Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Бух овгийн Талаагийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн 1834000000272 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхангай суманд 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Бух овгийн Талаагийн Даваасүрэн

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж буй “УББУ” ХХК-ийн байранд хохирогч Т.Болдбаатартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******гийн:

Ажлын бус цагаар архиддаг байсан. Барилгын мужаанаар 1000 айлын орон сууцад ажилласан. 4 шил архи хохирогч Болдбаатар болон ажлынхантайгаа нийлээд 8-лаа уусан. Ажлын хоолны цагаар унтаж байхад хохирогч Болдбаатар манай ажлын газрын ахтай муудалцаж байхаар нь салгах гэж  дундуур нь орж яваад бид хоёр хоорондоо муудалцсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Т.Болдбаатарын:    

“...2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 20-21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутагт “УББУ” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр хашааны гадаа хамт ажилладаг Даваа намайг гадаа гарч юм ярья гэж дуудсан. Тэгээд бид хоёр хашааны гадаа гарч барилгын ажлаа ингэж хий тэгж хийнэ гээд ярьж байсан чинь хамт ажилладаг Батжаргал хүрч ирээд хажуунаас надад чи миний найзад томорлоо гэхээр нь би “би томроогүй байна” гэсэн чинь Даваа миний араас гар барьж авсан. Тэгээд би газар унасан чинь Даваа миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ гараараа дараад атираад хэвтсэн. Тэгсэн тэр Даваа, Батжаргал хоёр миний нуруу руу ээлжлээд зэрэг зэрэг өшиглөсөн. Тэгээд манай ажлын инженер Булгаа, Бат-Амгалан нар ирж тэр хоёрыг салгасан. Тэгээд би эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад хандаж байна. Даваатай бол урьд өмнө маргалдаж байсан. Даваа байнга хараал хэлдэг дээрэлхүү зантай болохоор би энэ тухай нь хэлж байсан. Харин Батжаргалтай муудалцаж байгаагүй. Батжаргалыг яагаад намайг зодох болсон шалтгааньг мэдэхгүй байна. Миний зүүн талын чих хугарсан, хамар хугарсан, нүдний ухархайн яс хугарсан байдалтай байна. Дээрх хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, эмчилгээний зардлаа гаргуулан авахаар нэхэмжилж байна. Даваа, Батжаргал хоёр согтуу байсан. Би өөрөө бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагаас хойш бараг 20 цаг хүртэл би Даваа, Батжаргал нартай 3 шил, 2 шил 0,5 гр-ийн архи, 1 шил 0,75 гр-ийн архи уусан байсан юм. Би бол болж байгаа үйл явдлыг ойггох чадвартай байсан...” /хх-ийн 6 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Бат-Амгалангийн:

“...Манай компани Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг 1000 айлын урд талд 5 давхар орон сууцны байшин барих гэж байгаа 34 ажилтантай одоо 10 ажилтан ажил дээрээ байцгааж байна. Би өчигдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө хот яваад 16 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь манай ажлын эмэгтэй ажилчид байран дээрээ байгаад эрэгтэй ажилчид бүгд байхгүй гадагш гараад явцгаасан байсан. Тэгээд орой 20 цагийн орчимд цугласан чинь ерөнхийдөө бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд оройн хоол идэх гээд байж байхад буюу 21 цагийн орчимд Батжаргал, Даваа, Болдбаатар нар хашааны гадаа жорлонгийн наана маргалдаад байхаар нь би наашаа ирцгээ гээд дуудсан тэр үед гадаа салхилаад хашааны том төмөр салхинд унахаар нь би эмхэлчихээд нөгөө хэд рүүгээ харсан чинь Болдбаатар газар уначихсан Батжаргал, Даваа хоёр Болдбаатарын цээжрүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Би наанаас нь очих хүртэл тэр хоёр зогсолтгүй хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд очоод салгахад Болдбаатарын нүүр нь хавдаад хөхөрөөд цус гарчихсан босгох гэсэн босож чадахгүй байсан. Тэгээд шууд аймгийн эмнэлэгт аваачаад үзүүлсэн. Тэгсэн Батжаргал, Даваа хоёр дийлдэхгүй Болдбаатар руу дайраад байсан. Тэгээд цагдаа ирж авч явсан. Өмнө нь Болдбаатар зүгээр байсан ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Болдбаатар, Даваа хоёр урьд өмнө утасны цэнэглэгчээс болж маргалдаж муудалцаж гар зөрүүлж байсан. Би тэр үед нь салгаж байсан. Бие биедээ гэмтэл учруулахаар болтлоо гар зөрүүлээгүй. Болдбаатар, Даваа, Батжаргал нар байгаа байдал нь уг нь гайгүй л байсан. Сүүлрүүгээ Даваа, Батжаргал хоёр согтуурхаад агсагнаад байсан....” /хх-ийн 7-8 дугаар хуудас/,   

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч *******гийн:

“...Би Төв аймгийн Зуунмод сумын Манзушир өргөө хорооллын урд талд баригдах гэж байгаа 5 давхар орон сууцны барилга дээр мужааны ажил хийж байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд 3 шил архи уусан. 0.75 граммын архи нэг шил, 0.5 граммын архи 2 шилийг манай ажлын Болдбаатар, Батмөнх, Батжаргал бид нар цэнгэлдэхийн саадан дотор хувааж уусан юм. Тэгээд ууж дуусаад ажил руугаа явцгаасан. Тогооч хоолоо хийж байсан. Би амрах байр руугаа ороод орон дээрээ хэвтэж байх үед гадаа маргаан болоод байх шиг байхаар нь амрах байрнаас гарсан. Болдбаатар, Батмөнх мужаан хоёр захирал Бат-Амгалантай уулзаад сууж байснаа намайг пизда минь зайл гэсэн. Би за за гээд байр руугаа яваад амарч байсан чинь дахин маргалдах сонсогдсон. Би байрнаас гараад харсан Болдбаатар, Батмөнх хоёр маргалдаж байсан. Би тэгээд Болдбаатар ахыг дагуулаад хашаанаас гараад та битгий ингэ та миний ах шиг хүн ш дээ гэсэн чинь чи ямар дүү шиг байдаг биш гээд намайг гараараа шанаа руу цохисон. Энэ үед Батжаргал ирж явсан Батжарагал бид хоёрыг муудалцаж байна гэж бодсон уу Болдбаатар ахыг хоёр хөлнөөс нь тэврээд газар унагасан. Би Болдбаатар ахын дээр нь гараад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. 3 удаа цохисон байх, Тэгтэл Болдбаатар ахын нүүр нь хавдчихсан би Болдбаатар ахыг газар хэвтэж байхад нь гэдэс, хөл гуя руу нь 4 удаа өшиглөсөн. Батжаргал ганц нэг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Болдбаатар ах одоо болье арай дэндлээ гэсэн цаанаас Бат-Амгалан захирал ирсэн. Тэгээд бид нарыг салгасан. Салгачихаад байж байхад би дахиж Болдбаатарын нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тайван ярилцах гээд хайсан. Тэгээд нэлээд үйлээн болсон цагдаа нар ирсэн. Намайг Болдбаатарын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авах үед Болдбаатарын нүүр хавдаж хамараас нь цус гарсан...” /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Батжаргалын:

“...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орой 17 цаг өнгөрч байх үед манай барилгын ажилчид цэнгэлдэхийн саадан дотор архи ууцгаасан би эхний нэг шил архийг ууж байхад амрах байр руугаа явчихаад буцаад 20 цагийн үед очиход нөгөө хэд архиа дуусаад хоолондоо орох гээд ажлынхаа хашаа руу явцгаасан. Би тэгээд амрах байранд байж байсан чинь Болдбаатар ах миний хацар руу цохиж авсан. Гадаа хүн хүнтэй муудалцаад байсан. Нэг харахад Даваа, Болдбаатар ахыг хашааны гадаа дагуулаад гараад явж байсан. Би тэр хоёр дээр очсон чинь Даваа, Болдоо ах хоёр хоорондоо маргалдаад хэн хэн нь уйлчихсан байдалтай байсан. Би Болдоо ахыг одоо боль гээд араас нь бэлхүүснээс нь тэврээд авсан чинь Даваа, Болдоо ахын нүүр рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Болдбаатар ах газар унахаар нь Даваа, Болдбаатар ахын нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Би Давааг одоо боль гэсэн. Тэгээд захирал Бат-Амгалан ирээд салгасан. Би Болдбаатар ахтай эвээр л ярья гэсэн гар хүрээгүй. Харин ална гэж орилсон. Даваа хөлөөрөө өшиглөөд Болдбаатар ахын нүүр биед гэмтэл учруулсан. Болдбаатар ахын хамар урьд өмнө хугархай муруй харагддаг байсан. Хамрыг бол хугалаагүй хуучин гэмтэл байх гэж бодож байна. Болдбаатар ахын нүүр рүү Даваа хөлөөрөө өшиглөхөд хамарнаас нь цус гарсан...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч Э.Эрхэмбаярын:

“...Т.Болдбаатарын биед учирсан баруун зүүн чамархай болон хамар дахь зөөлөн эдийн няцрал зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хүзүү, цээж, зүүн дал, нуруунд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******гийн:

“...Архидан согтуурсанаас болж хувийн таарамжгүй харьцааны улмаас ийм асуудал үүссэн. Одоо Т.Болдбаатар ах бид хоёр эвлэрсэн. Би уучлалт гуйсан. Одоо гомдол санал байхгүй болсон. Би Болдбаатар ахын нүүр рүү гараараа 4 удаа цохиж нүүрэн дэх гэмтлүүдийг учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болдбаатар ахыг газарт унасан байх үед нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Батжаргал, Болдбаатар ахыг газар унасан байхад нь нуруу руу нь нэг хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

2.8. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 589 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

“...Т.Болдбаатарын биед баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал зулгаралт, 2 нүдний зөвхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн дал, нуруу цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4 дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Хохирогч Т.Болдбаатарын гэмт хэргийн талаарх гаргасан гомдол /хх-ийн 4 дугаар хуудас/,

3.2. Гэрч Д.Батжаргалын ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа, Д.Батжаргалд холбогдох материалыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгуулахаар Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан албан тоот  /хх-ийн 25-29, 33 дугаар хуудас/,

3.3. Шүүгдэгч *******гийн ял шийтгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа,  хохирогч Т.Болдбаатарын гомдол саналгүй гэх өргөдөл /хх-ийн 32-39 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт баригдаж буй “УББУ” ХХК-ны байранд хохирогч Т.Болдбаатартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь     

хохирогч Т.Болдбаатарын ...Батжаргал хүрч ирээд хажуунаас надад чи миний найзад томорлоо гэхээр нь би “би томороогүй байна” гэсэн чинь Даваа миний араас гар барьж авсан. Тэгээд би газар унасан чинь Даваа миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ гараараа дараад атираад хэвтсэн. Тэгсэн тэр Даваа, Батжаргал хоёр миний нуруу руу ээлжлээд зэрэг зэрэг өшиглөсөн. Тэгээд манай ажлын инженер Булгаа, Бат-Амгалан нар ирж тэр хоёрыг салгасан. Тэгээд би эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад хандаж байна... ...Миний зүүн талын чих хугарсан, хамар хугарсан, нүдний ухархайн яс хугарсан байдалтай байна. Дээрх хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, эмчилгээний зардлаа гаргуулан авахаар нэхэмжилж байна. Даваа, Батжаргал хоёр согтуу байсан. Би өөрөө бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...,

гэрч Б.Бат-Амгалангийн ...Батжаргал, Даваа, Болдбаатар нар хашааны гадаа жорлонгийн наана маргалдаад байхаар нь би наашаа ирцгээ гээд дуудсан тэр үед гадаа салхилаад хашааны том төмөр салхинд унахаар нь би эмхэлчихээд нөгөө хэд рүүгээ харсан чинь Болдбаатар газар уначихсан Батжаргал, Даваа хоёр Болдбаатарын цээжрүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Би наанаас нь очих хүртэл тэр хоёр зогсолтгүй хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд очоод салгахад Болдбаатарын нүүр нь хавдаад хөхөрөөд цус гарчихсан босгох гэсэн босож чадахгүй байсан. Тэгээд шууд аймгийн эмнэлэгт аваачаад үзүүлсэн. Тэгсэн Батжаргал, Даваа хоёр дийлдэхгүй Болдбаатар руу дайраад байсан. Тэгээд цагдаа ирж авч явсан...,  

гэрч *******гийн ...Болдбаатар ахыг дагуулаад хашаанаас гараад та битгий ингэ та миний ах шиг хүн ш дээ гэсэн чинь чи ямар дүү шиг байдаг биш гээд намайг гараараа шанаа руу цохисон. Энэ үед Батжаргал ирж явсан Батжарагал бид хоёрыг муудалцаж байна гэж бодсон уу Болдбаатар ахыг хоёр хөлнөөс нь тэврээд газар унагасан. Би Болдбаатар ахын дээр нь гараад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. 3 удаа цохисон байх, Тэгтэл Болдбаатар ахын нүүр нь хавдчихсан би Болдбаатар ахыг газар хэвтэж байхад нь гэдэс, хөл гуя руу нь 4 удаа өшиглөсөн. Батжаргал ганц нэг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Болдбаатар ах одоо болье арай дэндлээ гэсэн цаанаас Бат-Амгалан захирал ирсэн. Тэгээд бид нарыг салгасан. Салгачихаад байж байхад би дахиж Болдбаатарын нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн... ...Болдбаатарын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авах үед Болдбаатарын нүүр хавдаж хамараас нь цус гарсан...,

гэрч Д.Батжаргалын ...Болдбаатар ах миний хацар руу цохиж авсан. Гадаа хүн хүнтэй муудалцаад байсан. Нэг харахад Даваа, Болдбаатар ахыг хашааны гадаа дагуулаад гараад явж байсан. Би тэр хоёр дээр очсон чинь Даваа, Болдоо ах хоёр хоорондоо маргалдаад хэн хэн нь уйлчихсан байдалтай байсан. Би Болдоо ахыг одоо боль гээд араас нь бэлхүүснээс нь тэврээд авсан чинь Даваа, Болдоо ахын нүүр рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Болдбаатар ах газар унахаар нь Даваа, Болдбаатар ахын нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Би Давааг одоо боль гэсэн. Тэгээд захирал Бат-Амгалан ирээд салгасан. Би Болдбаатар ахтай эвээр л ярья гэсэн гар хүрээгүй. Харин ална гэж орилсон. Даваа хөлөөрөө өшиглөөд Болдбаатар ахын нүүр биед гэмтэл учруулсан. Болдбаатар ахын хамар урьд өмнө хугархай муруй харагддаг байсан. Хамрыг бол хугалаагүй хуучин гэмтэл байх гэж бодож байна. Болдбаатар ахын нүүр рүү Даваа хөлөөрөө өшиглөхөд хамарнаас нь цус гарсан...,

шинжээч Э.Эрхэмбаярын ...Т.Болдбаатарын биед учирсан баруун зүүн чамархай болон хамар дахь зөөлөн эдийн няцрал зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хүзүү, цээж, зүүн дал, нуруунд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 589 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн ...Т.Болдбаатарын биед баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал зулгаралт, 2 нүдний зөвхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн дал, нуруу цус хуралт гэмтлийн хөнгөн учирсан талаарх... дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн хохирогч Т.Болдбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилдэг боловч хавтас хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, хохирогч нь хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт ч гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо 1.000.000 /нэг сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлдэг болно.

Иймд шүүгдэгчээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг хохирогч Т.Болдбаатарт нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                        1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Хохирогч УК90022319 дугаарын регистртэй, Боржигон овгийн Төмөрмөнхийн Болдбаатар нь шүүгдэгчтэй эвлэрсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бух овгийн Талаагийн Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН