Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0489

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч Д.Н, Д.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гаалийн улсын байцаагчийн 12/41 тоот актаар “Т” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирсэн арматурын жин хэмжээ БНХАУ-ын гаалийн мэдүүлэгтэй зөрж дутсан гэх үндэслэлээр дутсан хэмжээний арматурын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуульд нийт 59.098.026 төгрөгийг төлөх шаардлага тавьсан. Тухайн үед энэ акт үндэслэлгүй байсан хэдий ч тухайн акттай холбогдуулан маргаан үүсгэсэн тохиолдолд гаалиар оруулж ирж байгаа бусад барилгын материалд ...хориг тавьж маргаантай асуудлыг шийдэх хүртэл хугацаагаар барилгын материалаа оруулж ирж чадахгүй, барилга угсралтын ажилд асар их хэмжээний хохирол учрах байсан тул уг актаар тавьсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийг төлсөн... Үүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүхий баримт олдсон... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн цахим сангаас татаж аван гомдол гаргах эрхтэй болохыг мэдсэн... Дүгнэлтийн үндэслэл болсон Хятадын гаалийн мэдүүлэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд дан ганц энэхүү баримтад тулгуурлан дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулан холбогдох акт гаргасан нь үндэслэлгүй болох нь

 

тогтоогдож байна” гэж тусгаснаас үзэхэд “Т” ХХК-ийн хилээр оруулж ирсэн арматурын жин зөрсөн нь эргэлзээтэй болох нь тогтоогдож байна. Иймд, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 12/41 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Н, Д.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шалгалтын явцад тус компанийн 2011 онд импортолсон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг санхүүгийн баримтад тулгуурлан хамтарсан удирдамжийн дагуу шалгахаар холбогдох санхүүгийн баримтуудыг шаардахад бүрэн хэмжээний баримтыг гаргаж өгөөгүй. “Т” ХХК гаальд мэдүүлээгүй барааны тоо хэмжээ, үнийн зөрүүг мөнгөн дүнгээр илэрхийлж, Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар 293.290.451,67 төгрөгийн зөрчилд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 160.020,01 төгрөгийн, торгуульд 13.638.006,00 төгрөгийн төлбөрийг ногдуулж, гаалийн улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/41 тоот төлбөрийн актаар 59.098.026,00 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлэхээр тогтоосон.

Төлбөрийн актыг “Т” ХХК-ийн захирал Б.Ө, нягтлан бодогч Т.Б нар төлөхөөр гарын үсэг зурж, байгууллагынхаа тамгыг дарж, баталгаажуулан төлсөн... Замын-Үүдийн Гаалийн газарт ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч М.Д, Т.О, гаалийн улсын байцаагч Я.О нарыг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 180 тоот тогтоол гарч, буцааж ажилд авсан “Т” ХХК-ийн гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн бараанд ногдуулсан татварыг буцаан авч болохоор байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал гомдол гаргасан нь үндэслэлгүй... Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Гаалийн улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/41 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: 1. Гаалийн татвар, торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн гэсэн үндэслэлийн тухай: Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 12/41 тоот актаар 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Т” ХХК-нд 59.098.026 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийг ногдуулсан. Уг актаар “Т” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирсэн арматурын жин хэмжээ БНХАУ-ын гаалийн мэдүүлэгтэй зөрж дутсан гэх үндэслэлээр зөрж дутсан хэмжээний арматурын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуульд нийт 59.098.026 төгрөгийг төлөх шаардлага тавьсан. Тухайн үед энэ акт нь “Т” ХХК-ийн хувьд үндэслэлгүй байсан хэдий ч тухайн акттай холбогдуулан маргаан үүсгэсэн тохиолдолд гаалиар оруулж ирж байгаа бусад барилгын материалд танай байгууллагаас хориг тавьж маргаантай асуудлыг шийдэх хүртэл хугацаагаар барилгын материалаа оруулж ирж чадахгүй, барилга угсралтын ажилд асар их хэмжээний хохирол учрах байсан тул уг актаар тавьсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлд заасан “...татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ" гэсэн нөхцөл байдал үүсэх байсан. Ийнхүү данс хаалгах, эд хөрөнгө битүүмжлүүлэх нь “Тэргүүн чансаа” ХХК-ийн хувьд хохиролтой байсан тул тухайн үед татвар, торгуулийг төлсөн.

ИХШХШТ хууль болон ЗХХШТ хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. “Тэргүүн чансаа” ХХК-ийн хувьд 2013 оны 12 дугаар сард дээрх татвар, торгуулийн 59.098.026 төгрөгийг төлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэхийг хүссэнээр 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1485 тоот шүүгчийн захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн. Иймээс Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 12/41 тоот актыг тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж ойлгогдохоор байгаа юм.

  1. Нэхэмжлэл гаргах үндэслэл болсон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 287 дугаар шийдвэр дэх үндэслэлийн тухай: Тухайн үед манай компанийн хилээр оруулж ирж буй арматурт гаалийн улсын байцаагч Я.О хяналт тавьж байсан бөгөөд манай компанийн арматурын жин нь хятадын гаалийн мэдүүлгээс зөрсөн хэмээн ажлын хариуцлага тооцуулж, улсын байцаагчийн эрхээ хасуулж ажлаас халагдсан. 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 12/41 тоот актыг үндэслэн гаалийн улсын ахлах байцаагч М.Д, Т., Я.О нарын улсын байцаагчийн эрхийг хасаж, ажлаас халсан байдаг бөгөөд эдгээр байцаагч нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Шүүх тус
 

маргааныг хүлээн авч 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 287 тоот шүүхийн шийдвэр гаргаж, үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож эргүүлэн ажилд авахаар шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрт талууд давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргаж явсаар Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 180 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлүүлсэн. Улсын Дээд шүүхийн тогтоолоор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 278 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн зарим заалтыг хүчингүй болгоогүй буюу бүгдийг хэвээр үлдээсэн. 2012 оны 287 тоот шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг нь дотроо 3 зүйлтэй. Үүнд:

а.   Акт тавигдах үед хяналт тавьж байсан гаалийн улсын байцаагч нар ажилдаа хайнга хандаагүй буюу БНХАУ-аас оруулж ирж буй төмөр, арматурын жин хэмжээний зөрүүтэй байдал тогтоогдоогүй бөгөөд “...Тодруулбал, энэ журмын заалтад гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэхийг шалгах гэсэн нь Монгол Улсын гаальд мэдүүлсэн гаалийн мэдүүлэг байхаас, БНХАУ-д мэдүүлсэн гаалийн мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн дээрх ажил үүргийн хуваарийн дагуу пүү, жингийн талаар тухайн хариуцсан гаалийн байцаагч нь мэдээлэл өгсөн зэрэг шаардлагатай тохиолдолд улаан төлөвт сонгогдсон бараа, тээврийн хэрэгслийг шалгахад гаалийн улсын ахлах байцаагч гаалийн шалгалтад оролцож болохоор зөвшөөрөн заасан нь заавал тухай бүрд шалгалтыг хийсэн байхыг шаардаж үүрэг болгосон заалт гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгч нарыг ажил үүргийн хуваарьт заагдаагүй чиг үүргийг биелүүлээгүйд холбогдуулан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна” гэсэн байдаг.

б.  Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэн гаалийн улсын байцаагчдыг ажлаас халсан гэсэн үндэслэл уг шийдвэрт байгаа бөгөөд гаалийн улсын байцаагч нарын сахилгын асуудлыг хэлэлцсэн ГЕГ-ын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зарим дарга нарын хэлсэн үгийг ишлэн оруулсны дараа “...зэргээс үзвэл тухайн үндэслэл болсон баримт нь эргэлзээ бүхий бөгөөд түүнийг үнэн зөв эсэхийг захиргааны байгууллага шалгаж тогтоогоогүй байж, зөвхөн ихэнх хувь нь таарч байгаа гэсэн дүгнэлтээр уг баримтад үндэслэж дүгнэлт гаргасан байх учир нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээ бүхий баримтад үндэслэн дүгнэлт гаргасан нь тогтоогдож байна” гэсэн байдаг. Зарим дарга нарын хэлсэн үг ГЕГ-ын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 287 тоот шийдвэрт тодорхой байгаа.

2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6

 

 

 

дугаар хуудаснаас харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А (ГЕГ) “...Эндээс “А” ХХК, “Т” ХХК хоёрын гаалийн мэдүүлэг, мэдүүлгийн ард хавсаргасан манифест нь хоорондоо таарч байгаа гэхдээ энэ жин нь хятадын гаалийн мэдүүлэг дээр байгаа жингээс зөрж байгаа...” гэсэн байдаг. Аливаа шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж болно. Эдгээр 2 үндэслэл байсаар байхад шүүх ...нотлох баримт болох 2012 оны 287 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн заримыг буюу 3 дахь зүйлийг нь үндэслэл болгосон хэр нь өмнөх 2 зүйл дэх эргэлзээ бүхий нотлох баримтын шинжтэй хэсгийг үнэлж, дүгнэж үзэлгүйгээр 2014 оны 449 тоот шийдвэрийг гаргасан.

  1. Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн баримтын тухай: Гаалийн улсын байцаагч нар гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхдээ БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газар, Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн хооронд дамжуулсан мэдээлэл гэх цуглуулсан баримтад үндэслэн шалгалт хийсэн байдаг. Энэхүү нотлох баримтыг цуглуулсан арга нь өөрөө БНМАУ, БНХАУ-ын хооронд 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд заасан журмыг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч тал буюу гаалийн улсын байцаагч нар хэлэхдээ “ГЕГ болон ЦЕГ харилцан мэдээлэл солилцож болно, түүнчлэн олон улсын гэрээ конвенци байдаг” гэсэн хэдий боловч мэдээлэл, баримт солилцохтой холбоотой дүрэм, журмаа хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгөөгүй. Мөн гаалийн улсын байцаагчийн гаргаж өгсөн хятад хэл дээрх буюу БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас авсан нотлох баримт дотор “Т” ХХК-ийн талаар огт дурдаагүй байдаг.

“Т” ХХК-ийн хувьд тухайн үеийн гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт хийсэн баримт алга болсноо тайлбарласан хэдий ч гаалийн улсын байцаагч нарыг уг баримт материалыг ГЕГ-ын архиваас гаргаж өгөхийг хүссэн. Ийм үндэслэлээр шүүх хуралдаан нэг удаа хойшилсон боловч Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтэс, Гаалийн байгууллагаас тодорхой баримт ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д заасны дагуу 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 12/41 тоот акт нь эргэлзээ бүхий нотлох баримтад үндэслэн гаргасан, хэт нэг талыг барьсан байх тул анхан шатны шүүхийн 2014 оны 449 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Гаалийн улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/41 дүгээр актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр “тухайн үед энэ акт нь үндэслэлгүй байсан хэдий ч уг акттай холбоотой маргаан үүсгэсэн тохиолдолд гаалиар оруулж ирж байгаа бусад барилгын материалд хориг тавьж, уг асуудлыг шийдэх хүртэл хугацаагаар барилгын материалаа оруулж ирж чадахгүй, барилга угсралтын ажилд асар их хэмжээний хохирол учрах байсан тул актаар тавьсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийг төлсөн, ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүйг нотолсон тул улсын байцаагчийн акт хууль бус” хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол улсын Гаалийн тухай хууль, Гаалийн тарифын тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хэрэгжилт, гаалийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг хуулийн дагуу шийдвэрлэх цаашид зөрчил гаргахгүй байхаар арга хэмжээ авах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын дарга нар 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Замын-Үүд боомтод хамтарсан шалгалт хийх удирдамж”-ийг баталсан байна. Дээрх удирдамжийн дагуу явуулсан хамтарсан хяналт, шалгалтаар “Тэргүүн чансаа” ХХК-ийн тухайд 57580 кг төмрийг дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн байна.

Иймд, дээрх байдлыг “Т " ХХК-ийн өөрийн баримтад тулгуурлан хяналт шалгалт хийхээр Гаалийн ерөнхий газрын дарга 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүрдүүлэлтийн дараах шалгалт” хийх тухай 03/12 дугаар удирдамжийг баталсан байна.

Энэхүү удирдамжийн дагуу гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, Д.Оюунчимэг нар нь “Т” ХХК-ийн 2011 онд импортолсон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг тус компанийн санхүүгийн баримтад тулгуурлан хяналт шалгалтыг хийжээ.

Иймд, гаалийн улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/41 дүгээр актыг дан ганц БНХАУ-аас ирүүлсэн нотлох баримтад тулгуурлан гаргасан гэж үндэслэлгүй.

 

Уг шалгалтаар “Тэргүүн чансаа” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирсэн арматур, катангийн жин хэмжээ нь тус улсын гаалийн мэдүүлэгтэй зөрж, дутсан байх ба дутуу мэдүүлсэн барааны тоо хэмжээний үнэ 293.290.451.67 төгрөгийн зөрчил илэрсэн тул 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/41 дүгээр актаар 45.460.020.01 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, 13.638.006.00 төгрөгийн торгууль, нийт 59.098.026.01 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь БНХАУ-ын Эрээн боомтоос төмөр ачиж Замын-Үүд боомт руу орсон гэсэн автомашины улсын бүртгэлийн тоон дугаарын жагсаалт, хилээр нэвтэрсэн тухай Хил хамгаалах байгууллага болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан бүртгэлийн мэдээлэл, БНХАУ-ын Эрээн хотын гаалийн газраас авсан мэдүүлгүүдийг тулгах замаар хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудас, хоёр орны гаалийн байгууллага харилцан мэдээлэл, баримт солилцсоны үндсэн дээр холбогдох зөрчлүүдийг илрүүлсэн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү гаалийн улсын байцаагч нар нь дээрх баримтуудад үндэслэн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар акт тогтоож, Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 287 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 180 дугаар тогтоолуудаар гаалийн улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/41 дүгээр актыг нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээ бүхий баримтад үндэслэн гаргасан болох нь тогтоогдсон” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байгаа боловч М.Д, Т.О, Я.О нарын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаантай дээрх шийдвэр, магадлал, тогтоолтой захиргааны хэргийг энэхүү маргаан бүхий акттай шууд холбоогүй, дээрх улсын байцаагч нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн явдал нь бүрдүүлэлтийн дараах шалгалтын актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Энэ талаар болон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хянаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нар нь тухайн үедээ маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж байсан тул

 

 

уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар бүрдүүлэлтийн дараах шалгалтыг улсын байцаагч нар нь “Т” ХХК-нд хадгалагдаж байгаа гаалийн болон санхүүгийн баримтад тулгуурлан явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.