Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0361/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н Б-д холбогдох эрүүгийн 1718003280166 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Н-н Б /РД: ........./, 1993 оны 06 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ...... аймгийн ..... цогцолбор сургуульд бага ангийн багш ажилтай, Дархан сумын .... дугаар баг, ..... дугаар хороолол, ..... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б 2017 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө .... сумын .... багийн нутаг дэвсгэрт Б.М, Ц.У нарыг зодож, Б.М, Ц.У нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ..... сумын .....ө багийн нутаг дэвсгэрт Б.М, Ц.У нарыг зодож,  Б.М-н биед дээд уруулын шарх, хамар, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол, Ц.У-н биед зүүн нүдний зовхины шарх цус хуралт, доод уруулын зулгаралт, зүүн мөрний цус хуралт, хамар ясны цууралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Н.Ба-н өгсөн: Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан. Миний буруу, буруугаа маш сайн ойлгож гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.

 

Мөрдөн байцаалтад

Хохирогч Б.М-н өгсөн: “........ сумын ..... дүгээр баг, ..... пабны харалдаа таксинаас буусан. Тэгээд тэр 3 залуу мөнгөгүй бололтой таксиныхаа мөнгийг өгч чадахгүй байхаар нь би угаасаа мөнгөгүй юм чинь гэр гэртээ харьцгаая гээд найзуудтайгаа хамт ..... сумын .... баг, .....-ын буудал руу явсан. Тэгсэн чинь нэг залуу нь араас гүйж ирснээ У хувцаснаас нь зуураад таксинд суусан юм бол мөнгийг нь өгөөч, зүгээр явчихна гэж байхгүй шүү гэж хэлэхээр нь өгчихнө гээд урд явж байсан У-д мөнгө байсан болохоор тэндээс аваад өгчихнө гэж хэлэхийн хооронд тэр залуу У-той маргалдаад зууралдаад уруулан тус газар руу нь гараараа цохисон. Тэгээд би очоод салгах гээд эмэгтэй хүнийг цохидог чи юу юм гэхэд чи дуугүй бай гээд эргэж хараад миний дух хэсэг рүү цохисон. Тэгээд У-г дахиад нүдэн тус газар руу нь цохисон. Тэгэхээр нь би дахиж очиж юу вэ тэнэг юм уу гэхэд над руу дахиад дайраад уруул шүд рүү цохихоор нь шүд уначихсан юм шиг санагдаад шүд унагаачихлаа гээд орилсон чинь нэг найз нь харж зогсож байснаа хүрч ирээд намайг болон Урангоог зодсон залууг аваад явсан. Н.Б-с эмчилгээний төлбөрт 100.000 төгрөг авсан тул санал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 50/,

 

Хохирогч Ц.У-н өгсөн: “...Тэр 3-н залуугийн нэг залуу нь араас ирээд миний хувцаснаас татаад таксинд суусан юм бол мөнгөө өгөөч зүгээр явна гэж байхгүй шүү гэхээр нь би өгчихнө гээд У-с мөнгө аваад өгөхийн хооронд тэр залуу муу луйварчингууд мөнгөө одоо өг гээд дайраад байхаар нь би холдуулах гээд түлхсэн чинь тэр залуу уурлаад миний нүүр лүү буюу уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд яагаад байгаа тэнэг новш вэ гээд тэр залууг алгадсан чинь нөгөө залуу дахиад миний нүд рүү цохисон. Тэгтэл манай найз Мөнхсолонго ирээд салгах гэтэл тэр залуу М-н уруул руу гараараа цохисон. Тэгсэн М цагдаа дууд миний шүд уначихлаа гээд орилсон чинь нөгөө залуутай хамт явсан 2 найз нь ирээд нөгөө залууг аваад цаашаа зугтаасан. Н.Б-с эмчилгээний төлбөрт 100.000 төгрөг авсан тул санал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 51/,

 

Гэрч Ч.У-н өгсөн: “...М над руу утсаар залгаад би энд зодуулаад байна шүү дээ гэсэн. Тэгээд яваад очиход зодсон 3 залуу байрны тийшээ зугтаагаад алга болсон. Мө, У хоёр хүнд зодуулчихсан, Бг хажууд нь зүгээр зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч Д.Б-н өгсөн: “...Би тухайн үед түрүүлээд алхчихсан Ур, С нараас 10 метр орчим зайтай явж байхад тэр 3-н залуучуудын нэг нь манай 2 найзыг татаж унагаагаад нүүр ам руу нь цохиод цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Э.Х-ын өгсөн: “...2 эмэгтэй нь танай найз бид хоёрыг зодчихлоо гээд нэг эмэгтэйгийнх нь амнаас цус гарчихсан, Н Б-г салгасан гэчихсэн зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Б-н М-н дух болон хамрын дээд хэсэгт хавдаж, хөхөрч, овойсон, баруун дээд уруул 0.5 мм орчим язарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 31/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1073 дугаартай “Б.М-н биед дээд уруулын шарх, хамар, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2017.10.26-27-нд шилжих шөнө үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 33/,

 

Ц-н У-н зүүн дээд, доод зовхи орчим хавдаж хөхөрсөн, доод зовхи 1.5 см орчим язарсан шархтай, зүүн нүдний салстад цус хурсан, доод уруул дотор талд 0,5см өргөн язарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 36/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн - дугаартай “Ц.У-н биед зүүн нүдний зовхины шарх цус хуралт, доод уруулын зулгаралт, зүүн мөрний цус хуралт, хамар ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт  /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мо, Ц.Ур нарын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь нар нь Н.Бас тус бүр 100.000 төгрөгийн эмчилгээний зардал авсан ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмчлөлийн 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий i phone 6S маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 31 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-н Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгчийн өмчлөлийн 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий i phone 6S маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 31 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР