| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0301/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/297 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Ж.О холбогдох эрүүгийн 1834000000327 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1964 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны ашиглалтын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ж овгийн Ж.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч *******нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Ар-Асгат 2 дугаар багийн нутагт байрлах “Нүдэн” хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед иргэн Б.Найдансүрэнгийн зүүн гаран тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ж.Ойдовсүрэнгийн:
2018 оны 09 сарын 21-ний өдөр Уринбек гэдэг залуутай тааралдаж нэг шил архи уугаад Баярсайхан гэдэг айлд очоод буцаж явахдаа Нүдэн дэлгүүрийн гадаа Найдансүрэнтэй тааралдаад бөх тайлбарладаг Ганболдыг харсан уу гэж асуухад үгүй гэж хэлэхээр нь Найдансүрэнийг түлхээд гарсан. Дэлгүүрээс 3 шил архи аваад гараад ирэхэд Найдансүрэн Ойдов гуай та хутгалчихлаа шүү дээ гээд зогсож байсан. Зүүн гарых нь булчин дээр нь хутганы үзүүр орсон байсан. Эмнэлэг очиж хоёр оёдол тавиулаад нэг шил архи ууцгаагаад салцгаасан гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Найдансүрэнгийн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Угтаалцайдам сумын цэцэрлэгийн хажууд эгч Бужгарийн гэрт очоод соёлийн төвийн хажууд байдаг хадлангийн бригадын дарга Лувсандамбын гэрт хонохоор явж байтал Төв аймгийн Угтаалцайдам, сумын Асгат багийн Нүдэн хүнсний дэлгүүрийн үүдэнд Ойдовсүрэн ах орилоод байсан. Би яваад очтол бөх тайлбарладаг Ганболд хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл миний зүүн мөрний бугалга хэсэг рүү нэг зүйлээр хатгах шиг болохоор нь үзтэл цус гоожиж байхаар нь би Ойдовсүрэн ахад та намайг хутгаар хатгачихлаа гэхэд тийм үү уучлаараа ах нь хатгасан юм уу гээд өөрийнхөө өмсөж явсан подволкоо тайлж боогоод намайг эмнэлэгт дагуулж очоод хоёр оёо тавиулаад эмнэлгээс гараад надад нэг шил Хараа архи авч өгөхөөр нь хувааж уугаад салсан маргааш өглөө нь үрэвслийн эсрэг эм авч өгсөн. Тэгээд нэг шил архи хувааж уугаад салсан. Би тухайн үед Ойдовсүрэн гэдэг нэртэй хүний нэрийг андууран Ойдовшарав гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Намайг хутгалсан хүнийг Ойдовсүрэн гэдэг. Миний хохирлыг барагдуулж 1.000.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 18 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч С.Хандаагийн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам суманд үйл ажиллагаа явуулдаг Нүдэн нэртэй өөрийн эзэмшлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад дэлгүүрийн урд талд согтуу хүмүүс бөөгнөрсөн орилдоод Ойдовын дуу гараад байхаар нь дэлгүүрээс гарч үүдний хогоо шүүрдээд буцаад дэлгүүртээ ороод сууж байтал үүдний коридорт хүмүүс шуугилдаад байхаар нь гарч харахад Найдансүрэн гэх залуугийн зүүн гарын мөр хэсгээс цус урсаад дэлгүүрийн коридорын шалан дээр гоожуулаад байхаар нь эмнэлэгт очиж үзүүл гээд дэлгүүрээсээ гараад явуулсан. Өөр харсан зүйл байхгүй. Тухайн үед Ойдовшарав, Хавай гэдэг нэртэй казак залуу тэгээд Найдансүрэн бас нэг залуу байсан. Нэрийн нь сайн мэдэхгүй байна. Найдансүрэнтэй хамт явж байгаа болов уу гэж анзаарагдсан. Тухайн үед манай дэлгүүрийн хяналтын камерууд ажиллаж байсан. Үүдний хяналтын камерыг цагдаагийн хамт шүүж үзэхэд манай дэлгүүрээс хол гудамжинд болсон юм шиг байна лээ. Манай хяналтын камераас харах боломжгүй зөвхөн дэлгүүрийн Цонх хэсэг рүүгээ хардаг юм...” /хх-ийн 10 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Хуанбэкийн:
“...Би 2018 оны 09 дугаар сар 29-ний өдрийн 12 цагийн үед Угтаал сумын 1 дүгээр багийн Баянгүүрт байх гэрээсээ Угтаалцайдам сумын төв орж дотуур байранд байдаг хүүхдүүдээ авах гэж ороод өдөр нь ажилтай байж байгаад 19 цагийн үед Ойдовсүрэнтэй Хаан банкны үүдэнд таарахад Ойдов 0,75 литрийн Ерөөл. нэртэй архи задлаад зогсож байхаар нь уулзахад миний дүү танилцъя хоёулаа хамт архи ууя гэхээр нь танилцаад хамт уугаад дуусахаар нь Бамбарууш гэх айлд алхаж очиход хүн байхгүй байхаар нь бид 2 буцаж гараад төв рүү алхаж явахад Ойдовсүрэн хармаанаас хутга гаргаад гарандаа бариад яваад байхаар нь би та хутга авч явж болохгүй гэхэд ах нь хүн хутгалахгүй гэж хэлсэн. Тэгээд Нүдэн ” дэлгүүрийн үүдэнд Ойдовсүрэн очоод Ганболд гэх хүнийг нэрээр нь дуудахад нэг залуу би бөхийн цол дууддаг Ганболд байна гэж бүдүүн хоолойгоор хэлэхэд Ойдовсүрэн нь тэр залуу дээр очоод гартаа барьж байсан хутгаар тэр залуугийн зүүн гарны булчин хэсэг рүү нэг удаа хутгаараа хатгахад Найдансүрэн гэх запуу Ойдовсүрэн ахаа та намайг хутгалчихлаа гэхэд Ойдов тухайн үед сандраад би чамайг хатгасан юм уу гээд байхаар нь Ойдовын гарнаас хутгыг авч урд зүгт нарийн боовны газрын хажууд байдаг өвс ургасан төмөр хашаа руу шидсэн. Яг хаана хутга унасан талаар нь хараагүй. Найдансүрэнгийн гараас цус их хэмж гээр гоожиход Ойдов подволкоо тайлан гарыг нь боогоод эмнэлэг рүү аваад явсан тухайн хүмүүсээс салаад гэр рүүгээ явсан. Улаан иштэй эвхдэг тонгорогн хутга байсан. Т.Хутгалуулдаг Найдансүрэн нь Ганболд биш байж бүдүүн хоолойгоор би бөхийн цол дууддаг Ганболд байна гэж хэлэхээр нь согтуу хүн уурлаад хатгасан гэж бодож байна...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Ойдовсүрэнгийн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Заамар сумын Хөөвөр гэх газарт Баагий гэх хүний гэрт Баярмагнай гэх хүний хамт очиж 2 шил ерөөл нэртэй 0,5 литрийн архи уугаад тэндээс 19 цагийн үед Угтаалцайдам суманд ирээд Хаан банкны урд салаад Хавай гэх казак залуутай таараад хамт явж байхдаа орой 21 цагийн үед дэлгүүрийн үүдэн дээр нутгийн хүүхэд Найдаатай таараад бөх тайлбарладаг Ганболдыг асуухад Найдаа би мэдэхгүй байна гэхээр нь би гартаа хутга барьж явсан байж таараад холд гээд хутгаар чичсэн гэж бодож байна. Тэр үед их хэмжээний согтуу байсан учир яг болсон зүйлийг огт санахгүй байна. Нэг ухаан ороод харахад Найдаа та намайг хутгаар хатгачихлаа гээд хэлэхэд нь цамцын тайлаад харахад зүүн мөрнөөс нь цус гойжиж байсан. Тэгэхээр нь би подволкоо ураад мөрийн боогоод эмнэлэгт хүргэж 2 ширхэг оёдол тавиулаад эмийн сан орж өвчин намдаах эм авч өгөөд нэг шил Ерөөл архи хувааж уугаад салсан. Би согтуу байсан учир санахгүй байна. Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөө гарахдаа мах идэх зориулалтаар хүрэн бариултай эвхдэг тонгорог хутга аваад тэр хугацаанд дандаа өмдний кармандаа хийгээд авч явж байсан. Би сайн санахгүй байна. Тухайн үед намайг гартаа бариад явж байхад Хавай гэх казак залуу надаас аваад чи хүн алах нуу гээд шидсэн гэсэн яг хаашаа шидсэн талаар би сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Найдансүрэнгийн:
“...Би найз Хажидсүрэнгийн хамт 2018 оны 09 дүгээр сарын 23-ны оройн 21 цагийн үед Угтаал сумын цэцэрлэгийн хажууд байдаг эгч Бужгарын гэрт очоод Соёлын төвийн хажууд байдаг захирал Лувсандамбын гэрт хонохоор явж байтал Ойдов ах Нүдэн дэлгүүрийн үүдэнд орилоод байсан юм. тэгээд яваад очтол Ганболд хаана байна гэсэн. Тэгээд би мэдэхгүй гэсэн тэгтэл миний зүүн мөрний хэсэгт нэг хатуу зүйлээр хатгасан миний гар жирс гээд хатгаад нойтон оргиод явчихсан. Тэгээд гараа үзтэл гарны дээд булчин хэсгээс цус гойжож байсан. Ойдовд тухайн үед та намайг хутгаар хатгачихлаа гэхэд хоёулаа эмнэлэг орж үзүүлье гэж хэлээд намайг дагуулаад эмнэлэгт очиж хоёр ширхэг оёо тавиулаад гараад нэг шил Хараа архи Ойдов ах авч өгөхөөр хувааж уугаад салсан. Маргааш өглөө нь надад өрөвслийн эсрэг эм авч өгөөд нэг шил архи бас хувааж уугаад салсан. Тухайн үед Ойдовшарав гуай Хавай гэдэг нэртэй казак залуутай явж байсан намайг хатгах үедээ бор иштэй 25 см хэмжээний урттай хутга байсан Ойдов ахтай хамт явж байсан Хавай гэх хүн нь хутгыг чи хүн аллаа гээд гараас нь булааж аваад дэлгүүрийн урт талын хашааны тийшээ шидэж харагдсан. Намайг Ойдовшарав хутгалахыг надтай хамт явж байсан Хажидсүрэн мөн Одовшарав гуайтай хамт явж байсан Хавай гэх хүн харсан өөр хүн хараагүй. Яг ямар шалтгаанаар намайг хутгаар хатгасанг нь би мэдэхгүй байна. Надаас Ганболд гэх хүнийг харсан уу тэр хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэхэд миний мөр рүү хутгаар шууд хатгасан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ойдовшарав манай ээжийн талын хамаатан..” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Ж.Ойдовсүрэнгийн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Заамар сум руу Баярмагнайгийн хамт яваад Заамарын Хөөвөр гэх газарт Баагийн гэх айлд ирж Баярмагнайгийн хамт хоёр шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи уугаад оройн 19 цагийн үед Угтаалцайдам суманд буцаж очиод Хаан банкы үүдэнд Баярмангнайгаас салаад 21 цагийн үед Хавай гэх казак залуутай таараад хамт явж байхдаа Нүдэн нэртэй дэлгүүрийн урд зам дээр Найдансүрэнтэй таараад бөх тайлбарладаг Ганболдыг харсан уу гэж асуухад Найдансүрэн би хараагүй гэж хэлэхээр нь би гартаа барьж явсан хутгаараа замаас холд гээд зүүн гарны буглага хэсэг рүү нь арай хүрэхгүй байх гээд айлгах гээд чичээд дэлгүүр ороод 2 шил архи аваад гараад иртэл Найдансүрэн нь Ойдов ахаа та миний гар руу хутгаар хатгачихлаа гээд зүүн гарны буглаганаас нь цус гарч байхаар нь би хараад өмсөж явсан подволкоо ураад буглагын боогоод эмнэлэгт үзүүлэх гээд эмнэлэг дагуулж очоод 2 оёдол тавиулаад аваад гараад эмийн сан орж өвчин намдаах эм авч өгөөд тэгээд нэг шил Ерөөл архи хувааж уугаад салцгаасан. Би гартаа яг ямар зорилгоор хутга барьж явснаа огт санахгүй байгаа. Би хутгыг Номин дэлгүүрээс худалдаж авч байсан хутга юм. Хутга авсан шалтгаан нь хөдөө явж байгаа учир хорхог хийж иднэ гэж бодоод авсан. Эрэмдэг хүрэн иштэй тонгорог хутга байсан. Тухайн өдөр надтай хамт явж байсан Хавай гэх нэртэй казак залуу миний гарт байсан хутгыг аваад чи хүн алах нуу гээд урд талын өвстэй хашаан дотор шидсэн хэдэн тэр хашаанд хайгаад олоогүй болно. Жаахан айлгах санаатай хутгаараа чичсэн гэхдээ би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
2.7. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 567 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:
“...Б.Найдансүрэнгийн биед зүүн бугалгад сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эдгэрсэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
3.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-9 дүгээр хуудас/,
3.3. Шүүгдэгч Ж.Ойдовсүрэнгийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн үндэсний төв лавлагаа, хохирогч Б.Найдансүрэн 1.000.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэх өргөдөл /хх-ийн 26-33, 40 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч *******нь согтуугаар, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Ар-Асгат 2 дугаар багийн нутагт байрлах “Нүдэн” хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр иргэн Б.Найдансүрэнгийн зүүн гаран тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Б.Найдансүрэнгийн ...Нүдэн хүнсний дэлгүүрийн үүдэнд Ойдовсүрэн ах орилоод байсан. Би яваад очтол бөх тайлбарладаг Ганболд хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл миний зүүн мөрний бугалга хэсэг рүү нэг зүйлээр хатгах шиг болохоор нь үзтэл цус гоожиж байхаар нь...,
гэрч С.Хандаагийн ...Нүдэн нэртэй өөрийн эзэмшлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад дэлгүүрийн урд талд согтуу хүмүүс бөөгнөрсөн орилдоод Ойдовын дуу гараад байхаар нь... ...үүдний коридорт хүмүүс шуугилдаад байхаар нь гарч харахад Найдансүрэн гэх залуугийн зүүн гарын мөр хэсгээс цус урсаад дэлгүүрийн коридорын шалан дээр гоожуулаад байхаар нь эмнэлэгт очиж үзүүл гээд дэлгүүрээсээ гараад явуулсан...,
гэрч Ч.Хуанбекийн ...Ойдовсүрэн хармаанаасаа хутга гаргаад гарандаа бариад яваад байхаар нь би та хутга авч явж болохгүй гэхэд ах нь хүн хутгалахгүй гэж хэлсэн. Тэгээд “Нүдэн” дэлгүүрийн үүдэнд Ойдовсүрэн очоод Ганболд гэх хүнийг нэрээр нь дуудахад нэг залуу би бөхийн цол дууддаг Ганболд байна гэж бүдүүн хоолойгоор хэлэхэд Ойдовсүрэн нь тэр залуу дээр очоод гартаа барьж байсан хутгаар тэр залуугийн зүүн гарны булчин хэсэг рүү нэг удаа хутгаараа хатгахад Найдансүрэн гэх запуу Ойдовсүрэн ахаа та намайг хутгалчихлаа гэхэд... ...Улаан иштэй эвхэдэг тонгорого хутга байсан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 567 дугаартай ...Б.Найдансүрэнгийн биед зүүн бугалгад сорви бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Ойдовсүрэнг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Ойдовсүрэнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Жаяд овгийн Жанчивын Ойдовсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН