| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0298/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/293 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханд холбогдох эрүүгийн 1834004740302 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1977 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг малчин, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд өмнө Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын 19 хоногийн хорих ялыг хугацааны тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Мойл овгийн Сүхийн Батсайхан
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “Дэндгэр” гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны хооронд алдагдсан 1 тооны адууг 2018 оны 06 дугаар сарын дундуур бусдад өгч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ы:
Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ц.Ганхавхын:
“...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн “Дэндгэр” гэх газраас өөрийнхөө эзэмшлийн 21 тооны хонгор зүсмийн азаргатай адуугаа алдсан. Тэгээд тэр азаргатай адуугаа хайж яваад дөрөв тав хоногийн дараа Төв аймгийн Өндөрширээт сумын Хөндлөн гэх газраас адуугаа олоход миний 15 тооны адуу олдсон. Харин дотроос нь Нар саран тамгатай зээрд байдас-1, хээр байдас-2, хар үрээ-1, хар бор байдас-1, зайдгай уйлан тамгатай хээр алаг гүү-1 гэсэн нийт 6 тооны адуу байхгүй байсан. 2018 оны 06 дугаар сард Өндөрширээт сумын Додлхүндэв гэдэг айлын адуунд миний хээр алаг гүү явж байхаар нь Додлүндэв ахаас энэ ямар учиртай адуу юм бэ? гэж асуухад Эрдэнэсант сумын Батсайхан гэдэг хүний адуу байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд дараа ахиж очин хээр алаг гүүгээ авах санаатай очиход тэр гүүг маань Эрдэнэсант сумын Аюуш гэдэг хүн Портер машинтай ирээд ачаад явсан талаар надад хэлэхээр нь Аюуштай очиж уулзахад Аюуш “энэ хээр алаг гүүг Батсайхан ах надад өгсөн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл бичиж өгсөн. Тэгээд дараа би 2018 оны 07 дугаар сарын сүүлээр Эрдэнэсант сумын Мөөрс гэдэг газар өөрийнхөө хонгор азаргатай адууг хайж явж байхад миний алга болсон нөгөө таван адуу манай сумын “Мөөрсийн эхний хавтгай” гэдэг нэртэй газар байхаар нь би олж авсан. Одоо би өөрийнхөө алдсан зургаан адуугаа бүгдийг нь буцаан оллоо хээр алаг гүүг маань Батсайхан өөрөө надад авчирч өгсөн байгаа. Би өөрийнхөө хонгор азаргатай адуугаа хайж яваад өөрөө нөгөө таван адуугаа олсон юм. Миний алдсан нар саран тамгатай зээрд байдас-1, хээр байдас-2, хар үрээ-1, хар бор байдас-1 гэсэн нийт 5 тооны адуу маань бүрэн бүтэн олдсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийнхөө алдсан зургаан тооны адууг нэгийг нь Батсайхан гэдэг залуугаас аваад харин нөгөө 5 тооны адууг өөрөө олсон учир надад гомдол санал гэх зүйл байхгүй. Би 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр үнэлнэ...” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ц.Ганхавхын:
“...Би 2018 оны 02 дугаар сарын 20-25-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант 3 дугаар багийн Дэндгэр гэх газраас 21 тооны хонгор азаргатай адуугаа алдсан. Тэгээд би 4 хоног гаран хайж байгаад Төв аймгийн Өндөрширээт сумын хөндлөн гэж газраас хонгор азаргатай 15 тооны адуу олсон. 6 тооны адуу дутсан. Зүсээр нь хөөхөд хээр алаг гүү, хар үрээ, хар бор байдас, хонгор байдас, зээрд байдас, хээр байдас байхгүй байсан. Тэгээд би дээрх 6 тооны адууг одоог хүртэл хайхад олохгүй, сураг гарахгүй байна. 2018 оны 06 дугаар сарын дундуур Өндөрширээт сумын тариа гэх газраар явж байхад миний алаг гүү Додлхүндэв гэх айлын адуунд байсан. Би уг айлаас орж асуухад Эрдэнэсант сумын Батсайхан гэх хүний адуу гэж хэлсэн. Тэгээд би чимээгүй яваад өгсөн. Хэд хоногийн дараа очиход Додлхүндэв гэх айлаас Эрэднэсант сумын Аюуш гэх залуу портертэй ирээд аваад явсан байсан. Би Аюуш гэх хүнтэй уулзаад чи миний хээр алаг гүү авсан байна гэж хэлэхэд Аюуш надад манай ах Батсайхан нь надад өгсөн юм, чиний адуу биш чамд хамаагүй гэсэн. Миний алга болсон 6 тооны адуунд Батсайхан эзэн сууж зарсан байх. Би Батсайханаас үлдсэн 5 тооны адуугаа олуулмаар байна. Би хээр алаг гүү, хар үрээ, хар бор байдас, хонгор байдас, зээрд байдас тус тус алдсан нэгийг нь би 800.000 төгрөгөөр үнэлж байна. Миний адуунууд саран тамгатай, мөн чойндон тамгатай, Би алга болсоноос нь хойш хайж хүнээс сурсан сураг гарахгүй байгаа юм. Энэбишийн Эрдэнэмөнх нь адуунд сайн явдаг. Энэ нөхөр сайн мэдэж байгаа байх, Мөнх-Эрдэнэ, Батсайхан хоёр нь айл шахуу өвөлжсөн...” /хх-ийн 10 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч *******ы:
“...Би 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын эх хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн Хөндлөн гэх газарт отроор ирсэн юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын эхээр хээр алаг гүү эзэнгүй манай гэрийн хойх нь цасанд хэвтээд зоолтой байхаар нь гаргаад орхисон юм. Тэгээд хэд хоногийн дараа манай саахалт айл болох Мөнх-Эрдэний адуун дотор хул үрээ хураацан явж байсан. Мөнх-Эрдэнэ нь надаас энэ алаг байдас хэнийх юм гэж надаас асуухад манай найзын гүү гэж хэлсэн. Би найз нараасаа асуугаад хэлье гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ нь та энэ үрээгээ хурдан аваарай нэг өдөр үрээ дагуулаад алга болчихно гэж хэлсэн. Би за гэж хэлээд явсан. Хэд хоногийн дараа Мөнх-Эрдэнэний адуугаар ороход хээр алаг гүү алга болсон байсан. Тэгээд Мөнх-Эрдэнээс асуухад би мэдэхгүй бодвол үхсэн байх хураагаад байсан үрээ байгаа гэж надад хэлсэн. Би 2018 оны 05 дугаар сарын 06-нд Өндөрширээт сумьн Ар ширээт гэх газарт үхрээ хайгаад явж байхад эзэнгүй хээр алаг гүүтэй таарсан уг гүү тус сумын малчин Додоллүндэв гэх айлийн хонгор үрээ хураасан байсан. Тэр хавийн айлуудаар ороод Додоллүндэв гэх хүнтэй таараад энэ хонгор үрээ хэнийх юм бэ гэхэд минийх гэж хэлэхэд нь энэ алаг гүү миний гүү гэж хэлээд би хэд хоногоос ирж авна гэж хэлээд орхиод явсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын дундуур өөрийн дүү буюу эгчийн төрсөн хүүхэд Аюуштай таараад ах нь чамд нэг гүү өгий чи байгаа газраас нь очоод авчих гэж хэлээд явсан. Тэгээд манай дүү Өндөрширээт сумын малчин Додлхүндэв гэх айлаас ирээд авсан юм. Хавраас хойш эзэнгүй яваад байсан юм. Тэгээд би эзэн суусан юм. Хавраас хойш хэн ч гарч ирэхгүй байгаа юм. Би Аюушийг таньж мэднэ. Манай төрсөн эгч С.Хүдэрхадийн хүү юм. Миний нагац дүү юм. Би өмнө Аюушийн 4 тооны адууг хардаг байсан юм. Тэгээд миний харж байсан адуу нар нь үхсэн юм. Тэгээд адуугүй болсон гэж бодоод эзэн нь гарч ирэхгүй байхаар нь эзэн суугаад дүү Аюушид өгсөн юм. Аюушийг адуутай болгох гэж бодсон юм. Би таньж мэднэ. Манай нутгийн залуу, 4 дүү ээжтэйгээ хамт амьдардаг юм. Би мэдээгүй. Миний дүүд өгсөн энэ алаг гүү нь Ганхавхын гүү байсан байна лээ. Одоо Ганхавх надаас 5 адуу нэхээд байгаа. Би мэдэхгүй ганцхан хээр алаг гүү олсон юм. Ганцаараа цасанд зоогдсон байсан. Би цаснаас ганцаараа чирч гаргасан. Цасанд зоогдоод удаагүй байсан. Би Аюушид мөнгөөр зараагүй эзэн нь гарч ирэхгүй болохоор дүү Аюушид бэлэглэсэн юм. Өөрөө маллаад адуутай бол гэж бодсон юм...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Л.Аюушийн:
“...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 4-р багийн төвийн засмал зам дагуу байдаг ЖАСТОЙЛ ШТС-д түгээгч ажилдаа уг ажлыг 2 жил гаран хийж байна. Мөн тус сумын 1-р багт мал маллаж амьдардаг. Би Ганхавх болон Батсайхан гэх хүнийг таньж мэднэ хоёулаа манай нутгын ах нар Батсайхан ах бид хоёр хамаатан миний нагац ах, ээжийн төрсөн дүү. Манай нутгийн ах бага байхаасаа таньж мэднэ. Нэг нутгын хүмүүс юм. Би өөрийн гэсэн 7 тооны адуу малтай хөдөө манай найз Мөнхбатын адуунд байгаа. Манай адуунд хээр алаг гүү байгаа. Би 2018 оны 06 дугаар сарын дундуур Өндөрширээт сумын нутаг Ар ширээт гэх газарт байдаг Додоллүндэв гэх айлийн адуунаас авсан. Уг айлийн хонгор азарган үрээтэй хамт байсан тухайн гүү
манай ах Батсайхан надад өгсөн юм. Чи авч тэжээ гэсэн. Тэгээд би очиж авсан юм. Манай 3 тооны адуу уул нь Батсайхан ахын адуунд байсан юм. Тэгээд манай адуу ч
алга болсон гээд Батсайхан ах надад хээр алаг гүү өгсөн юм. Миний Батсайхан ахаас авсан гүү нь хээр алаг зүстэй задгай буйлан тамгатай адуу байсан. Миний гүү надад Батсайхан ах бэлэглэсэн юм . Манай нутгын ах Ганхавх нь миний гүүнд эзэн суугаад миний гээд байгаа юм надад Батсайхан ах өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 13 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Додлхүндэвийн:
“...2018 оны 04 дүгээр сарын дундуур манай Төв аймгийн Өндөр ширээт сумын Хайрхан 2 дугаар багийн Өгөөмөр гэдэг газар өвөлжөөн дээрээ байсан яг тэр хавиар манай адуу бэлчдэг байсан. 04 дүгээр сарын дундуур манай адууг бэлчээрт нь байхад задгай буйлан тамгатай ахар дэлтэй хээр алаг байдас нийлчихсэн байсан. Тухайн үед их турж эцсэн муу адуу байсан. Дараагаар нь Эрдэнэсант сумын Батаа гэдэг залуу ирээд тэр алаг гүүг /байдсыг/ “энэ миний байдас байгаа юм би хэд хоногоос ирж ачиж авна гэж хэлчихээд явсан юм. Тэгээд 06-р сарын дундуурхан үеэр нэг танихгүй залуу ирээд нөгөө хээр алаг байдсыг авах гэж ирлээ гээд ачаад явсан. Тэрний дараагаар бас нэг залуу тэр адууны эзэн нь байна гээд алаг байдсыг асууж ирэхээр нь би Эрдэнэсантын Батаа гэдэг залуу ачуулаад авч явсан гэж хэлсэн. Би урд нь харж байгаагүй тэр залууг танихгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч *******ы:
“...Би урд нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Ганхавхын хээр алаг байдсан гүүг 2018 оны 07 дугаар сард улсын наадмын дараа өөрийнх нь гэрийн гадаа портер машинаар ачиж аваачиж өгсөн юм. Одоо бидний дунд ямар нэгэн өр авлаганы асуудал байхгүй. Задгай уйлан тамгатай хээр алаг зүсмийн байдсан гүү байсан. Уг нь Ганхавхын өөрийнх нь адуу мөн. Би тэр үед хэний адуу болохыг нь мэдээгүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 16 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч *******ы:
“...2018 оны 03 дугаар сарын 08-ны үед Төв аймгийн Өндөрширээт сумын Хөндлөн гэх газарт хонь хариулж явтал цасанд зоолттой ганц тооны адуу байсан. Тэгээд цаснаас гаргаад үлдээсэн. Хэд хоногийн дараа нөгөө алаг адуу манай адууг дагаад эзэн гарахгүй байсан. Тэр хавийн Мөнх-Эрдэнэ гэх залуугийн Хонгор халзан зүсмийн нэг үрээ нөгөө алаг гүүг хураачихсан байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр нөгөө алаг гүү алга болчихсон. Би их муу юм байсан үхсэн байх гэж бодож байтал 2018 оны 05 дугаар сарын 05-06-ны үед би 7 үхэр алдчихаад эрж явтал Өндөрширээт сумын Ар ширээт гэх газарт нэг айлын адуунд нөгөө алаг гүүү байж байхаар нь би энэ хэний адуу эсэхийг асухад Додолхүндэв гэх хүний адуу гэхээр нь би очиж уулзаад энэ алаг адуу хэзээ хаанаас нийлсэн талаар асуухад мэдэхгүй ирж нийлээд удаж байна гэхээр нь би миний алаг гүү байгаа. Намайг Сүхийн Батсайхан гэдэг хүн гэж танилцуулаад явсан. Тэгээд би нөгөө 7 үхэрээ олохгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед 7 тооны үхрээ хараад явж байгаад нөгөө алаг гүүг Додолхүндэв гэх хүний адуунд байж байхаар нь Додолхүндэвтэй уулзаад алаг гүүг манай Аюуш гэх дүү ирж авна гэж хэлээд явсан. Тэгээд би Аюуш гэх дүүдээ хэлээд очиж авчир гэж хэлээд явуулж авчируулаад тэжээл өгөөд сумын төв дээр байлгаж байхад алаг гүүний эзэн Ганхавх гэх залуу хараад цагдаад хэлсэн байсан. Намайг хавар үхэр хараад явж байхад Ганхавх гэж залуу Додолхүндэв гэх хүний адуунд өөрийнхөө алаг гүүг байхыг харчихаад явсан байсан. Тэгээд би алаг гүү эзэнд нь буцааж өгсөн. Миний хувьд алаг гүүг алж идэх, ашиг хонжоо харах биш тухайн үедээ алдуул мал гэдгийг нь цагдаад мэдэгдэлгүй авсан нь миний алдаа болчихлоо. Зөв талийнхаа гуяан дээр задгай буйлан тамгатай 4 нас хүрч байгаа байдсан гүү байсан. Манай сумын залуу байгаа юм. Өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Би Ганхавхын адууг эм тамгатай эсэхийг мэдэхгүй...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
2.8. Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр 1 тооны хээр алаг зүсмийн байдсан гүүг 700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Хохирогч Ц.Ганхавхын гэмт хэргийн талаарх Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/,
3.2. Шүүгдэгч *******ы Төв аймгийн Эрдэнэсант сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, цагдаагийн газрын цахим хайлтын лавлагаа, малын А дансны хуулбарууд /хх-ийн 26-48 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “Дэндгэр” гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны хооронд алдагдсан 1 тооны адууг 2018 оны 06 дугаар сарын дундуур бусдад өгч завшсан болох нь
хохирогч Ц.Ганхавхын ...Төв аймгийн Өндөрширээт сумын Хөндлөн гэх газраас адуугаа олоход миний 15 тооны адуу олдсон. Харин дотроос нь Нар саран тамгатай зээрд байдас-1, хээр байдас-2, хар үрээ-1, хар бор байдас-1, зайдгай уйлан тамгатай хээр алаг гүү-1 гэсэн нийт 6 тооны адуу байхгүй байсан. 2018 оны 06 дугаар сард Өндөрширээт сумын Додоллүндэв гэдэг айлын адуун миний хээр алаг гүү явж байхаар нь Додоллүндэв ахаас энэ ямар учиртай адуу юм бэ? гэж асуухад Эрдэнэсант сумын Батсайхан гэдэг хүний адуу байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд дараа ахиж очин хээр алаг гүүгээ авах санаатай очиход тэр гүүг маань Эрдэнэсант сумын Аюуш гэдэг хүн Портер машинтай ирээд ачаад явсан талаар надад хэлхээр нь Аюуштай очиж уулзахад Аюуш “энэ хээр алаг гүүг Батсайхан ах надад өгсөн юм” гэж хэлсэн...,
гэрч Л.Аюушийн ...Манай адуунд хээр алаг гүү байгаа. Би 2018 оны 06 дугаар сарын дундуур Өндөрширээт сумын нутаг Ар ширээт гэх газарт байдаг Додлхүндэв гэх айлийн адуунаас авсан. Уг айлийн хонгор азарган үрээтэй хамт байсан тухайн гүү
манай ах Батсайхан надад өгсөн юм. Чи авч тэжээ гэсэн. Тэгээд би очиж авсан юм...,
гэрч Додлхүндэвийн ...04 дүгээр сарын дундуур манай адууг бэлчээрт нь байхад задгай буйлан тамгатай ахар дэлтэй хээр алаг байдас нийлчихсэн байсан. Тухайн үед их турж эцсэн муу адуу байсан. Дараагаар нь Эрдэнэсант сумын Батаа гэдэг залуу ирээд тэр алаг гүүг /байдсыг/ “энэ миний байдас байгаа юм би хэд хоногоос ирж ачиж авна гэж хэлчихээд явсан юм. Тэгээд 06-р сарын дундуурхан үеэр нэг танихгүй залуу ирээд нөгөө хээр алаг байдсыг авах гэж ирлээ гээд ачаад явсан. Тэрний дараагаар бас нэг залуу тэр адууны эзэн нь байна гээд алаг байдсыг асууж ирэхээр нь би Эрдэнэсантын Батаа гэдэг залуу ачуулаад авч явсан гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ыг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханыг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуу мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Мойл овгийн Сүхийн Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН