Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0582

 

Ж.*******ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.*******ы нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Отгонсайхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан.

Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежер, хошууч Ж.*******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар захиргааны санаачилгаар албан тушаал бууруулан Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилсон тушаалыг сахилгын шийтгэл ногдуулсан, зөрчил нь төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд нь эрхлэх асуудлын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яамны /хуучин нэрээр/ харьяа бүх агентлагуудын хөгжлийн стратеги хөтөлбөр"-ийг 2008-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар тушаалаар баталсан байдаг ба "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр"-т тусгагдсан 25 ажил үйлчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөнд тусгаж, 2008-2011 он, 2012-2015 он, 2016-2019 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргаар 2015 онд ажиллаж байсан хошууч Ж.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Хууль зүйн яаманд хүргүүлэхдээ удирдлагын тодорхой чиглэл, зөвшөөрөлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөний хэрэгжүүлэх арга хэмжээний 1.3-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулах.", "Хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулан дээд байгууллагад хүргүүлсэн байх.", "Батлагдаж мөрдөгдсөн байх" гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжиж байгаа хөтөлбөрийг буруу томьёолж, үндэслэлгүйгээр боловсруулан хүргүүлсэн нь хэрэгжээгүй байна.

Төлөвлөгөө нь бодит биелэгдэхүйц байдлаар тооцоолон цаасан дээр буулгасан бичиг баримт ба байгууллагын үйл ажиллагааны чиглүүлэгч нь юм. Үүний ард цаг хугацаа, мөнгө, ажиллах хүчин, байгууллагын бодлого явагддаг ба тус асуудалтай холбогдуулан Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, батлагдсан хөтөлбөрийг боловсруулахаар оруулсан гэсэн чиглэлийг ирүүлсэн, тус асуудлаас болж байгууллагын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээ унасан.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 болон 4 дэх хэсэг, ажлын байрны үндсэн зорилтод байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулах, хяналт тавих, батлуулах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлнэ гэж заасан ба дээрх асуудал нь хошууч Ж.*******ы хариуцан гүйцэтгэх ажил үүрэг юм.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно.", Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “...тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн..." гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно." гэж тайлбарласан байдаг ба захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл биш ба систем дотроо ажиллаж байгаа, мөн боловсруулсан төлөвлөгөө нь жилийн эцсийн биелэлтээр хангалтгүй дүгнэгдсэн тул дээрх шийдвэр гарсан.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Ж.*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Ж.*******ыг албан тушаал бууруулан томилох тухай” 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн б/185 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг зөрчиж гарсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Учир нь хариуцагч дээрх тушаалын үндэслэлээ Ж.******* нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б/95 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилж албан тушаал бууруулж байгаа нь хууль бус болжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б/95 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргын албан тушаалыг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерийн ажил албан тушаалыг хашиж байх хугацаандаа албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг А.Цэнгэл, Ч.Болорцэцэг нар боловсруулан, Д.Адъяабазар, Ж.******* нар хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт батлан, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/97 тоот албан бичгээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах, уг төслийг Хууль зүйн сайдад хүргүүлэхдээ “... хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжиж байгаа хөтөлбөрийг буруу томьёолж, үндэслэлгүйгээр боловсруулсан” зөрчлийг Ж.******* санаатайгаар гаргасан, энэ зөрчил нь зөвхөн нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотой гэх зүйл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй юм.

Иймд эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР