Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0707/З/Т |
Дугаар | 616 |
Огноо | 2020-09-29 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 616
2020 оны 09 сарын 29 өдөр Дугаар 128/ШШ2020/0616 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч *******ыг оролцуулан, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.С,
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,
Гуравдагч этгээд: Г,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны ******* дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 1.1-д “Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг нийслэл хотод хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны хугацаа сунгахад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн тавдугаар бүлгийн 9 дүгээр зүйлд заасан заалтад нийцүүлэн гаргасан энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж заасан байна.
Би Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж, “Монголын будда бурхан шашинтны төв зөвлөл” байгуулахаар хандсан. Ингэж хандахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн баталсан дээрх журмын 2 дугаар зүйл заасан баримт материалыг нэг бүрчлэн бүрдүүлж, хүсэлт гаргасан болно. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас надад 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 02\794 дугаар албан бичгээрээ “...Танаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд дээр дурдсан журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичиг баримтын бүрдэл дутуу шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Тус журмын 3.3-т “Буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын бурхан шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар тодорхойлолт авсан байна” гэж заасан байна. Би Монголын бурхан шашинтны төвөөс тодорхойлолт авахаар хандсан боловч, тодорхойгүй шалтгаанаар тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ингээд судлаад үзэхэд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9.2-т “Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна.” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай” 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаар хүчингүй болгосон байна. Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн хянавал хэсэгт дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тайлбарлахдаа “Буддын болон Мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ” гэсэн байна. Сүм хийд байгуулах журмын дагуу дацан, төв яг адилхан.
Иймд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн тавдугаар бүлгийн 9 дүгээр зүйлд нийцүүлэн гаргасан дээрх журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буддын шашны сүм хийд, дацан, төв нь Монголын бурхан шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар тодорхойлолт авсан байна.” гэсэн заалт нь тус хуультай нийцээгүй, хүчингүй болсон хуулийн заалтад үндэслэсэн, шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай байх тул тус заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой, мөн тусгайлан эрх олгосон тухайн зүйлийн агуулга зорилгод нийцсэн байх ёстой.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэл учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч З.Сийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 2 удаа бүртгүүлэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, сүүлд шашны байгууллага бүртгүүлэх асуудлаар хандахад З.Сид хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн байсан. Зөвхөн Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь заалт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Санал дүгнэлт болон тодорхойлолт гэсэн асуудалд маргаагүй. Хэм хэмжээний актыг хүчингүй болгохтой холбоотой маргаанд гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна.
Хуульд санал дүгнэлт авна гэсэн байсан, тус журмын 3.3-т албан ёсны тодорхойлолт авна гэсэн байна. Ямар нэгэн баримт бичгийг гуравдагч этгээдээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Санал, дүгнэлт, тодорхойлолтод маргаагүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны ******* дүгээр тогтоол нь хуульд нийцсэн талаар:
Маргаан бүхий акт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх буюу нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоход баримтлах хэм хэмжээг тогтоосон акт бөгөөд хуулиар зохицуулагдаагүй харилцааг зохицуулах, зохицуулсан зарим харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор 2005 онд батлагдан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн ямар нэгэн зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хуулийн заалтыг зөрчих тухай эрх зүйн ойлголт байхгүй болно.
2. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” 3.1.3-д “ “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байна. Харин нэхэмжлэгч нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журамд заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор “Монголын бурхан шашинтны шинэ төв” нэртэй шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байсан байна. Иймд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Мөн нэхэмжлэгч нь өөрт ямар хуулиар олгогдсон аль эрхээ зөрчигдсөн хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж буй нь тодорхой бус байна.
3. Шүүхийн шийдвэрийн талаар:
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас харвал нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан “Захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;’’ заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж үзэхээр байна. Харин дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх захиргааны хэм хэмжээний актыг бүхэлд нь хянахаас тодорхой зүйл, хэсэг, заалтад тусгайлан дүгнэлт гаргах боломжгүй байна. Иймд хэргийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “шүүгч хуульд захирагдах” зарчимтай нийцэхээргүй байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагчид өмнө нь хандаж байгаагүй бөгөөд маргаан бүхий актын талаарх гомдлоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4. дэх хэсэг “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 9З дугаар зүйлийн 93.2 дахь хэсэг "Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргаж шийдвэрлүүлэх ёстой'' байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, ба энэ журмыг хэрэглэх боломжтой," нөхцөл байдал үүссэн байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Нэхэмжлэгчийн энэ нэмэгдүүлсэн шаардлагаас харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д заасан шийдвэр гаргуулах гэж байна гэж ойлгож байна. Гэвч тус хуульд зүйл заалтыг хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргуулах хүсэж байгаа шийдвэрийг процессын хуулиар шийдэх боломжгүй гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Уг журамд 1992 оны Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг үндэслэл болгосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ******* дүгээр тогтоолын хувьд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд хуульчилж өгсөн. Төр сүм, хийдийн харилцааны тухай хуулийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан. Гандантэгчилэн хийд нь бурхан шашны төв учраас заавал зөвшөөрөл авах зохицуулалттай. Хууль зөрчиж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайхаас гаргасан тогтоолын журмын 3.3 дахь хэсэг хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны ******* дүгээр тогтоолоор Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн төр сүм хийдэд шинээр зөвшөөрөл олгохдоо ямар процессоор хэрхэн олгох талаар журам тогтоосон. Маргаан бүхий акт нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9.1-д зааснаар Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сүм хийдийн зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг хянаж үзэж зөвшөөрөл олгох процессыг журамласан тогтоол байдаг. Мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж зааснаар бусад шашинд төвөөс нь тодорхойлолт авахгүйгээр зохицуулж өгсөн. Мөн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд сүм, хийд байгуулахаар 3 удаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан байдаг. Эхний 2 хүсэлтийн хувьд зөвшөөрөл олгож цаашид үйл ажиллагаа явуулж байгаа. 3 дахь хүсэлтийн хувьд Бурхан шашинтны төвөөс тодорхойлолт олгоогүй учраас нэхэмжлэл гаргаж маргасан. Тиймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д зааснаар шийдвэр гаргуулах гэж байна гэж ойлгож байна. Гэвч тус хуульд зүйл заалтыг хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргуулах хүсэж байгаа шийдвэрийг процессын хуулиар шийдэх боломжгүй гэж харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр заасан нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Гандантэгчилэн хийд нь шашны төв байгууллага бусад шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Санал, дүгнэлт гэдэг нь тодорхойлолтоос өөр ойлголт. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны ******* дүгээр тогтоолын 3.3 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг манай зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батлагдсанаар хувийн олон шашны байгууллага нэмэгдсэн. Үүний зэрэгцээ олон чанаргүй, хувийн ашиг хонжоо хайсан байдлаар шашны нэр хүндэд халдах байдал их гарч байна. Уг тогтоолын 3.3 дахь хэсэгт “Буддын шашны сүм хийд, дацан төв нь монголын бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авна” гэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9.2 дахь хэсэгт “Буддын болон Мусалманы шашны байгууллага нь Монгол улсын тухайн шашны албан ёсны санал дүгнэлтийг авсан байна” гэж заасан.Тиймээс санал дүгнэлт, тодорхойлолт 2 өөр зүйл гэж ойлгож байна. Иймд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдийг хариуцаж чиг үүрэг өгч байх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол улсад 1990 оноос хойш үйл ажиллагааг эрчимжүүлсэн бүх шашны сүм хийдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж байх үүргийг Гандантэгчэнлин хийд хариуцаж байгаасай гэж хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрх зүйн эх сурвалжуудад дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Улсын Их Хурлаас 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь “Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна.” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай” 02 дугаар дүгнэлтээр “шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ” гэж дүгнээд уг хэсгийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг Улсын Их Хурал 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авснаар тухайн заалтыг хүчингүй болгосон хууль гаргажээ.
Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болжээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг баталсан, журмын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн буюу шашны байгууллага байгуулах зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлэх баримт бичигт дээрх тодорхойлолтыг авсан байхыг шаардсан зохицуулалт болжээ.
Нэхэмжлэгч З.С нь буддын шашны төв байгуулах хүсэлт гаргаж, журамд заасан баримт, материалыг бүрдүүлэн хандахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал журмын энэ заалтыг барьж 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 02\794 дугаар албан бичгээр “өргөдөл, хүсэлтэд дээр дурдсан журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичиг баримтын бүрдэл дутуу шийдвэрлэх боломжгүй” хэмээн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс албан ёсны тодорхойлолт аваагүй үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзсан, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд тодорхойлолт өгөөгүйгээс шашны байгууллага байгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжгүй болсон, өөрөөр хэлбэл журмын уг заалт түүнд шашны байгууллага байгуулах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхэд тодорхой үр дагавар үүсгэж буй тул шашин шүтэх, эс шүтэх эрх зөрчигдсөн гэж маргах эрхтэй байна.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийслэлийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох эсэхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх эрхтэй ч, энэ эрхийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар тухайн нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй ч, Хурлын Тэргүүлэгчид нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10-т зааснаар иргэдийнхээ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах эрхтэй ч энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргаж буй аливаа шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх учиртай. Тиймээс шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болсон үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр 1994 онд хүчингүй болсон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь “Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна.” гэсэн хэсгийг 2005 оны журамд агуулгаар нь ийнхүү тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийг зөрчжээ.
Санал, дүгнэлт, тодорхойлолт нь хууль зүйн нэр томъёоны хувьд өөр агуулгатай ч Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн хүчингүй болсон 2 дахь хэсэгт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны ******* дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хувьд тухайн “санал, дүгнэлт, тодорхойлолт” аваагүй тохиолдолд шашны байгууллагын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болох эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна. Өөрөөр хэлбэл энэ маргаан үүсэх үндэслэл болсончлон баримт бичгийн бүрдэл хангаагүй хэмээн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохын хувьд санал, дүгнэлт, тодорхойлолт аль нь байхаас үл хамаараад эрх зүйн адилхан үр дагавар үүсгэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн төрлийг тусгасан, нэхэмжлэлийн шаардлагаа 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр уг хэсгийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүхээс гарах шийдвэрийн төрөлд уялдуулан тодорхойлох” шаардлагад нийцсэн, журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр журмын бусад зохицуулалтыг буюу журмыг бүхэлд нь хэрэглэх боломжгүй гэх нөхцөл үүсэхээргүй байх тул “процессын хуулиар шийдвэрлэх боломжгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Түүнчлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдэд буюу нутгийн өөрөө удирдах байгууллагад дээд шатны байгууллага байхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь “тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэх хэсэг нь нэхэмжлэгчийн сонгож хэрэглэх зохицуулалт тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх үндэслэл болохгүй.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосон 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуульд нийцээгүй байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3 дахь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ