| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2017/03391/И |
| Дугаар | 184/ШШ2017/02818 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2017/02818
| 2017 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 184/ШШ2017/02818 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 3 170 159 /гурван сая нэг зуун далан мянга нэг зуун тавин ес/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч М.Я ХХК-ийн захирал Н.Э, нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Я ХХК нь 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй, 2 113 439 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрхи байгууллагын холбогдох албан тушаалтантай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол зохих төлбөрөө төлөхгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож, 1 056 719 төгрөгийн алдангийг хуульд заасан хугацаанд ногдуулаад байна. Шимтгэл алданги бүгд 3 170 159 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.
Хариуцагч, түүний төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани С.Д.Э.М.Н.Д.Х-тэй харилцдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 2 113 439 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тооцсон алдангийг төлөхөөс татгалзаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдсан этгээдүүд нь тус компанийн хувьцаа эзэмшигч нар бөгөөд 2016 оноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, хувьцаа эзэмшигч нар нь оруулсан хөрөнгө татан авсан. Бусад этгээдээс авах авлагаа авч байж өрөө төлөх боломжтой болно.
Шүүх хуралдаанаар зохигчдийн нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.Д.Э.М.Н.Д.Х нь хариуцагч М.Я ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй төлбөр, алданги нийт 3 170 159 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Талууд төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, харин хариуцагч М.Я ХХК-ийн төлөөлөгч нь үндсэн төлбөр болох 2 113 439 төгрөгийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүйгээс тооцогдсон алдангийг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч алдангиас татгалзах үндэслэлээ компани 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, хувьцаа эзэмшигч нар оруулсан хөрөнгөө татан авсан гэж тайлбарлаж байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компанийн ажилтнууддаа олгосон, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн тайланг үндэслэн гаргасан тооцоогоор 2 113 439 төгрөгийн өр үүссэн байна.
Нэхэмжлэгч байгууллага Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож, 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд 1 056 719 төгрөгийн алдангийг тооцсон нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд М.Я ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 3 170 159 төгрөгийг гаргуулан С.Д.Э.М.Н.Д.Х олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт заасныг баримтлан М.Я ХХК-иас 3 170 159 /гурван сая нэг зуун далан мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан С.Д.Э.М.Н.Д.Х-т олгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65 672 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ