| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0273/Э |
| Дугаар | 273 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 273
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга:Э.Гантулга,
Шүүгдэгч: Б.Идэрболд, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Идэрболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001820364 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 3 аав ээжийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайж овогт Батсайханы Идэрболд, /Регистрийн дугаар: /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Идэрболд нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төвд ” 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж байсан шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад иргэн Э.ЦэндАюуш нь Самсунг J маркийн 540,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: Шүүгдэгч Б.Идэрболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд байх Соёлын төвд болсон манай 3 дугаар багийн шинэ жилийн арга хэмжээ оролцсон. Ингээд шинэ жилийн арга хэмжээнд оролцоод орой 23 цаг болж байхад шинэ жилийн арга хэмжээ дуусаж тарах болсон. Ингээд миний бие соёлын төвийн хаалгаар гарч явахдаа дотор үүдэн хэсэгт шалан дээр нэг хар юм байхаар нь аваад үзсэн чинь хар өнгийн утас байсан. Намайг хаалгаар гарах үед тэнд ямар нэгэн хүн байгаагүй надтай хамт явсан хүн байхгүй. Ингээд би тэр гар утсыг аваад гэр рүүгээ явсан. Соёлын төвд дандаа согтуу халамцуу хүмүүс байсан болохоор нэг нь гарч явахдаа гар утсаа хаяж дээ маргааш нөгөөдрөөс эзэн сураад ирэх байлгүй гэж бодоод гар утсыг аваад гэртээ харьсан. Уг гар утас машин дотор 4-5 хоноод машиндаа үлдээсэн байсан мартсан тэгээд машинаа цэвэрлэж байхад гараад ирсэн. Тэгээд би асаагаад үзэх гэхэд асахгүй цэнэггүй байхаар нь цэнэглээд асаах гэхэд пин кодтой утасны дэлгэцэн дээр нь таних тэмдэггүй өөрөөр хэлбэл гар утасны өөрийнх нь зурагтай байсан. Тэгэхээр нь би уг гар утсыг базаж өөрөөр хэлбэл гар утсыг кодоор нь нээхгүй гар утсыг шууд унтраастайгаар нь бүх зүйлийг устгаж асаагаад өөрийн дугаарыг хийж бариад явж байсан. Тэгээд бараг нэг сарын дараа байх Э.Цэнд-Аюуш нь над рүү залгаад чамд миний утас багаа юм байна гэхэд нь би тиймээ би нэг утас олсон надад байгаа гээд тэр өдөр нь гар утсыг нь өгсөн Э.Цэнд-Аюуш нь өөрийнхөө гар утсыг надад байгааг буюу миний дугаарыг өөрийнхөө гар утасны сериал дугаараар нь интернэтээр орж мэдсэн гэж байсан. Би гар утас олсон талаараа хүнд хэлээгүй гар утсыг олоод машиныхаа урд хайрцагт хийгээд 4-5 хоног мартсан байсан. Намайг гар утас соёлын төвийн үүднээс олсон талаар гэрчлэх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Идэрболд нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Э.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 12 сарын 17-ны өдөр Бөмбөгөр сумын соёлын төвд 3 дугаар багийн шинэ жилийн арга хэмжээнд оролцох үедээ Самсунг жи 4 маркийн гар утсаа алдсан. Би Самсунг жи 4 маркийн гар утсаа шинэ жилийн арга хэмжээнд оролцох үедээ тайзны компьютерын ширээн дээр тавьсан байсныг хулгай хийгээд аваад явсан байсан. Би өөрийнхөө гар утсаа анх худалдан авахдаа самсунг аккаунтад холбуулж байсан юм. Энэ нь болохоор гар утасны байршлыг тодорхойлдог юм. Интернэт сүлжээ байгаа орчинд өөрөөр хэлбэл интернэтэд холбогдох үеэр тухайн үеийн он, сар, өдрийг нь нарийн сайн санахгүй байна миний утасны байршил Бөмбөгөр сумын төвөөс илэрсэн юм. Тэгэхээр нь би Бөмбөгөр сумын хэсгийн төлөөлөгчид очиж мэдэгдсэн юм. Тодруулбал https//findmymobile.samsung.com/ хаяг рүү компьютер, гар утас аль алинаар ч хамаагүй нэвтэрч болно. Мөн тус хаяг рүү нэвтрэхэд Retrieve calls/messages гэх хэсэг байх ба тус хэсэгт хамгийн сүүлийн дуудлага, мессеж нь нийлсэн 50 түүх хадгалагддаг юм. Өөрөөр хэлбэл гар утсанд яг тухайн үед хийсэн байгаа дугаар луу залгах юм уу мессеж бичихэд түүх дээр нь харагдана гэсэн үг. Тэгээд яагаад ч юм хамгийн түрүүнд Б.Идэрболдын дугаар луу залгасан юм. Тэгсэн шууд миний залгасан дугаар түүх харагдсан юм. Тэгээд л гар утас түүнд байгаа болохыг мэдсэн юм. Мөн https//findmymobile.samsung.com/ хаяг рүү ороход гар утасны байршил Бөмбөгөр сумын төвийг зааж байсан юм. Тэр тэгэхэд Б.Идэрээ гэсэн фэйсбүүк аккаунттай байсан ба тус хаягаас самсунг эс 7 болон жи 4 маркийн утаснуудыг зарна гэж ээжийнхээ утас ч байж магадгүй учир нь түүний ээж надтай нэг өдөр яг адилхан гар утас худалдан авч байсан. Би Б.Идэрболдоос сүүлд тэгэхэд зарах гэж байсан утас чинь хэний утас байсан бэ гэхэд ээжийнх байсан гэж хэлсэн. Одоо тэр нийтлэлээ /пост/ устгасан байна лээ. Гар утсаа алга болсны маргаашаас л соёлын төвөөр байсан хүмүүсээс гар утсаа сурч эхэлсэн юм. Тэгэхэд Б.Идэрболдоос мөн асууж байсан юм гар утсаа алдсан чи үзсэн үү гэхэд мэдэхгүй гэж байсан. Миний ямар гар утас барьдаг болохыг мэддэг байсан учир нь түүний ээжтэй нэг өдөр яг ижилхэн гар утас худалдан авч байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 41-45/
4. Гэрч Т.Чулуунзагасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Б.Идэрболдыг 2019 оны 3 сараас хойш танина. Эхнэр хүүхэдтэйгээ Баянхонгор аймгийн Баянхонгор суманд амьдардаг. Ер нь нийтэч, сэргэлэн зантай юм байгаа. Өөрөө ярихдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас гаралтай гэж ярьдаг. Ээж бусад хамаатнууд нь тэнд байдаг юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
5. Гэрч Ч.Алтанцоож мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие 2 хүүхэдтэйгээс Б.Идэрболдын хувьд манай айлын 2 дахь хүүхэд болж хорвоод мэндэлсэн өөрөөр хэлбэл айлын отгон нь юм байгаа: Э.Цэнд-Аюушийг болохоор нэг сум мөн нэг баг гэдгээр нь танина. Түүнтэй ах, дүү төрөл садны ямар ч холбоо байхгүй. Яг хэзээ эсэхийн мэдэхгүй байна. Намайг аймар рүү явчхаад ирэхэд Б.Идэрболд гар утас болсон гэж байсан. Тэгээд түүнийг хэсэг барьж байгаад сүүлд эзэнд буцаагаад өгсөн гэж байсан. Тухайн гар утсыг хаанаас, хэрхэн, яаж олсон талаар хэлж байгаагүй.Яг миний гар утастай ижилхэн өөрөөр хэлбэл Galaxy G4 маркийн гар утас байсан бүр өнгө нь хүртэл миний гар утастай яг ижилхэн хар хөх өнгөтэй байсан. Ерөнхийдөө шинэвтэр гар утас байсан. 2018 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр байсан санаад байна манай суманд Жи мобайлаас хүмүүс ирж тэгэхэд байгууллагын нэр дээр лизингээр гар утас худалдан аваад цалингаасаа суутгуулж байсан юм. Түүнтэй яг нэг өдөр авсан байх учир нь Жи мобайлаас ирсэн хүмүүс байгууллагууд руу нэг өдөр л борлуулсан юм. Цэнд-Аюушийн ээж нь эмнэлэгт ажилладаг юм. Би түүний ээжийг нь авч өгсөн болов уу гэж бодож байна. Тус утсыг 770.000 төгрөгөөр лизингээр авсан юм. Тэгээд явц дундаа мөнгийг нь төлж чадахааргүй болохоор нь хүүхэд Идэрболдоор заруулахаар фэйсбүүкэд зар тавиулж байсан юм. Зар тавиулсан боловч хүмүүс аваагүй. Миний бие 2 хүүхэдтэйгээс түүний хувьд айлын отгон хүүхэд юм байгаа. 1996 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Бага байхдаа цэцэрлэгээр өссөн, сургуулиа төгсөхөд шилдэг сурагчаар төгсөж байсан, ер нь Бөмбөгөр сумын шилдэг сурагч байсан спортлог олны дунд нэр хүнд сайтай хүүхэд юм байгаа. Архи, тамхи хэрэглэдэггүй, сумынхан ам сайтай байдаг.Одоо болохоор Баянхонгор аймгийн төвд эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг, гэхдээ яг өрх тусгаарласан зүйл байхгүй. Бүрэн дунд боловсролтой....гэх мэдүүлэг /ххийн 56-57/
6. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн: 1. LGF маркийн гар утас 180.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 62/ хавтаст хэргийн 36-37 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Идэрболд нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төвд ” 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж байсан шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад иргэн Э.ЦэндАюуш нь Самсунг J маркийн гар утсыг хаясныг олж авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 540,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Э.Цэнд-Аюуш, гэрч Т.Чулуунзагас, Ч.Алтанцоож нарын мэдүүлэг, үнэлгээний Энх нахиа ХХК-ийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Идэрболдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Идэрболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Идэрболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Идэрболд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч Б.Идэрболдын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Идэрболд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Идэрболдын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгаймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Идэрболдод хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Идэрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Батсайханы Идэрболдыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Батсайханы Идэрболдыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Б.Идэрболдыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Идэрболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Идэрболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Идэрболдын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Идэрболдод хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-зааснаар шүүгдэгч Б.Идэрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Идэрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ