Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,         

улсын яллагч П.Нархажид,

хохирогч Б.Баттогтоол, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Баттуул,

шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Нармандах, тэдгээгийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт холбогдох 201625011447 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хаалттайгаар хянан хэлэлцэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын      23-ны өдөр Төв аймаг, Эрдэнэсант суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармаг 15 дугаар гудамжны 1 тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, Сум дундын 4 дүгээр шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийн 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НФ00222303, Боржигон овогт Цогбаярын Алтантуул.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын         6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 303 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЗК99080626, Боржигон овогт Мэндбаярын Дэлгэрбаяр.

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Насанд хүрээгүй яллагдагч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны 86в байрны 100 тоотод оршин суух иргэн А.Мандахын гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон орж “Daewoo” маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 33 дугаар гудамжны задгай тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Баттогтоолыг “гэртээ харина” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ц.Алтантуул гадагш явж болохгүй тухай баталгаа авах, М.Дэлгэрбаяр нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан үедээ буюу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баттогтоолтой чатлаж Баянзүрх дүүрэг дээр очиж уулзсан. Тэгээд дээшээ Монел руу бид хоёр хамт алхаад М.Дэлгэрбаярын найз залуугийн гэрт очиж нэг хоносон. Маргааш нь М.Дэлгэрбаяр нь “Б.Баттогтоолыг чи одоо харихгүй юм уу” гэхэд “би одоо харих юм бол эгч, ах нартаа алуулна, би саяхан 10 хоног гэрээсээ гарч зодуулсан” гээд мөрөн дээрээ хөхөрсөн, хацар нь түлэгдсэн юм шиг болсон байсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 5-нд найз Галдангаагийн төрсөн өдөр болж нэг том пиво, 0.75 грамм архитай хамт авч ирсэн. Б.Баттогтоолыг “чи архи ууж чадах юм уу” гэхэд “чадна, саяхан гэрээсээ 10 хоног явахдаа бараг тасралтгүй уусан” гэх зүйл ярьсан. Тэгсэн Б.Баттогтоол архи уугаад айлын хоймор шүлсээ хаяад бөөлжихөд уг айлын эзэн уурлаад боль гэхэд М.Дэлгэрбаяр бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тэгээд Б.Баттогтоол явлаа гээд М.Дэлгэрбаярын хувцасыг өмсөөд гарсан. Тэгэхэд М.Дэлгэрбаяр араас нь гараад Б.Баттогтоолыг “чи явах гэж байгаа бол хувцсаа солиод яв” гээд бид гурав буцаад орсон. Тэгсэн Б.Баттогтоол нь “би явахаа больчихлоо” гээд дахин айлын хоймор шүлсээ хаясан. Б.Баттогтоолыг эхлээд үсдсэн, алгадсан, үсийг нь шатаасан. Тэгээд эвлэрээд буцаад бүгд унтсан. Намайг сэрэхэд Б.Баттогтоол явсан байсан.

Харин хулгайн хэргийн хувьд 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр М.Дэлгэрбаяр бид хоёр Мэндээ гэх найзындаа шөнийн 04 цагт очоод “Мэндээ байна уу” гэхэд байхгүй гэсэн. Тэгсэн бид хоёрыг “хоноод яв” гээд бид хоёр орж хоносон. Өглөө нь гурвуулаа хоол хийж идчихээд байж байтал манай нэг найз залгаад ойрхон байна гараад ир гэсэн. Тэгээд уулзаж байтал Мандах гэх ах залгаад “гарах гэсэн юм, та хоёр ирэх болж байна уу” гэхээр нь “болоогүй байна” гэхэд түлхүүрээ үлдээлээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ороод нүүрний будаг, хувцсаа авахдаа хананд өлгөөтэй байсан зурагтыг нь аваад байрны үүднээс такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн дэргэд байдаг ломбарданд тавиад “Эх нялхас”-т найз дээрээ очсон. Мөн 7-н буудал орж хувцас авсан.

Харин оргосон хэргийн хувьд М.Дэлгэрбаяр бид хоёр дуудсан хугацаанд нь хоёр удаа очсон. Бид хоёр гэртээ очихгүй байсан болохоор тухайн үед Төв аймагт манай ах хүрээд ир гэхээр нь Төв аймаг явсан. Тухайн үед тоггүй, миний гар утасны цэнэг дуусч унтарсан байсан. Тэгээд бид хоёр хотод ирээд 100 айл дээр гэр гэр рүүгээ явах гэж байтал автобусны буудал дээр байцаагчтайгаа таарсан” гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Дэлгэрбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр найзындаа хоносон. Харин Ц.Алтантуул 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр найзындаа очиж хононо гээд явсан байсан боловч ирэхдээ Б.Баттогтоолыг дагуулж ирсэн. Тэгэхээр нь би юун охин бэ гэж асуухад манай 10-н жилд хамт сурч байсан найз охин гээд танилцуулж манай найзынд хоносон. Маргааш нь би Б.Баттогтоолыг “явахгүй юм уу гэхэд үгүй, гэр рүүгээ харьж болохгүй, гэрийнхэн намайг загнана” гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 5-нд манай найзын төрсөн өдөр болж архи, пивотой авч ирээд бүгдээрээ уусан. Тэгсэн Б.Баттогтоол нь манай найзын гэрийн хойморт шүлсээ хаяаад байхаар нь болиоч гэж хэлэхэд өөдөөс “та хоёрт ямар хамаатай юм, дуугүй бай” гэж хэл амаар доромжилсон. Б.Баттогтоол явахдаа миний хувцасыг өмсөөд явчихсан байхаар нь хувцасыг нь солиод явуул гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Б.Баттогтоол, Ц.Алтантуул хоёр найзтайгаа уулзчихаад ирье гэж яваад ирэхдээ хоорондоо маргалдчихаад ирсэн. Би юунаас болж маргалдсныг мэдээгүй. Тэгээд би араас нь гүйж очоод чи миний хувцсыг өмссөн учраас гэр рүү ороод өөрийнхөө хувцсыг өмсөөд гэр рүүгээ явж гэж хэлсэн. Тэгсэн Б.Баттогтоол за гээд бид хоёртой буцаад манай найзын гэр рүү ороод явахаа болилоо гэсэн. Үүнд М.Дэлгэрбаяр бид хоёр дургүй хүрээд маргалдаж үсдсэн, үснээс нь зулгааж алгадсан, хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн, үсийг нь тайрсан боловч Б.Баттогтоол ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд бид нар эвлэрээд унтсан. Намайг сэрэхэд Б.Баттогтоол миний хувцсыг өмсөөд явчихсан байсан.

Харин хулгайн үйлдлийн хувьд 2016 оны 4 дүгээр сарын 5-нд бид хоёр найзынхаасаа гараад шөнийн 04 цагийн үед Цагаанхуаран хотхонд найз Мэндбаярынд очиход цэргийн албанд явсан байсан. Мөн найз Отгонбаярыг асуухад хөдөө байгаа гэсэн. Тэгээд бид хоёр коридорт нь зогсож байтал Мандах гэх ах гарч ирээд хоноод яв гээд орж хоносон. Маргааш өглөө нь 10 цагийн үед Мандах гэх ах гараад орж ирсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс хоолны материал авч хоол хийж идсэн. Тэгсэн манай найз залгаад та хоёр хальт гараад ир гээд очоод уулзаж байтал Мандах ах залгаад жижүүрт түлхүүрээ үлдээлээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр түлхүүрийг нь авч гэрээс нь хувцсаа авахдаа зурагтыг авч гарсан. Тэгээд такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн дэргэд байрлах ломбарданд таксины жолоочийн үнэмлэхээр уг зурагтыг тавьсан. Тэгээд “Эх нялхас” орж найзыгаа эргэсэн. Мөн 7-н буудал орж хувцас авсан.

Харин оргосон үйлдлийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр дуудсан цагт нь 2-3 удаа очсон. Тухайн үед би утасгүй Ц.Алтантуул утастай гэрээсээ гарсан байсан. Ц.Алтантуулын ах Төв аймагт гэртээ ганцаараа байгаа та хоёр ирээд хэд хоног бай гэж хэлээд очиж 3 хоносон. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 30-нд хот руу орохдоо ээжтэй утсаар ярихад мөрдөн байцаагчтайгаа уулзаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 100 айлын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал мөрдөн байцаагчтай таарч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч яваад оргосон талаараа тайлбар бич гэж хэлсэн” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Баттогтоол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” 2016 оны 4 дүгээр сарын 28-нд Ц.Алтантуултай фэйсбүүк чатаар харилцаж байгаад Баянзүрх дүүрэг дээр уулзсан. Тэгсэн Дөлгөөн уурлаад байна хамт очоод ирье гэсэн. Тэгээд Монелд очиход М.Дэлгэрбаяр найз залуутайгаа хэвтэж байсан. Тэгэхэд М.Дэлгэрбаяр нь өөрийгөө Дөлгөөн гэж танилцуулсан. 2016 оны 5 дугаар сарын 5-нд Галдангаагийн төрсөн өдөр болж нэг шил 0.75 грамм архи, пиво, ундаа авч ирсэн. Тэгсэн Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр хоёр архи уухгүй пиво уумаар байна гэсэн. Мөн надад пиво өгөхөөр нь уухгүй гэхэд Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр хоёр намайг хурдан уулдаа би уумаар байна гэхээр нь пивоноос нэг аяга уусан. Тэгээд доошоо буугаад алхаж байтал араас М.Дэлгэрбаяр гүйж ирээд чамайг Ц.Алтантуул хүлээж бай гэнээ гэсэн. Тэгсэн Ц.Алтантуул ирээд “би хэд хоног чиний нүдэнд багтсан уу” гээд гар утас барьсан зүүн гараараа миний хацар руу алгадсан. Мөн намайг зөрүүлээд алгадалдаа гэхээр нь үгүй би найзыгаа алгадахгүй гэхэд М.Дэлгэрбаяр “Аагий байж бай найз нь гүйцээчихье, уур хүрчихлээ” гээд дагуулаад гэр рүүгээ орсон. Тэгэхэд Галдангаа нь согтоод уначихсан байсан. Мөн М.Дэлгэрбаярын найз залуу архинд яваад архи авч ирээд надад өгөхөөр нь би амсаад уудаггүй гээд өгтөл М.Дэлгэрбаяр, Ц.Алтантуул хоёр хурдан уулдаа бид хоёр ч гэсэн уумаар байна, ямар их зантай юм гэхээр нь архинаас нэг уусан. Тэгээд би явлаа гэхэд чи ямар ядаргаатай юм гээд миний үснээс зулгаагаад алгадсан. Тэрнээс би тэр айлын хоймор шүлсээ хаяагүй. Мөн Галдангаа нь шүлсээ хаялаа гэж уурлаагүй. Тэгээд миний дотор эвгүйрч гадаа гараад бөөлжих гэтэл ямар их бөөлждөг юм гээд Ц.Алтантуул намайг үсдээд чирч оруулсан. Тэгсэн М.Дэлгэрбаяр нь миний нүүр рүү өшиглөөд, толгой дээр дэвссэн. Мөн хэвлий рүү өшиглөсөн, “ямар урт үстэй юм, чам шиг ийм урт үстэй болох юмсан” гээд миний үсийг шатаасан, хувцсаа тайлаад Галдангаагийн хажуугаар ороод унт гээд би айсандаа хувцсаа тайлаад Галдангаагийн хажуугаар ороод унтсан. Намайг сэрэхэд бүгдээрээ унтаж байхаар нь гартаа тааралдсан хувцсаа өмсөөд эгчийнх рүүгээ Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр хоёроос зугтаасан. Маргааш нь цагдаад хандсан. Өөр зүйлгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8, 35-37, 80-81/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Г.Мөнхбаатарын илтгэх хуудас /хх-13/, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн албаны нохой, морь сургалтын тасгийн туслах төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Д.Чингэсийн илтгэх хуудас /хх-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-18-19/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2619 дугаартай дүгнэлт /33-34/, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн хууль ёсны төлөөлөгч томилсон албан бичиг /хх-38/, эрүүгийн гэмт хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-70/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6299 дугаар дүгнэлт /хх-87/, насанд хүрээгүй шүүгдэгч М.Дэлгэрбаярын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-108/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-110/, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуулын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-111/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-113/, Сум дундын 4 дүгээр шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоол /хх-117-118/, ломбардны бичиг /хх-120/, хохирлын тооцоо /хх-121/, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуулын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-122-125/, насанд хүрээгүй шүүгдэгч М.Дэлгэрбаярын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-126-130/, эрэн сурвалжилсан тухай баримт /хх131-143/, утсаар ярьсан тэмдэглэл /хх-162-163/, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан тоот /хх-188/, насанд хүрээгүй шүүгдэгч М.Дэлгэрбаяраас хохирлын 250.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-189/, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн албан бичиг /хх-190/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Насанд хүрээгүй яллагдагч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны 86в байрны 100 тоотод оршин суух иргэн А.Мандахын гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон орж “Daewoo” маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр М.Дэлгэрбаяртай бүлэглэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 33 дугаар гудамжны задгай тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Баттогтоолыг гэртээ харина гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:  

Хохирогч А.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 04 цагийн үед намайг гэрт байж байхад манай дүү Мэндбаярын найз гэх 2 эмэгтэй хүүхэд ирээд Мэндбаяр, Отгонбаатар нарыг асуухаар нь “байхгүй” гэхэд…”бид 2 энд хонох гэж ирсэн юм” гэхээр нь “хоноод явахгүй юу” гээд ор засч өгөөд хонуулсан. Тэгээд би өглөө 10 цагийн үед гадагшаа гарахад нөгөө 2 хүүхэд унтаж байсан…ирсэн чинь унтаж байсан бид гурав 2 цагийн үед хоол хийж идээд тэр 2 хүүхэд 17 цагийн үед гараад явсан. Би гарах ажилтай болчихоод нөгөө 2 хүүхэд рүү залгаад “ирэх болж байна уу” гэхэд “удахгүй очлоо” гэхээр нь хүлээгээд ирэхгүй байхаар нь “жижүүрт түлхүүрээ үлдээсэн шүү” гэж хэлээд гадуур ажил амжуулж байгаад орой 19 цагийн үед ирсэн чинь хананд өлгөөтэй байсан зурагт алга болсон, хаалга үүд эвдэрсэн зүйл байхгүй байсан тэгээд цагдаа дуудсан….зурагтаа 700.000 төгргөөр үнэлнэ, 1 жилийн өмнө авч байсан. Манайд хоносон 2 эмэгтэйг сэжиглэж байна…” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ундралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…М.Дэлгэрбаяр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр найз Ц.Алтантуултай зурагт авч гараад түүнээс хойш гэртээ ирэхгүй дайжаад одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Гэр орноосоо гардаггүй байсан сүүлд тэр найзтайгаа манай хадмын зурагтыг хулгай хийгээд ломбарданд тавьсан байсныг нь олж авсан... ” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Алтантуултай 2015 оны  10 дугаар сарын 26-ны өдөр танилцаад, түүнээс хойш үерхсэн. 2016 оны 4 дүгээр сараас эхэлж Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр 2 манайд нэг хэсэг байсан. Тэгэхдээ нэг гарахаараа олон хоног ирэхгүй явж байгаад ирдэг...Олон хоног явахдаа хаагуур юу хийж явдагийг нь мэдэхгүй тэр 2 хааяа архи уучихсан ирдэг…” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Анхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Лаки кайп” ломбардыг ажиллуулдаг. 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр манай ломбарданд Сүхбаатарын Мөнхсүх гэх нэрээр DV Display гэх 42 инчийн зурагтыг 200.000 төгрөгөөр барьцаалсан байна. Тухайн үед ямар хүн тавьсаныг санахгүй байна. Зээлийн хугацаа дуусч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зарагдсан…” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Мөнхсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр би таксинд явж байгаад…үд өнгөрч байхад туранхай биетэй өсвөр насны 2 охин хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт тэвэрчихсэн, одяланд боосон гар өргөхөөр нь би суулгасан. Тэр 2 охин 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын хойд талд ломбарданд очсон. Тийшээ явах замдаа уг 2 охин намайг “ахаа та бичиг баримтаараа энэ зурагтыг тавиад өг” гэхээр нь би “хулгайн юм байвал лай болно” гэхэд “зүгээрээ энэ санаа зоволтгүй энэ зурагт манай ах, эгчийн зурагт байгаа юм мөнгө хэрэг болоод тавих гэж байгаа” гэсэн…ломбарт орж өөрийхөө бичиг баримтаар 200.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд тэр 2 охин шууд “Эх нялсах” ороод надад 5000 төгрөг өгөөд буусан. Тэр 2 охин “бид 2 зурагтаа 2 долоо хоногийн дараа авна, тэгэхдээ тань руу ярина” гээд миний утсыг аваад надад мобикомын дугаар өгч байсан. Уг дугаарыг тэмдэглэсэн гар утсаа хаячихсан болохоор дахин холбогдоогүй. Би хулгайн зурагт гэж огт мэдээгүй. Хэрэв мэдсэн бол цагдаад хандах байсан…”

/хх-29/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баттөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Баттогтоол 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэрээсээ гарсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын     5-ны өдөр гэртээ ирэхэд нүүр ам нь хавдчихсан, үс гэзэг нь шатаагдаад тайрагдчихсан, хөлийн шагай нь хавдчихсан, өөрөө найз Ц.Алтантуулын гэрт байж байгаад зодуулсан гэж хэлсэн…” /хх-85/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар насанд хүрээгүй шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны 86в байрны 100 тоотод оршин суух иргэн А.Мандахын гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон орж “Daewoo” маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан,

Мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 33 дугаар гудамжны задгай тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Баттогтоолыг “гэртээ харина” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн усгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин прокуророос шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарыг мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарын хохирогч А.Мандахын гэрээс зурагт хулгайлсан гэмт хэрэгт хохирогч А.Мандахад 500.000 төгрөг хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.Дэлгэрбаяраас 250.000 төгрөгийг А.Мандахад нөхөн төлсөн байх тул М.Дэлгэрбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ц.Алтантуулаас 250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Мандахад олгох нь зүйтэй байна.

Мөн тэдний насанд хүрээгүй хохирогч Б.Баттогтоолыг бүлэглэн зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт хохирогч Б.Баттогтоол эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт баримтаар гаргаж өгсөн зүйлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарын дээрх үйлдлүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нар нь 34 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн, насанд хүрээгүй шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч нарын цагдан хоригдсон 34 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            7. Эрүүгийн 201625011447 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч М.Дэлгэрбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуулаас 250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Мандахад олгосугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.    

   

12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Алтантуул, М.Дэлгэрбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ