Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0413/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.ЭнхТ-,

Хохирогч Б.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000000498 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хорио цээр хяналт үнэлгээний шинжээч мэргэжилтэй, Донж хаус ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Ц.Д

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д  нь 2018 оны  10 дугаар сарын 27 -ны өдөр  Дархан-Уул аймаг Дархан сум, 10 дугаар баг, Дархан их дэлгүүрийн урд талын зам дээр 1576УББ улсын дугаартай Тоёото Спасио загварын  авто тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч Б.Б-ыг явган хүний гарцан дээр мөргөж эрүүл мэндэд нь гавлын суурь ясны шугаман зөрөөгүй хугарал бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-ын “...Дархан их дэлгүүрийн тийшээ зам хөндлөн гарах гээд явган хүний гарцтай цагаан зураастай хэсгээр зам гартал миний зүүн гар талаас машин хол харагдаж байсан, тэгээд зам гартал гэнэт тас няс хийгээд явчихсан. Би зам дээр унасан, тэгээд нэг хэсэг юу болсноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Гэрч Г.Б-ын “...нэгдүгээр эгнээгээр явж байтал ертөнцийн зүгээр хойд талаас гэнэт нэг хар бараан хувцастай эрэгтэй хүн зам руу гүйж орж ирээд  мөргүүлсэн байх, би мөргөх явцыг хараагүй. Тэгээд Дөлгөөн тэр дороо машинаа зогсоогоод намайг эмнэлэг дуудаарай гэж хашгирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч Г.Т-гийн “...их дэлгүүрийн урд талд хуучин орох чиглэлд явж байгаад гэнэт зүүн талаас нэг хүн гарч ирээд мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1145 дугаартай “...Б.Б-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолын үед хатуу гадарга дээр хүчтэй унах, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гавлын суурь ясны шугаман зөрөөгүй хугарал гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хх-ийн 4-6/,

 

Зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9/,

 

           Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/,

 

Шүүгдэгч Ц.Д “...миний баруун гар талаас буюу Дархан их дэлгүүрийн эсрэг талын байр талаас гартаа хар өнгийн цамц барьчихсан согтуу, ахимаг насны эрэгтэй хүн машины урдуур гараад ирсэн, би тоормос гишгээд тэр хүнийг мөргөсөн. Тэр хүн машины урд гупер, урд хэсэгт мөргүүлээд салхины шил хагараад зам дээр унасан, би машинаа тэр дор нь зогсоогоод буугаад мөргүүлсэн хүнийг машиндаа өргөж оруулж суулгасан. Тэгэхэд тэр хүний толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Б- нь эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 4,481,429 төгрөг нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч баримтаар гаргасан эм тариа эмчилгээний зардал 180,429 төгрөгийн талаар маргаагүй, уг зардлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч бусад зардлын талаар маргажээ.

 

Хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй боловч өмгөөлөгчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааралгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Цаашид хадаас авахуулахад гарах зардлыг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн баримтгүй, хохирогч тухайн үед нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрхтэй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй ба хохирогч осолд орсноос хойш 6 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан өвчний түүх бусад баримтуудаар тогтоогдож байх тул мөн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 1,440,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх нөхөн төлбөр дээр шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар гаргаж өгсөн 180,429 төгрөгийг нэмж нийт 1,620,429 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, өмгөөлөгчийн хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэл гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 1,630,000 төгрөг төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул Ц.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохооор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Д 83 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг биелүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Ц.Д авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Г овогт Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189-р зүйлд зааснаар ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,  ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Д 83 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД