Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 322/ШЦТ/2018

 

                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар Б.Эрхэмбаяр,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О

Хохирогч А.Б

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү

            Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Х холбогдох эрүүгийн 1817001430273 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

  

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

   Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний орой Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 156/157 дахь км шонгийн ойролцоо засмал зам дээр өөрийн 65-14 ТӨВ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Оын жолоодож явсан 24-14 УБВ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч О.Бүжинлхам, О.Х, А.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн Б.От 2.250.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой Даланзадгадаас Баян сум руу явж байсан. Скваа ачсан машин зөөлөн яваад байхаар нь түүнийг гүйцэд түрүүлэх гэж явж байхад өөдөөс машин ирсэн. Буцаад урсгал руугаа орох гэтэл машины толгой  ороод чиргүүл нь гүйцэт орж амжаагүй” гэв
  2. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ 2018 оны 06 дугаар сарын 09-ний орой 18 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явсан. Манай эхнэр Говьсүмбэр аймагт ажил эрхэлдэг. Хоёр хүүхдийн хамтаар явж байсан. Тухайн үед харанхуй болсон байсан ба 21-22 цагийн орчим 14 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байхад урдаас хоёр тээврийн хэрэгсэл явж байсан. Нэг дэх машин нь эгнээндээ явж байсан. Хоёр дахь машин эгнээ голлож явж байсан. Гэрэл шилжүүлсэн. Эхний машин хариу гэрэл шилжүүлсэн. Хоёр дахь машин үйлдэл хийхгүй. Эгнээ голлоод яваад байхаар нь би өөрөө баруун гар тал руугаа шахаж тухайн машинтай зөрсөн. Зөрөөд өнгөртөл машинтай мөргөлдсөн. Тухайн үед чиргүүлийн гэрэл ойх зүйл харагдаагүй. Өөдөөс хоёр том машин гарч ирээд гэрэл гялбаатай байсан. Миний хаалга онгойхгүй байсан. Хаалга гаднаас онгойлгож өгсөн. Эхнэр, хүүхдээ гаргаад тусламж дуудсан. Чойрын эмнэлэг дээр очсон. Хүү ухаан алдсан. Охины хөл нь хугараад нүдэн дээр харагдаж байсан. Эхнэрийн баруун хэсгээр нь өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Миний хөл хугарсан байсан. Эмнэлэг дээр үзүүлэхэд хүү дэлүү нь няцралтай, хагалгаанд оруулахгүй бол болохгүй, дотуур цус алдаж байна гэсэн. Хүүгээ хагалгаанд оруулсан. Хүү маань дээлүүгээ тайруулсан. Одоо 9 настай. Охин хөл хугаралттай байсан. Аймагт томографик байхгүй гэсэн. Эхнэр маань түнхний мултралтай гээд Улаанбаатар хот руу хүүгээ орхиод явсан. Гэмтлийн эмнэлэгт эхнэр түнхний мултралтай гээд босохгүй. Охиныг харах хүн байхгүй, би хөл хугарсан гипстэй охиноо харсан. Охин маань 21 хоног шахуу эмнэлэгт хэвтсэн. Эхлээд хөл хугаралттай гээд гарсан боловч дараа нь гавлын ясны бяцралттай гэж гарсан. Цус хуралтыг зогсоогоод хагалгаанд орсон. Миний охин тархины цөмрөлттэй. Ясыг нь авсан байгаа. Эмнэлэгийн хүмүүс хүүхдийн яс төлждөг учраас 16 нас хүртэл оролдохгүй. Энэ яс битүүрэхгүй бол гавлын ясны хагалгаанд орно. Цоорсон хэсгийг ялтас тавих хагалгаанд орно. Эхнэрийн түнх нь мултарсан, умдаг яс хугарсан, нурууны яс 2, 3 үеээр хугаралтай тул 2 сар эмнэлэгт хэвтсэн. Хүү маань дэлүүнийх нь тал нь авагдсан. Эмнэлэгээс гараад 7 сар эмчилгээ хийлгэсэн. Шүүгдэгчийн талаас ээж нь гэж мэдээгүй нэг хүн ирээд яваад байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Төв аймгийн Баян суманд байдаг ажлынхаа чөлөө заваар ирээд байсан. Дараа нь охиноо гаргасны дараа өөрөө Төмөр замын эмнэлэгт хэвтэж байхад над дээр ирсэн. Х гэдэг хүн надтай яриагүй. Охин, хүү чинь яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй. Ээж нь гээд энэ эгч ирсэн. Тухайн үед ээж нь машин барьж яваагүй. Х машин барьж явсан. Миний хоёр хүүхдийг асууж яриагүй. Төлбөр тооцооны талаар асууж нэг удаа уулзсан. Ээж нь эмнэлэгт ирэхдээ 100.000 төгрөг, дансаар 50.000 төгрөг өгсөн байгаа. Нийтдээ 19 619 496 төгрөгийн баримтын хохирол гарсан. Үүнээс 1.500.000 төгрөгийн хоёр удаа дансаар авсан. Машины төлбөр 2.250.000 төгрөг, ээж нь 150.000 төгрөг өгсөн. 19 619 496 төгрөгийг нэхэмжилж байгаагаас 5.850.00 төгрөгийг өгөөд 13 819 496 төгрөгийн нэхэмжилж байна” гэв.  
  3. Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чойр луу ажил руугаа явж байсан. Шөнө нэг цагаас ажилтай байсан. 14 дүгээр зөрлөг дээр би унтаад явж байсан. Хүүхэд маань ухаан алдсан, манай хүн орилоод хүүгээ сэрээгээрээ гээд би сэрээд гарах гэсэн чинь миний баруун хөл гарахаа больсон байсан. Тэгээд охиноо нөхөртөө өгөөд намайг хоёр хүн цонхоор гаргаж авсан. Тэгээд түргэний машинаар Говьсүмбэрийн эмнэлэгт  очоод зургаа авахуулахад намайг түнхний мултралттай гэсэн. Тэгээд тухайн үедээ арга хэмжээ авахгүй байж байгаад хүү хагалгаанд орно гээд хүүгээ хагалгаанд орохыг хүлээгээд охин бид хоёр нөхөртэйгээ гэмтлийн эмнэлэгт ирсэн. Гэмтэлд ирээд зургаа авахуулахад аарцаг, ахар сүүл хугаралттай, түнх маань мултарсан, умдагны яс хугаралттай гэж гарсан. Хоёр сар гэртээ хэвтэрт байж байгаад нөхрийнхөө ах эхнэрээр нь асруулж байсан. 3 дахь сараас нь ажилдаа орж эхэлсэн. Одоо маш их гомдолтой байгаа. Маш зовиуртай байгаа. Хоёр өвдөг маань хүртэл доошоо нугалж сууж чадахгүй. Шөнө болгон сэрдэг. Эмч намайг цаашдаа өөрөө төрж чадахгүй гэж хэлсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний зардлыг маань нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 09-ны орой 19:40 минутын үед Улаанбаатараас Чойр орохоор нөхөр Очирхуяг, том хүү 9 настай Хишигжаргал, 3 настай охин Бүжинлхам нарын хамт 24-14 УБВ улсын дугаартай Тоёота Крөста маркийн машинтайгаа гарсан. Машиныг манай нөхөр Очирхуяг жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр охиноо тэврээд унтаад явж байсан. Харин манай хүү арын суудал дээр унтаад явж байсан. Би шөнө 01 цагаас ажилтай байсан учраас хотоос гараад л унтаад өгсөн. Нэг мэдэхэд манай нөхөр сэрээрэй гэх чимээгээр сэрэхэд би урд суудлынхаа голд хавчигдсан байсан, тэгээд би тэвэрч явсан охиноо нөхөртөө өгчихөөд өөрөө машинаас буух гэхэд миний баруун хөл даагдахгүй юман завсар хавчуулагдчихаад гарахгүй байсан. Тэгээд хүмүүс намайг машинаас татаж гаргасан. Осол болох үед унтаж байсан болохоор бүх юм болоод өнгөрсний дараа би сэрсэн бөгөөд яаж яваад осолд орсон талаараа огт мэдэхгүй байна. Би тухайн үед хамгаалалтын бүсээ зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 тал/
  2. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Чойр орохоор би эхнэр Б, 9 настай хүү Хишигжаргал, 3 настай охин Бүжинлхам нарын хамт өөрийнхөө 24-14 УБВ улсын дугаартай Креста маркийн машинтайгаа хөдөлсөн. Би машинаа жолоодоод эхнэр охин хоёр миний хажуугийн суудал дээр, хүү арын суудал дээр сууж явсан. Манай эхнэр 2 хүүхэд гурвуулаа унтаж явсан. Багахангай өнгөрөөд манай хүү сэрээд юм идээд надтай юм яриад явж байсан. 14 дүгээр зөрлөг өнгөрөөд уруу замаар уруудаад явж байхад эсрэг урсгалд хойд чиглэлд 2 машин ирж яваа харагдсан. Ойртоод ирэхээр нь би гэрлээ шилжүүлэхэд тухайн том тэрэг бас гэрлээ шилжүүлсэн. Тэгэхэд түүний ард явсан машин зам шахаад яваад байсан. Тэр машины зүүн талынх нь гэрэл урд яваа машины араас цухуйгаад явсан. Тэр машины гэрлийг хол болон ойр дээрээ явж байсныг нь машины ардаас нэг гэрэл нь харагдаж байсан болохоор мэдээгүй. Урд талд явж байсан том ачааны автомашинтай зөрж өнгөрсөн 1 чиргүүл нь улаан Хово маркийн машин байсан. Ард нь явсан машин надтай зөрөхдөө зам голлосон чигээрээ зөрсөн. Тэгэхээр нь би баруун гар талруугаа шахаж зөрсөн. Тухайн машины толгой толгойтой үргэлж байдаг чиргүүл зөрж өнгөрсөн ба зам чөлөөтэй харагдаж байсан. Тэгтэл гэнэт том тэрэгний чиргүүлийн зүүн талын ард талын хос дугуй ороод ирсэн би яаж ч чадаагүй тухайн чиргүүлийн дугуйг мөргөчихсөн. Тэгээд цаашаа юу болсоныг мэдээгүй нэг мэдэхэд хүүхэд уйлаад хүү 2 сандлын голоор урагш ороод ирсэн байсан. Тэгээд би гарах оролдлого хийсэн. Тэгтэл миний хаалгыг гаднаас нь хүн онгойлгосон. Тэгээд би буугаад тойрч эхнэрийн сууж явсан хаалгыг онгойлгох гэтэл нээгдэхгүй байсан. Эхнэр хүүхдүүдээ ав гэх шиг болсон. Тэгээд би буусан хаалгаараа 2 хүүхдээ машинаас гаргасан. Тэгээд эргээд иртэл эхнэрийн талын хаалгыг 2 залуу ирж онгойлгосон байсан. Миний мөргөсөн машины жолооч ч юм уу замын хажуугаар явсан машины хүмүүс ч юм уу мэдэхгүй. Тэгээд би дараа нь эхнэрээ гаргаж аваад эмнэлэг цагдаа дуудсан талаар асуухад өгч байна гэж хэлсэн. Гэнэт дугуй ороод ирсэн болохоор би тормоз гишгэж чадаагүй. Миний тээврийн хэрэгсэл /24-14 УБВ/ осол болохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай явж байсан. Хоёр том тэрэг цувж явсан ба эхний том тэрэг эгнээндээ явж байсан ба хоёр дахь тээврийн хэрэгсэлтэй ойрхон явж харагдсан, зайг нь сайн мэдэхгүй байна. Би урдаас нь харахад эхний тээврийн хэрэгслийн ард дараагийн тээврийн хэрэгслийн зүүн талын их гэрэл нилээн эсрэг урсгал руу орж таллаад гарч ирсэн харагдсан ба би дөхөж очоод баруун гар тал руугаа шахаж гэрлээрээ дохио өгч шилжүүлсэн ба хажуугаар нь зөрөөд өнгөрмөгц чиргүүлийн дугуй орж ирээд мөргөлдсөн юм. Миний мөргөлдсөн том тэрэгний хувьд ямар нэг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй, дохио өгөөгүй зүгээр л зам голлоод явж байсан, тэгээд толгой нь зөрөөд чиргүүлийн ард талын дугуйтай мөргөлдсөн юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 48, 57-59 тал/
  3. Гэрч Ш.Жанцангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргал сумаас Төв аймгийн Баян сум орохоор ХОВО маркийн машинтай жоншны баяжуулахын шингэн шилний түүхий эд ачаад явж байсан, машины улсын дугаарыг мэдэхгүй байна. Машиныг Энхбаяр овогтой Х гэх залуу жолоодож явсан. Эхэндээ би машины урд талд жолоочийн хажууд нь сууж явж байгаад Чойр өнгөрөөд замын хажуугийн гуанзанд хоол идчихээд хөдлөхдөө миний нуруу бага зэрэг өвдөөд машины кабины арын суудал дээр хэвтээд нуруугаа амраагаад явж байтал гэнэт л түс тас хийгээд чимээ гарсан. Гэхдээ ямар нэгэн дорьгилт мэдрэгдээгүй. Тэгээд би машинаас буугаад хартал миний сууж явсан ХОВО маркийн машин жижиг машинтай мөргөлдсөн байсан. Тухайн жижиг машин ХОВО маркийн машины арын чиргүүлийн арын дугуйг мөргөсөн байсан. ХОВО маркийн машины толгой нь өөрийнхөө эгнээнд байсан. Арын чиргүүлийн бөгс хэсэг нь эсрэг эгнээнд бага зэрэг орсон байдалтай байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан ба осол барагцаагаар 22 цагийн үед л болсон байх. Ямар нэгэн бороо цас шуурга байгаагүй дулаахан өдөр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/
  4. Шүүгдэгч Э.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргаланд ачаа буулгаад буцаад Төв аймгийн Баян сум руу хөдлөөд орой 21 цаг өнгөрч байхад 14 дүгээр зөрлөгийн урд Экскээ ачисан том Тариаллор явж байсан ба гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэсэн ба өмнөө машин гараад ирэхээр нь буцаад урсгалдаа орохоор дартал машины толгой хэсэг урсгалдаа ороод чиргүүл орж амжилгүй нөгөө машин чиргүүлийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 тал/
  5. Шинжээч, Цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай “...1. Хово маркийн 65-14 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: 10.1 “б”. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” зөрчсөн гэх үндэслэлтэй байна. З.Жолооч А.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “б” заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 68 тал/
  6. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч П.Баатар, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Батболд нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан №00000097 дугаартай “...1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол, хэрэг гарсан газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зураг нь үндэслэлтэй хийгдсэн гэж үзэв. 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 65-14 ТӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Энэхүү заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэв. 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 24-14 УБВ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 3 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Энэхүү заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 79 тал/
  7.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7490 дугаартай “...1. О.Бүжинлхамын биед зүүн чамархай ясны ил хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи доргилт, баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 84 тал/
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7491 дугаартай “...1. Б.Оийн биед зүүн тавхайн өлмийн 5-р шивнүүр ясны далд хугарал, зүүн өвдөгний цус хуралт, зүүн сарвуу, гуяны зулгаралт, гэмтэл тогтоогдлоо, З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 87 тал/
  9. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №218 дугаартай ”...1. О.Хын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний задрал, бүх биеийн доргилт, зүүн шуунд шарх. Дух, зүүн хөмсөг, цох, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Эдгээр гэмтлүүд нь осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл, З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 90 тал/
  10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7492 дугаартай “...1. А.Бийн биед баруун сүүжний тогооны сэлтэрхийт хугарал, ууц яс, баруун умдаг ясны дээд, доод салаа, симфиз үе дайрсан хугарал, баруун дунд чөмөгний мултрал, зүүн хацрын төвгөр, баруун бугалга, шуу, гуя, баруун ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо., 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ., 3. Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-н 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид 35% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна., 4. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 93 тал/
  11. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, /хх-ийн 100 тал/
  12. “Ашид билгүүн” ХХК-аас Б.Оийн 24-14 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэсэн “...Шууд зардлын дүн №1.685.000 төгрөг, нийт дүн 2.250.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 104 тал/
  13. Шүүгдэгч Э.Хын өмчлөлийн 65-14 ТӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 109-113 тал/
  14. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн чиргүүлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-22 тал/
  15. Согтолт шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 23 тал/
  16. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн Прокурорын тогтоол /хх-ийн 32 тал/
  17. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 36 тал/
  18. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлгч Б.Оын гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 146-178 тал/
  19. Шүүгдэгч Э.Х нь хохирогч нарт хохирол төлсөн баримт /хх-ийн 233 тал/ зэрэг болно.

 

      Шүүгдэгч Э.Хын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Гурав: Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний орой Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 156/157 дахь км шонгийн ойролцоо засмал зам дээр өөрийн 65-14 ТӨВ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Оын жолоодож явсан 24-14 УБВ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч О.Бүжинлхам, О.Х, А.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн Б.От 2.250.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Хын: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой...Скваа ачсан машин зөөлөн яваад байхаар нь түүнийг гүйцэд түрүүлэх гэж явж байхад өөдөөс машин ирхээр нь буцаад урсгал руугаа орох гэтэл машины толгой  ороод чиргүүл нь гүйцэт орж амжаагүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн: “ 2018 оны 06 сарын 09-ний өдөр орой...21-22 цагийн орчим 14 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байхад урдаас хоёр тээврийн хэрэгсэл явж байсан...Тэгтэл гэнэт том тэрэгний чиргүүлийн зүүн талын ард талын хос дугуй ороод ирсэн би яаж ч чадаагүй тухайн чиргүүлийн дугуйг мөргөчихсөн...эхний тээврийн хэрэгслийн ард дараагийн тээврийн хэрэгслийн зүүн талын их гэрэл нилээн эсрэг урсгалруу орж таллаад гарч ирсэн харагдсан ба би дөхөж очоод баруун гар тал руугаа шахаж гэрлээрээ дохио өгч шилжүүлсэн ба хажуугаар нь зөрөөд өнгөрмөгц чиргүүлийн дугуй орж ирээд мөргөлдсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48, 57-59 тал/, хохирогч А.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 06 сарын 09-ний өдөр...14 дүгээр зөрлөг дээр би унтаад явж байсан...Нэг мэдэхэд манай нөхөр сэрээрэй гэх чимээнээр сэрэхэд би урд суудлынхаа голд хавчигдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 тал/, мөрдөн байцалтын шатанд мэдүүлсэн гэрч Ш.Жанцангийн: “2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргал сумаас Төв аймгийн Баян сум орохоор ХОВО маркийн машинтай...машиныг Энхбаяр овогтой Х гэх залуу жолоодож явсан...Тухайн жижиг машин ХОВО маркийн машины арын чиргүүлийн арын дугуйг мөргөсөн байсан. ХОВО маркийн машины толгой нь өөрийнхөө эгнээнд байсан. Арын чиргүүлийн бөгс хэсэг нь эсрэг эгнээнд бага зэрэг орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/, шинжээч, Цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэнгийн №29 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч П.Баатар, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Батболд нарын бүрэлдэхүүнтэй №00000097 дугаартай дүгнэлт /хх-ийн 79 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7490, №7491, №218,  №7492 дугаартай дүгнэлтүүд, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн чиргүүлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Хыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Хыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч О.Бүжинлхам, О.Х, А.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн Б.От 2.250.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Хохирогч, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.О, А.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд нийт 13.590.485 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийт хохиролд 19.829.496 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүгдэгч Э.Х нь мөрдөн байцаалтын шатанд 6.290 540 төгрөгийг төлсөн байна.

 Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 10.828.958 төгрөгийг төлөхөөр завсарлага авч 10.830.000 төгрөгийг төлсөн байна.

 

Шүүх хохирогч, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, А.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийг, тээврийн хэрэгсэл ачуулсаны 210.000 төгрөгийн нийт 2.710.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан байна.

Мөн машин ачуулсан төлбөр болох 210.000 төгрөгийг шүүгдэгч Э.Х нь төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...машин ачсаны төлбөр гээд 210 000 төгрөг, 2018 оны 08 сарын 01-ний өдөр 500 000 төгрөг дансаар шилжүүлсэн...” гэж мэдүүлж байх тул хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

 Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-шүүгдэгч өмгөөлөгчөөс “Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үүргээ биелүүлж явсан. Цаашид хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулах, эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулна. Э.Х нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал нь бага насны гурван хүүхэдтэй. Эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Энэ хүн ар гэр, амьдралаа тэжээх гээд ажил хөдөлмөр хийгээд явж байгаа залуу хүн. Харахад биеийн байдал нь том ч гэсэн уулзаад эрх зүйн туслалцаа үзээлээд явж байхад их зөөлөн сэтгэлтэй. Прокуроры 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжтой байгаа. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Э.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Хын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж байх бөгөөд шүүгдэгч Э.Х нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Хын эзэмшлийн 65-14 ТӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №01165529 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Э.Хын №508782 дугаарын жолооны үнэмлэхийг /1 ширхэг / зохих байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаярын Хыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Энхбаярын Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 \нэг\ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 \хоёр\ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Э.Х үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Х нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хын жолоодох эрхийг 1 \нэг\ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Хын эзэмшлийн 65-14 ТӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №01165529 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Э.Хын №508782 дугаарын жолооны үнэмлэхийг /1 ширхэг/ харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х нь хохирогч болон хохирочийн хууль ёсны төлөөлөгч нарт 17.120.540 /арван долоон сая нэг зуун хорин мянга таван зуун дө ч/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийн, машин ачуулсны төлбөр 210.000 төгрөгийн нийт 2.710.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.О, А.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА