Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0307/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор У.Дэндэвдорж, Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э, тэдний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С-ийн Б, Ө овогт З-н Б, Ч овогт П-ын Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018003120314 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт С-ийн Б, /регистрийн дугаар: ........../, .......... оны ..........  дугаар сарын .......... -ны өдөр ...........  аймгийн ............ суманд төрсөн, ..........настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, ................ хамт ...............  аймгийн ...............  сумын .............. багийн ...............  дугаар байрны ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, Ө овогт З-ын Б, /регистрийн дугаар: ................. /, .............. оны ........  дугаар сарын ............ -ны өдөр ..............  аймгийн ............ гол суманд төрсөн, ............  настай, эрэгтэй, тусгай боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ , эхнэр хүүхдийн хамт .................  аймгийн .............. сумын ..........  багийн ...................  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, Ч овогт П-ын Э, /регистрийн дугаар: ............. /, ............ оны .....  дугаар сарын .......... -ний өдөр ............. хотод төрсөн, ...........  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... , .............  хамт ...............  аймгийн ............  сумын ........... багийн ..........  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд

-.....................  шүүхийн .......... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

-.................. шүүхийн ............  оны ..........  дүгээр сарын ......... -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

-...................... шүүхийн ............  оны ...........  дугаар сарын ..............-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг ....................... давж заалдах шатны шүүхийн ............оны .........  дугаар сарын .............. -ний өдрийн магадлалаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг “Бурхант” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б, Э бид гурав ноос самнасан. Ноосоо самнаж дуусаад гол дээр очиход хажууд нь овоолсон шороо байсан. Тэгэхээр тэр шорооноос авч нуур руу аваачиж угааж байтал цагдаа нар ирсэн.”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хөдөө ямаа самнах ажил хийж дуусаад гар нүүрээ угаахаар нуур руу очиход голын хажууд овоолсон шороо байсан. Хүрзээр шороо ухсан, саванд шороог хийж угаасан. Шороог угааж байхад цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. Алт олборлоход тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Харин ямаа самнахдаа унаж явсан юм. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр айлд ямаа самнаад дууссан. Халуун байсан болохоор нүүр гараа угаахаар голын эрэг орсон. Тэгтэл ашиглагдаад хаягдсан шороо байсан. Тэндээс аваад нуур руу очоод угааж байтал цагдаа ирээд бид нарыг баривчилсан.”  гэв.

 

Эрүүгийн 2018003120314 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлг гэрэл зургийн үзүүлэлт[2],

 

С.Б-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед найз Б, Э хоёртой хамт ..... ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр хөдөөгийн айлуудаар явж хөлсөөр ямааны ноолуур самнахаар явсан ба тэр орчмын хэд хэдэн айлд очсон чинь ямаагаа самнасан гэхээр нь буцаад Шарын гол сумын төв орохоор явж байгаад Шарын гол дээр очоод буцаад Шарын гол сумын төв орохоор явж байгаад толгойгоо угаах санаатай байж байтал голын хажууд алттай гэмээр шороо байхаар нь 6 шуудай аваад “Дархан алтан уул” компанийн нууран дээр очиж шороогоо хуванцар саванд угаасан. Тэгээд угаасан шорооноосоо 0,3 грамм алт гаргаж аваад байж байтал цагдаа нар ирээд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж биднийг шалгасан. Тухайн үед 1 ширхэг хүрз, 1 ширхэг 10 литрийн багтаамжтай хуванцар сав ашигласан. Би найз Э, Б нартай хамтран уг үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Цагдаа нар бид гурвыг саатуулаад металлыг жинлэхэд 0,3 грамм алт олборлосон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

З.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б, Э хоёр найзтайгаа Шарын голын Санжинт 3 дугаар багт байрлах айлуудын ямааг самнах  зорилгоор 12 цагийн үед очсон. Бидний айлуудаар ороход ямаагаа самнасан гэж байсан. Тэгэхээр нь бид гурав буцахаар болоод Шарын голын төв рүү гараад 3 орчим км явж байгаад замын хажууд гол руу буугаад нүүр гараа угаасан. Гэтэл хуучин алтны илэрцтэй шороо байхаар нь тэр шорооноос 6 орчим шуудай шороо ухаж аваад миний машинд ачсан. Тэгээд шороогоо Бурхантын алтны нууран дээр аваачиж угаахаар гурвуулаа ярилцаж тохироод явж очсон. Бид гурвыг очиход тэнд хэдэн залуучууд айж байсан. Тэгэхээр нь тэнд орж шороогоо угаахаар залуучуудтай тохиролцсон. Зургаан шуудай шороог 30 орчим минут усаар угааж 0,4 орчим граммын алт гаргаж авсан. Тэгж байтал цагдаа нар ирж бид гурвыг саатуулсан. Цагдаа нар бид гурвыг саатуулаад металлыг жинлэхэд 0,3 грамм алт олборлосон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[4],

 

П.Э-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Манай найз Б2020 оны 5 дугаар сарын 27-ны өмнөх өдөр над руу залгаад хөдөө айлд ямаа самнах ажил байна аа маргааш Боотой гурвуулаа яваад ирье гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр өглөө Бпортер машинаа унаад манай гэрт ирээд Боо бид хоёрыг аваад Шарын голын Санжинт 3 дугаар багт байдаг ямаа самнах айлд 12 цагийн үед очсон. Гэтэл ямаагаа самнаад дууссан байсан. Тэгэхээр нь бид гурав буцаад Шарын голын төв рүү гараад 3 орчим км явж байтал замын хажууд хуучин алтны илэрцтэй байсан голын хажуугийн шорооноос 6 орчим шуудай шороо аваачиж угаан 0,4 грамм орчим алт гаргаад байж байтал цагдаа нр ирээд бид гурвыг саатуулсан. Миний буруу гэм буруугаа ухаарч ойлгож байна. Дахин хууль бус үйлдэл гаргахгүй. Цагдаа нар бид гурвыг саатуулаад металлыг жинлэхэд 0,3 грамм алт олборлосон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн газрын хэвлийд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүнгээр “газрын хэвлийд учруулсан хохирол 370 төгрөг, усанд учруулсан хохирол 11,008 төрөг” гэх дүн, гэрэл зургийн үзүүлэлт[6] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

          Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг “....... ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч У.Дэндэвдорж, Ц.Цэен-Ойдов нар дүгнэлтдээ: Энэ гэмт хэрэг нь материаллаг биш хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Тийм учраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан бол гэмт хэрэг төгсдөг. Шүүгдэгч нар нь 0,3 грамм алт олборлосон нь Стандарт хэмжил зүйн газраас тогтоосон дүгнэлтээр тогтоогдсон. Мөн хэргийн газрын үзлэгийн гэрэл зурган үзүүлэлтээр шүүгдэгч нар нь газар ухсан эсэх нь хэн ч харсан тогтоогдохоор байгаа. Мөн шүүгдэгч нар нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ алт олборлохоор газар ухсан гэдгээ мэдүүлсэн. Иймд  шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдах эрх байхгүй гэдэг дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гээд байгаа металл өөрөө үнэт металл, ашигт малтмал мөн эсэх, ухсан гэх шороо нь уурхайгаас зөөвөрлөгдсөн эсэх, мөн металлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. Иймд хэргийг буцааж дахин үзлэг хийх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”

2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.”

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж тус тус  хуульчилсан.

Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хууль бусаар халдах ёсгүй байтал шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт ботид хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нарыг бүлэглэж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Б, З.Бямаа, П.Э нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гарган өгсөн Төрийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч нар дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч П.Э-ыг тэнссэн өмнөх Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч П.Э-ын биечлэн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч З.Б-ийн эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч З.Б, С.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар  шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэх эсхүл тэнсэх боломжгүй гэж үзвэл торгуулийн ял шийтгэж өгнө үү. Шүүгдэгч П.Э-ыг Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний 73 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах байсан боловч түүний одоогийн хувийн байдал, нас зэргийг нь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч З.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үед ашигласан эсэх нь тогтоогдоогүй тул З.Б-ийн эзэмшилд хэвээр үлдээх саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байна.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Б, З.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ..........  дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ......  дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасны дагуу П.Э-ыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан хорих ялыг нэгтгэж, биечлэн эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б, З.Б, П.Э нар нь зохих зөвшөөрөлгүйгээр гар аргаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тэдний хэргийн газарт унаж явсан гэх ..... ДАР улсын Портер маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч эзэмшлийн Портер маркийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэг, хуванцар 1 ширхэг, 0,3 грамм шар өнгийн металл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, З.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ийн Б, Ө овогт З-ын Б, Ч овогт П-ын Э нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Б, З.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .....  дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч П.Э-ын биечлэн эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Б, З.Б нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, 0,3 грамм шар өнгийн металл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Портер маркийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, З.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 8-12 тал

[2] Хавтаст хэргийн 14 тал

[3] Хавтаст хэргийн 25 тал

[4] Хавтаст хэргийн 26 тал

[5] Хавтаст хэргийн 29 тал

[6] Хавтаст хэргийн 52 тал