Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2017/02749

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2017/02749

*******баатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,979,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүрэг, 17 дугаар хороо, Дизель хүрээ техникийн зах дээрээс Прадо-95 маркийн 24-47******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан авсан. Ингээд бичиг баримтыг нь өөрийн нэр дээр шилжүүлж авахгүй явсаар байгаад 2015 оны 8 дугаар сард Авто тээврийн үндэсний төвд очиж машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэхэд арлын дугаар нь зөрсөн. Ингээд арлын дугаараар нь шүүлгэж үзэхэд “******* *******” ХХК-ийн  нэр дээр бүртгэлтэй гарч ирээд байгаа болно. Энэ асуудлаар Б.Ат холбогдуулан залилсан гэж үзэж ******* дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл өгч шалгуулсан боловч ******* дүүргийн прокурорын газрын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1616 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Уг хэргийг шалгаж байсан эрүүгийн төлөөлөгч Ч.Болд гэдэг хүн ажлаасаа гараад явчихсан байсан учир хэрэг юу болж байгааг нь мэдэхгүй явсаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн прокурорын газраас дээрх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг гардаж авсан болно. Иймд уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжих боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй учир Б.Ааас машины үнэ болон машинд засвар үйлчилгээ хийхэд гарсан зардлаа гаргуулах хүсэлтэй байна. Иймд машины үнэнд төлсөн 9,400,000 төгрөг, сэлбэг засвар үйлчилгээнд гарсан зардал 2,579,660 төгрөг, нийт 11,979,660 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус автомашин нь миний нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч арлын дугаарын зүрүүтэй асуудлаас болоод өнөөдрийг хүртэл шилжээгүй гэсэн байдаг. Анх автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М.Бгийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Иргэний хуульд зааснаар талуудын байгуулсан гэрээний үндсэн дээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашиныг шилжүүлэн өгсөн байдаг. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна. Худалдан авагч нь тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь тухайн эд хөрөнгийг хүлээн авсанд тооцож байна гэж үзэж байгаа. Энэ хэрэгт чанарын асуудлыг ярьдаггүй. Тиймээс уг автомашин худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг худал үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа гэж хариуцагч талаас үзэж байна. Арлын дугаар зөрсөн гэдэг нь нэхэмжлэгчийн зохиосон хууль бус арга гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас машины арлын дугаар яаж зөрж байгааг нотолж чаддаггүй. Одоо 2 жил гаран хугацааны дараа л энэ асуудлыг ярьж байгаа. Тухайн үед арлын дугаар зөрүүтэй байсан бол авто тээврийн үндэсний газраас нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх эсэх нь бас эргэлзээтэй. Нэхэмжлэгч нь өөрийн хувийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангачихаад одоо буцаах гэж байгаа нь үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тухайн авто машиныг худалдаж аваад 3 жил хугацааны дараа энэ арлын асуудлыг яриад хариуцагч талаас засвар үйлчилгээний зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүн дээр яг ямар хэмжээний засвар үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй. Тухайн авто машин нь ямар нэгэн зөрчилгүй байснаар нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хэрэгцээнд ашигласан зардлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Ат холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,979,660 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг арлын дугаар зөрүүтэй тул биет байдлын доголтой, бусдад шилжүүлэх боломжгүй тул эрхийн доголдолтой хэмээн худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас учирсан хохирол зардалд машины үнэд төлсөн 9,400,000 төгрөг, сэлбэг засвар үйлчилгээнд гарсан зардал 2,579,660 төгрөг, нийт 11,979,660 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч автомашиныг эрхийн доголдолгүй нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн, арлын дугаар зөрсөн нь нотлогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч Парадо маркийн 2445******* маркийн автомашиныг шилжүүлэх, худалдан авагч 9,400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-30 дахь тал/

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Талууд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг хэн аль нь шаардах эрхтэй юм.

Эд хөрөнгө доголдолтой тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.”, 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч . . . гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээгээр худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Биет байдлын доголдолд юуг хамааруулахыг талууд гэрээгээр тохиролцохыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заажээ. Талуудын байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний 2-т арлын дугаарыг 2445******* гэх ба энэ нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолт хэсэгт заасан арлын дугаартай тохирч байна. /хх-30, 53 дахь тал/

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх арлын дугаар нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд байх арлын дугаар болон автомашины арал дээрх дугаартай зөрсөн гэх боловч уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул арлын дугаар зөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр хуульчилжээ. Нэхэмжлэгч нь бичиг баримтын зөрүүтэйн улмаас автомашиныг нь оношилгоонд оруулах боломжгүй байгааг эрхийн доголдолтой хэмээн тайлбарлаж байгаа нь хуулийн дээрх ойлголттой нийцэхгүй байх ба хэрэгт гэрээний зүйл болох автомашины өмчлөл, эзэмшилтэй холбоотой гуравдагч этгээд шаардлага гаргасан баримт авагдаагүй, мөн 2015 оны 5 дугаар 12-ны өдөр тээврийн хэрэгсэл М.Бгийн нэр дээр шилжсэн /хх-53 дахь тал/ байх тул автомашин эрхийн доголдолтой гэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

Худалдан авагч эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлагыг хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гаргана. Нэхэмжлэгчийн “. . . 2015 оны 8 дугаар сард Б.Ат холбогдуулан намайг залилсан гэж үзэж ******* дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. . . “ гэх тайлбар, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1616 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол /хх-29 дэх тал/-оос үзэхэд нэхэмжлэгч нь дээрх хугацааны дотор шаардлага гаргасан гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргасан . . . бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэснийг  4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар төсөөтэй хэрэглэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр хугацааг дахин шинээр тоолно. Нэхэмжлэгч нэхэмжлэлд “. . . Уг хэргийг шалгаж байсан эрүүгийн төлөөлөгч Ч.Болд гэдэн хүн ажлаасаа гараад явчихсан байсан учир миний хэрэг юу болж байгааг нь мэдэхгүй явсаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тогтоолыг гардан авсан. . .” гэх боловч тогтоолыг тухайн өдөр гардан авсан тухай баримт байхгүй, мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “. . . нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу яваад 2017 онд ирсэн” гэж тайлбарласнаас үзэхэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаа дууссан байна.  Тодруулбал, нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 6 сарын дотор автомашины доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах байжээ.

Түүнчлэн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийхэд 2,579,660 төгрөгийн зардал гарсан гэх боловч хэрэгт авагдсан баримтын нийлбэр дүн 774,932 төгрөг байгааг дурдах нь зүйтэй. 

Дээр дурдсан үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт машины үнэд төлсөн 9,400,000 төгрөг, сэлбэг засвар үйлчилгээнд гарсан зардал 2,579,660 төгрөг, нийт 11,979,660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,979,660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,000 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН