Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0420

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Ц.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007170468 эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй,  бүрэн дунд  боловсролтой,  цахилгааны техникч  мэргэжилтэй,  “Дархан, ******* ” ХК-д ашиглалтын борлуулалтын байцаагч, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Орхон сум, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б.М 

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  Б.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М   нь  2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчим  Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” авто засварын газрын  зогсоол  дээр зогсож байсан өөрийн эзэмшлийн ХХХХ ДАХ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн авто тээврийн  хэрэгслийг  асаах үйлдэл хийхдээ урагш хөдөлсөн авто тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй  буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс тухайн авто тээврийн хэрэгсэлд засвар хийж байсан иргэн Ц.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үе үүсгэгч яснуудын бяцарсан хугарал ил хугарал, шилбэний урд, ард таруугаар судасны гэмтэл, зүүн хөл гуяны хугарал, 1/3 хэсгээр тайрагдал хор уршиг бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Э-ын “...авто засварын гадна талын зогсоол дээр копудыг сөхөөд тосолыг нь сольж өгөөд байж байтал М- гэнэт машинаа асаачих уу гэхээр нь би яахын гэхийн завдалгүй машиндаа орж суугаад түлхүүрээ дарсан. Тэгтэл машин ухасхийгээд машины копудыг сөхөөд зогсож байгаа намайг мөргөөд авто засварын барилгын ханатай хавсарсан, тэгээд би ч орилсон тэгтэл дахиад мөргөсөн. Тэгэхэд М- сандраад хазаа гишгэсэн байх, тэгээд машинаа ухрааж унтраагаад М- бууж ирсэн. Тэгэхэд миний зүүн хөл мөргөгдөж хананд хавсрагдаад зүүн хөлний яс хугараад өмдний завсраар ярагдаад харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

 

Гэрч Г.М-ын “...засварын газарын дотор машинд засвар хийж байтал гадаа эмэгтэй хүн орилоод, Цогоо ах орилоод мөн юм мөргөж байгаа чимээ гарсан би гараад хартал Цогоо ах машины хамар дээр бүсэлхий бөгс хэсгээрээ мөргүүлээд уг машин хойшоо өнхөрч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Т.С-нийн “...******* ах нөгөө үзээд янзлаад байсан саарал Соната-6 маркийн машиндаа мөргүүлээд авто засварын хананд хавсрагдаж шахагдсан байдалтай байж байсан, бид нар мөргөсөн машиныг түрж холдуулаад *******, ******* ахыг дотогш оруулсан. ******* ахын зүүн хөл хугарсан юм шиг унжаад цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11123 дугаартай “...Ц.Э-ын биед зүүн өвдөгний үе үүсгэгч яснуудын бяцарсан хугарал ил хугарал, шилбэний урд, ард таруугаар судасны гэмтэл, зүүн хөл гуяны хугарал, 1/3 хэсгээр тайрагдал тогтоогдлоо. ГЗТЖ-ын 3.1.20-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хх-ийн 6-9/,

 

Зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

 

Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/,

 

Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт /хх-ийн 28/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 056 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54/,

 

Шүүгдэгч Б.М  “...Э- намайг машинаа асаачих гэж хэлсэн тэгэхээр нь би машиныхаа хаалгыг онгойлгоод баруун талынхаа хөлийг машинд оруулж суудал дээрээ суугаад консоо гишгээд түлхүүрээ дараад асаах гэтэл эхлээд асаагүй. Тэгэхээр нь би биеээрээ урагшаа лав суудал дээрээ суугаад консоо гишгээд түлхүүрээ түлхээд машин асах шиг болтол Э- “ээ-ээ” гээд орилохоор нь би айгаад /машин урд талын копуд сөхсөн байсан учраас машины урд байгаа Э- надад харагдахгүй байсан/ түлхүүрээ буцааж эргүүлээд машинаа унтраагаад машинаас буугаад харсан чинь Э-ын зүүн хөлнөөс цус гараад Э- өөрөө биеэ татаж өргөөд машины хамар дээр гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/ болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч хананд шахагдаж мөргүүлснээс болж зүүн хөл хугарч улмаар үхжил явагдаж хөлөө тайруулж, насан турш хөдөлмөрийн чадвараа 70 хувь алджээ.

 

Шүүгдэгч тээврийн хэрэгслийг асаах үйлдэл хийхдээ авцуулах холбооны дөрөөн дээр гүйцэд гишгэлгүй асааснаас болж тээврийн хэрэгсэл урагш ухасхийхэд сандарч зогсоох үйлдэл хийгээгүйн улмаас хохирогчийг мөргөсөн болох нь тогтоогдож байх ба замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн осол болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.М  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.М  хохирогч Ц.Э- нар гэм хорын хохирлын талаар харилцан тохиролцож шүүх хуралдаан завсарласан хугацаанд 8,500,000 төгрөг төлсөн тул хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүгдэгч цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон гарах зардлыг хариуцан төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.М  нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул Б.М  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохооор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.М  86 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг биелүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж овогт Б.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 /хоёр жил зургаан/ сарын хугацаагаар хасаж, эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар Б.М  гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189-р зүйлд зааснаар ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,  ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хорирогч гэмт хэргийн улмаас гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.М  863373 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГЭРЭЛТ-ОД