Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/0047/Э |
Дугаар | ШЦТ0050 |
Огноо | 2016-09-13 |
Зүйл хэсэг | 145.1., |
Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар ШЦТ0050
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: С.Ичанваанжил
Шүүгдэгч: Д.Мөнхтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Борх овогтой Долоонжингийн Мөнхтогтоход холбогдох эрүүгийн 201615010110 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг, Дөрөлж гэх газар оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэл 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг хойшлуулсан, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор 4 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн. Бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Борх овогтой Долоонжингийн Мөнхтогтох /РД:ЙИ94101913/
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Мөнхтогтох нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хужирт сум 4 дүгээр багийн нутаг Очироо гэх хүний дэлгүүрийн үүднээс иргэн С.Ичанваанжилийн “мустанг-200” маркын цэнхэр өнгийн 55-03 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтогтох мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ичанваанжил мэдүүлэхдээ:
Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мотоциклоо алдсан. Сүүлд сураг нь гараад олдсон. Мотоциклийг сэлбэж сольсон байсан. Би мотоциклио буцаагаад авсан. Хохирол төлбөр 500 000 төгрөг нэхэмжилсэн. Хохирлоо өчигдөр мал аваад барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй гэв.
Гэрч П.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дүү Ичанваанжилын хамт мотоцикльтой нь сундалдан Хужирт сумын төв 4 дүгээр багт байх баавгай хочтой Очироо гэдэг айлийн дэлгүүрт орж ноолуур хэллүүлчихээд гараад иртэл хамт явсан Ичианваанжилийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд сумын төвөөр хайгаад олоогүй. Цэнхэр өнгийн 55-03 ӨВЗ гэсэн улсын дугаартай мустанг-200 маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зуургийн үзүүлэлт /хх-ийн 40-44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Д.Мөнхтогтох нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хужирт сум 4 дүгээр багийн нутаг Очироо гэх хүний дэлгүүрийн үүднээс иргэн С.Ичанваанжилийн “мустанг-200” маркийн цэнхэр өнгийн 55-03 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч С.Ичанваанжилын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч Д.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зуургийн үзүүлэлт /хх-ийн 40-44 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнхтогтох нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Мөнхтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Хохирогч С.Ичанваанжил нь “...Надад гомдол санал байхгүй. Хохирол барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхтогтоход ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан баривчлах ял оноох нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Мөнхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Борх овогтой Долоонжингийн Мөнхтогтохыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар Д.Мөнхтогтохыг 2 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Д.Мөнхтогтоход оногдуулсан 2 сар 20 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй.
4. Д.Мөнхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Д.Мөнхтогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний ял эдлэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мөнхтогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА