Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Д.Сумъяа, түүний өмгөөлөгч Х.Доржпалам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Сумъяад холбогдох 201624000328 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймаг Аргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Кроун Сервис” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Төв аймаг, Аргалант сум 1 дүгээр баг, Аргалын уул, Аргал 5 дугаар гудамж, 4 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЬ91111115, Болж овогт Дамдиндоржийн Сумъяа,

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Д.Сумъяа нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Офицеруудын ордоноос  Цайз зах руу явах замд Mazda Demio маркийн 95-50 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дэх хэсэгт заасан “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, …хэрэглэсэн, …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 9.3 “ тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Мөнхбаатарыг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Сумъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Мөн хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-2-4/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-5-8, 13-15/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-12/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмлэгч В.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-19-20/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтас хх-80-125/,  хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Сарантуяагийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан баримт /1 дүгээр хавтас хх-126/, иргэний хариуцагч Д.Хишигжаргалын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-133/, иргэний нэхэмжлэгч Д.Хишигжаргалын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-135-136/, гэрч С.Лхагва-Очирийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-138/, гэрч Ж.Цолмонтуяагийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-142-143/, гэрч О.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-146-147/, Д.Балжиннямын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-153-154/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 781 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас хх-171-172/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1 дүгээр хавтас хх-197/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас хх-203, 208/, шүүгдэгч Д.Сумъяагийн хувийн байдлыг тодорхойлсон Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн  засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хавтас хх-215/, шүүгдэгч Д.Сумъяагийн иргэний үмэнлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас хх-220/, түүний хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1 дүгээр хавтас хх-241-247/, түр оршин суух газрын тодорхойлолт /1 дүгээр хавтас хх-248/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас хх-249/, хохирол төлбөр төлсөн тухай баримтууд /1 дүгээр хавтас хх-250/, /2 дугаар хавтас хх-1-4/, Замын цагдаагийн газрын шинжээчийн 332 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас хх-7-8/, шүүгдэгч Д.Сумъяагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас хх-14-16/, хохирол төлсөн тухай баримт /2 дугаар хавтас хх-53/, хохирогчийн гомдол, саналгүй тухай бичгээр өгсөн баримт /2 дугаар хавтас хх-54/, шүүгдэгч Д.Сумъяагийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /2 дугаар хавтас хх-55-63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Сумъяа нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Офицеруудын ордоноос  Цайз зах руу явах замд Mazda Demio маркийн 95-50 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дэх хэсэгт заасан “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, …хэрэглэсэн, …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 9.3 “ тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Мөнхбаатарыг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрсөн болох нь:  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаачийн төрсөн ах Гончигийн Авирмэдийн эхнэр нь юм. Хадам ээж  Шадав овогтой Цэнд-Аюуш нь элэгний өвчний улмаас 1975 онд нас барсан. Харин хадам аав Гончиг нь 1968 онд өвчний улмаас нас барсан. Манай нөхөр Г.Авирмэд, талийгаач Г.Мөнхбаатар хоёр нь нэг айлын өргөмөл хоёр хүүхэд юмаа. Би талийгаачийн оршуулагын зардалд нийт 8.7 сая төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй ээ....”  /1 дүгээр хавтас хх-19-20, 126/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Д.Хишигжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний өөрийн эзэмшлийн автомашин юм. 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өглөө 07 цагийн орчимд миний дүү Д.Сумъяа нь надаас миний машиныг янзлуулж унах гээд аваад явсан. Тэр үед би түүнд машин барих зөвшөөрөл өгсөн....”  /1 дүгээр хавтас хх-133/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Хишигжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би одоохондоо машинаа үзэж хараагүй л байна. Ямар ямар эвдрэл гэмтэл учирсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ сая хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийг хараад машины урд хэсэг авах юмгүй л болсон харагдаж байна. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...”   /1 дүгээр хавтас хх135-136/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд намайг ажил дээр ажлаа хийж байхад О.Одончимэг, Ж.Цолмонтуяа нар над дээр ирсэн тэгээд Д.Сумъяагийн ажил дээр 17 цаг өнгөрч байхад очсон. Д.Сумъяатай уулзсан чинь ажил тараагүй байна тараад яръя гэж хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Д.Сумъяа ганцаараа ажлаа тараад ирсэн, бид 4 зочид буудал руу 0,75 литрийн архи худалдаж аваад орсон. Тэгээд бид 4 архиа ууж дуусгаад 01 цагийн орчимд гарч ахин нэг шил 0,5 литрийн архи худалдаж аваад дахин ууж дуусгаад би Д.Сумъяа, Ж.Цолмонтуяа нарын хамт баар луу хамт орж хүн бүр нэг нэг 0,5 литрийн пиво уугаад дууссан. Ингээд зочид буудал руу Д.Сумъяагийн хамт орж Ж.Цолмонтуяа бааранд үлдсэн. Тэгээд унтаад өглөө 09 цагт сэрэхэд Ж.Цолмонтуяа, Д.Сумъяа, О.Одончимэг нар байхгүй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ослын талаар мэдсэн.....” /1 дүгээр хавтас хх138-139/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Цолмонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Д.Сумъяа нь над руу утсаар ярьж “чи хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь гэртээ ирж байна гэж хэлсэн чинь 4-үүлээ Зайсан гарах уу гэж хэлэхээр нь найз нь 23 цагаас л гарч чадна гэж хэлээд утсаа тасалсан. Саарал өнгийн машин барьчихсан тэр хоёрын хамт ирсэн. Улмаар бид 4 Зайсан руу явах гэж байтал оюутан ангийн 4 хүүхэд С.Лхагва-Очирын төрсөн өдрийг мэдчихсэн, бид 4-ыг “Алтан цайз” дээр хүрээд ир гэсэн. Ингээд бид нар юм ярьж сууж байгаад оюутан ангийн хүүхдүүдээсээ салаад зочид буудал руу хамт орсон. С.Лхагва-Очир, Д.Сумъяа хоёр нь хамт гараад орж ирэхдээ 0,75 граммын Улаанбаатар нэртэй архи, 2 литрийн Пепси нэртэй ундаа зэргийг худалдаж авчирсан. Тэгээд бид дөрөв 4-үүлээ уугаад суусан. Ингээд би архи ууж дуусаад яг хэдэн цаг болж байсныг нь бол мэдэхгүй ганцаараа гарч зочид буудлын хажууд байх бааранд ороод сууж байтал араас Д.Сумъяа, О.Одончимэг нар цуг орж ирсэн. Тэгээд бид гурав баарнаас гараад зочид буудал руугаа орсон. Харин С.Лхагва-Очир нь унтаж байсан. Улмаар бид гурав юм яриад сууж байгаад найз нь гэртээ харихгүй бол болохгүй гэж хэлээд явах гэсэн чинь тэр хоёр намайг хүргэж өгнө гээд Д.Сумъяа саарал өнгийн автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Офицеруудын ордноос Цайз зах руу явах замд ерцөнцийн зүгээр хойноос урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн хэддүгээр эгнээгээр явж байсныг нь анзаараагүй явж байтал гэнэт л түс гэх чимээ гараад урд салхины шил хагараад зогссон. Ингээд бид 3 машинаас бууж машинд мөргүүлсэн хүн дээр очиход зам дээр дээшээгээ хараад хэвтчихсэн, толгойноос нь цус гараад ухаангүй байдалтай хэвтэж байсан. тэгтэл өөдөөс ирж байсан машин ирж зогсож жолооч нь бууж ирээд 102,103-т дуудлага өгсөн. Улмаар түргэн тусламж ирж машинд мөргүүлсэн хүнийг үзээд явсан, дараа нь Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгээд машиныг ачигч дуудаж ачуулаад улмаар бид хоёрыг Замын цагдаагийн газар дээр авчирсан юм...” /1 дүгээр хавтас хх142-143/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж.Цолмонтуяа, Д.Сумъяа, С.Лхагва-Очир бид хэд 750 граммын Улаанбаатар нэртэй архи, 2 литрийн Пепси нэртэ ундаа нэг ширхэгийг худалдаж авчирсан. Улмаар бид дөрөв, 4-үүлээ хамт уугаад нилээн муудаад би унтаж байсан. Тэгтэл намайг Д.Сумъяа нь гаднаас  орж ирж сэрээгээд Ж.Цолмонтуяа алга болчихлоо гэж хэлэхээр нь  хамт гарч түүнийг хайсан. Харин зочид буудалд С.Лхагва-Очир нь унтаад үлдсэн. Ингээд би Д.Сумъяагийн хамт Ж.Цолмонтуяаг хайгаад явж байгаад “Алтан цайз” бааранд орсон чинь Ж.Цолмонтуяа нь хүмүүсийн хажууд сууж байхаар нь түүнийг авч явах гэтэл явахгүй гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би түүнийг аргадаад арай гэж нэг юм авч гараад буцаад бид 3 буудал руу ороход шөнийн 04 цаг болж байсан байх. Гэтэл Ж.Цолмонтуяа нь би 05 цагаас өмнө гэртээ орох ёстой гэхээр би Д.Сумъяагийн хамтаар түүнийг хүргэж өгөх болоод улмаар Д.Сумъяа нь саарал өнгийн Мазда Демио маркийн 95-50 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодоод Ж.Цолмонтуяаг хүргэж өгөх зорилгоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Офицеруудын ордноос Цайз зах руу явах замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь гэнэт түс тас гэх чимээ гараад урд сахины шил нь хагараад зогссон. Тэгээд бид 3 машинаас бууж машинд мөргүүлсэн хүн рүү очсон чинь дээшээгээ хараад хэвтчихсэн. Ухаангүй байдалтай хэвтэж байсан....” /1 дүгээр хавтас хх146-147/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2016 оны 4 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 10 минутын үед би өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота Пирус 30 маркийн 18-45 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа...Офицеруудын ордны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар  эгнээгээр  ойролцоогоор 30-40 орчим км\ц-ийн хурдтай явж байтал миний явж буй чиглэлд мөнгөлөг өнгийн Мазда Демио маркийн автомашин нь хүн мөргөчихсөн зогсож байсан. Тэгэхээр нь би буцаж эргээд машинаа замаас чөлөөлж тавиад машинаас буулгүй эхлээд өөрийхөө утсаар 99609099 гэсэн дугаараас 103 руу залгаж дуудлага өгөөд, дараа нь 102-т дуудлага өгсөн юм. Ингээд би цагдааг иртэл машиндаа л сууж байсан. Тэр үед машины жолооч нь эрэгтэй хүн байсан ба машинд бас 2 эмэгтэй хүн цуг байсан юм. Ингээд эхэлж цагдаа ирээд, дараа нь түргэн тусламж ирж машинд мөргүүлсэн хүнийг үзээд орхиод яваад өгсөн...” /1 дүгээр хавтас хх153-154/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №781 дугаар актын:

1. Талийгаач Г.Мөнхбаатарын биед чамархай, зулай, дүүн нүдний ухархайн дээд хананы шугаман хугарал, 2 талын чамархайн булчин, зудайн хуйханд цус хуралт, суурин холбоос тасрал, элэгний баруун дэлбэнгийн язарсан урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун шаант ясны далд зөрөөтэй хугарал, эрүү, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх үед босоо байрлалд байхад үүсэх боломжтой.

3. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.

4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл болон хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ.

5. Талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

7.Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. /1 дүгээр хавтас хх-171-172/,

 

Жолоочийн согтуурал шалгасан “Д.Сумъяа нь ЗЦГ-н жижүүрт драйгер багаж үлээлгэн шалгахад 1.89% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов. /1 дүгээр хавтас хх-197/ гэх магадлагаа,

 

Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын 201 дугаартай албан бичигт “Д.Сумъяа нь Аргалын 5-4 тоотод ам бүл 6, аав, ээж, эгч, ах нарын хамт амьдардаг болно. Д.Сумъяа нь тус суманд хувиараа дугуй засвар ажиллуулж байсан ажилсаг иргэн. Тус суманд дунд сургуульд суралцан улмаар Дархан өргөө коллежид токерь, авто засварчин мэргэжил эзэмшсэн. Ажил, мэргэжлээрээ сумандаа шалгарч 2013 оны “Шилдэг залуу” медаль, аймаг, сумын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцож байсан манай тэргүүний залуу болно. Зан харьцаа эелдэг, тусч, ажилсаг, хамт олонтойгоо эвтэй, урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болохыг тодорхойлов /1 дүгээр хавтас хх-215/ гэх тодорхойлолт,

 

Замын цагдаагийн газрын 332 дугаартай:

1.Mazda Demio маркийн 95-50 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Сумъяа нь МУ-н ЗХД-н 2.7 “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй бюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.3 “ тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтас хх-7-8/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Сумъяа нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Офицеруудын ордоноос Цайз зах руу явах замд Mazda Demio маркийн 95-50 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дэх хэсэгт заасан “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, …хэрэглэсэн, …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 9.3 “ тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Мөнхбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Сарантуяа нь хохиролд 8.700.000 төгрөг хүлээн авсан болох 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Сумъяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Сумъяад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож уг гэмт хэргийг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.

 

            Шүүгдэгч Д.Сумъяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Сумъяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 753811 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Болж овогт Дамдиндоржийн Сумъяаг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Дамдиндоржийн Сумъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Сумъяад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201624000328 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Сумъяа нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 753811 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Сумъяад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар  Д.Сумъяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох дурдаж, шүүгдэгч Д.Сумъяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.        

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сумъяад урьд авсан батлан даалтад өгөйх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                      Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ