Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 126/2016/0030/З/ |
Дугаар | 101 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101
Д.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Н нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар магадлалтай, Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудитор О.А-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3, Төсвийн тухай хуулийн 69.1, 69.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн “Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А-гийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Цалингийн зардал төлүүлэх” тухай 36-07/65 дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 58 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 16.5.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч О.А-гийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Цалингийн зардал төлүүлэх” тухай 36-07/65 дугаартай актыг хүчингүй болгож, Д.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудитор О.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Санхүү хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамж, аймгийн Боловсрол соёлын газрын хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарын 31-ний хүртэлх хугацааны ажиллагсдын цалин хөлсний тооцоололт, олголтод санхүүгийн шалгалтыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтад тулгуурлан явуулахын зэрэгцээ холбогдох иргэд, албан тушаалтан, санхүү бүртгэлийн ажилтнаас лавлагаа авах замаар хийж гүйцэтгэсэн болно.
Шалгалтын явцад сургалтын менежер Д.Н нь 2012 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх хугацаандаа 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/25 тоот тушаалаар үндсэн цалингийн 20 хувийн урамшуулал, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 тоот тушаалаар цалингийн шатлал ахиулах, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/30 тоот тушаалаар ур чадварын нэмэгдэл 30 хувиар 2 сарын хугацаанд олгох зэрэг эрхийн акт өөртөө зориулан гаргаж, нийт 409.578 төгрөгийн нэмэгдэл цалин авсан болохыг цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн тооцож гаргасан билээ.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.М нь 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Д.Н-ийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгүүлэгчээр томилсон байдаг бөгөөд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Н-ийн цалингийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгохдоо ажилд томилсон Засаг дарга Д.М /тухайн үеийн Засаг дарга/ ажлын үр дүнг нь үндэслэн шийдвэр гаргах байсан.
Гэвч Д.Н-ийн гаргасан захиргааны акт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч О.А-гийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Цалингийн зардал төлүүлэх тухай” 36-07/65 дугаартай актаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэх үндэслэлээр илүү олгосон 409578 төгрөг, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 45053 төгрөг нийт 454631 төгрөгийг Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн менежер Д.Н-ээр төлүүлэхийг тус сургуулийн захирал, нягтлан бодогч нарт даалгасан, нэхэмжлэгч Д.Н нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, “төсвийг зориулалтын дагуу зарцуулсан, уг тушаалыг өөртөө зориулж гаргаагүй, төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээд захиралд урамшуулал олгосон зүйл биш” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн менежер ажилтай Д.Н нь сургуулийн захирлын үүргийг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэх үедээ өөртөө 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Урамшуулал олгох тухай Б-25 дугаар тушаалаар “Чандмань бүсийн төрөлжсөн хичээлүүдийн 8 дугаар олимпиадад багаараа тэргүүн байр эзэлсэн тул” гэж үндсэн цалингийн 20 хувиар урамшуулал олгож, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Цалингийн шатлал ахиулах тухай” Б-28 дугаар тушаалаар “боловсролын байгууллагад 11 жил үр бүтээлтэй ажилласан тул” гэж цалингийн шатлалыг ТҮБД-ийн 6-3-аар тогтоож, мөн өдрийн “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” Б-30 дугаар тушаалаар үндсэн цалингийн 30 хувиар 2 сарын хугацаатай ур чадварын нэмэгдэл олгосон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь; 28.2.4-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28.9-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараах байдлаар шагнаж, урамшуулна; 31.1.1-д “мөнгөн шагнал олгох”, 31.2-т “төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно”, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, түүнийг олгох журмыг Төрийн албаны тухай хуулийн 31.3-т заасны дагуу Засгийн газар батална” гэж зааснаас үзвэл төрийн үйлчилгээний албан хаагч /ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер/ нь албан тушаалын цалингаас гадна ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдэл, үр дүнгийн урамшил авах эрхтэй тул эдгээр нь тухайн төсвийн байгууллагад төсөвлөгдсөн /уг зориулалтаар батлагдсан/ байх нь тодорхой юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн менежерийн албан тушаал нь “ТҮБД-6” зэрэглэлд хамаарч байгаа, тухайн зэрэглэл дэх шатлал ахиулсан нь хууль бус гэж хариуцагч маргаагүй байна.
Гэтэл хариуцагч нь, “нэмэгдэл цалин авч”, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн гэдэг үндэслэлээр акт тогтоосон нь акт гаргах үндэслэлд нийцээгүйн зэрэгцээ тухайн үед хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийг баримталсан нь хууль бус, цалингийн зардлыг “нөхөн төлүүлэх” уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Анхан шатны шүүх “эрх зүйн акт гаргах эрхгүй албан тушаалтан гаргаж, төсвийн мөнгөнөөс зарцуулахыг нябо-д зөвшөөрсөн учир үүнийг хууль зөрчсөн, зориулалтын бус зарцуулсан гэж үзсэн улсын байцаагчийг буруутгахгүй” гэж агуулгын буруу дүгнэлт хийсэн, улсын байцаагчийн актын үндэслэл болоогүй асуудлыг өөрийн санаачилгаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Түүнчлэн Д.Н нь захирлын үүргийг үр орлон гүйцэтгэж байхдаа өөрийгөө “сургалтын менежер”-ийн ажлын үр дүнгээр урамшуулал, ур чадварын нэмэгдэл, албан тушаалын цалингийн шатлалыг нэмэгдүүлж тогтоосон зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэнтэй нийцэхгүй хэдий ч “цалингийн зардал төлүүлэх тухай” захиргааны актын үндэслэл болоогүй учир энэ үндэслэлээр шүүхэд маргаж буй хариуцагчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ