Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/160

 

                  


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0077/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-,
Шүүгдэгч М.П- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт М.П-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000684 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. 
    
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгал судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай М.П- 

Шүүгдэгч М.М.П- нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.Б.Т-гийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835 000 төгрөгний эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016.12.20-ны өдөр манай найзын төрсөн өдөр болж би гэрт нь очсон. Найзынхаа гэрт нь очоод бид хоёр 1 шил архи, пиво хувааж уусан. Тэгээд найзынхаасаа гараад гэртээ харьж аавтайгаа уулзчхаад буцаад гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад үйлчилгээний төвийн хойно байрлах ломбардад гар утсаа тавиад таксинд сууж хуучин орсон. Хуучин захаас доош уруудаж таксинаас буугаад явж байтал нэг найзтайгаа таарсан. Тэр найзынхаа хамт бааранд ороод бид хоёр тус бүр 4 пиво уусан. Бид хоёр баарнаас гарахад манай найз надад “хоёулаа хамт манай нэг найзынд очъё” гэж хэлсэн. Тухайн үед хохирогч болох хүний гэр байсан. Тэгээд тэр айлын шатаар өгсөж байхад манай найз надаас “чи хойноос явж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “явж байна” гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийн гэрийн хаалга нь онгорхой, гэрт нь хүн байхгүй байсан учраас би үүдэнд байсан өмд, гутал зэрэг зүйлсийг аваад гарах гэж байгаад гэрийнх нь эзэн нь унтаж байсан юм шиг байна лээ, сэрээд “юун хүн бэ” гэж хэлсэн. Тэгээд би сандарсандаа шатаар буугаад орцоор гарах гэтэл орцны хаалга кодтой, гэрийн эзэн миний араас хөөж байсан учраас би хаалгыг онгойлгож чадахгүй, гэрийн эзэнд баригдсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.М.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...микрийн яг хэддүгээр байр гэдгийг мэдэхгүй байна. Нэг байрны ардуур орсон. А- урд явж байгаад би шатан дээр бүдрээд унахад А- яасан бэ гэхээр зүгээр орж бай гэж хэлээд босоод 3 давхарт гарахад нэг хаалга онгорхой байхаар А- энэ айл руу орсон байна гэж бодоод ортол өөр айл байсан. Гэрийнх нь хүмүүс унтаж байсан. Тэгээд гарах гэтэл үүдэнд нь годон гутал байхаар нь аваад гарч байхдаа үүдний ширээний дээр ээмэг бөгжний сав байхаар нь аваад гарч байхад эзэн нь сэрсэн. Тэгээд би гараад орцоор бууж гарах гэтэл хаалга цоожтой байхаар нь буцаад дээшээ гартал эзэн нь бууж ирэхээр нь нэг давхрын шатны доор нуугдтал намайг хараад нөхөр нь бариад авахад эхнэр нь авсан юмаа өг гэхээр нь би цагдаа дуудсан нь дээр гэхэд нөхөр нь цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48/,

Хохирогч Б.Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг сэртэл том өрөөний хаалга дээх хүн зогсож байсан. Тэгээд би хартал тухайн хүн над руу гэрэл тусгасан. Би гэрт хүн байна гэж нөхөртэй хэлэхэд манай нөхөр унтаж байсан байсан учир юу болж байгааг ойлгохгүй юу гээд байгаа юм бэ гэхээр нь би хулгайч гэрт байна гэтэл тухайн хүн гараад зугтаасан. Тэгээд нөхөр сэрээд хувцсаа өмсөөд араас нь гарсан. Би араас нь гарах гэсэн боловч хувцас байхгүй мөн годон гутал алга болсон байсан. Тэгээд би хальт байгаа хувцсаа өмсөөд нөхрийн араас гартал тухайн хүн нэг давхарт доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд хажууд нь миний хувцас байсан. Тухайн хүн гарч чадаагүй нь манай хаалга кодтой учир онгойлгож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд хаалга онгойлгохгүй байж байгаад цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  21/,
“...би эд зүйлээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шөнийн эргүүлийн үүргийг харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б- хамтаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байхад 102-оос Микрийн 11 дүгээр байранд маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу орц руу ороход нэг үл таних залуу тэгээд бас нэг хүн газар хэвтсэн, тэгээд нэг эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн. Тэгээд Б- бид 2 тус үл таних хүн согтуу байсан учир эргүүлийн офицер Н- дуудаж хүлээлгэн өгч жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж хэргийн газрын хамгаалалт авч ажилласан юм... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-оос - орцонд маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл өгсөн юм. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Б.Дугарын хамтаар шуурхай явж тус байрны орц руу ороход  нэг үл таних залуу тэгээд бас нэг залуу газар хэвтсэн, тэгээд эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн. Тэгээд тухай залууг босгож хэн болох талаар асуухад Мягмарын М.П- гэсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд эмэгтэй хүний кошлок, тэгээд бөгж гарч ирсэн ба жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэх хүртэл хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, 

Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 /,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-11/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13/,

Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71/ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч М.М.П- нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.Б.Т-гийн гэрт хаалгаар нь сэм нэвтрэн орж нийт 835 000 төгрөгний эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б.Т-гийн “...нэг сэртэл том өрөөний хаалга дээр хүн зогсож байсан. Тэгээд би хартал тухайн хүн над хуу гэрэл тусгасан. Би гэрт хүн байна гэж нөхөртэй хэлэхэд манай нөхөр унтаж байсан байсан учир юу болж байгааг ойлгохгүй юу гээд байгаа юм бэ гэхээр нь би хулгайч гэрт байна гэтэл тухайн хүн гараад зугтаасан. Тэгээд нөхөр сэрээд хувцсаа өмсөөд араас нь гарсан. Би араас нь гарах гэсэн боловч хувцас байхгүй мөн годон гутал алга болсон байсан. Тэгээд би хальт байгаа хувцсаа өмсөөд нөхрийн араас гартал тухайн хүн нэг давхарт доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд хажууд нь миний хувцас байсан. Тухайн хүн гарч чадаагүй нь манай хаалга кодтой учир онгойлгож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд хаалга онгойлгохгүй байж байгаад цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  21/, гэрч Б.Д- “...би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шөнийн эргүүлийн үүргийг харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б- хамтаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байхад 102-оос Микрийн 11 дүгээр байранд маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу орц руу ороход нэг үл таних залуу тэгээд бас нэг хүн газар хэвтсэн, тэгээд нэг эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн.... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/, гэрч Б.Б- “...би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-оос орцонд маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл өгсөн юм. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Б.Д- хамтаар шуурхай явж тус байрны орц руу ороход  нэг үл таних залуу тэгээд бас нэг залуу газар хэвтсэн, тэгээд эмэгтэй хүний хувцас газар тавьсан байхаар нь юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрээс эд зүйл хулгайлж байгаад гарч чадахгүй надад баригдлаа гэсэн. Тэгээд тухай залууг босгож хэн болох талаар асуухад М.П- гэсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд эмэгтэй хүний кошлок, тэгээд бөгж гарч ирсэн ба жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэх хүртэл хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/, Капитал зууч ХХК-ний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.М.П-ийг орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
 
Шүүгдэгч М.М.П-  урьд нь хүнд гэмт хэрэгт  ял шийтгүүлснээс хойш  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялгүйд тооцох  хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болох бөгөөд түүний хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.М.П-ийн урьдчилан цагдан хоригдсон 114 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. М.П-ийг орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. М.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/-ын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.М.П-ид оногдуулсан 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/-ын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч М.М.П- нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч М.М.П-ийн урьдчилан цагдан хоригдсон 114 /зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч М.М.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.М.П-ид  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ