| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/03753/и |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 50
2018 оны 01 сарын 08 өдөр Дугаар 181/ШШ2018/00050 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:, “М Ю Д” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “И Х” ХХК /РД: /-д холбогдох,
Ажлын хөлсний үлдэгдэл 20,500,000 төгрөг, алданги 10,250,000 төгрөг, нийт 30,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, нарийн бичгийн даргаар Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Манай компани “И Х” ХХК-тай 133,950,000 төгрөгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 14/02 тоот гэрээг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.
Дээрх гэрээний дагуу хийсэн ажлын дүнгээр 118,621,800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба “И Х” ХХК-аас ажлын хөлс гэж нийт 98,121,800 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй, одоо 20,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 10.5-д зааснаар эвийн журмаар шийдэх гэж олон удаа биечлэн болон албан бичгээр хандсан боловч одоог хүртэл төлөлт хийгээгүй бөгөөд 2 байгууллагын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн актаар 20,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталсан тул ажлын хөлсний үлдэгдэл 20,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь ажлын хөлсийг төлөх хугацаа өнгөрсөн тул бид хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх алданги 10,250,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж, нийт 30,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч компани хийсэн ажлын хэмжээ болон үр дүнгийн доголдолтой холбоотой аливаа шаардлагыг өмнө манайд гаргаагүй, төлбөрийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрч байсан учир одоо гаргаж буй тайлбарыг нь бид хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнтэй БНХАУ-ын ямар ч иргэн гэрээ хийгээгүй, бид хариуцагчтай л гэрээ хийж, заасан газар нь өрөмдлөг хийсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэв
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнөговь аймгийн нутагт Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэмшдэг “Саудгоби Фортуна” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Хао Ке Жинтэй талбайгаа худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохирсон. “Саудгоби Фортуна” ХХК нь өрөмдлөгийн ажлаа өөрөө хий гэсэн учир Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрөө гэрээ хийх боломжгүй байгаа гээд Хао Ке Жин нь хариуцагч “И Х” ХХК-ийн захирал танил найзаа гуйж гэрээ хийсэн байдаг.
Манайх үндсэндээ зуучлагч болох юм. “Саудгоби Фортуна” ХХК нь лицензийн төлбөрт хятад иргэнээс 100,000 ам.доллар авсан байдаг. Анх тохирохдоо талбай дээр хийсэн хайгуулын төлбөрийг “Саудгоби Фортуна” ХХК төлнө гэсэн ч хожим лицензээ ч өгөөгүй тэр төлбөрийг ч төлөөгүй.
Уг нь хятад иргэн нэхэмжлэгч “М Ю Д” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт 85,000,000 төгрөгийг манай компаниар дамжуулан төлсөн, өөр мөнгө огт төлөөгүй байсан.
Манай “И Х” ХХК гэрээ хийсэн гэдэг утгаараа нэхэмжлэгч компанийн шаардлагаар 13,121,800 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь хийсэн ажлаа манайд биш хятад иргэнд л хүлээлгэн өгсөн учир одоо манайх үлдэгдэл төлбөрийг хариуцахгүй. Хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй геодизийн судалгаа хийсэн гуравдагч компанийн тайланд үндэслэн нягтлан бодогч тооцоо нийлсэн юм билээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нийлж байж талбай дээрээ хайгуул хийлгэсэн “Саудгоби Фортуна” ХХК-аас нэхэмжлэх нь зөв тул зуучилсан компаниас төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Алдангийн хувьд гэрээгээр тохирсон алданги төлөх үндэслэл бүрдээгүй тул үндэсгүй гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М Ю Д” ХХКнь хариуцагч “И Х” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 20,500,000 төгрөг, алданги 10,250,000 төгрөг, нийт 30,750,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь жинхэнэ захиалагч биш, нэхэмжлэгч 118,621,800 төгрөгийн ажил хийсэн нь нотлогдохгүй, гэрээт ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
“И Х” ХХК, “М Ю Д” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 14/02 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох “М Ю Д” ХХКнь Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших 12990х тусгай зөвшөөрөл бүхий талбайд 1,000 тууш метр өрөмдлөгийн ажлыг 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 30 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч тал болох “И Х” ХХК нь 1 тууш метр өрөмдлөгийн ажлыг 125,000 төгрөгөөр тооцож 125,000,000 төгрөг, цооногийн каротажийн нэг метрийг 8,950 төгрөгөөр тооцож, 8,950,000 төгрөг, нийт 133,950,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 14/02 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г талууд бичгээр байгуулж, компанийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42 дугаар зүйлийн 42.2-т тус тус зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүд нь хуулийн хүрээнд, агуулгыг өөрсдөө тодорхойлж, иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл /гэрээ/-ийг хийснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүргийн харилцаа үүсдэг тул зохигчид дээрх хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан шударгаар биелүүлэх үүрэгтэй. /Иргэний хуулийн 8.1.1, 13.1, 39.1, 186.1, 187.1, 189.1/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй тул ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.
Нэхэмжлэгч “М Ю Д” ХХКнь гэрээний үндсэн дээр нийт 118,621,800 төгрөгийн ажил хийсэн гэж тайлбарлаж, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 20,500,000 төгрөгийг шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа 10/01 гэх баримтад үндэслэжээ.
Харин хариуцагч ажлыг хүлээж аваагүй, жинхэнэ захиалагч биш, нэхэмжлэгч 118,612,800 төгрөгийн ажил хийсэн нь нотлогдохгүй гэж маргах боловч татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн дараах дүгнэлтэд хүрлээ.
Нэхэмжлэгчээс гаргасан “М Ю Д” ХХК, “И Х” ХХК-уудын тооцооны үлдэгдлийн баталгаа 10/01 тоот актад үлдэгдэл өр төлбөр 20,500,000 төгрөг, хариуцагчаас гаргаж өгсөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөгийн дэлгэрэнгүй гэх баримтад үлдэгдэл 20,500,000 төгрөг гэж тус тус тусгагдсан байх ба 2 баримтад хариуцагч “И Х” ХХК-ийн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Нягтлан бодох бүртгэлийн зарчим үнэн зөв байх”, 14 дүгээр зүйлийн 14.4.3-т “нягтлан бодох бүртгэлд бүх өр төлбөр бүртгэгдэх”, 20 дугаар зүйлийн 20.2.5-д “нягтлан бодогч нь дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, үүрэгтэй” гэж тус тус заасанд үндэслэн шүүх хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргасан тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үнэлэв.
Дээрх баримтуудаар хариуцагч нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 98,121,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ бодитоор хэрэгжсэн, гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нийт 118,621,800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч ажлын хөлсийг төлж байсан, одоо 20,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нотлогдсон гэж үзлээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр өрөмдлөгийн ажлыг 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохирсон боловч хэргийн баримтаар ажлыг чухам хэдийд гүйцэтгэж дууссан нь тодорхойгүй байна.
Гэхдээ шүүх гэрээний 3.2.1, 3.2.2-т заасан захиалагч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос ажлын 1 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 30% буюу 40,185,000 төгрөгийг гүйцэтгэгчид урьдчилгаа болгон төлөх, үлдэх төлбөрийг ажлыг гүйцэтгэсний дараа захиалагч нь гүйцэтгэгчээс ажлын гүйцэтгэлээр ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлөхөөр тохирсон тохиролцоог төлбөр төлөгдсөн өдрүүдтэй харьцуулан үзэх замаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн хугацааг тооцох боломжтой гэж үзлээ.
Ийнхүү тооцох нь нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа эсэхэд үнэлэлт өгөх ач холбогдолтой байна.
Хариуцагч нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 40,185,000 төгрөг буюу урьдчилгааг нэхэмжлэгчид төлсөн, харин гүйцэтгэсэн ажлын үлдэх төлбөрт 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 57,936,800 төгрөг төлсөн байгааг гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөлтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч өрөмдлөгийг ажлыг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндсийг бүрдүүлж байна.
Тиймээс нэхэмжлэгчийн ажлын хөлс шаардах эрхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс үүссэн гэж үзэх бөгөөд хариуцагч хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийн төлөлт хийж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20,500,000 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрч тооцоо нийлснээр мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тус тус заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тасалдаж, мөн өдрөөс шинээр тоологдсон гэж үзнэ.
Иймд 2017 оны 11 дүгээр сарйын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааны дотор багтаж байх тул шүүх нэхэмжлэгчийг ажлын хөлсний үлдэгдэл 20,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.
Харин зохигчид төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцож төлөх талаар 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч анз шаардах эрхгүй байна.
Энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 10,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг тус тус баримтлан “И Х” ХХК-аас 20,500,000 төгрөгийг гаргуулж “М Ю Д” ХХК-д олгож, “М Ю Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА