| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03390/И |
| Дугаар | 184/ШШ2017/02715 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2017/02715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Снь Ж М ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр NP-10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээ нь 1 жилийн хугацаатай урьдчилгаанд 20.000 төгрөг өгч үлдсэн 220.000 төгрөгийг сар бүр 20.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь гэрээний үүргээс 60.000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл 180.000 төгрөгөөс алданги тооцож 90.000 төгрөг болсон. Нийт 270.000 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төхөөрөмж зээлээр авсан. Ингээд эхний 3 сарын төлбөр 60.000 төгрөг төлсөн. Төхөөрөмж нь ажиллахгүй байсан ба манайх компьютерээ зарсан учраас хэрэглээгүй. Ингээд Ж М ХХК дээр очиж ажиллахгүй байна гэсэн боловч шалгаж өгөөгүй. Төхөөрөмж буцаах боломжгүй гэсэн. Анх энэ төхөөрөмжийг олгохдоо хорооны байрны доод давхарт олгож байсан. Тэр үед сүлжээ нь ажиллахгүй байхаар нь асуухад доод давхар учраас ажиллахгүй байгаа дээшээ гарахаар ажиллана гэсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж М ХХК нь хариуцагч Б.Саас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 270,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь төхөөрөмж ажиллахгүй байсан, буцаая гэсэн боловч буцаагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1137410 дугаар төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Б.Снь NP-10 төхөөрөмжийг сонгож, сар бүр 20,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-6-7 дахь тал/
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Талууд гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч нь “. . . худалдан авсан төхөөрөмж ажиллахгүй байсан тул буцаан өгөхөөр очсон” гэх буюу гэрээний зүйл эд хөрөнгийн доголдолтой гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах боловч энэ тухайгаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Зохигчид үлдэгдэл төлбөрийн үнийн дүн болон үүрэг гүйцэтгэх хугацааны талаар маргаагүй буюу хариуцагч 180,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй гэж байна. Энэ нь хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-д “Хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй бол компани нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг төлнө” гэж заасан байна.
Нэхэмжлэгч алдангийн үнийн дүнг гаргахдаа хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 180,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 925 хоногт 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул түүний 50 хувиар бодон 90,000 төгрөг болно гэж тайлбарласан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна.
Дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 180,000 төгрөг, алдангид 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулан, нэхэмжлэгч Ж М ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.7-д заасныг баримтлан Б.Саас 270,000 төгрөгийг гаргуулан Ж М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН