| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0171/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/154 |
| Огноо | 2017-05-24 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0171/Э
Дархан-Уул аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгч Д.Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт Д.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000279 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, эхнэр, охины хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 420 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Д.Г-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д.Г- нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ял ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн иргэн Д.Д.Б-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:
Шүүгдэгч Д.Д.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017.04.21-ний өдөр мал хатгадаг Б- гэдэг хүнийг гэрт нь хүргэж өгсөн. Би Г-ийн гэрт хоноод 22-ны өглөө хоол идэж байхдаа нэг шил архи уусан. Б- ахтай мал авахаар ярьсан байсан чинь Т-ын гэрт байна хүрээд ир гэж надад хэлсэн. Би Тосгонд байрлах Д.Б-ын гэрт очсон. Замдаа нэг шил архи аваад очтол, Т- төмөр замд очиж ууя гээд бид 2 гараад явсан. Би Т-ыг гэрээ түгжихгүй юм уу гэхэд Т- манайд байгаа 2 хүнийг гаргаад хаалгыг нь түгжчих гэж хэлсэн юм. Би гэрт нь эргэж ороод та хоёр гэрээс нь гарчих , би хаалгыг нь түгжих гээд байна гэж хэлэхэд чи яахараа манай найзын гэрээс бид хоёрыг хөөдөг юм бэ гээд надтай муудалцсан. Би энэ хоёрыг түлхсэн чинь Э- намайг заамдаад авахад нь би эргэж хараад нэг удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 21-ний орой найз Г-ын хамт өөрийн эзэмшлийн приус-20 маркийн автомашинаар морь сайн эмчилдэг Б- ахыг Сэлэнгэ аймгийн Цагаан-нуурт хүргэж өгсөн. Тэгээд найзын хамт түүний хүргэний гэрт хоносон. Маргааш өглөө буюу 22-ны өглөө би найз Г-ын хоол, цай уучаад найз Г-ын хүргэн болох Г-той хоёулаа нэг шил соёрхол гэсэн архи хувааж уусан. Би танил ах Д.Б-ын гэрт очиж нэг шил архи гаргаж ирээд задлаад дээрээс нь нэг нэг 100 г татсан. Тэгэхэд Д.Б- ах төмөр замд очиж манай байранд архи уух уу гэж хэлсэн. Би Д.Б- ахад Т- ахын гэр хаана байдаг юм гэж асуугаад Тосгоны хаягийг заалгасан. Би араас чинь Т- ахыг аваад очъё гэж хэлээд найзын хамт салаад явсан. Би найз Г-ын хамт Т- ахын гэрийг хүмүүсээс асуугаад олоод очсон. Тэгээд хашааны хаалгаар ороод гэрт ороход Т- ах танихгүй хоёр залуутай байсан. Би Т- ахыг хоёулаа гаръя, Д.Б- ахын гэрт очиж нэг шил архи ууя гэж хэлээд аваад гарсан юм. Би Т- ахтай хамт явж байхдаа гэр орноо яах юм хаалга түгжихгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Т- ах манай гэрт байгаа хоёр хүнийг гаргаад хаалга хаачих гээд хэлсэн. Би буцаад гэрт нь ороход хоёр ах юм яриад сууж байсан. Би тэр хоёрт Т- ахыг аваад явлаа та хоёр гэрээс нь гар гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө хоёр ах чи яахаараа манай найзын гэрээс бид хоёрыг хөөдөг юм гэж хэлсэн. Би Т- ах та хоёрыг гаргаад хаалга хаа гэж байна гэсэн. Тэгэхэд чи миний найзын гэрээс намайг хөөлөө гээд байсан. Би гэрээс гараад Т- ахад гэрээс чинь гарахгүй байна гэж хэлэх гээд тэр хоёрын урд гараад гэрээс гарах гэхэд миний араас Э- бариад авсан. Би гарыг нь тавиулаад Д.Б-ыг гараараа нүүрлүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд маргалдаад байж байхад найз Г- хүрч ирээд намайг салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/,
Хохирогч Д.Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 04 дүгээр сарны 22-ны өглөө 06 цагийн орчим босоод найз Э-ын өөрийн 9904**** гэсэн дугаараас 9947**** гэсэн дугаар луу залгаад чи ирж байна уу газраа гишгэх үү гэж хэлсэн. Удаагүй найз Э- хүрч ирээд бид хоёр ногооны талбай дээр газар гишгиж дуусгасан Бид хоёр ажлаа хийж дууссан юм чинь нэг шил архи олж уухаар болсон...” “...Бид хоёр Т-ын гэрт ороод архиа хуваагаад уугаад сууж байсан. Тэгэхэд Т- гэрээс гарч ууя гэд бид 3 байшингийн үүдэнд нөгөө архи хувааж уугаад дуусгасан. Тэгэхэд Т- гэрлүүгээ ороод унтлаа гээд орсон. Бид хоёр тамхиа татаад гэрлүүгээ явахаар болоод яриад сууж байсан. Тэгэхэд гаднаас нэг согтуу залуу, нэг эрүүл залуу хоёр хашаанд орж ирсэн. Бид хоёрыг байшингийн урд зэрэгцээд сууж байхад нөгөө согтуу залуу үгийн зүрүүгүй хүрч ирээд гараараа нүд рүү цохиод авсан. Би тонгойгоод нүүрээ дарахад хөлөөрөө толгой руу өшиглөөд авсан. Би тухайн үед ухаан балартаад унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,
Хохирогч Д.Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017.04.22-ны өглөө Э-тай Т-ын гэрт очоод гурвуулаа архи уусан. Т- согтоод унтаад өгсөн. Гэтэл гаднаас 2 залуу орж ирээд намайг цохиод, нүүр рүү өшиглөсөн. Хэн ирснийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхэд найз маань ажиллаа дууслаа гээд нэг шил 0,75 л архи дэлгүүрээс авсан. Бид хоёр -айз Т-ын гэрт нэг шил архиа хуваагаад уугаад сууж байсан. Тэгэхэд Т- гэрээс гарч архи ууя гэж хэлээд бид гурав гэрээс нь гараад байшингийн урд тал цонхны доор суугаад архиа уусан. Тэгээд архиа ууж дуусахад Т- гэрлүүгээ орж унтлаа гэж хэлээд байшин луугаа орсон. Бид хоёр цонхны доор тамхи татаад гэрлүүгээ явах талаар яриад сууж байсан. Тэгэхэд хашааны хаалга онгойлгоод хоёр залуу ороод ирсэн. Тэр хоёр залуугийн согтуу монхор хамартай, шар царайтай, туранхай, залуу нь бид хоёрын хажууд ирээд миний хажууд сууж байсан найз Д.Б-ыг үгийн зүрүүгүй, мэнд ус мэдэхгүй гараараа цохиж унагаад, толгойруу нь өшиглөөд авсан. Тэгэхэд найз Д.Б- доошоо хараад унаад өгсөн. Би хажуу талаас нь согтуу залууг болиоч яаж байгаа юм гэхэд над руу хүрч ирээд гараараа зүүн, баруун шанаа руу нэг нэг цохиж авсан. Тэгэхэд хажууд явж байсан эрүүл залуу нь боль боль гэж хэлээд салгаад хашаанаас аваад гараад явсан. Би Д.Б- доошоо хараад унасан байхад нь өргөөд бос гэж хэлээд өргөөд аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ ороод ганцаараа унтаж байхад гаднаас зүс таних Д.Г- гэдэг залуу Т- ах та Д.Б-ын гэрийг заагаад өгөөч би машинтай явж байна гэж хэлсэн.
Тэгээд гэрээсээ гараад ирэхэд Д.Г- цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай нэг залуугийн хамт явж байсан. Тэгээд төмөр зам орж Д.Б-ын гэрт очиход гэртээ байхгүй байсан. Намайг Д.Г- буцаагаад гэрт хүргэж өгөөд яваад өгсөн...” “...Би маргааш өглөө буюу 23-ны өдөр гэртээ байхад гаднаас найз Д.Б-. Э- нар ороод ирсэн. Тэгээд харахад Д.Б-ын баруун нүд хөхөрч улайгаад, уруул нь хэгзэрсэн байсан. Би юу болсон талаар асуухад бид хоёрыг танай гэрийн үүдэн дээр гэрлүүгээ явах гээд байж байхад гаднаас хоёр залуу орж ирээд нэг согтуу залуу нь үгийн зүрүүгүй зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өглөө босоод хоол, цай ууж байхдаа найз Д.Г- хүргэн Г-той хамт нэг 0,5 л нэг шил архи хувааж уусан. Манай найз Д.Г- Тосгонд байдаг танил ах Т- /Дайди / гэрт очмоор байна гээд байсан. Би найз Д.Г-ийн приус-20 маркийн автомашиныг жолоодоод хажууд Д.Г- суугаад Тосгон орсон. Тэгээд бид хоёр зам дээрээс хоёр, гурван хүнээс асуугаад Түмэннасангийн гэрийг заалгуулж авсан. Бид хоёр хашаа руу орсон. Харин Д.Г- түрүүлээд яваад өгсөн. Би хашааны булан байдаг 00-руу орж бие засчихаад гараад ирсэн. Тэгэхэд найз Д.Г- байшингийн үүдэн дээр байсан хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан. Би наанаас нь явж очоод чи яах гээд хөгшин хүнтэй маргалдаад байгаа юм гэж хэлээд тэр хоёроос салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 15/
“...1.Д.Д.Б-ын биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний цус хуралт дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, доод эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04/,
Хохирогч Д.Д.Б-ын “220.000 төгрөг бэлнээр авсан, цаашид гомдол хохирол байхгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 12/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42, 44/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д.Г- нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Д.Д.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Д.Г-ийг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Д.Д.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д.Г- нь урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 420 цаг албадаг ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар түүний ялтай байх хугацаа дуусгавар болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Д.Г- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д.Г- нь энэ хэргийн улмаас урдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 220.000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч Д.Г-д 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Д.Г-д оногдуулсан 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Д.Г- нь энэ хэрэгт урдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 220.000 төгрөг төлсөн, нөхөн төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Д.Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хорих ялыг тэнсэж, 1 жил /нэг жил/-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Д.Г-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Д.Г-д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.Г-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Д.Г-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ