Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Шүүгдэгч Ц.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Цын А-д холбогдох 2216000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймаг Чандмань сум Чандмань-Уул 1-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДО00000 регистрийн дугаартай, Б овогт Цын А,

 

Шүүгдэгч Ц.Ань 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нл шилжих шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймаг Чандмань сумын төвд байх гэртээ хохирогч Д.Г-г “гэрт ирж агсам согтуу тавьлаа” хэмээн маргалдаж улмаар хэвлий тус газарт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь “хүйсний дээд хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Ань 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нл шилжих шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймаг Чандмань сумын төвд байх гэртээ хохирогч Д.Г-г “гэрт ирж агсам согтуу тавьлаа” хэмээн маргалдаж улмаар хэвлий тус газарт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь “хүйсний дээд хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Агэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ц.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө гэртээ унтаж байсан. Хохирогч Ганхуяг согтуу орж ирээд агсам согтуу тавьсан. Би хүчрэхгүй байсан. Тэгээд шкафан дээр мэс байсныг аваад дүрсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

   Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-рт/,

 

          Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 11-рт/,

 

          Хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-рт/,

 

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр 2022 оны 01 сарын 24-нөөс 2022 оны 01 сарын 25-нд шилжих шөнө би А-нд очсон юм. Хэдэн цагийн үед очсоноо санахгүй байна юу болсныг ч санахгүй байгаа юм. А-ийн гэрийн хойморь хэсэгт ширдгэн дээр унтаж байгаад сэрсэн юм. Гэтэл баахан цус гоожсон байхаар нь босоод зүүн талын орон дээр нь дээшээ хараад хэвтсэн юм. Тэгэхэд гэрт А орж ирээгүй юм. Тэгээд би гэрт нь бараг 2 хоног хэвтсэн юм. Гэтэл Өлзий гэх хүн орж ирээд чамд нэг тус болохоос гэж гарч яваад, эмнэлэг дуудаад ирсэн юм ...Гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх- ийн 15-16, 20-рт/,

 

          Гэрч Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 01 сарын 25-ны өдөр би Алтангэрэлийнд 17 цагийн үед Р, А, Ө нар хамт юм яриад байж байсан юм. Тэгж байхад гаднаас А ах халамцуу 1 шил Хараа архи барьчихсан, Жийн дүүг би хутгалчихлаа гээд орж ирсэн юм. Тэгэхээр нь би та гай болно та гар гээд гаргаад хөөгөөд явуулсан. Тэгээд би сая А юу гээд ярьчихваа гээд араас нь 30-аад минутын дараа очиход, гэр нь цагаан өнгийн цоожтой, дотор нь хүн байгаа шинжгүй байсан тул би буцаад А-д очсон юм. 2022 оны 01 сарын 25-аас 26-нд шилжихийн өглөө 06 цагийн үед би А-нд унтаж байтал А ах дахиад ороод ирсэн. Тэгээд би хүн хутгалчихсан гээд байхаар нь би дагаад очсон юм. Хашааны хаалгаар ороод А ах дээд айлын хашаа руугаа яваад орохоор нь А-н гэрт хаалгыг нь цохиод хүн байна уу гэхэд хүн дугараад гэрлээ асаа гэхэд гэрлээ асаасан. Гэтэл Зүүн талынх нь орон дээр Г /Бүлтүүш гэх залуу/ гар нь нил цус болчихсон өндийж байсан тул би шууд буцаж гараад эмнэлэг дуудсан. Тэгээд Б-Э эмчийн машинд Гийг суулгаад эмнэлэгт хүргэсэн. Би арын суудал дээр нь Ганхуягийн хамт суугаад ирэхэд амнаас нь архи үнэртээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/,

 

          Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Гэр орон нь цус болсон, хүйтэн хөндий байдалтай байсан. Гэрт нь Ө, А нар байж байсан. А нь би хутгалсан, агсан тавиад намайг алчих гээд байсан гэж байсан. Намайг таныг зодож цохисон уу? Гэхэд намайг нэг тийрч унагасан би өөрөө зүгээр, эмчид үзүүлэх шаардлагагүй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-рт/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай “1. 2. 3. Д.Гийн биед хүйсний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад “...Гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ц.А-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА