Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2355

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02355

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэртэй, Д.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК болон Б.Э нарт холбогдох, 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус 0 загварын автомашины өмчлөгч болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, уг автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 сараас эхлэн Б.Этай танилцан, улмаар дотносон, эр эмийн харилцаатай, гэрээр орж гардаг болсон. Би Приус 20 маркийн, сувдан цагаан өнгийн автомашиныг худалдан авахаар өөрийн Төрийн банкны данснаас 8 600 000 төгрөгийг машин зардаг ченжийн дансанд “Д.Оаас машины үнэ шилжүүлэв” гээд банкны шилжүүлгээр төлж худалдаж авсан. Гэхдээ тухайн үед миний иргэний үнэмлэх олдохгүй байснаас Б.Эын иргэний үнэмлэхийн нэрээр машины ченжтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 15-45 УБЯ улсын дугаар авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний нэрээр авсан. Гэтэл хариуцагч Б.Э гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Машиныг өгөөд, нэрээ шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч нэрээ шилжүүлнэ гэсээр өнөөг хүрлээ. Сүүлдээ Б.Э нь утсаа авахгүй, зугтдаг болж, машиныг мөргөлдүүлнэ, юу ч үгүй болгож хаяна гэж хэлсэн ба сүүлд танилцсан хүүхэндээ машиныг унуулж явсантай тааралдсан. Иймд 15-45 УБЯ улсын дугаартай TOYOTA Prius маркын автомашины өмчлөгч болохыг тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, уг автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн зүгээс Д.Оын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Манай компани барьцаалан зээлдүүлэх чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Э нь өөрийн өмчлөлийн 15-45 УБЯ Тоёота приус-20 маркийн автомашинаа барьцаалж 3 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож фидуцийн гэрээгээр машинаа манай өмчлөлд шилжүүлсэн. Тухайн үед Б.Эын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн зээл олгосон. Ийнхүү 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Зээл болон Фидуцийн гэрээ нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хөндөөгүй, талууд хүсэл сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно.

Б.Э нь эхний нэг сарын төлбөрийг л төлсөн. Хэрэв мөнгөө төлөхгүй бол автомашин манай өмчлөлд гэрээний дагуу шилжинэ. Д.О болон Б.Э нарын хоорондын хувийн харилцаа, маргаантай байгаа асуудлыг манай компани мэдэхгүй, тус автомашины хувьд манай компани шударга өмчлөгч болно. Нэхэмжлэгчийн хувьд манайхыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 15-45 УБЯ улсын дугаартай Toyota Prius 0 маркийн /сувдан цагаан өнгөтэй/ автомашины өмчлөгч нь Д.О мөн болохыг тогтоож, 15-45 УБЯ улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашиныг хариуцагч Б.Эаас гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгох, 15-45 УБЯ улсын дугаартай Toyota Prius 0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Оын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 67 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 152 550 төгрөг, хариуцагч “Т” ХХК-иас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийг 15-45 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байх тул уг автомашиныг хариуцагч Б.Эаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Б.Э 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээгээр “Т” ХХК-ийн авто ломбардаас 3 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг фидуцийн гэрээгээр тус компанийн өмчлөлд шилжүүлсэн.

“Т” ХХК нь Б.Эт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг автомашины өмчлөгч гэж итгэн авто тээврийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зээл олгосон. Дээрх хуулийн дагуу улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд “Т” ХХК нь Д.О, Б.Э нарын маргаантай асуудлыг мэдээгүй, мэдэх боломжгүй. Иймд “Т” ХХК нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг автомашины шударга эзэмшигч юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд дараах урьдчилан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байна. Шаардлагыг биелүүлэх эрх бүхий этгээд хариуцагч нь эд хөрөнгийн хувьд хууль бус эзэмшигч байхыг шаарддаг. Гэвч “Т” ХХК нь маргаан бүхий автомашины хувьд шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 106, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Д.О нь шударга эзэмшигчээс автомашиныг шаардах эрхгүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагчийг тодорхойлсон. Хэдийгээр нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон боловч уг компани нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэл гаргаагүй тул хариуцагч биш бөгөөд Д.Оыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас нэг хоногийн өмнө Б.Эт зээл болон фидуцийн гэрээгээр зээл олгоод мөнгөө бүрэн гаргуулж чадаагүй байна. Шүүхийн дээрх дүгнэлтүүд нь гуравдагч этгээдийг хамгаалсан фидуцийн гэрээний зохицуулалт болон шударга эзэмшигч, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх гэсэн хуулийн заалтуудын үзэл баримтлал, агуулгыг үгүйсгэж байна. Ийнхүү шүүх зээл, фидуцийн гэрээ хүчин төгөлдөр, зээлийн үүрэг биелэгдээгүй байхад хариуцагч биш этгээдэд үүрэг ногдуулан, зээл эргэн төлөгдөх баталгаагүй болгож, автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгасан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой.

Иймд шүүхийн шийдвэрээс 15-45 УБЯ улсын дугаартай Тоёотай приус 0 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас үззхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгааг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Э нарт холбогдуулан 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус 0 загварын автомашины өмчлөгч болохыг тогтоох, түүний хууль бус эзэмшлээс тухайн эд хөрөнгийг гаргуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгсэл “Т” ХХК-ийн эзэмшилд шилжсэн гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар тухайн хуулийн этгээдийг татан оролцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх гэснийг, хариуцагч нар шаардлага тус бүрийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.О нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус загварын автомашиныг иргэн Т.Чанцалдуламаас худалдан авах зорилгоор төлбөрийн 8 600 000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн нэрийн дансаар шилжүүлж, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Б.Эын нэрээр хийж, эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан үйл баримт тээрвийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч З.Аюурзанын мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх 6, 30-35, 137-138/

 

Ийнхүү нэхэмжлэгч Б.Оюунханд нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр түүнд өмчлөх шилжих талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч Б.Эын хувьд дээрх үйл баримтыг няцаагаагүй болно. Иймд өмчлөгчийн хувьд Д.О нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Эын эзэмшилд бодитойгоор ашиглагдаж байгааг хууль бус гэж үзэж шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Харин хариуцагч “Т” ХХК-ийг тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тус компанийн хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар уг автомашины өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Учир нь хариуцагч Б.Э 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БЗ-2017 дугаартай зээлийн гэрээг “Т” ХХК-тай байгуулж, үүгээр 3 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд ашиглах эрхтэй байхаар тохиролцож фидуцийн гэрээ байгуулсан байна. /хх 76, 77/

 

Хариуцагч “Т” ХХК фидуцийн гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох автомашиныг Б.Э өмчлөх эрхгүй этгээд гэдгийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмших эрх түүний нэр дээр байсантай холбоотой гэж үзнэ. /хх 6/

 

Түүнчлэн дээрх гэрээг байгуулсан цаг хугацаа, нөхцөл байдал нь тус компанийг бусдын эд зүйлийг өмчлөх эрхийг шударга бусаар шилжүүлж авсан гэх үндэслэлгүй учраас хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай Б.Оюунхандын нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм.    

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан 15-45 УБЯ улсын дугаартай Тоёота приус загварын автомашины өмчлөгч Д.О болохыг тогтоож, хариуцагч Б.Эын эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгож, “Т” ХХК-д холбогдох фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашины өмчлөх эрхийг Д.Оад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “хариуцагч “Т” ХХК-иас 70 200 төгрөгийг тус тус” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Т” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА