Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0616/З |
Дугаар | 609 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 609
2020 оны 09 сарын 24 өдөр Дугаар 128/ШШ2020/0609 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Б. Б ,
Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Т,
Гомдлын шаардлага: “Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгох шийтгэлийг хүчингүй болгуулах, хохирлын хэмжээг багасгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Б.Б шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дархан цаазат Богдхан уулын Энхтайваны аманд 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ил задгай гал гаргаснаас 8,5 га газар шатааж, 22 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөгөөр намайг торгосон шийтгэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Хохирогчоос ямар хэмжээний хохирол хүлээж байгаа талаар заавал санал авах ёстой бөгөөд уг санал нь үндэслэл бүхий байх ёстой.
2. Хохирол тогтоосон 2 дүгнэлт байх бөгөөд яагаад илүү өндөр төлбөр тогтоосныг нь үндэслэл болгож байгаагаа эрх бүхий албан тушаалтны зүгээс тайлбарлаж өгөөгүй ба уг дүгнэлтэд холбогдуулан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд дараах дүгнэлт байна.
2.1. “Гал түймэрт өртсөн 1 га ойжуулсан талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг ойн талбайгаар тооцоход 22,136,213 төгрөг болж байна” гэжээ. Гэтэл тухайн газарт 2016 онд тарьсан мод ургаагүй хатаж хорчийсон байдалтай байгаа ба тэр талаар дүгнэлтэд огт тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл түймрээс үл хамааралтай буюу урьд нь үхчихсэн байсан модыг шатсаны улмаас ургаагүй тул хохирол учирсан хэмээн ойлгогдохоор дүгнэлтэд оруулсан нь буруу юм. Түүнчлэн шатсан гэх тухайн газарт яг одоо мод ургаж байгаа тул хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй байна
2.2. “Гал түймэрт өртсөн талбайд өвчилсөн ба үхсэн тарвага байхгүй, бүгд эрүүл, тэдгээрийн амьдралын хэв маяг хэвийн байгаа учраас тарваганд хохирол учраагүй хэмээн шинжээчийн хувьд үзэж байна”, “Бэлчээрийн тэжээлийн болон эмийн ургамалд тусгайлан нөлөө байхгүй”, “Гал түймэрт өртсөн талбайн өмнөх жилийн хагд өвс нь шатаж, тухайн гал түймэрт өртсөн талбайн хөрсөн бүрхэвчинд ямар нэг нөлөө одоогоор илрээгүй байна” гэсэн байна.
Иймд ойжуулсан гэх талбайн үнэлгээг буруу гаргаснаас шалтгаалан хохирол бодитой тогтоогдоогүй байна.
3. Шинжээч томилсон процесс нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй тул гарсан дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах нь хууль хэрэглээний алдаа шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох ёстой юм.
Иймд 22,136,213 төгрөгөөр тогтоосон хохирлын хэмжээг багасгаж, торгуулийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцат уулын энгэр Энхтайваны ам гэдэг газарт гал түймэр гарсан гэх зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу шилжүүлснийг эрх бүхий албан тушаалтан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн 2002000321 дугаартай хэргийг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 772 дугаар “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол үйлдсэн.
Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр иргэн Б.Бд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Живаа овогт Бадмаагийн Бд шийтгэл оногдуулж хэргийг хааж шийдвэрлэсэн. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэргийг холбогдогч Б.Бд танилцуулж 00******* дугаартай шийтгэлийн хуудасны 1 хувийг хүлээлгэн өгсөн болно. Хэргийн холбогдогч Б.Б нь хэрэг бүртгэлтийн явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан оролцогчийн эрх, үүрэгтэй бүрэн танилцсан бөгөөд хэргийн явцад эрх бүхий албан тушаалтанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг тогтоосон бөгөөд тухайн газрын хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж хохирогчоор мэдүүлэг авахад учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлбөрийг гаргуулмаар байна гэж мэдүүлсэн байдаг.
Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.
Хан-Уул дүүргийн Засаг даргын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг байгуулах тухай” ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилж хохирол, нөхөн төлбөрийг тооцож нийт 14,022,870 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тогтоосон байдаг. “Д” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №ХУ2-20-326 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар гал түймэрт өртсөн талбайн экологи, эдийн засгийн хохирол 22,136,213 төгрөг тогтоогдсон. Эрх бүхий албан тушаалтан 2 үнэлгээний илүү өндөр дүнгээр тогтоосныг биш аль субъект нь бодит үнэлгээ хийх эрхтэй тусгай зөвшөөрөлтэйг нь харгалзан үзэж хохирлыг тогтоож, шийтгэл оногдуулсан.
Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад иргэн Б.Б нь гэрчээр өгсөн “хуучин хувцаснуудаа шатаахаар уутанд хийгээд жалганд шатааж байгаад гал алдсан унтраах гээд чадаагүй” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар гал түймэр гаргасан нь нотлогдсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг удирдлага болгон хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Иргэн Б.Б нь эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн 100 нэгж буюу 100,000 төгрөгийг сайн дураар биелүүлэн төлсөн болно.
Түймэрт өртсөн талбайд 1 настай нарс модны 300 ширхэг суулгац байсан гэсэн. 2 шинжээчийн дүгнэлт ямар аргачлалаар гарсныг мэдэхгүй. Үнэлгээ гаргасан аргачлалыг хараагүй. “Д” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй компани, Байгаль орчны сайдын 2020 оны 176 дугаар тогтоолыг үндэслэсэн байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хохирлыг өндөр үнэтэйгээр нь ногдуулсан байна гэдэг үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байсан. Үнэлгээний илүү өндөр дүнгээр тогтоосныг биш, аль субъект нь бодит үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй гэдгийг харгалзан үзсэн. Цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй гэдгээр нь “Д” ХХК-ийг сонгож шинжээчээр томилсон байсан.
Хохирлыг дахин шалгаж тогтоох боломжгүй. Учир нь цаг хугацааны хувьд нэлээд удсан, ургамлын бүрхэвч өөрчлөгдсөн, бодит байдал дээр одоо түймэрт өртсөнөөс хойш тухайн газар нь түймрийн хохирол тооцож үнэлэх боломжгүй болсон. Дахин шинжээч томилох шаардлагагүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцат уулын энгэр Энхтайваны ам гэдэг газарт 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд гал түймэр гарсан гэх зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс харьяаллын дагуу шилжүүлснээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Т 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн 2002000321 дугаартай хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, учирсан хохирлыг 22,236,213 төгрөгөөр тогтоож төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг гал түймэр холбогдогч Б.Бгийн ил задгай гал гаргасан буруутай үйл ажиллагаанаас болсон нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 245/ОХТ-3 дугаартай “гал түймэр нь ил галын улмаас гарсан” гэх дүгнэлтээр хангалттай тогтоогдсон, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “иргэн галын аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг шаардлагыг зөрчсөн” зөрчилд торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, тэрээр зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийг сайн дураар төлж барагдуулсан байна.
Гомдол гаргагч Б.Б нь “хохирлын хэмжээний талаар санал аваагүй, хохирол тогтоосон 2 дүгнэлтийн илүү өндөр дүнтэй дүгнэлтийг үндэслэл болгосон ч үндэслэлээ тайлбарлаагүй, хохирлын үнэлгээ нь үндэслэлгүй тогтоогдсон” хэмээх үндэслэлээр “торгох шийтгэлийг хүчингүй болгож, хохирлын төлбөрийн хэмжээг багасгуулах”-аар гомдлын шаардлагаа тодорхойлж, хариуцагч нь “үнэлгээний аргачлалыг хараагүй, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй гэдгийг нь харгалзсан” хэмээн тайлбарлажээ.
Иргэн галын аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг шаардлагыг зөрчсөнөөс учирсан хохирлыг буруутай этгээдээр Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д зааснаар төлүүлэх нь зүйн хэрэг ч учруулсан хохирлыг аргачлалын дагуу үндэслэлтэй, зөв тогтоох учиртай.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмыг баталсан, уг журмаар хохирлыг тооцох ажлыг хэсгийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилохоор, ажлын хэсэг нь хууль хяналт, онцгой байдал, байгаль орчны асуудал хариуцсан 5-аас доошгүй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байхаар, ажлын хэсэг түймрээс учирсан хохирлыг тооцож акт үйлдэхээр, энэ нь буруутай этгээдээс төлбөр гаргуулах үндсэн баримт болохоор заажээ. Журамд түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулах, жишиг талбайг хэрхэн тооцох, тухайн талбай дахь байгалийн нөөц баялаг, ойн шаталтын зэрэглэлтэй уялдуулан экологийн хохирлыг мөнгөн үнэлгээгээр илэрхийлэхийг, экологийн хохирлыг тооцохдоо тухайн баялгийн нэгж талбайн экологи эдийн засгийн үнэлгээг үндэс болгохоор зааж, гектарын суурь үнэлгээг үржүүлэх итгэлцүүрийг тогтоосон байна.
Энэ журмын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дархан цаазат Богдхан уулын амуудад 2020 оны 4 сард гарсан хэд хэдэн удаагийн ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан, дүүргийн Цагдаагийн газрын дарга, холбогдох хороодын Засаг дарга нар, Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрээс учирсан хохирлыг журмын дагуу тооцож акт гаргахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын 4.7-д 1 га газрын суурь үнэлгээг үржүүлж тооцох итгэлцүүрийг 0.01 байхаар тогтоосон, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар нийслэлийн төвийн дүүргүүдийн газрын үнэлгээний суурь үнэлгээг бүсчлэл, зориулалт бүрээр тогтоосон, тухайлбал Хан-Уул дүүргийн 6 дугаар бүсийн нийтийн эдэлбэрийн газрын суурь үнэлгээг 1 га тутамд 138,200,000 төгрөгөөр тогтоосон, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан бүсчлэлээр Арцатын ам буюу түймэрт нэрвэгдсэн талбай нь газрын үнэлгээний 6 дугаар бүсэд хамаарч байна.
Энэ ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Арцат уулын энгэр Энхтайваны ам гэдэг газарт 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гарсан гал түймрийн улмаас учирсан хохирлыг тооцож түймэрт нэрвэгдсэн 8.5 га талбайн экологи эдийн засгийн хохирлыг 11,747,000 төгрөгөөр, гал түймрийг унтраахад гарсан шатахуун, хоол хүнсний зардлыг 2,275,870 төгрөгөөр, нийт төлбөрийг 14,022,870 төгрөгөөр тогтоожээ. Түймэрт нэрвэгдсэн 8.5 га талбайн экологи эдийн засгийн хохирлыг тооцохдоо 1 га газрын суурь үнэлгээ 138,200,000 төгрөгийг 8,5 га талбайн хэмжээгээр болон суурь үнэлгээг үржүүлж тооцох 0.01 итгэлцүүрээр үржүүлж 11,747,000 төгрөгөөр тогтоожээ.
Ийнхүү Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан нарийвчилсан журмаар ой хээрийн түймрээс учирсан хохирлыг хэн, ямар аргачлалаар хэрхэн тооцохыг тогтоож, тэр үнэлгээ нь буруутай этгээдээс төлбөр гаргуулах үндсэн баримт болохоор заасан байх тул эрх бүхий этгээд болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар байгуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг хохирлыг журмын дагуу холбогдох эрх зүйн эх сурвалжуудаар тогтоосон бүсчлэл, суурь үнэлгээ, итгэлцүүрээр тооцсон байх тул хохирол тооцсон энэ үнэлгээ үндэслэлтэй байна.
Ажлын хэсгийн үнэлгээнд түймэрт нэрвэгдсэн талбайн 2.5 га газрыг ойн сан бүхий газрын хөрс, 6 га газрыг бэлчээр нийтийн эдэлбэр газар гэж үзсэн ч үүнийгээ хохирлыг тооцохдоо ялгамжтай тооцоогүй, мөн газрын үнэлгээний 2 дугаар бүсэд хамааруулж суурь үнэлгээг 259,200,000 төгрөгөөр тооцохоор бичсэн ч тооцоолол хийхдээ 1 га газрын суурь үнэлгээг 6 дугаар бүсийн нийтийн эдэлбэрийн газрын үнэлгээгээр 138,200,000 төгрөгөөр зөв тооцсон тул эдгээр нь хохирлын үнэлгээг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Харин Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор түймэрт нэрвэгдсэн талбайн байгаль экологид учруулсан хохирлыг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Д” ХХК-ийг томилсон, “Д” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар гал түймэрт өртсөн талбайн экологи эдийн засгийн хохирлыг 22,136,213 төгрөгөөр тогтоосон, хохирлыг тооцохдоо ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй талбайн ангилалд 1 га газрыг нь хамааруулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалаар батлагдсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон байна.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг ойлгохоор тодорхойлсноос үзвэл түймэрт нэрвэгдсэн талбай нь ой, ойн сан бүхий газар гэж үзэхээргүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалаар батлагдсан ойн экологи, эдийн засгийн үнэлгээг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэхдээ ийнхүү түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоосон 2 үнэлгээнээс үнэлгээ хийсэн аргачлалыг харгалзалгүй зөвхөн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй гэдгээр нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хамааралгүй аргачлалаар хийсэн үнэлгээг баримталж хохирлыг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан нарийвчилсан журмаар ой хээрийн түймрээс учирсан хохирлыг хэн, ямар аргачлалаар хэрхэн тооцохыг тогтоож, тэр үнэлгээ нь буруутай этгээдээс төлбөр гаргуулах үндсэн баримт болохоор заасны дагуу эрх бүхий этгээдийн байгуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг хохирлыг журмын дагуу холбогдох эрх зүйн эх сурвалжуудаар тогтоосон бүсчлэл, суурь үнэлгээ, итгэлцүүрээр тооцсон байхад энэ зохицуулалтыг болон хохирол тооцсон аргачлал үндэслэлтэй эсэхийг харгалзаагүй нь буруу байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар ногдуулсан торгох шийтгэлийг хэвээр үлдээж, гомдол гаргагчаар төлүүлэхээр тогтоосон гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг 8,113,343 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Уг гал түймэр нь 2020 оны 4 дүгээр сард буюу хаврын цагт гарсан бөгөөд түүнээс хойш ургамлан бүрхэвч сэргэн ургасан, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд түймэрт нэрвэгдсэн талбайн тухайн үеийн нөхцөл байдлыг сэргээн тогтоох боломжгүй тул дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх нь ач холбогдолгүй гэж үзэж гомдол гаргагчийн өмгөөлөгчийн энэ талаарх хүсэлтийг хангаагүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулна гэсэн бөгөөд өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх ямарваа шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд шүүх хуралдаанаар тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бгийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар хохиролд төлүүлэхээр тогтоосон 22,236,213 төгрөгийн төлбөрийн хэмжээг 8,113,343 төгрөгөөр багасгаж, хохирлыг 14,022,874 төгрөгөөр тогтоож”, гомдлын шаардлагаас “улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА