| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 020/2015/0122/З |
| Дугаар | 221/МА2015/0402 |
| Огноо | 2015-08-26 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0402
О.Байгалмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч О.Байгалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундраа, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, О.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн О.Байгалмааг ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалт бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэр өөрчлөгдөөгүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээгүй байсан боловч Монгол Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн хамгааллын салбарын 2015 оны төсөв, орон тоо, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор агентлагийн дэд даргын орон тоог хасч шийдвэрлэсэн.
Иймд Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан өөрөөс үл хамаарах шалтгаанаар тухайн орон тоо нь хасагдсан гэж үзэн О.Байгалмааг ажлаас чөлөөлсөн бөгөөд хуулийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд тушаалаар даалган олгуулсан юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Захиргааны хэргийн шүүх нь гадагш чиглэсэн хууль бус захиргааны актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэдэг.
Гэтэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/14 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гадагш чиглэсэн захиргааны акт биш, харин дотогш чиглэсэн захиргааны шийдвэр байна. Уг тушаал нь хууль ёсны буюу ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй юм гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 30 дугаар зүйлийн 8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Байгалмаагийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн О.Байгалмааг ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалт бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О.Байгалмаа давж заалдах гомдолдоо: Миний бие 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байтал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 07 дугаар 03-ны өдрийн А/103 тоот тушаал гаргаж ямар ч хуулийн үндэсэлгүйгээр улс төржсөн шинжтэй үйл ажиллагааг явуулж ажлаас чөлөөлсөн. Дээрх хууль бус захиргааны актыг үндэслэлгүй хэмээн маргаж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хэвзэр үлдээж шийдвэрлэсэн.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд биелүүлэхээс татгалзаж байсаар байгаад 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилсон. Гэтэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б\03 тоот "Ажлаас чөлөөлөх тушаал" гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Үндсэндээ бол намчирхсан үзлийг хэрээс хэтрүүлж, удаа дараа ажлаас халах арга хэмжээг авч, хууль бус үйл ажиллагааг явуулсаар өдийг хүрсэн.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар "Ажлаас чөлөөлөх тушаал" гаргах болсон үндэслэл нь Засгийн газрын баталсан агентлагийн орон тооны хязгаарын хүрээнд дэд даргын орон тоог тогтоосон гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Уг тушаалыг Засгийн газрын 2014 оны "Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай" 387 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан байх бөгөөд Засгийн газрын тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1-д "...хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах гэж оруулсан. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний төв байна гээд тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 72, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын орон тоог 48, Хүүхдийн төлөө үндэсний газрыг 35 байхаар тогтоож өгсөн.
Гэтэл бодит байдал дээр дээрх Засгийн газрын тогтоолоор баталсан Засгийн газрын хэрэггжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар 48 орон байгаа бөгөөд дэд даргын орон тоо хэвээр, Хүүхдийн төлөө үндэсний газар 35 орон тоотой дэд даргатай ажиллаж байгаа. Үүнээс үзвэл үндсэндээНийгмийн даатгалын ерөнхий газар 72 орон тоотой байтал нэг ч дэд дарга байхгүй, харин түүнээс бага орон тоотой газрууд нь дэд даргатай байгаа нь өөрөө хууль зөрчсөн, миний эрхийг шахан боогдуулах гэсэн явуургүй санаагаа хэрэгжүүлэн тушаал гаргасан нь хууль бус байна.
Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, дээрх агентлагуудын дэд даргын орон тоо байгаа эсэхийг шалгуулахаар үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч хүсэлт хангагдаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтэц орон тоонд шүүхээс үзлэг хийсэн боловч, шүүхийг үл хүндэтгэж үзлэг хийх боломжоор хангаагүй. Угтаа шүүх мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлж чадалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Засгийн газрын тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 72 байхаар тогтоосон уг тогтоолыг биелүүлэх эс биелүүлэхтэй холбоотой асуудал нь маргаан бүхий актуудтай нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн ажилтан, албан хаагчийн нэрсийн жагсаалтанд нийтдээ 126 орон тоотой ажиллаж байгаа бөгөөд өдийг хүртэл Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй хэвээр л байгаа. Угаасаа биелүүлэх боломжгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тоог 72 болгож цомхотгох боломжгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 29-нд батлагдсантай холбогдуулж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газар нь /нийт 36 орон тоотой/ уг хуулийн 15.1-д "Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна" гэж заасны дагуу бие даасан байгууллага болсноор Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тоог хасах боломжтой. Гэтэл дээрх хуулийн зүйл заалт нь мөн хуулийн 27.1-д "Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, энэ хуулийн 8.1 дэх хэсэг, 8.2.4 дэх заалт, 15.1 дэх хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө" гэж заасны дагуу хэрэгжинэ.
Засгийн газрын 387 дугаар тогтоол 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө хэрэгжих боломжгүй байсаар байтал сайдын намчирхсан үзлээ илүүд үзэж Засгийн газрын тогтоол гарсан даруйд төрийн байгууллагад 25 жил тасралтгүй ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан тушаалтныг албан тушаалаас нь ямар нэгэн саналыг нь асуулгүйгээр халж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр болсон.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан доромжлох болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах, төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаа болох мөн зүйлийн 27.2.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэх баталгааг хангаагүй нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх төрийн албан хаагчийн баталгааг хангаагүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "...төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх , төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмыг баримтлалгүй намайг албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн шүүх хуралдаан дээр иргэдийн төлөөлөөс маргаан бүхий тушаалууд улс төрийн хэлмэгдэл явагдаж байгаа нь илт байгаа болохыг тодорхойлоод нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Сангийн яамны 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4-1/6378 дугаар албан бичгээр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сайдын зөвлөх, агентлагийн дэд даргын орон тоог цомхотгон, цалингийн санг хасч улсын төсвийг баталсан талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд мэдэгджээ. Уг шийдвэрийн дагуу хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/2307 албан бичгээр сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төвүүдэд ажиллаж байгаа дэд даргын орон тоо хасагдсан талаар мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд нэхэмжлэгч О.Байгалмаагийн ажиллаж байсан Нийгмийн даатгалын газрын дэд даргын орон тоо мөн орсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 6.1-д хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах-аар зааж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг 72 орон тоотой байхаар баталжээ.
Улмаар Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар агентлагийн дэд даргын орон тоог цомхотгосон үндэслэлээр нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл дээрх байдлаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан дэд даргын орон тоо хасагдсан, энэ талаар нэхэмжлэгчид хариуцагч урьдчилан мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь хуульд заасны дагуу Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй юм.
Иймээс нэхэмжлэгчийн бодит байдалд Нийгмийн даатгалын ерөнхий газарт 100-аас илүү хүн ажиллаж байгаа тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан дэд даргын орон тоог цомхотгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэх гомдол үндэслэлгүй.
Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Дээрх тушаалыг хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрыг 72 орон тоотой байхаар тогтоосонтой холбогдуулан тус газрын зохион байгуулалт бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1., 3.1.2.-т заасны дагуу дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.1.4-т захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна, 4.2.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна гэж заасан байна.
Харин нэхэмжлэгчээс шүүхэд хүчингүй болгуулахаар гаргасан маргаан бүхий Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/14 дүгээр тушаал нь дээрх хуулийн заалтад заасан захиргааны актын гадагш чиглэсэн шинжийг өөртөө агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчид шууд чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх тушаал нь байгууллагын бүтэц, орон тоог Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолд нийцүүлэн баталсан, дотогш чиглэсэн акт болохоос нэхэмжлэгч О.Байгалмаад хандаж гарсан захиргааны акт биш байх тул дээрх тушаалыг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 405 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 30 дугаар зүйлийн 8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Байгалмаагийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалт бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн О.Байгалмааг ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН