| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0427/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/468 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0427/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007630470 эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 143 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 354 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д- Б.Б
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух иргэн Л.Г-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн “Э-” маркийн өнгөт телевизорыг хулгайлан авч 250,000 /Хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Г-ын “...Гэртээ ороод үзтэл манай том өрөөний шүүгээн дээр байсан 32 инчийн “Э-” маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан байсан. Би тэр дор нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нар манай гэрийг олохгүй намайг “зам дээр гараад ирээч” гэж залгахаар нь би гудамжны үзүүрт гараад очтол манай зурагтыг 25 орчим насны өндөр, бор царайтай залуу тэвэрч явсан. Тэгэхээр нь би “хөөе залуу зогсож бай” гэж хэлэхэд тэр залуу зурагтаа газар хаяад хойд зүг рүү зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Ж.З-ын “...гэрт нь ороод хартал Чимгээ эгчийн гэрийн авдар дээр хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Тэгэхээр нь би “энэ юун зурагт вэ” гэж Чимгээ эгчээс асуухад “*******сая эгчийнхээсээ авчирсан юм, тэвэрч орж ирээд намайг ажиллаж байна уу үгүй юу гээд шалгаад өгөөч гэж гуйгаад зогсож байна” гэж хэлсэн, ...хамт гараад миний ард ******* зурагтаа тэвэрчихсэн манай нөхөртэй уулзах гээд явж байсан. Тэгсэн гэнэт машин зогсоод нэг эмэгтэй миний зурагтыг өг гээд орилоод эхэлсэн. Тэр үед *******зурагтаа хаяад зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Д.Ч-ийн “...Нэг цагийн дараа манайд сүүлд ирдэг өндөр залуу хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрч орж ирээд “би энэ зурагтыг эгчийнхээ гэрээс аваад явж байгаа юм. Ажиллаж байгаа эсэхийг нь шалгаад үзье” гээд үзэхэд тэр зурагт нь ажиллахгүй байсан. ...Би тэр залууд чи одоо энэ зурагтаа аваад манай гэрээс яв гэхэд тэр залуу юу ч дуугаралгүй манай гэрээс гараад явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Хохирогч Л.Г-ын гэрээс эд зүйл алдагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3/,
Хулгайд алдагдсан 32 инчийн “Э-” маркийн зурагтыг хураан авч хохирогч Л.Г-од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/,
Шүүгдэгч Б.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн эд зүйл үнэлсэн “...Э- загварын 32 инчийн ЛСД дэлгэцтэй өнгөт зурагтыг 250,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 11-12/
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ... тоот иргэн Л.Г-ын гэрээс 32 инчийн Э- телевизор хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “хүн байнга оршин суух зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй, бага хэмжээний хохирол учирсан тул гэмт хэргийн шинжгүй, зурагтын үнэлгээг гаргахдаа элэгдэл хорогдлыг тооцоогүй” гэж мэтгэлцжээ.
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хэргийн шинжийг бүрэн хангах ба айл андуурч орох, хүн хайж орох зэргээс үл хамаарч оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орон эд хөрөнгийг хулгайлснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.
Хохирогч хулгайд алдагдсан гэх зурагтыг 400,000 төгрөгөөр худалдаж авсан гэж мэдүүлсэн байх ба шинжээч элэгдэл хорогдол, зах зээлийн үнийг харгалзан 250,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Д- овогт Б.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Г- гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндүүрлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх боловч урьд Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 143 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 354 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулиар өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүйгээр хуульчилсан боловч гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд харгалзан үзэх гол нөхцөл тул түүнд оногдуулах ялыг тэнсэх шаардлагагүй гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД