Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0561/P |
Дугаар | 221/МА2015/0315 |
Огноо | 2015-07-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2015/0315
Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.М, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, гуравдагч этгээд А.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар шийдвэрт гуравдагч этгээд А.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.М-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хужирбулангийн 5 дугаар хэсэгт анх ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй, цэвэр газар байсан тул уг газрыг эзэмших хүсэлт гарган, кадастрын зургаа хийлгэж 2008 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн газрын албанд хандахад нийтээр нь шийднэ хүлээж бай гэсэн. Үүнээс хойш дүүргээс хүлээж бай гээд 2 удаа бичиг баримт чинь алга байна дахин өг гэсний дагуу бүрдүүлэн өгсөн. Гэтэл 2009 оны 07 дугаар сард Г.Н ын газартай давхцаж байна гэсэн. Үүнээс хойш Г.Н аас худалдан авсан гэж Д.Б , А.М нар хашаанд ирж буусан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/996 дугаар захирамжийн Д.М-дхолбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ******дугаартай, 304624 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/996 дугаар захирамжаар уг газрыг үнэгүй өмчлүүлсэн. Уг шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5.1-т заасанд нийцсэн, хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар тус дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулангийн А-2-17 тоотод байршилтай 472 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Г.Н д эзэмшүүлсэн.
2013 оны А/448 дугаар захирамжаар эзэмших эрхийг А.М д шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.М нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус хэлтэст хандан газар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба мэдүүлэгт холбогдох баримтыг бүрдүүлэн өгснийг үндэслэн улсын бүртгэлийн ******дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон. Энэ бүртгэл нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д нийцсэн тул бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2009 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон дугаар тохирч байгаа. Иргэн Г.Н д 415 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь хуулийн үндэслэлтэй. Зохих хууль тогтоомжийн дагуу бусдын нэр дээр шилжсэн. Мөн үүнийг бүртгэсэн бүртгэлийн ажилтан хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байгаа. Бичиг баримтад үзлэг хийсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие анх бичиг баримтыг бүрдүүлэн Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Өөрсдөө амьдрахаар хашаа барьсан боловч амьдраагүй тул иргэн Д.Б д зарсан. Газар эзэмших эрхийг авахад Б.М-ийн нэр дээр захирамж болон бусад бичиг баримт байгаагүй тул захирамж давхардан гарсан гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Би нэхэмжлэлд дурдсан захирамжуудаар газар эзэмшиж, өмчлөөгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийг 79 дүгээр гудамжны 2273 болон 2207 тоот хаягт байршилтай газрыг эзэмшиж, өмчилж байгаагүй болно. Нэхэмжлэлийг шийдвэрлэхэд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, зөрчигдөх нөхцөл үүсэхгүй. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хариу тайлбарыг дэмжиж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/996 дугаар захирамжийн А.М д холбогдох хэсэг, А.М ы өмчлөх эрхийн 30624 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгож,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/448 дугаар захирамжийн А.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд А.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд:
1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...шүүхээс хийсэн үзлэгээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны бүртгэл хяналтын карт болон өргөдөл хүлээн авах дэвтэрт Г.Н ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан бүртгэл байгаагүй гэж дурдан, улмаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт Г.Н ын хүсэлтийг хүлээн авч бүртгэснийг нотлох баримт байхгүй гэж дүгнэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нийт 3 удаа үзлэг хийсэн байгаагаас Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэг удаа үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд маргаан бүхий газартай холбоотойгоор ...Г.Н ын ...415 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн хувийн хэрэгт үзлэг хийхэд хэргийн материалд авагдсан баримтууд байсан тул хуулбарлан аваагүй гэж дурджээ. Энэхүү тэмдэглэлд дурдсан хэрэгт авагдсан баримтууд нь Г.Н аас Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Хужирбуланд газар авах хүсэлтээ илэрхийлж гараар бичсэн өргөдөл буюу тус дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Ц.О ы Баянзүрх дүүргийн Улиастайн 469а тоотод амьдардаг Г.Н нь Хужирбулан А-2-17 тоот хашааг эзэмших хүсэлт гаргасныг уламжилсан тодорхойлолтын хамт, 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн газрын тойм зураг зэргийг хавсаргасан Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэн Г.Н ын өргөдөл зэрэг баримт байсан бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архиваас эдгээр баримтыг хэрэгт хуулбарлан өгсөн байдаг.
Үүнээс үзвэл иргэн Г.Н нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгсөн нь тогтоогдож байх бөгөөд түүний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох бусдын эзэмшиж буй газартай давхцаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, хуульд заасан шаардлагатай баримтуудыг хавсарган, баталсан загварын дагуу хүсэлтээ гаргасан байх зэрэг нөхцөл, шаардлагуудыг хангасан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамж, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0252939 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Г.Н д Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулангийн А-2-17 тоотод байрлах газрыг эзэмшүүлж, тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд уг газрыг эзэмших эрх Г.Н д хуулийн дагуу үүссэн байжээ.
Гэтэл хариуцагч байгууллагын архивт иргэн Г.Н ын гаргасан дээрх хүсэлт, баримтууд байсаар атал шүүх Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т ...хүсэлтийг хүлээн авмагцаа ... төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ, 32.5-д ...Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж... гэж заасныг зөрчсөн гэж иргэнээс хуулийн дагуу гаргасан өргөдлийг бүртгэх үйл ажиллагааг гүйцэтгэх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны байгууллагын бүртгэлийн үйлдэлд хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан иргэнийг буруутган, хүсэлт гаргаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2. Шүүх ... Б.М Хужирбуланд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ зохих ёсоор гаргаж байсан, харин Г.Н ыг уг газрыг эзэмших хүсэлт гаргасан эсэхийг хариуцаж байсан газар зохион байгуулагч мэдээгүй, хүсэлтийг судлаагүй нь нотлогддог гэж дүгнэхдээ Г.Н аас гаргасан газар эзэмших өргөдөл, хүсэлт баримтууд хариуцагчийн архивт байсаар атал хэрэгт авагдсан эдгээр бичмэл баримттай нийцэхгүй байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж хуульчилсантай нийцээгүй байна гэж үзэхээр байна.
3. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий газартай хамааралгүй газар буюу иргэн Г.Н ын оршин суудаг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 469а тоотод хамаарах газрын талаар дүгнэсэн нь маргаан бүхий акт болох А/300 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд ач холбогдолгүй, хамааралгүй талаар дурдах нь зүйтэй.
4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... Г.Н ын нэр дээр хаяг бүртгэгдээгүй гэж дүгнэсэн байх ба Г.Н ын гаргасан газар эзэмших өргөдөлд Засаг дарга Ц.О цохолт хийхдээ Хужирбулан А-2-17 тоот хашааг эзэмших хүсэлт гаргасан гэж, харин Б.М-ийн гаргасан газар эзэмших хүсэлтэд мөн Засаг дарга Ц.О цохолт хийхдээ Хужирбулан А-3-8 тоот хашааг эзэмших хүсэлтийг уламжилъя гэсэн байхаас гадна Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2181 дүгээр тодорхойлолтоор Г.Н нь Баянзүрх дүүргийн хороод хуваагдан өөрчлөн зохион байгуулагдахаас өмнө Хужирбулан А-2-17 тоот газрыг эзэмшиж байсан ба энэхүү газар нь 28 дугаар хороонд хуваагдсан болохыг, мөн дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тодорхойлолтоор Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Хужирбулан А-2-17 тоот нь одоогийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 хэсгийн 79 дүгээр гудамжны 2272 тоот болсон талаар тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, Г.Н ын эзэмшиж байсан газар болох А-2-17 тоот газар нь одоогийн Хужирбулангийн 2273 тоот /хаяг давхацсны улмаас 2272 тоотыг 2013 онд 2273 болгосон нь 2009 болон 2013 онд хийгдсэн кадастрын зургуудаар болон улсын хянан баталгааны дүгнэлтээр тогтоогдоно/ мөн болох нь тогтоогдсон, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдэд/ дээрх дүгнэлтэд дурдсан хаягийн талаарх тайлбар, баримт дурдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.
2. Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ баталсан загварын дагуу гаргах бөгөөд тэрхүү хүсэлтэд дурдагдсан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд эрх бүхий этгээд газар эзэмшүүлэн шийдвэрлэх зохицуулалттай. Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийг зөрчиж давхардуулан олгосон гэсэн үндэслэлээр Б.Мд газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасантай нийцсэн байхад шүүх ...Б.М газар эзэмших хүслээ илэрхийлэн хандахад газар нь бусдын эзэмшилд байгаа талаар мэдэгдээгүй атлаа газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Г.Н нь 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаж, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн Хужирбулан, А-2-17 тоот газрыг хууль ёсоор эзэмшсэн байхад түүнээс хойш буюу 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргаж, уг газар Г.Н ын эзэмшлийн газар болсны дараа иргэн Б.Мд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар 486 дугаар захирамжаар Хужирбулан А-3-8 тоот гэх хашааг эзэмшүүлэн шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байх тул Б.Мд уг газрыг эзэмших эрх анхнаасаа хуулийн дагуу үүссэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл уг газрын хувьд Б.М-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх асуудал яригдахгүй юм.
Иргэн Б.М-ийн гаргасан хүсэлтийг тухайн үед нь хуулийн дагуу шийдвэрлэж чадаагүй, хуульд нийцээгүй талаар мэдэгдээгүй үйлдэлдээ хариуцагч буруутай гэдэг нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нийцсэн. Б.М-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын энэхүү мэдэгдээгүй үйлдлээс болж иргэн хохирсон асуудал нь хуулийн дагуу гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд захиргааны байгууллагын буруугаас болж иргэн хохирсон гэж үзэж байвал хохирлоо шаардан арилгуулах тусдаа процессын дагуу шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр, хууль зорчин газрыг давхцуулан олгосныг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн А/300 дугаар захирамжийг шүүх хүчингүй болгосноор Баянзүрх дүүргийн Хужирбулан 2273 тоот /шинэчилсэн хаяг/ газрын хувьд хоёр этгээд нэгэн зэрэг эзэмших эрх эдэлж буй мэтээр үлдээх үр дагаварт хүргэж, бодит байдалд тэдгээр иргэд хэн аль нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх нөхцөлд хүргээд байна.
3. Иргэн А.М д газар өмчлүүлсэн шийдвэр, уг газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн Улсын бүртгэлийн ******дугаартай, 304624 тоот гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн тухайд:
Маргаж буй газар болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 79 дүгээр гудамжны 2273 тоотод орших 460 м.кв газрыг иргэн А.М нь хууль ёсны эзэмшигч болох Газар эзэмших эрхийн 0252939 дугаарын гэрчилгээгээр эзэмшигч Г.Н аас 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А448 тоот шийдвэр, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ****тоот гэрчилгээгээр А.М д дээрх газрыг эзэмшүүлсэн.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/996 дугаар захирамжаар **** нэгж талбарын дугаартай уг маргаан бүхий газрыг А.М д өмчлүүлснийг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн ******дугаарт бүртгэж, 000304624 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
Маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан этгээд болох Г.Н аас гэрээний дагуу газар эзэмших эрхийг А.М нь шилжүүлэн авч, эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газрыг эзэмшиж, улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу газрыг өмчилж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулан, өмчлөгчөөр бүртгүүлсэн нь газрын тухай болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид нийцсэн байхад хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй Б.М-ийн эрх зөрчигдсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийн дагуу хийгдсэн улсын бүртгэл, түүний дагуу олгогдсон газар өмчлөх эрхийн улсын гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь тус газрын хууль ёсны өмчлөгч А.М ы эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
Тодруулбал, А.М д Хужирбулангийн 28 дугаар хороо, 79 дүгээр гудамжны 2273 тоотыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шүүх уг газрыг эзэмшиж байсан Г.Н ын газар эзэмших эрх, түүнээс уг эрхийг шилжүүлэн авсан А.М ы газар эзэмших, өмчлөх эрхийн талаар дүгнэлт өгөөгүй атлаа А.М ы газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, иргэн Б.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд А.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Мд Баянзүрх дүүргийн Засаг дарга 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 486 дугаар захирамжаар тус дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулангийн А-3-8 тоотод 697 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн боловч 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамжаараа иргэн Г.Н ын эзэмшлийн газартай давхацсан гэсэн үндэслэлээр дээрх захирамжийн Б.Мд холбогдох хэсэг болон түүний газар эзэмших эрхийн 00448457 дугаартай гэрчилгээг хүчингүй болгожээ.
Г.Н нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар 472 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.М газар эзэмшихийг хүссэн өргөдөл 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, Г.Н ынх 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар Г.Н нь Б.Мгаас өмнө газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн боловч тухайн баримтууд нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байхгүй, Б.Мг хүсэлт гаргах үед хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд байгаа талаар мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай.
Учир нь захиргааны байгууллагын иргэдийн өргөдөл, хүсэлтийг хадгалах, архивт шилжүүлэх, гаргасан хүсэлт нь хуулийн дагуу эсэх талаар хариуг өгөх үүргээ биелүүлээгүйд гуравдагч этгээдийг буруутган, зохих журмын дагуу олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу, өөрөөр хэлбэл холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад зөвхөн эсрэг агуулга бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авахаар байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжид Г.Н д эзэмшүүлсэн газрын хаягийг Улиастай 469а тоот гэж тэмдэглэсэн боловч 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгохдоо тухайн алдаагаа залруулж **** нэгж талбарын дугаарыг болон хаягийг Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Хужирбулангийн А-2-17 тоот гэж тодорхой заажээ.
Хаягийн тухайд Б.Мд газар эзэмших эрх олгосон 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 486 дугаар захирамжид Хужирбулангийн А-3-8 тоот гэж тусгагдсаныг ч дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч Б.М 2008 оны 06 дугаар сараас хойш газрыг эзэмших хүсэлтийг тус дүүргийн газрын албанд гаргаж байсан гэж маргаж байгаа боловч түүнийг нотлох баримт байхгүй бөгөөд шүүхээс хийсэн үзлэгийн явцад энэ талаарх баримт илрээгүй байна.
Эдгээрээс харахад Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамжаараа 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 486 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.
Тиймээс хууль ёсны эзэмшигч Г.Н аас газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/448 дугаар захирамжаар шилжүүлэн авч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/996 дугаар захирамжаар тухайн газраа өмчлөн авсан А.М ы үйлдлийг хууль бус гэх үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар Г.Н д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Б.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Газрын тухай хуульд нийцсэн байх тул тухайн захирамжийг үндэслэн гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/996 дугаар захирамжийн Д.М-дхолбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ******дугаартай, 304624 тоот гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор байх тул үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/300 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/996 дугаар захирамжийн Д.М-дхолбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ******дугаартай, 304624 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/448 дугаар захирамжийн А.М д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд А.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР