Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0317/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Дархан-уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт М-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000339 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г овогт М-ын Б /регистрийн дугаар: .............. /, ............  оны ..........  дугаар сарын ..........-ний өдөр ............  аймгийн ............  суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, ............... -ийн ...............  ажилтай, ам бүл ............ , ................-ийн хамт ........  аймгийн ............ сумын ........  дугаар баг .................. гудамжны .............  тоотод оршин суух хаягтай, /............ хот, ..............  дүүрэг, .............  дүгээр хороо, ...............  дугаар гудамж ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө ...  аймгийн ....  сумын .. дүгээр баг .......  дугаар гудамжны ......  тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Б.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан  өдрийн өглөө 8-9 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд аавтайгаа цуг хашаагаа засаж, байшин барьж байгаад аавыг дуудахаар нь гартал хажуу айлын ах намайг дуудсан байсан бөгөөд чи хашааныхаа банзыг зөөгөөд холдуулчхаач ээ гэж хэлсэн. Өмнөх өдөр нь А ах намайг хашаан доторх банзаа холдуулчхаарай гэж хэлж байсан юм. Тэгээд намайг банзаа холдуулчихгүй гээд томроод байсан учраас бид хоорондоо маргалдаж, түүний хамар руу цохисон. Миний буруу.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: “Би 2020 оны 07 сарын 03-ны өдөр хөдөө яваад гэртээ ирэхэд хашааны урд банз овоолсон байсан. Түүнээс болоод машинаа хашаандаа оруулж чадахгүй гадаа хоносон тул Б-тэй маргалдсан. Гэтэл Б намайг цохисон. Би гомдолтой байна. Миний хагалгаа одоо хүртэл эдгээгүй хүнд юм өргөж чадахгүй байгаа. Эмч намайг хот руу явж дахин үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн.” гэв.

 

Эрүүгийн 2018000000339 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: "...2020 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн орчимд ........  аймгийн .......... сумын ....  дүгээр багийн .........  тоотод байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшинг эргэх гээд очиход манай хашааны хаалганы урд банз овоолоод тавьсан байсан. Хашааныхаа хаалгаар орж чадахгүй гадаа нь машин дотроо унтаад 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 50 минутад сэрэхэд хөрш айлын зүс таних залуу хашааны гадна гарч ирээд зогсож байсан. Тэгэхээр нь хөрш айлын залууд хандан чи энэ хашааны хаалга чөлөөлөөд өгөөч, би гэр лүүгээ орж чадахгүй байна гэж хэлэхэд манай хашааны хаалгаад дамжаад ор, битгий олон юм хуцаад байгаарай гэж хэлээд миний хоолойг боогоод хамар луу 1 удаа цохисон. Тэр залуу намайг цохихдоо миний өөрийн эзэмшлийн хар өнгийн тоёота приус 20 маркийн автомашины хаалгатай хавсарснаас болж машины хаалга гажсан." гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “... 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08-09 цагийн хооронд санагдаж байна. Би хашааныхаа гадна талын хогийг цэвэрлээд зогсож байхад манай нөхөр Б, хадам аав Мөнхбат хоёр хашаагаа янзалж барих гээд модоо тогтоогоод байж байтал манай хашааны гадна зогсож байсан хар өнгийн машинаас манай хажуу хашааны ах бууж ирснээ манай нөхөрт хандан муу бацаанаа чамаас болоод хашааныхаа гадна машин дотроо хоночихлоо энэ хаалга таглаж тавьсан банзаа аваач ээ гэж хэлээд уурласан. Тэгэхэд нь манай нөхөр банзаа авах гээд машиных нь хажуугаар өнгөрч гарах хооронд манай нөхрийг тэр ах хэл амаар доромжилж байснаа машинаасаа бууж ирээд манай нөхөртэй барилцаж аваад зууралдаж байхад манай нөхөр тэр ахын нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд тэр ахын хамраас цус гарсан. Тэгээд би нөхрөө аваад хашаа руу ороход манай нөхрийн гар нь цус болчихсон байхаар нь угааж өгсөн. Тухайн үед тэр ахын хамраас гарсан цус манай нөхрийн гарыг бохирдуулсан байсан.” гэх мэдүүлэг[2],

 

М.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчимд ...... сумын ..  дугаар багийн ...  тоот хашаанаас гарч ирээд хашааны гадна хураачихсан байсан банзыг зөөх гэж байхад манай хажуу хашааны эзэн зүс таних ах машин дотроосоо гарч ирээд манай хашааны үүднээс наадах банзаа зайлуулаач чамд хэдэн удаа хэлэх юм бэ хашаанд орж чадахгүй байна гээд над руу нэлээн өндөр дуугаар хэлэхэд нь би одоо банзаа авлаа гэхэд чи муу бацаан энэ тэр гээд намайг хараалын үгээр хэлээд байхаар нь би өөдөөс нь маргалдсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би тэр ахын хамар луу нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд тэр ахын хамраас цус гарчхаар нь гэр лүүгээ орсон. Б.А ахын биед учирсан дээрх гэмтлийг учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.А-ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.А-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 621 дугаар шинжээчийн дүгнэлт[4],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн Хэсэг газрын үзлэг: “...Хамар баруун тийш мурийсан. Хамраас цус гарсан.” гэх хуудас[5],

 

Шүүгдэгч М.Б-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[6] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө .... аймгийн ... сумын ... дүгээр баг ....... дугаар гудамжны ......  тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Б.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “М.Б нь хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай дүгнэлтдээ:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч гэж хэн болохыг тодорхойлсон байдаг. Хохирогч Б.А нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирогч хамрын яс цөмөрч хугарсан хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Хэдийгээр хөнгөн гэмтэл учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч гэсэн хүний амьсгал авдаг эмзэг эрхтэн. Хүн бүрийн хувьд эдгэрэх чадвар өөр өөр байдаг. Хохирогч А-ийн хэлснээр шүүгдэгч нь хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нэг ч ирээгүй, уучлалт гуйгаагүй. Шүүх хуралдаан дээр гэм буруугүй юм шиг өөрийгөө өмөөрч байгаа байдал нь энэ хүний хувийн байдлыг харуулж байна. Хохирлыг одоо болтол төлөөгүй тул гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Хохирогч Б.А нь эмчилгээний зардал 800,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардал 2,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг шүүгдэгч М.Б-с нэхэмжилжээ.

Шүүхээс эмчилгээний зардал 800,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг шүүгдэгч М.Б-ээс гаргуулж хохирогчид олгож, цаашид эмчилгээ хийлгэх зардал 2,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.А нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авч хохирогчид 1,300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ улсын яллагчтай ижил саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай этгээд байна.

Шүүгдэгч М.Б-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч М.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт М-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 4-5 тал

[2] Хавтаст хэргийн 7 тал

[3] Хавтаст хэргийн 24-25 тал

[4] Хавтаст хэргийн 9-10 тал

[5] Хавтаст хэргийн 13-14 тал

[6] Хавтаст хэргийн 27-38 тал