| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0302/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/298 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн О.Г холбогдох эрүүгийн 1834007080315 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн О.Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь хар өнгийн “Каяак” маркийн мотоцикл ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас иргэн Г.Балдандоржийн 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 5.279.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Ган-Эрдэнийн:
Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Балдандоржийн:
“...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Амгалант гэх гзаар өөрийн эзэмшлийн адуугаа хураагаад бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед адуундаа яваад бүртгэхэд азаргатай 9 тооны байдас, гүү алга болсон байсан. Тэгээд ойр орчмоороо 2 хоног эрэл сурал болоод олдохгүй байсан. Тэгээд хулгай аваад явчихсан болов уу гээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Бараан голдуу адуунууд байсан. Хул азарга үсгэн Би тамгатай, ухаа зээрд гүү амаадаа харсан давхар саран тамгатай, халтар гүү саран дэвсгэртэй хас тамгатай, зээрд гүү, нарийн зээрд гүү, 2 зээрд соёолон гүү, хар алаг соёолон гүү, хүрэн халтар байдас бүгд нар саран тамгатай адуунууд байсан. Миний өөрийн унаган адуу миний нэр дээр тоологддог. Үнэлгээний компаниас гаргасан 11.650.500 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй. Өөрийн 9 тооны адуугаа бүрэн бүтэн олж авсан. Адуугаа хайж эрэл сурал хийсэн зардлын баримт, үнэлгээний үнэ хөлс гээд нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан ба миний хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Г.Балдандоржийн:
“...2018 оны 09-р сарын 06-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газраас дуудаад Улаанбаатар хот СХД-н 32-р хороо эмээлт гэх газраас мал нядалгааны цэгийн хашаанаас 4 тооны Саран дэвсгэртэй хас тамгатай халтар гүү, нар саран тамгатай нарийн хүрэн гүү, нар саран тамгатай зээрд гүү, нар саран тамгатай хүрэн зээрд байдас зэргийг авсан. Харин хул азаргатай хар алаг гүүтэй 5 тооны адуугаа Шуувуун гэх газраас олж аваад цагдаа надад хүлээлгэн өгсөн. 30 орчим км зайд байгаа. Харин бойны цэгээс ургашаагаа 10 орчим км. Манай гэрээс эмээлт ороход 50 орчим км багцааны зайтай байх нарийн сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 13 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Одгэрэлийн:
“...Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон уул гэх газраас иргэн Г.Балдандоржийн 4 тооны адуу 2018 оны 09 дүгээр сарын 01-02-ны хооронд хулгайд алдагдсан гэх хэрэг уг 4 тооны адууг ******* хулгайлах явцдаа миний эзэмшлийн Каяак маркийн хар өнгийн мотоциклийг ашигласан хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байна. Би ******* гэх хүнтэй найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юмаа. Над дээр ирээд надтай хамт өвс буулгалцаж өгчихөөд маргааш нь надаас мотоциклоо өгчих найз нь адуугаа эргэж ирэх хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан юм аа. Би 2018 оны 06 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумаас хайрцагтай нь худалдаж авсан мотоцикл байгаа юм аа. Уг мотоциклийн бичиг баримт нь одоо Сүхбаатар аймагт адууны гэртэй хамт явчихсан байгаа. Миний хувьд уг мотоцикль эргэж ирэхгүй бол би энэ мотоциклийн үнийг *******эс нэхэмжилнэ. Шүүх миний мотоциклийг эргэж өгөхөөр болох юм бол миний хувьд ямар нэгэн гомдол санаал байхгүй. Миний хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Балдоржийн:
“...2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Амгалант гэх газар өөрийн эзэмшилийн адуугаа хураагаад бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед адуундаа яваад бүртгэхэд Хул азаргатай 9 тооны байдас, гүү алга болсон байсан. Тэгээд ойр орчимоороо 2 хоног эрэл сурал болоод олдохгүй байсан. Тэгээд хулгай аваад явчихсан болов уу гээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Бараан голдуу адуунууд байсан. Хул азарга үсгэн Би тамгатай, ухаа зээрд амаадаа харсан давхар саран тамгатай, халтар гүү саран дэвсгэртэй хас тамгатай, зээрд гүү, нарийн зээрд гүү, 2 зээрд соёолон гүү, хар алаг соёолон гүү, хүрэн халтар байдас бүгд нар саран тамгатай адуунууд байсан. Миний өөрийн унаган адуу миний нэр дээр тоологддог. Хул азарга үсгэн Би тамгатай 2.500.000, ухаа зээрд гүү амаадаа харсан дарсан саран тамгатай 2.000.000 , халтар гүү саран дэвсгэртэй хас тамгатай 2.000.000, зээрд 3.000.000, нарийн зээрд гүү 1.000.000, 2 зээрд соёолон гүү тус бүрд нь 1.000.000 нийт 2.000.000 төгрөг, хар алаг соёолон гүү 1.000.000 төгрөг, хүрэн халтар байдас 800.000 мянган төгрөг нийт 15.300.000 мянган төргөр үнэлж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон, Бухан сэрүү, Бага сэрүү, Бөхөг, Сүжиг газруудаар хайсан боловч сураг гараагүй. Гомдолтой байна. Миний хулгайд алдсан гэх адуунуудыг олж өгч тусална...” /хх-ийн 17 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Амаржаргалын:
“...О.Ган-Эрдэнийг танина. Би төрсөн эгч нь манайх эцэг эхээс гуравуулаа хамгийн том охин миний бие Амаржаргал, дараагынх нь О.Бадарч Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 61 гэх газар хүний морь уяж өгдөг, дараагынх нь хамгийн бага дүү ******* тогтсон ажил байхгүй айлаар туслах малчин хийгээд явж байдаг юм. Хамгийн сүүлд манайд 2018 оны 08 дугаар сарын 23-24-ны орчим ирээд 2-3 хоноод манай аав ээж 2 Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон гэх газар байж байгаад Төв аймгийн төв рүү нүүгээд тэгээд гэр барааг нь барьж өгнө гээд Ган-Эрдэнэ Төв аймаг руу явсан. Тэрнээс хойш манайд ирээгүй. Найз нөхдийг нь танихгүй...” /хх-ийн 18 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч И.Ганхүүгийн:
“...Балдоржийг танина. Манай ээжийн төрсөн дүү Чимгээ гэх хүний нөхөр юм аа. Таньдаг болоод олон жил болж байна. Балдандорж ахынх одоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон Бөхөг гэх газруудаар нутаглаад их олон жил болж байгаа юм. Балдандорж ахынх өөрийн гэсэн 70 орчим адуутай өөрийнхөн үндсэн тамга нь нар саран тамгатай адуутай. Балдандорж ах над руу залгаад Хул азаргатай 9 тооны адуу алдчихлаа гэж хэлээд би Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн малын хулгайн цагдаатай холбогдоод ярихад Эмээлтэд төмрөө гэх айлын бойнд 4 адуу байна очоод үзээд байж бай гэхээр нь очоод үзтэл Балдандорж ахын нар саран тамгатай 4 тооны байдас мөн байсан. Тэгээд буцаагаад Төв аймгийн цагдаад мөн байсан талаар хэлсэн...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Одгэрэлийн:
“...2018 оны 09-р сарын 01-02-ны өдөр Улаанбаатар хот СХД-н 21-р хороонд адууныхаа чүчээн дээр байсан. Тухайн өдөр их бороо орж байсан болохоор гэрээсээ гараагүй. Харин манай найз Ган-эрдэнэ гэх залуу Улаанбаатар хотоос манайд ирээд 1 хоночоод маргааш өглөө нь буюу 2018 оны 09-р сарын 02-ны өглөө намайг мотоциклоо өгөөч найз нь ургашаа Өлзийт хороолол руу эгчийндээ очоод ирье. Орой авчраад өгье гэхээр нь өгөөд явуулсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 09-р сарын 03-ны өглөө би Дорнод аймаг руу өвсөн явах болчихоод Ган-Эрдэнэ рүү залгаад мотоцикл авчирч өгөөч хөдөө явлаа гэсэн чинь би бичиг баримтгүй явж байгаад цагдаад хураалагчлаа хө удахгүй аваад өгьье гэж хэлсэн. Тэгээд би Дорнод аймаг руу явсан. Танилцаад 1 жил болж байна. Анх Төв аймгийн Заамар суманд би адуу авах гэж очоод танилцаж байсан. Хар өнгийн улсын дугааргүй Кавак маркийн мотоцикл 2018 оны 06-р сард манай захирал Ганбаатар гэх залуу авч өгч байсан юм. Одоогоор улсын дугаар авч амжаагүй байгаа. Манайхаас мотоцикл аваад ганцаараа явсан өөр хүнтэй явсаныг нь би мэдэхгүй байна...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Ган-Эрдэнийн:
“...2018 оны 09-р сарын 02-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот СХД-н 21-р хороонд байдаг найз Одгэрэлийнд байж байгаад Одгэрлийн улсын дугааргүй хар өнш мотоциклыг Одгэрэлээс гуйгаад өөрөө бариад ургашаагаа эмээлтээр дайраад Өлзийт хорололоор дайраад ургашаагаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон гэх газар очсон. Тэгээд тэр хавиар явж байтал мотоциклын гэрэлд 4 тооны адуу явж байхаар нь хойш нь хөөгөөд явсан. Тухайн үед шөнө болсон байсан болохоор Өлзийт хороололд эзэнгүй хашаанд адуугаа оруулж орхиод би хашааныхаа ойролцоо мотоциклынхоо хажууд унтчихаад маргааш өглөө нь буюу 2018 оны 09-р сарын 03-ны өглөө 05 цагийн үед босоод би нөгөө эзэнгүй хашаандаа очиж адуугаа аваад туугаад Биогын гүүрээр гаргаад Эмээлт рүү тууж очсон. Тэгээд очоод тууж явсан адуугаа Эмээлтийн хамгийн урд талын захын бойнд оруулаад хашаад байж байтал цагдаа ирээд намайг бариад авсан. 1 халтар гүү саран дэвсгэртэй хас тамгатай, 2 хүрэн байдас нар саран тамгатай, зээрд гүү нар саран тамгатай адуунууд байсан. Ямар ч хүнтэй тааралдаагүй. Манай найз Одгэрэлийн өөрийнхөн эзэмшилийн мотоцикл байсан.Улсын дугаар байхгүй хар өнгийн мотоцикл байсан. Хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон гэх газар манай таньдаг айл Баатар гэж байдаг юм. Тэднийд очих гэж яваад замд 4 тооны адуу таархаар нь хөөгөөд явсан юм. Үгүй ээ би ганцаараа явсан юм Одгэрэл Дорнод аймаг руу явна гээд хамт явж чадахгүй гэсэн. Би өөрөө хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Холбогдож байгаагүй. Би хүний адууг хулгайлж авч явсандаа гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэмшиж байна...” /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч О.Ган-Эрдэнийн:
“...Би Улаанбаатар хотод ахындаа байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 61-ийн гарам дээр байдаг Одгэрэлийнд очиж Сүхбаатараас ирсэн өвсийг нь буулгаж өгөх зорилгоор очоод тэндээ өвсийг нь буулгаад хоночихоод маргааш нь найз Одгэрэлээс хар өнгийн Каяак маркийн мотоциклийг нь гуйж аваад өөрийнхөө адууг эргэх гээд гуйгаад аваад явсан юм аа. Төв аймгиин Сэргэлэн сумын 7-н уул гэх газарт Баатар гэх ах дээр манай хуурай ах Очирбатын адуу байдаг юм. Очирбат ахын адуун дотор миний данстай 3 унагтай гүү 4 даага 1 морь байдаг юм. Би тэрийгээ эргэх гээд л явсан юм. Би 61 дээрээс Өлзийтөөр дамнаад гарсан. Гарахад 15 цаг орчим болж байсан. Тэгээд орой нар жаргаж байх үед явж байхад замд 4 тооны нар саран тамагтай хүрэн гүү, нар саран тамагтай хоёр зээрд гүү, саран дэвсгэртэй хас тамагтай нэг халтар гүү гээд нийт 4 тооны адуу таарсан. Тэгээд эргэн тойронд айл харагдахгүй эзэнгүй юм шиг болохоор нь тэр дөрвийг мотоциклоороо туугаад Өлзийт ороод тэндээ эзэнгүй хашаа олоод оруулж харж хоночихоод маргааш өглөө нь 06 цагийн орчим эргэж хойш туугаад шууд эмээлт зах дээр аваачаад замгийн наад талын бой руу оруулж байгаад баригдсан. Би эзэнгүй адуу гэнэт таарсан. Тэгээд мөнгөтэй болох зорилгоор л хулгай хийчихсэн юм. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж байгаа хохирол мөнгөө бүрэн барагдуулсан цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй биеэ зөв боловсон авч явна...” /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
2.9. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/02 дугаартай Г.Балдандоржийн өмчлөлийн 9 тооны адууны үнэлгээний тайлан /хх-ийн 24-30 дугаар хуудас/,
2.10. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09/23 дугаартай Н.Одгэрэлийн өмчлөлийн “Каяак маркийн мотоциклийн” үнэлгээний тайлан /хх-ийн 37-42 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Хохирогч Г.Балдандоржийн гэмт хэргийн талаарх Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 6 дугаар хуудас/,
3.2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
3.3. Хохирогч Г.Балдандоржийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн алдсан адууны шинж байдлыг тодорхойлж өгсөн өргөдөл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.Балдандоржийн малын А дансны хуулбар болон хулгайд алдсан адуугаа бүрэн бүтэн олж авсан, гомдол саналгүй тул шүүх хуралд суухгүй гэх хүсэлт /хх-ийн 32-34, 70-72, 75/,
3.4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, Каяак маркийн мотоциклийг журмын хашаан хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /62-69 дүгээр хуудас/
3.5. Шүүгдэгч О.Ган-Эрдэнийн иргэний үнэлмэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлаагаа, авто тээврийн үндэсний төв лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шалгах хуудас /хх-ийн 55-61 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас хар өнгийн “Каяак” маркийн мотоцикл ашиглан иргэн Г.Балдандоржийн 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 5.279.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Г.Балдандоржийн ...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед адуундаа яваад бүртгэхэд азаргатай 9 тооны байдас, гүү алга болсон байсан. Тэгээд ойр орчмоороо 2 хоног эрэл сурал болоод олдохгүй байсан. Тэгээд хулгай аваад явчихсан болов уу гээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Бараан голдуу адуунууд байсан. Хул азарга үсгэн Би тамгатай, ухаа зээрд гүү амаадаа харсан давхар саран тамгатай, халтар гүү саран дэвсгэртэй хас тамгатай, зээрд гүү, нарийн зээрд гүү, 2 зээрд соёолон гүү, хар алаг соёолон гүү, хүрэн халтар байдас бүгд нар саран тамгатай адуунууд байсан. Миний өөрийн унаган адуу миний нэр дээр тоологддог...,
иргэний нэхэмжлэгч Н.Одгэрэлийн ...Би ******* гэх хүнтэй найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юмаа. Над дээр ирээд надтай хамт өвс буулгалцаж өгчихөөд маргааш нь надаас мотоциклоо өгчих найз нь адуугаа эргэж ирэх хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан юмаа. Би 2018 оны 06 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумаас хайрцагтай нь худалдаж авсан мотоцикл байгаа юм аа. Уг мотоциклийн бичиг баримт нь одоо Сүхбаатар аймагт адууны гэртэй хамт явчихсан байгаа...,
гэрч И.Ганхүүгийн ...Балдандорж ахынх өөрийн гэсэн 70 орчим адуутай өөрийнх нь үндсэн тамга нь нар саран тамгатай. Балдандорж ах над руу залгаад Хул азаргатай 9 тооны адуу алдчихлаа гэж хэлээд би Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн малын хулгайн цагдаатай холбогдоод ярихад Эмээлтэд төмрөө гэх айлын бойнд 4 адуу байна очоод үзээд байж бай гэхээр нь очоод үзтэл Балдандорж ахын нар саран тамгатай 4 тооны байдас мөн байсан. Тэгээд буцаагаад Төв аймгийн цагдаад мөн байсан талаар хэлсэн... гэх мэдүүлгүүд, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/02 дугаартай Г.Балдандоржийн өмчлөлийн 9 тооны адууны үнэлгээний тайлан, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09/23 дугаартай Н.Одгэрэлийн өмчлөлийн “Каяак маркийн мотоциклийн” үнэлгээний тайлан, хохирогч Г.Балдандоржийн гэмт хэргийн талаарх Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогч Г.Балдандоржийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн алдсан адууны шинж байдлыг тодорхойлж өгсөн өргөдөл, Г.Балдандоржийн малын А дансны хуулбар болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч О.Ган-Эрдэнийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял шийтгэлийг оногдуулахдаа хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг,
Түүнчлэн шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлахдаа “Каяаг” маркийн улсын дугааргүй мотоциклийг ашигласан байх ба тухайн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Н.Одгэрэлийн эзэмшлийн мотоцикль бөгөөд хуурч, итгэл эвдэн авч ашигласан болох иргэний нэхэмжлэгч Н.Одгэрэл болон шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шүүгдэгч Ган-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Каяаг” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг хууль ёсны эзэмшигч Н.Одгэрэлд буцаах олгохыг,
харин шүүгдэгч *******эс гэмт хэрэг үйлдэхээ ашигласан гэх “Каяаг” маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 1.828.233 /нэг сая найман зуун хорин найман мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнэд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай иргэний нэхэмжлэгч Н.Одгэрэлийн эзэмшлийн “Каяаг” маркийн улсын дугааргүй мотоцикль битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, “Каяаг” маркийн улсын дугааргүй мотоциклийг хууль ёсны эзэмшигч ПВ97012311 дугаарын регистртэй, Боржигон овгийн Нямдоржийн Одгэрэлд буцаан олгохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Каяаг” маркийн мотоциклийн үнэ болох 1.828.233 /нэг сая найман зуун хорин найман мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орологод оруулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигин овгийн Очирсүрэнгийн Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН