| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03033/И |
| Дугаар | 2855 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч. А-д холбогдох,
Зээлийн төлбөрт 15,522,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний их сургуулийн ангийн найз болох Ч.А нь 2015 оны 06-р сарын 22-ны өдөр надаас 10,368, 000 төгрөгийг зээлүүлэх санал тавьсан юм. Нотариатаар гэрээ байгуулаад авч болно гэхэд зөвшөөрсөн тул мөнгийг бэлнээр хүлээлгэн өгч тус өдрөө Барилгачдын талбайн баруун хойд буланд байрлах нотариатад №1001 тоот гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа дууссан өдрөөс хойш Ч.А ор сураггүй алга болж утсаа ч авахгүй, надруу ч утсаар ярьж хэл ам авалцахгүй, олдохгүй байсан учир 2016 оны 01-р саоын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяган дээрээ байгаагүй тул шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгож, эрэн сурвалжлуулах боломжтой гэсэн байдаг. Үүний дагуу хариуцагч Ч.Аийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг БГД-ийн шүүхэд гаргаж, шүүх хэлэлцээд Ч.Аийг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг 2016.04.01-ний өдөр гаргаж холбогдох байгууллагад хүргэгдсэний дагуу СХД-ийн Цагдаагийн 2-р хэлтэс ажиллагаа явуулж хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон тухай бичгийг 2017.08.14-ний өдөр шүүхэд мэдэгдсэн байна.
Иргэний хуульд заасан эрхийнхээ дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ч.Аээс 15 552 000 (арван таван сая, зуун тавин хоёр мянга) төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг гаргуулан өгнө үү.
2015 оны 6 дугаар сард миний их сургуулийн найз Алтансүх яаралтай мөнгөний хэрэг гараад байна 10,000,000 төгрөг зээлээч гэж өөрөө гуйсан юм. Миний ажил боломжийн байсан, Алтансүхийн эрхэлдэг ажил ч боломжийн байсан гэж байсан учраас нотариатаар батлуулаад ав гэсэн. 1 сарын дараа өгнө гэсэн. 10,0 сая төгрөгийг өгөхөөс өмнө ахиад 300,000 орчим төгрөг хэрэгтэй боллоо гэсэн. Яг хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэхэд 368,000 төгрөг гэсэн. Тэгээд нийт 10,368,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгч гэрээг нотариатаар батлуулсан. Сар нь дуусаад утсаар ярихад Заамарт ажилтай байна гэсэн. Мөнгөө нэхэхээр ажилтай байна, өгнө гэдэг боловч өгөхгүй байсан учир шүүхэд хандсан. Анхны нэхэмжлэлээ гаргахад хаяг нь тодорхойгүй байсан учир эрэн сурвалжлуулаад нэхэмжлэл гардуулсан. Ингээд одоо нэхэмжлэл гаргаад явж байна. Гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүнийг үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Хуульд заасны дагуу 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 5,184,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа. Иймд Ч.Аээс зээлийн үндсэн төлбөрт 10,368,000 төгрөг, алдангид 5,184,000 төгрөг нийт 15,552,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Алтансүх хаягтаа байгаа хирнээ ирэхгүй, тайлбараа өгөхгүй шүүхийн дуудсан цагт ирэхгүй байгаа нь удаашруулах гэсэн санаа зорилготой байгаа юм. Би одоо амьдарч байгаа байрных нь гадаа эхнэртэй нь таарсан. Тэндээ амьдарч байгаа хирнээ бүгээд гарч ирэхгүй байгаад гайхаж байна. Хүний мөнгийг авчихаад өгөх байх гэж найдаж байсан ч хаяг энэ тэрээ солиод холбоо барихгүй байгаа учир шүүхэд хандахаас өөр аргагүй болсон гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ч.Аэд холбогдуулан 15,522,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Б.Г, Ч.А нар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 10,368,000 /арван сая гурван зуун жаран найм/ төгрөгийг хүүгүйгээр 1 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрснэ хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.А 10,368,000 төгрөгийг бэлнээр авч, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан, ...зээлийн хугацаа дууссан боловч төлбөрөө барагдуулаагүй, үүнээс гэрээнд заасны дагуу 0,3 хувийн алданги тооцон нийт төлбөрийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 5,184,000 төгрөг болж байгаа. Энэ төлбөрийг гэрээний дагуу гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.
Зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, мөн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр” заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгасан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна гэж үзэв. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч төлбөрөө төлж барагдуулаагүй байна.
Талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зээлдэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз буюу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж хууульчилж өгсөн байх тул зээлдэгч Ч.Аийн гүйцэтгээгүй үүрэг буюу 10,368,000 төгрөгийн 50 хувь болох 5,184,000 төгрөгийн алдангийг зээлийн үлдэгдэл төлбөр 10,368,000 төгрөгийн хамт нийт 15,552,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч Ч.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ч.Аээс 15,552,000 /арван таван сая таван зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Аээс 237,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН