/-ээ эдлээгүй байсан гэжээ.

 

Гуравдагч этгээд Т.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: ...Уг байрны 15 тоотод амьдарч байсан Х.Л-ээс байрыг худалдаж авах талаар хүсэлт тавихад зөвшөөрч байраа өгөх болсон тухайгаа албан ёсоор илэрхийлж, багийн Засаг даргадаа хүсэлт гарган улмаар багийн Засаг дарга тодорхойлоод тамга дарсан байдаг. Дүү минь тухайн үед Хонгор сумын иргэн биш байсан тул миний нэр дээр байрны гэрчилгээг гаргуулсан. Миний дүү хүнд өвчний улмаас 2014 оны 11 дүгээр сарын 02-нд нас барсан. Нас барахаасаа өмнө ах Т.А-д энэ байрыг зарах талаар ярьж, шилжүүлж өгсөн. Т.А уг байрыг аваад Хонгор сумын захиргаанд зарсан... гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: 1991 оны Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйл, Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Т.Э ийн орон сууц эзэмших эрхийн бичиг, ДУА-ийн ОСХТ ны 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолын Т.Э-д холбогдох хэсэг, Т.Э ийн орон сууц өмчлөх эрхийн 0113491 ДА гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2005000442 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ё.Б д Хонгор сумын 11 дүгээр байрны 15 тоотын 25 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг эзэмших эрхийн бичиг олгохыг Хонгор сумын Засаг даргад, уг орон сууцыг хувьчлах эрхийн акт гаргахыг аймгийн ОСХТ нд, ДУА-ийн Хонгор сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 15 тоотын 25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ё.Б гийн нэр дээр бүртгэхийг ДУА-ийн УБХ т тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ДУАХСЗД  П.Б давж заалдах гомдолдоо: ...1. Шүүх 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот Т.Э ийн орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ. Ийнхүү дүгнэхдээ хүчингүй болгох үндэслэл нь нэхэмжлэгч Ё.Б гийн ээж Ш.Б-ийн 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 214/, Хонгор сумын 1 дүгээр багийн Засаг дарга П.Т-ын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хонгор сумын орон сууцны дэлгэрэнгүй судалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон уг нотлох баримт нь нэхэмжлэгч Ё.Б гийн аав Н.Ё, ээж Ш.Б нарыг 1994 онд Хонгор сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 15 тоотын 25 м.кв, 2 өрөө орон сууцыг албан ёсоор эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өөрийн өмчлөх эрхээ хуулийн дагуу баталгаажуулж авах оролдлогыг хийж, холбогдох байгууллагад хандаж байсан талаар эсхүл эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ өөрсдийн нэр дээр хуулийн дагуу гаргаж авсан тухай ямар нэгэн байдлаар баттай нотолсон нотлох баримт биш юм.

 

Тухайн үед /1994 онд/ хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журам болох 1991 оны Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйл, Төрийн өмчийн хорооны Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажсан ягаан тасалбарыг арилжаалах журмын 2.4-т уг харилцааг зохицуулахдаа өмч хувьчилж авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгүүдийн хамт орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хандах үүргийг хүсэлт гаргасан иргэнд ногдуулсан ба ийнхүү хууль, журамд заасан тодорхой ажиллагааны үр дүнд орон сууц эзэмших болон өмчлөх эрх албан ёсоор баталгаажих тухай зохицуулсан байна. 1994 онд өмч хувьчлалын ягаан тасалбараар маргаан бүхий орон сууцыг хувьчилж авч байсан Н.Ё агсан, түүний охин нэхэмжлэгч Ё.Б  нар 1994-2005 оныг хүртэл буюу гуравдагч этгээд Т.Э  эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авах хүртэл Хонгор сумын 11 дүгээр байрны 15 тоотын 25 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч болохоо нотлох эзэмших эрхийн бичгийг хуулийн дагуу аваагүй, авах талаар ямар нэгэн оролдлого хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий байрыг 1994 онд Н.Ё 40.0 төгрөгөөр авсан нь нотлогдож байгаа боловч Н.Ё агсан, түүний охин нэхэмжлэгч Ё.Б  нар Хонгор сумын 11 дүгээр байрны 15 тоотын 25 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохыг нотлосон нэг ч нотлох баримтгүй байна. Шүүх гуравдагч этгээд Т.Э-д дээрх маргаан бүхий 11 дүгээр байрны 15 тоотын 2 өрөө орон сууцыг хамруулан нийт 10 өрөө орон сууцыг эзэмшүүлэх эрхийн бичгийг Хонгор сумын Засаг даргад олгохдоо эрхийн бичгийг 2 дахин олгосон, өрөөний хэмжээг 150 м.кв, 130 м.кв гэж өөр өөр зөрүүтэй бичсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ё.Б , түүний аав Н.Ё агсаны нэр дээр албан ёсны орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, гуравдагч этгээд Т.Э  нь 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ авсан ба 1994-2005 оныг хүртэл өөр хэн нэгний нэр дээр тухайн маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээ гарч байгаагүй, эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулж авсан анхны эзэмшигч бол Т.Э  гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байхад уг эзэмших эрхийн гэрчилгээг 2 дахин олгосон гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй бичсэн нь хэдийгээр захиргааны байгууллагын хайхрамжгүй үйлдлийн үр дүн мөн боловч нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн маргааны зүйл нь орон сууцны талбайн хэмжээтэй огт хамааралгүй тул дээрх үндэслэлээр захиргааны байгууллагын хуулийн дагуу гаргасан эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ё.Б , түүний аав Н.Ё агсаныг Хонгор сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 15 тоотын 2 өрөө орон сууцны албан ёсны эзэмшигч, өмчлөгч болохыг хуулийн дагуу баталгаажуулсан баримт бичиг, гэрчилгээ 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл гарч байгаагүй, тийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Т.Э-д 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Хонгор сумын Засаг даргын шийдвэр нэхэмжлэгч Ё.Б гийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй. Нэгэнт нэхэмжлэл гаргасан этгээдийн хууль ёсны ямар эрх ашиг хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байгаа нь түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэх үндэслэл болж байна.

 

2. Шүүх нэхэмжлэгч Ё.Б г хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэхдээ Нэхэмжлэгч Ё.Б  нь орон сууц өмчлөх эрхээ хөндөгдсөнийг өөрөөр хэлбэл, Т.Э-д маргаан бүхий орон сууцыг хувьчилсаныг 2010 онд мэдсэн... нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүгчийн захирамжууд, ДУА-ийн ОСХТ ны 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4/356 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/85 дугаар албан бичиг, гэрч Р.Энхсаруулын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэжээ. Иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр уг актыг гаргасан этгээдийн дээд шатны захиргаа эсвэл захиргааны хэргийн шүүхэд хандах хугацаа туйлын тодорхой байдаг ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д хуульчилсанаар актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тодорхой дэс дараалалтайгаар холбогдох байгууллагад эсхүл шүүхэд хандаж эрхээ хамгаалахаар зохицуулсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч Ё.Б г 2010 онд маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн гэж тодорхойлсон боловч 2012, 2014 онуудад нэр бүхий байгууллагуудад хандаж байсан тухай нотлох баримтуудыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь туйлын тодорхойгүй, үндэслэл муутай байна.

 

Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх асуудлыг хөндөхөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийг л хэтрүүлсэн эсэх талаар авч үзэх ёстой байтал шүүх 2010 онд нэхэмжлэгч захиргааны актын талаар мэдсэн гэж тодорхойлоод 2012, 2014 онуудад хаа хамаагүй байгууллагуудад хандаж байсан албан бичгүүдийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй болохыг нотлох баримт гэж дүгнэсэн нь 30 хоногийг 3, 4 жилтэй андуурч дүгнэсэн мэт үндэслэлгүй дүгнэлт болсон. Хуульд заасан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг бодитойгоор дүгнэж үзээгүй, угаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь туйлын тодорхой /нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд, шүүгчийн захирамжууд, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа/ нэхэмжлэгч Ё.Б гийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх асуудлыг хэргийн оролцогчид бодитой мэдэх боломжийг анхан шатны шүүх хязгаарлаад зогсохгүй хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ё.Б  нь 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Т.Э ийн орон сууц эзэмших эрхийн бичиг, ДУА-ийн ОСХТ ны 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолын Т.Э-д холбогдох хэсэг, Т.Э ийн орон сууц өмчлөх гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2005000442 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, мөн Ё.Б д Хонгор сумын 11 дүгээр байрны 15 тоотын 2 өрөө байрыг эзэмших эрхийн бичиг олгож, уг орон сууцыг хувьчлах эрхийн акт гаргахыг аймгийн ОСХТ нд, улсын бүртгэлийн Ү-2005000442 дугаарт бүртгэгдсэн ДУА-ийн Хонгор сумын 1 дүгээр баг 11 дүгээр байрны 11 тоотын 130 м.кв талбай бүхий 10 өрөө орон сууцыг зөвтгөн бүртгэхийг УБХ т тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Н.Ё агсан нь ДУА-ийн Хонгор суманд Их булаг ХК-д тракторчинаар ажиллаж байхдаа Хонгор сумын 11 дүгээр байрны 15 тоотын 25 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1994 оны нэрлэсэн үнээр нь тооцсон Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг болох 14 ширхэг ягаан тасалбараар хувьчилж авсан болох нь тогтоогджээ. Хувьчлан авсан байрандаа эрхийн бичиг авахаар нэхэмжлэгч Ё.Б гийн аав Н.Ё агсан болон түүний дараа ээж Ш.Баасуу агсан нар нь удаа дараа өргөдөл гаргаж байсан, түүнчлэн сумын зүгээс бага хувьчлалаар хувьчлагдсан орон сууцыг гэрчилгээтэй болгохоор дэлгэрэнгүй судалгаа хийж байсан болох нь мөн тогтоогдсон байна.

 

Гэтэл дээрх орон сууцыг оролцуулан нийт 10 өрөө бүхий орон сууц эзэмших эрхийн бичгийг Хонгор сумын Засаг даргаас Т.Э-д олгосон байх тул түүнд олгосон эрхийн бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...тухайн байрыг өмчлөгч, эзэмшигч гэх баттай нотолсон баримтгүй байна гэж дурдаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, маргаж буй орон сууцыг эзэмших эрхийн бичиг олгохыг хүсэж Н.Ё болон Ш.Б нар нь удаа дараа хандаж байсан нь тогтоогдсон бөгөөд Хонгор сумын зүгээс дээрх иргэдэд орон сууц эзэмших эрхийн бичиг олгоогүй эс үйлдэхүй гаргасан ба ийнхүү захиргааны байгууллага өөрийн буруутай үйлдлээ давж заалдах гомдлын үндэслэл болгож байгаа нь буруу юм.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан Ё.Б гийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ё.Б  нь Н.Ё, Ш.Б нарын хууль ёсны өвлөгч байх бөгөөд мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө, эрхийг өвлөх мөн шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг иш татаж үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд захиргааны актыг хүлээн авсан буюу мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцно.

 

Ё.Б  нь 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр огноолон орон сууц эзэмших эрхийн бичгийг Т.Э-д олгосон болохыг, ДУА-ийн Орон сууц хувьчлалын товчооны 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоол гарч уг орон сууцыг Т.Э-д хувьчилсан болохыг, түүнчлэн дээрх орон сууцыг өмчлөх эрхийн 0113491 ДА тоот гэрчилгээ Т.Э-д олгосныг улсын бүртгэлийн Ү-2005000442 дугаарт бүртгэсэн зэргийг мэдсэн эсхүл хүлээн авсан гэж шүүх дүгнэх хангалттай баримт байхгүй байна.

Учир нь, Ё.Б  2010 онд эрхээ хөндөгдсөнийг мэдсэн байж болох талтай боловч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, маргаан бүхий захиргааны актыг /ямар албан тушаалтны, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн, ямар захиргааны акт гарсан болох/ тухайн үед мэдсэн, эсхүл гардан авсан гэж тооцох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч маргаж байгаа захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн эсхүл хүлээлгэн өгсөн ямар ч баримтгүй, энэ байдлыг нотлож чадахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дэээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР