Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/0046/Э |
Дугаар | ШЦТ0049 |
Огноо | 2016-09-08 |
Зүйл хэсэг | 145.1., 261.1., |
Улсын яллагч | Н.Батмөнх |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар ШЦТ0049
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Н.Батмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд /Үнэмлэхний дугаар-0704/
Шүүгдэгч: Т.Отгонтогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намхай овогтой Тойвын Отгоншагайд холбогдох эрүүгийн 201615010084 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Хөөврийн боригдой” гэх газар оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Намхай овогтой Тойвын Отгонтогтох /РД:ЙЕ80102333/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Т.Отгонтогтох нь 2016 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн “Хөөвөр” гэх газраас иргэн А.Сүхбаатарын хязаалан эр үхрийг хулгайлж хохирогч А.Сүхбаатарт 1 200 000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,
Мөн хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гадагш явахгүй баталгаа авах, батлан даалтаyд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгонтогтох мэдүүлэхдээ:
Сүхбаатарын үхрийг өвөл 2 дугаар сарын үед авсан. Баригдаад төлбөрийг нь өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 20-ны үеэр байцаагдсан. Надад байцаагч чөлөө өгөөд хурдан ирээрэй гэсэн. Би гэртээ очоод уяж байгаа морь, хонь, ямаагаа алдсан. Цагдаагийн ажилтны дуудсан цагт ирээгүй нь миний буруу. Дуудсан үед нь очсон бол тийм зүйл болохгүй байх байсан. Надад байцаагч яв гэж чөлөө өгсөн. Түүнээс надад оргон зайлсан зүйл байхгүй гэв.
Хохирогч А.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2016 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө Бүрд сумын “Хөөвөр” гэх газраас сарман зүсмийн соёолон үхэр хулгайд алдсан. Тухайн үед сэжиглэж байсан хүн нь Отгонтогтох байсан. Тэгээд Отгонтогтохтой очиж уулзахад би андуураад бариад идчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд хохирол гэж надад тугалтай үнээ өгсөн. Би хулгай хийгээгүй таны үхрийг андуураад авчихсан байна гэж хэлсэн. Одоо гомдол санал нэхэмжлэл байхгүй. Хохирол төлбөрт 1 тугалтай үнээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Хохирогч А.Сүхбаатарын дахин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж яриад байх зүйл байхгүй. Алдсан эр үхрийнхээ оронд Отгонтогтохоос тугалтай үхэр авсан тийм болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Харин тиймээ тухайн үед би сандраад тэгж мэдүүлэг өгсөн байсан. Одоо бодоод байхад манай үхэр 2 дугаар сарын сүүлээр алдагдсан байсан. Тэгж мэдүүлэг өгсөн нь миний буруу сандарсандаа тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Х.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Отгонтогтохтой Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Хөөвөр” гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уулзаж Өвөрхангай аймгийн Хархорин суманд орой 22 цагийн орчим мотоцикльтой нь сундалж ирсэн. Отгонтогтох нь надтай уулзах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Отгонтогтох нь 1980 онд төрсөн. Эхнэр Ягаанцэцэг нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болохоор би Отгонтогтохыг мэддэг юм. Одоогоор Отгонтогтох нь эхнэр хүүхдээсээ салж ганцаараа амьдарч байгаа бололтой байсан. Өөрийн гэсэн бод, бог нийлсэн хэдэн тооны мал байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/
Гэрч Т.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн иргэн Т.Отгонтогтохийн эгч Т.Үүрцайх бид хоёр нэг айлын бэр байгаа юм. Тийм болохоор би дүү Мөнхжаргалын хамт Т.Отгонтогтохыг батлан дааж авсан. Манай ажил дээр ирээд намайг та батлан даалтанд аваад өг баяр наадам болох гээд би найдвартай мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж танд хүндрэл үзүүлэхгүй гэж хэлээд байхаар нь түүнийг батлан дааж авах болсон юм. Отгонтогтох нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Хөөвөр” гэх газар оршин суудаг. Би түүний ах, дүү нарыг нь мэддэг болохоор холбогдоод 2016 оны 07 дугаар сарын 30-ны дотор бэлэн байлгах болно. Яриа зан сайтай бусадтай өөрийгөө танилцуулах чадвар сайн. Хошин зан төрхтэй хүн байгаа юм. Би түүний эд хөрөнгийн талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн иргэн Т.Отгонтогтох гэгчтэй утсаар холбогдсон зүйл байхгүй. Отгонтогтохын хадам ээжийн утас болох 99348725 дугаарын утас руу 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим холбогдож Отгонтогтохын хаана байгаа талаар асуухад түүний хадам нь Отгонтогтох манай нутгаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байна. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй Отгонтогтохын утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн иргэн Т.Отгонтогтох гэгчтэй хөдөө байхдаа айл саахалт байсан юм. Тийм болохоор түүнийг батлан дааж авсан. Надад ЭБШХ-н 65 дугаар зүйлээс асуух зүйл байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 24-ний 09 цагт Т.Отгонтогтохыг бэлэн байлгах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Гэрч Г.Хишигнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн засаг дарга болоод 4 жил гаран болж байна. Т.Отгонтогтох нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Хөөвөр” гэх газар эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Т.Отгонтогтохыг нутгийн хүмүүс надад хэлэхдээ хөдөлгөөнтэй, хулгай хийж болзошгүй хүн гэж ярьж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/
Гэрч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тиймээ би 2016 оны 02 дугаар сард манай аавын дүү Отгонтогтох нь намайг дуудан нэг үхэр төхөөрсөн. Тухайн үед эхнэр Ягаанцэцэг нь гэртэй байсан. Гэхдээ ууртай байгаа бололтой орон дээр буруу хараад хэвтэж байгаа бололтой байсан. Отгонтогтох ах үхрийг нядалж төхөөрөөд гэдэс дотрыг шууд хаясан би ямар учраас гэдэс дотрыг хаяж нохойд өгсөн талаар асуугаагүй гэр бүлийн хэрүүл маргаан болж гэж бодоод үхрийг нядалж өгөөд гэрээс нь явсан. Тухайн үед Отгонтогтох, Ягаанцэцэг бид 3-аас өөр хүн гэрт байгаагүй. Одоо би санахгүй байна. Ямар ч байсан эр үхэр байсан. Отгонтогтохтой хамт хулгай хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1, 2 дугаар хуудас/
Цагдаагийн дэслэгч М.Доржготов, Д.Бат-Эрдэнэ нарын илтгэх хуудас /хх-ийн 7-9, 10 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17, 28 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зуургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хуудас/
Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 47 дугаар хуудас/
Хувийн батлан даалт /хх-ийн 48 дугаар хуудас/
Урьд сонсгосон ялыг нэмж шинээр ял сонсгосон тогтоол, ял өөрчлөн сонсгож байцаасан тэмдэглэл /хх-ийн 64-65 дугаар хуудас/
Хохирогч А.Сүхбаатарын Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 12 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Отгонтогтохын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Т.Отгонтогтох нь 2016 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн “Хөөвөр” гэх газраас иргэн А.Сүхбаатарын хязаалан эр үхрийг хулгайлж хохирогч А.Сүхбаатарт 1 200 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг,
Мөн хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гадагш явахгүй баталгаа авах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус үйлдсэн болох нь
Хохирогч А.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэрч Х.Ууганбаяр, Т.Ундармаа, Т.Мөнхжаргал, Г.Хишигням, Д.Түвшинжаргал нарын мэдүүлэг /хх-ийн 35, 36, 37, 38, 40-41 дүгээр хуудас/, Цагдаагийн дэслэгч М.Доржготов, Д.Бат-Эрдэнэ нарын илтгэх хуудас /хх-ийн 7-9, 10 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17, 28 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Отгонтогтохын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргасан боловч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Отгонтогтох нь гэм буруутай, Хархорин сум дахь прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Отгонтогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Хохирогч А.Сүхбаатар нь “...Одоо гомдол нэхэмжлэл байхгүй. Хохирол төлбөрт 1 тугалтай үнээ авсан...” гэсэн тул /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ шүүгдэгч Т.Отгонтогтохыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Отгонтогтоход ял оногдуулахдаа анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Отгонтогтохын цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, Т.Отгонтогтохын эзэмшлээс битүүмжилсэн 1 520 000 төгрөгийн үнэлгээ 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосныг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Намхай овогтой Тойвын Отгонтогтохыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Т.Отгонтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Т.Отгонтогтоход оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 1 /нэг / жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дүгээр зүйлийн 52.5-т зааснаар Т.Отгонтогтоход оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Т.Отгонтогтохын 5 ханатай гэр, хивс модон авдарыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Т.Отгонтогтоход оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Т.Отгонтогтох нь 35 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Отгонтогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА