Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Д.******* Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.*******д холбогдох 2023000690041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын багийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн *******ийн *******, регистрийн дугаар /*******/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны адууг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч М.*******н өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогч Б.*******эд учруулсан хохирол болох нэг адууны үнэ 700.000 төгрөгийг бэлнээр төлж хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Шүүгдэгч М.*******н өгсөн: “...Тэгээд ахын гадаа нөгөө адуун дотроос хээр зүсмийн нас гүйцсэн, сувай гүү байхаар нь барьж авч үлдээд адууг нь бэлчээр рүү нь тууж явуулсан. ...Тэгээд манай ах “юун адуу юм” гэж надаас асуухаар нь би “хүнээс өрөндөө авсан юм” гэж хэлсэн. ...Тэгээд ах, , ах, бид тав нөгөө адууг хамжиж янзлаад махаа ахын машинд ачиж аваад ******* сумын төв рүү хөдөлсөн. …Тэгээд адууны мах авах хүн сурсан чинь манай сумын , гэдэг хоёр айл адууны мах авах сураг гарахаар нь би нөгөө хоёр хүнтэй утсаар ярьсан, адууны мах авна гэхээр нь нөгөө адууны махаа хоёр хуваагаад өрөөлийг нь 300.000, нийтэд нь 600.000 төгрөгөөр зарсан. ...Би Б.******* ахад адууны үнэ болох 700.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж барагдуулж хохиролгүй болгосон байгаа. Одоо Б.******* ах бид хоёрт хохиролын маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/, 2. Гэрч Б.ийн “...Д.*******ийн эзэмшлийн цөөхөн адуу манай адуунд байдаг. ...Д.******* нь нийт хоёр гүү, нэг даага манай адуунд байснаас нэг гүү нь энэ өвөл цагаан сараас өмнө алга болсон байна гэж ярьж байсан. ...Таван нүдэн буудай тамгатай хээр гүү нь алга болсон. ...Алга болсон нь үнэн, би тухайн алга болсон хээр гүүг харвал танина, одоо манай адуунд байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, 3. Гэрч Б.ын “...******* алдсан нэг тооныхоо адууг чи авсан гэж намайг хардаж шүүхэд өгнө гэсэн. Тэгэхээр нь би таны адууг аваагүй би мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл тэгээд хэн мэдэх юм гэж асуугаад байхаар нь би танай адуучин дүү М.******* мэдэж байгаа тэр дүүгээсээ асуу гэж хэлсэн. ...Надад Л. дээр ярихдаа 2019 оны 12 сарын эхээр М.*******, М.нар манай гаднаас нэг хээр гүү гаргаж аваад явсан гэж ярьсан. Тэгээд хэд хоногийн дараа би Л. рүү залгаж ямар гүү гаргаж явсан талаар асууж тодруулахад дугуй тамгатай хээр гүү гаргаж аваад нэг машинаар ачаад аваад явсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, 4. Гэрч Д.гийн “...Манай өвөлжөөн дээр М.******* адуу тууж ирээд хүнсний адуу гаргамаар байна. Хамт гаргалцаад өгөөч гэж гуйгаад байхаар нь би манай хүүхэд Л., М.******* бид гурав тухайн адууг барьж аваад унагаагаад байж байтал М., хоёр сумын төвөөс машинтай ирээд тэгээд бид тав хамжиж гаргаж дуусаад М., хоёр махыг нь ачаад М.******* мотоцикильтой араас нь дагаад сумын төв рүү явсан...Би санаж байна 5 нүдэн буудай тамгатай хээр гүү байсан. ...Тууж ирсэн адуу бол ийн тэс халтар азраганы адуу байсан. Харин гаргасан гүүг хэний адуу гэдгийг нь мэдээгүй өөрийнхөө гүүг гаргаж байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дүгээр хуудас/, 5. Гэрч Л.гийн “...2019 оны 12 сарын эхээр аав бид хоёр малаа хараад өвөлжөөн дээрээ байж байтал М.******* адуу тууж ирээд хүнсээ гаргах гэсэн юмаа, адуунаас хамжилцаад бариад өгөөч гэсэн. Тэгээд аав, бид гурав барьж авсан. Үүний дараа М.******* аав, бид хоёрыг хамт гаргалцаад өгөөч гэж гуйхаар нь бид гурав тэр гаргах гэж байгаа адууг унагаагаад байж байтал сумын төвөөс М., нар машинтай ирсэн. Тэгээд бид тав хамжиж гаргаж дуусаад М., хоёр махыг нь ачаад М.******* мотоцикилтой араас нь дагаад сумын төв рүү явсан. ...Би сайн санаж байна 5 нүдэн буудай тамгатай хээр гүү байсан. ...Тууж ирсэн адуу бол ийн тэс халтар азраганы адуу байсан. Харин гаргасан гүүг хэний гүү гэдгийг нь мэдээгүй, өөрийнхөө гүүг гаргаж байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 6. Гэрч Г.ийн “...М.******* 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нилээн оройхон санагдаж байна адууны өрөөл мах гээд хоёр уут мах авчирч өгсөн. Манай хүргэнийх аймгаас адууны өрөөл мах сураад тэгээд би хүргэндээ авч өгсөн юм аа. ...Би 300.000 төгрөгөөр худалдаж авсан, үнэ өртөгийг нь маргааш өдөр нь мобойлаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/ 7. Гэрч Ж.ийн “...Би *******гаас 2019 оны 12 дугаар сарын эхээр адууны өрөөл мах авсан. Гэхдээ тухайн үед манайхан гэрээрээ хотод байсан тул над руу утсаар яриад, би гэр эзэнгүй байсан болохоор хүр дүү Ц.ыд тухайн махыг тавиулаад мөнгийг нь данс руу нь хийсэн. ...Би 300.000 төгрөгөөр худалдаж авсан, үнэ өртөгийг нь нээх удаалгүй мобайлаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боложтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч М.*******н 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны адууг хулгайлж түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч М.*******гаас 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.*******н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус үндэслэл болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Прокуророос шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч М.*******г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч М.*******н өмчлөлийн “Самсунг Ж7” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч М.*******д мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч М.*******д “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Шүүгдэгч М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.*******г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгч М.*******н өмчлөлийн “Самсунг Ж7” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ