Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 32

 

  

 

 

 

 

 

        

 

2018 оны 01 сарын 03 өдөр     Дугаар 181/ШШ2018/00032         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Т овогт Б Э /РД: /-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “Э М” ХХК /РД: /-д холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Э нь “Э М” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэст 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байна.

“Э М” ХХК нь 100 хувь Засгийн газрын хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит компани бөгөөд компанийн дүрмээр Монгол Улсын ерөнхий сайд гүйцэтгэх захирлыг томилдог. Сонгуулийн дараа шинэ гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт томилогдон ирснээс хойш компанийн нийт ажилтнуудын 60-70 хувийг нам, улс төрийн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн хувьд ч мөн энэхүү нөхцөл байдалд байнга өртөж 2017 оны 2 дугаар сараас эхлэн ажлаас гарахыг хууль бусаар шаардаж, 2017 оны 3 дугаар сард мэдэгдэл өгч мэргэжил ур чадварын шаардлага хангахгүй байгааг дурдаж, 1 сарын дараа хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж байсан боловч тухайн үед энэхүү нөхцөл байдал нь хууль бус болохыг сануулж хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилсэн.

Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстойг зөрчиж бүх ажилтнуудтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан боловч гэрээ дуусахаас өмнө ажил олгогч талаас гэрээг дуусгавар болгох талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх цалинг олгож, түүнээс хойш 2017 оны 12 дугаар сарыг дуустал ажил дээрээ очиж цагаа бүртгүүлж байсан боловч ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул цалин олгохгүй гэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д заасны дагуу Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу сунгагдсанд тооцох ёстой.

Гэтэл өрх толгойлсон эх Б.Эын Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй мөртлөө ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчийн 2017 оны 7, 8, 9 дүгээр сарын дунджаас тооцож, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүх ажилчдад олгосон 13 дахь сарын цалинг нэмж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчтэй 2016 оны 12 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хүний нөөцийн мэргэжилтнээр 10 сарын хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир 2017 оны 10 дугаар сарын 15-аас хойш цалинг зогсоосон. Гэрээний хугацаа дууссан тул тушаал гаргаагүй. Нэгэнт тушаал гараагүй тул ажилд эгүүлэн тогтоох асуудал яригдахгүй.

Б.Эын сарын цалин хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1,487,500 төгрөг байхад нийгмийн даатгалын дэвтрээс тооцох нь үндэсгүй. Компанийн ой болсон учир 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захирлын тушаалаар бүх ажилчдад 13 дахь сарын цалинг урамшуулал болгож олгосон нь үнэн боловч нэхэмжлэгчид төлөх үүрэггүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Э М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Э М” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын байрандаа очсон боловч ямар 1 ажил үүрэг гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил үүргээр хангаагүй нь ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болсон гэж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж эс зөвшөөрсөн байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 155 тоот хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “хүний нөөцийн мэргэжилтэн” ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг Хөдөлмөрийн дотоод журам, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууцын баталгаа зэрэгт заасан эрх, үүргийн дагуу 7 хоногт 40 цагаар, ажил олгогчоос олгосон өрөө тасалгаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлийг ашиглан гүйцэтгэдэг байнгын ажлын байранд хамаарах учир ажил олгогч энэ ажлын байранд ажиллах ажилтантай хөдөлмөрийн гэрээг 9 сар 19 хоногийн хугацаагаар байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх зохицуулалтад нийцээгүй байна.

 

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох боловч чухам ямар үндэслэл, шаардлага үүссэний улмаас ийнхүү хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт зөрчигдсөн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд ажлын байран дээрээ очиж байсан нь цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдсон боловч хариуцагч түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш цалин хөлс олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан тооцох үндэслэл болохгүй, харин нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэх үндэслэл болж байна.

 

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбараас өөр үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хууль зөрчиж тогтоосон гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хариуцагчийн үйлдлийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Эыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч нь “хүний нөөцийн мэргэжилтний” ажлын байранд сарын 1,701,137 төгрөгийн дундаж цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад авсан цалингийн бичилтээр тогтоогдож байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу Б.Эд ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2 сар 14 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 4,509,991 төгрөг /(1,701,137:21,5х14)+(1,701,137x2)/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан цалин хөлс гэх ойлголтод мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар үндсэн цалин, нэмэгдэл, шагнал урамшуулал хамаарах учир 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч компанийн бүх ажилчиддаа олгосон урамшуулал болох 13 дахь сарын цалинг нэхэмжлэгч мөн авах эрхтэй гэж үзэж, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалингаар тооцож, хариуцагчаас нэмж 1,487,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Эын ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Э М” ХХК-д даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Эыг “Э М” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Э М” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,997,491 төгрөгийг гаргуулж Б.Эд олгосугай.   

 

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны Б.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Э М” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Э М” ХХК-аас 110,910 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА