Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0437/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч Н.Б-,

Шүүгдэгч Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 181800000518 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Орхон сумын ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Г

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Б-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн үед манай нөхрийн багын найз О- гээд залуу Баян-Өлгий аймгаас манай гэрт ирсэн юм. Тэгээд манай нөхөр найзыгаа ирсэн гээд архи дарс задалсан, ...манай дүү 20 цагийн үед ирсэн бөгөөд бид дөрөв 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво гурвыг хувааж уусан. Ингэж пиво ууж байсан чинь манай нөхөр бэлгэвчний талаар ярьж байснаа би бэлгэвч аваад эхнэртэйгээ хэрэглэсэн барьсан гээд зүйл яриад байхаар нь би чамтай л лав бэлгэвчтэй унтаагүй, чи өөр хүнтэй бэлгэвчийг хэрэглэсэн юм биш үү гэж хоорондоо маргалдаж эхэлсэн, ...тэгээд хэсэг гадуур ганцаараа явж алхаж байгаад гэртээ 02 цагийн үед орж ирэхэд манай нөхөр Н.Гболон манай гэрт ирсэн байсан О- нар байхгүй байхаар нь би унтаж байсан 5 настай хүүхдээ хувцаслаад гэрээсээ гарч яваад гудамжинд нөхөр ******* тааралдсан. Тэгсэн чинь манай нөхөр гурвуулаа ороод гэртээ унтаж амарцгаая гэхээр нь үгүй би явлаа гэхэд намайг гэртээ оръё гэж гарнаас татаж чангаасаар байгаад гэртээ орцгоосон,... чинь миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Ингэж хэрэлдэж маргалдаж байхад манай нөхөр галын хайч аваад миний зүүн гарын сарвуу руу нэг удаа цохихоор нь чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд дахиад миний хөлийн шилбэ рүү нэг удаа, хоёр хөлийн өвдөг орчим руу тус бүр нийт хоёр удаа хөл рүү галын хайчаар цохисон. Тэгэхээр нь би түүнээс зугтаад гүйхэд араас барьж аваад гэр рүү оруулсан бөгөөд гэртээ орохгүй гээд түүнтэй ноцолдож байхад гэрийн модон хаалганы бариул хэсгийн доод мод нь хугарч унасан чинь тэр модоор миний хүзүү болон нуруу руу тус бүр нэг удаа цохихоор нь түүнээс зугтаагаад гэрээс гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 1112 дугаартай “...Н.Б-гийн биед тархи доргилт, хүзүү, цээж, зүүн хөх, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун шилбэ, тавхай, зүүн гарын 4 дүгээр хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

 

Шүүгдэгч Н.Г “...би гэртээ харих гээд явж байхад гэрийнхээ гудамжинд эхнэртэйгээ тааралдсан. Тэгээд түүнийг гэр рүүгээ дагуулж ороод хүүхдээ унтуулчхаад эхнэрийгээ унтаж амар гэсэн чинь манай эхнэр унтахгүй гээд надтай хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би тухайн үед нилээн согтчихсон байсан бөгөөд эхнэрийгээ галын хайчаар гар руу нь болон өвдөг рүү нь цохиод хоорондоо маргалдаж байхдаа хаалганы босоо хүрээ мод уначхаар нь тэр модоор хөл, нуруу зэрэг рүү 2-3 удаа цохисноо санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хэргийн 45, 46/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.Б- нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД